НИЙГЭМ
НИЙГЭМ
Шинэ тойрог замын ТЭЗҮ-ийг зургаадугаар сард боловсруулж дуусна
Урьдчилсан байдлаар дөрвөн эгнээ бүхий нийт 58.8 км урт үргэлжлэх Шинэ тойрог замыг нэг болон хоёрдугаар тойрог замтай барихаар төлөвлөсөн. Тус төслийн ТЭЗҮ болон зураг төсөл боловсруулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлагдаж, “Си Эс Си И Си Айком консалтантс” ХХК шалгараад байна. Хотын дарга Х.Нямбаатар “Тойрог хурдны замын урьдчилсан трасс гарсан, шинээр барих авто зам, гүүрэн байгууламжууд тойрог замтай холбогдоно. Тойрог замын төгсгөлөөс зогсохгүйгээр буюу гэрлэн дохиогүй зорчиж баруун талдаа Нисэхийн хурдны замтай холбогдоно. Зүүн талдаа Төв аймаг руу туннелээр холбогдоно. Зургаадугаар сард тойрог хурдны замын ТЭЗҮ-ийг эцэслэн боловсруулж, холбогдох мэргэжлийн зөвлөлүүдээр хэлэлцүүлнэ. Санхүүжилтийг Засгийн газраас шийдвэрлэнэ” гэлээ.Туулын хурдны зам болон Шинэ тойрог замыг барьснаар дараах үр дүн гарна хэмээн тооцсон байна.Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “Бид нийслэлийн хөндлөн чиглэлд зургаан байршилд тооллого хийсэн. Баруунаас зүүн чиглэлийг хэмжихэд сургууль амарсан үед ойролцоогоор 1-1 цаг 30 минут, хичээл орж байгаа үед 2-3 цагийн хугацаанд нийслэлийн баруунаас зүүн чиглэлд зорчиж байна. Тэгвэл Туулын хурдны зам баригдсанаар баруунаас зүүн чиглэлийг 20-30 минутад буюу дунджаар 25 минутад туулах тооцоолол гарсан. Туулын хурдны зам дангаараа ашиглалтад ороход замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна. Замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурах нь хүмүүст яаж мэдрэгдэх вэ гэхээр иргэд хөдөө орон нутаг руу гарсан, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн сийрсэн зуны улиралтай адил мэдрэгдэнэ. Тойрог хурдны замын Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдийг дайран өнгөрөх хэсгүүд дээр хамгийн их ачаалал авч, түгжрэлийн дундаж хурд 28-30 км/цаг руу ойртоно” гэж тайлбарлалаа.Өнөөдрийн байдлаар оргил цагийн дундаж хурд 7-13 км/цаг байгаа бол Туулын хурдны зам, Шинэ тойрог замыг барьснаар дундаж хурд 2-3 дахин нэмэгдэх юм. Энэ нь дэлхийн дундаж хотуудын хамгийн боломжит хурд болохыг онцоллоо.
2025/01/29
382
НИЙГЭМ
Электрон тамхитай холбоотой тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар хэлэлцлээ
“Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг хоёр дахь өдрөө үргэлжлэн /2024.01.28/ өндөрлөлөө.Өнөөдрийн үдээс хойших хэлэлцүүлгээр “Электрон тамхитай холбоотой тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх нь” сэдвийн хүрээнд цахим хэлбэрээр олон улсын туршлага, мэдээллийг солилцов.Тодруулбал, электрон тамхины талаарх сүүлийн үеийн баримтууд болон ДЭМБ-ын зөвлөмжийг ДЭМБ-ын Эрүүл мэндийг дэмжих газрын Тамхины хяналтын асуудал хариуцсан мэргэжилтэн Рэнти Фэеокүн танилцууллаа. Тэрбээр, электрон тамхийг тоглоом, уруулын будаг, үзэг, цагны гэх зэргээр дурын хэлбэр дүрстэйгээр, олон төрлөөр, үнэр, амтны өргөн сонголттойгоор үйлдвэрлэж, худалдаалах болсон нь хүүхдийн сонирхлыг ихэд татаж байна. Үүний зэрэгцээ эцэг, эх, асран хамгаалагчдаас нуух боломжийг олгож байгаа гэлээ. Бүтээгдэхүүнд никотины агууламж байхгүй гэх хэдий ч энэ нь ташаа мэдээлэл юм байна. Уушги, тархины хөгжилд сөргөөр нөлөөлж, донтолт үүсгэдэг талаар хэллээ. Мөн зарим улс оронд электрон тамхи оруулж ирэхийг зөвшөөрдөг ч маш нарийн зохицуулалттай худалдаалдаг бөгөөд ДЭМБ улс орнуудад хориглох зөвлөмж өгдөг гэлээ.Үүний дараа дэлхийн улс орнуудад авч хэрэгжүүлж буй электрон тамхины зохицуулалтын арга, хэлбэрийн харьцуулалтын талаар Хууль ба хорт хавдрын чиглэлээрх Австралийн Маккейбын Төвийн захирал Хэйли Жонс болон Азийн бүс хариуцсан менежер Ма-Энн Розейли нар мэдээлэл танилцуулав.Тэд залуусыг тамхинд донтохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилладаг Маккейбын Төвийн үйл ажиллагааны талаар танилцуулсан. Ялангуяа электрон тамхийг сурталчлахгүй байх, хэрэв нэвтрүүлэхийг хориглосон бол чанга зохицуулалт хийх ёстой талаар ярив.Хэлэлцүүлэг үргэлжлэн электрон тамхины зохицуулалт, түүний хэрэгжилтийн талаарх Австрали Улсын туршлагыг танилцуулсан. Тус улсын Эрүүл мэндийн яамны Зохицуулалт, дэмжлэгийн хэлтсийн нэгдүгээр туслах, нарийн бичгийн дарга Крис Бэдфорд мэдээллээ хуваалцлаа. Австрали Улсын Эрүүл мэндийн сайд 2023 онд хийсэн мэдэгдэлдээ электрон тамхи нь никотины өндөр агууламжтай болохыг тодотгон хэлсэн байна. Түүний дараа 2024 оны нэгдүгээр сараас тус улс никотины агууламжтай эсэхээс үл хамааран дотооддоо үйлдвэрлэхийг хоригложээ.Дээрх мэдээлэл, танилцуулгуудтай холбогдуулан хэлэлцүүлэг өрнөж, оролцогчид асуулт асууж, холбогдох мэргэжилтнүүд, мэдээлэл танилцуулсан мэргэжилтүүдээс хариулт, тайлбар авсан юм.УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл “Хоёр өдөр үргэлжилсэн энэхүү хэлэлцүүлгийн хугацаанд хангалттай их мэдээлэл авлаа. Туршлага хуваалцсан оролцогч, төлөөллүүдэд баярлалаа. Хамтын хүч чухал учир энэ талаарх зөв зохицуулалт бүхий эрх зүйн орчин бүрдүүлэхэд олон нийтийн зөвшилцөл, дэмжлэг нэн чухал” гэдгийг онцлон хэллээ.УИХ-ын гишүүн, УИХ-ын даргын 2024 оны 110 дугаар захирамжаар байгуулагдсан Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, электрон тамхи, түүнтэй холбоотой асуудлаар холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай эсэхийг судлан, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч О.Номинчимэг “Энэхүү хэлэлцүүлэг, зөвлөгөөнөөр тамхины татварын бодлогыг шинэчлэх, Тамхины хяналтын тухай хуулиар зохицуулагдаагүй электрон тамхи, никотин агуулсан бүтээгдэхүүнтэй холбоотой харилцааг хуульчлах, дотоод орчны тамхины тусгай цэгүүд болон тамхи худалдаалахыг хориглосон цэгүүдэд тавих хяналт, хариуцлагыг оновчтой болгох эрх зүйн орчныг бүрдүүлэхэд чиглэсэн олон улсын байгууллага болон бусад орны шилдэг туршлагаас сонсож, харилцан санал солилцлоо. Тус арга хэмжээний эхний өдөр бодлогын өөрчлөлт хийх, тамхины хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх, мөн олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэгдсэн бол хоёр дахь өдөр тамхины хяналтын үр дүнтэй бодлогыг тодорхойлоход шаардлагатай стратегийг боловсруулах чиглэлээр мэдээлэл солилцлоо. Бүх оролцогчдод баярлалаа” гэлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2025/01/29
397
НИЙГЭМ
Угаарын хий мэдрэгчгүй 19.296 өрхөд зөвлөгөө, мэдээлэл өглөө
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжиж буй төсөл болон Шинэ Зуунмод хотын бүтээн байгуулалтын ажлын явцын талаар хэлэлцлээ.Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд энэ сарын 18,19-нд гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын пийшин зуух, галлагааны аюулгүй байдал, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагаа, халаалтын зуух, агаар бохирдуулагч гурав дахь эх үүсвэр түлж байгаа эсэхэд хяналт шалгалт хийсэн. Энэ талаар нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар мэдээлэл өгөв.Тэрбээр “Нийслэл, дүүргийн нутгийн захиргааны 9000 гаруй ажилтан, албан хаагч 196 мянга гаруй айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын пийшин зуух, галлагааны аюулгүй байдал, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагаа, халаалтын зуух, агаар бохирдуулагч гурав дахь эх үүсвэр түлж байгаа эсэхэд хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтын судалгаагаар 61.576 айл уламжлалт зуух, 57.167 айл төслийн зуух, 11.767 нам даралтын ашиглаж байна. Мөн угаарын хий мэдрэгчгүй 19.296 өрх, угаар мэдрэгчийн ажиллагаа хэвийн бус 4713 өрх, зуухны яндан шаардлага хангаагүй 17.484 өрх, төслийн зуухны бүрэн бүтэн байдал алдагдсан 7383 өрх байна. Халаалтын зуухнаас гадна цахилгаан халаалт бүхий 11.767 айл өрх, 3-15квт хүчин чадлын зуух ашиглан үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж буй 12.673 иргэн, аж ахуйн нэгж байгууллага байв. Уг хяналт шалгалтын үр дүнд айл өрхүүдийн кординат бүхий зуухны нэгдсэн мэдээллийг боловсруулж, цахим мэдээллийн сан үүсгэнэ” гэдгийг хэллээ.Хяналт шалгалтаар иргэн аж ахуй нэгж байгууллагад дараах нийтлэг зөрчил гарсан байна. Үүнд:Үнс, нүүрсний агуулах задгай, галд тэсвэргүй материалаар хийгдсэн байгаа нь галын эрсдэл үүсгэх, салхиар зөөгдөн тархаж орчинд тоосжилт үүсгэх,Зуухны паспорт бүртгэлжүүлэлт хангалтгүй,Хог хаягдлыг хогийн сав болон тогтоосон цэгээс бусад газарт хаясан,Халаалтын зуухны шүүлтүүрийн ажиллагаа хэвийн бус, зориулалтын шүүлтүүрээр тоноглоогүй,Зуух яндангийн битүүмж муу, галын хотол элэгдсэн зэрэг зөрчил илэрсэн байна.
2025/01/28
339
НИЙГЭМ
Туулын хурдны замын олон улсын нээлттэй тендерийг зарлалаа
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Туулын хурдны замын олон улсын нээлттэй тендерийг өчигдөр зарлалаа. Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан мэдээлэл өгөв. Тус хурдны зам нь Баянзүрхийн гүүрнээс Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл нийт 32 км үргэлжлэх зургаан эгнээ бүхий гэрлэн дохиогүй, уулзваргүй нийслэл дэх хот доторх анхны хурдны зам болох юм.Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “2024 оны байдлаар нийслэлчүүд бид түгжрэлд цаг хугацаа, шатахуун зэрэгт нийт 900 сая орчим ам.доллар зарцуулжээ. Энэ байдлаар явбал 2030 онд нэг тэрбум ам.доллар давахаар байна. Өнөөдрийн байдлаар оргил цагийн дундаж хурд 7-13 км/цаг байгаа бол 2030 онд 5-9 км/цагт хүрэх юм. Тиймээс энэ оноос эхлэн нийслэл хоёрдугаар түвшний замуудаа барина. Үүний нэг болох хот доторх анхны хурдны замын тендерийг өнөөдөр зарлаж байна. Туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажлыг ирэх 4 дүгээр сарын сүүлээр эхлүүлж, 24 сарын дараа буюу 2027 оны 5 дугаар сард ашиглалтад оруулна. Хурдны зам ашиглалтад орсноор замын хөдөлгөөний дундаж хурд 13.5 хувиар нэмэгдэхээс гадна Дархан болон Замын-үүд чиглэлийн дамжин өнгөрөх автотээврийн нэвтрүүлэх чадвар сайжирна. Мөн Улаанбаатар хотын гол болон туслах гудамж замын сүлжээний түгжрэл 10-20 хувиар буурах тооцоолол гарсан. Тус замыг барихад трасст 36 нэгж талбар өртөж байгаа учраас “Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах” тухай хуулийн дагуу газар чөлөөлөлтийг зохион байгуулж, нөхөн олговор болон газар дүйцүүлж олгоно. Туулын хурдны замтай дараа, дараагийн хоёрдугаар түвшний замууд огтлолцох юм. Тус хурдны замыг барихдаа ямар ч зам, гүүр хаахгүй” гэв.
2025/01/28
435
НИЙГЭМ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нисгэгчгүй нисэх хэрэгсэл жолоодлогын улсын аварга шалгаруулах тэмцээний хаалтад оролцлоо
Нисгэгчгүй нисэх хэрэгслийн спортыг хөгжүүлэх, дроны үйлдвэрлэл, технологийг аюулгүй байдал, хөдөө аж ахуй, нийгмийн бусад салбарт эрчимтэй нэвтрүүлэх бүх талын үйл ажиллагааг дэмжих зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор Монгол Улсад анх удаа “Дронкон” нисгэгчгүй нисэх хэрэгсэл жолоодлогын улсын аварга шалгаруулах тэмцээнийг 2025 оны 01 дүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд зохион байгууллаа.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Буянт-Ухаа” спорт цогцолборт болсон мэргэжлийн төрлийн шигшээ тоглолтыг үзэж, шилдэг оролцогчдод шагнал гардуулав.Тэрбээр хэлсэн үгэндээ, дэлхий дахинд нисгэгчгүй нисэх хэрэгслийн технологи асар хурдацтай хөгжиж, түүний хэрэглээ эдийн засаг, батлан хамгаалах, гамшигтай тэмцэх зэрэг бүхий л салбарын үйл ажиллагаанд нэн эрчимтэй нэвтэрч, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, хүн хүчийг үлэмж хэмнэж байгааг тодотгов.Тухайлбал, 2023 онд барилгын салбарт 44, хөдөө аж ахуйн салбарт 38, батлан хамгаалах салбарт 28 хувиар дроны зах зээл нэмэгдсэн байна.Байгаль цаг уурын харилцан адилгүй бүсчлэл бүхий өргөн уудам нутаг дэвсгэртэй, дэд бүтэц сул хөгжсөн, хүн ам цөөтэй Монгол Улсын хувьд дэвшилтэт техник, өндөр технологийг бүх салбарт өргөнөөр ашиглаж, мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарт олон улсад өрсөлдөх чадавхтай байх нь үндэсний аюулгүй байдлыг хангах бодлогын нэн чухал зорилт байх ёстойг Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч онцоллоо.Иймд дроны техник, технологийг нэвтрүүлэх, үндэсний аюулгүй байдал, улс ардын аж ахуйд өргөнөөр ашиглах, чадварлаг оператор-нисгэгчдийг бэлтгэх, улмаар дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд төр засгийн бодлого, олон нийтийн идэвхтэй оролцоо, төр-хувийн хэвшлийн түншлэл чиглэх учиртайг тэмдэглэв.“Дронкон” улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн нь Монгол Улсад нисгэгчгүй нисэх хэрэгслийн спортыг хөгжүүлэхийн зэрэгцээ дроны хэрэглээ, үйлдвэрлэл, хөгжүүлэлтийг шинэ шатанд гаргаж, үндэсний техник, технологи, мэргэжлийн хүний нөөцийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.Энэ чиглэлд хувийн хэвшлийн байгууллага, иргэдийн санаачилга, оролцоо үлэмж их байгааг сайшаан тэмдэглэхийн хажуугаар төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд идэвхтэй оролцсонд сэтгэл хангалуун байгаагаа хэлэв.Цаашид төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд Монгол Улсад нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг ашиглах, программ хангамжийг хөгжүүлэх тал дээр түүчээлэн манлайлж, хүүхэд залуусын дунд дрон, нисэх загвар зохион бүтээх, энэ төрлийн спортыг хөгжүүлэхэд холбогдох яам, агентлагийн удирдлагууд онцгойлон анхаарч ажиллах ёстойг Монгол Улсын Ерөнхийлөгч онцоллоо.Улмаар нисгэгчгүй нисэх хэрэгслийн ашиглалтын эрх зүйн орчныг олон улсын туршлага, сургамжид нийцүүлэн маш нарийн боловсруулан мөрдүүлэх, дроноос хамгаалах системийг бий болгон хөгжүүлэх шаардлагатайг онцлон тэмдэглэв.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэхүү тэмцээн жилээс жилд хүрээгээ тэлж, олон улсын тэмцээн болж өргөжнө гэдэгт итгэл дүүрэн байгаагаа илэрхийлж, тэмцээнийг амжилттай зохион байгуулсан Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлал, дэмжин оролцсон төрийн болон төрийн бус байгууллагуудад чин сэтгэлийн талархал илэрхийллээ.Мэргэжлийн, сонирхогчдын, тоглоомын, өөрөө угсрах гэсэн дөрвөн төрлөөр явагдсан тус тэмцээнд нийт 500 гаруй тамирчин оролцжээ.
2025/01/28
367
НИЙГЭМ
Б.Тэгшбаяр: Далд зогсоолын ажил 95 хувьтай, цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтыг ирэх гуравдугаар сард эхлүүлнэ
“Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны нэгдүгээр сард нурааж, далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг есдүгээр сард эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар далд зогсоолын ажил 95 хувьтай үргэлжилж байна. Харин хүрээлэнгийн тохижилтыг ирэх гуравдугаар сард эхлүүлэх юм. Энэ талаар “Бодь Пропертийз” ХХК-ийн удирдлагаас тодрууллаа.“Бодь Пропертийз” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Тэгшбаяр: “Урт цагааны суурин дээр нийт таван блок далд гарааш бүхий цэцэрлэгт хүрээлэн барина. Өнөөдрийн байдлаар 109 машины зогсоолтой далд гараашны төмөр, бетон бүтээцийн ажлыг бүрэн дуусгасан буюу нийт ажил 95 хувьтай байна. Цэцэрлэгт хүрээлэнг дулаарч эхлэхээр буюу гуравдугаар сараас барихад тохиромжтой. Тиймээс ирэх гуравдугаар сараас ногоон байгууламж, явган хүний зам, усан оргилуурыг хийж эхэлнэ. Манай компани энэхүү цэцэрлэгт хүрээлэнг зундаа багтааж нээх зорилгоор тасралтгүй ажиллаж, давхардсан тоогоор 4400 гаруй хүн ажиллаж байна” гэв. Биднийг очиход хамгийн доод B1 давхартайгаа нийлээд нийт 4 давхар жуулчдад зориулсан үйлчилгээний барилгын баганын арматур хийгдэж байв. Хүйтний улиралд барьж байгаа учраас бетоны чанарыг алдагдуулахгүйн тулд дулаан хадгалах технологи ашигладаг байна. Одоо баригдаж буй барилга нь 30х32 харьцаатай бөгөөд нийт цэцэрлэгт хүрээлэнгийн талбайн 10 хувийг эзлэх юм.
2025/01/27
376
НИЙГЭМ
'Амар байна уу 2025' үзэсгэлэн худалдааны бүртгэл эхэллээ
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар сар шинийн баярыг угтан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Амар байна уу 2025” үзэсгэлэн худалдааны бүртгэл явагдаж байна. Үзэсгэлэн худалдаа 2025 оны нэгдүгээр сарын 29-нөөс хоёрдугаар сарын 27-ныг хүртэл “Их наяд” худалдааны төвд нэг сар үргэлжлэх юм. Уг үзэсгэлэн худалдаанд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн үйлдвэр эрхлэгчид түрээсийн төлбөргүй оролцон, бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулах боломжтой. Нийслэлээс оролцогчид есөн дүүргийн ЖДҮДТөвд, орон нутгаас оролцогчид Аймгийн ЗДТГ-ын ЖДҮ хариуцсан мэргэжилтнээр дамжуулан бүртгүүлж, үзэсгэлэн худалдаанд оролцоно. Дэлгэрэнгүй мэдээллийг 11-318547 дугаараас тодруулах боломжтой.НИЙСЛЭЛИЙН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭГ ДЭМЖИХ ТӨВ
2025/01/27
387
НИЙГЭМ
Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламж энэ оны наймдугаар сард ашиглалтад орно
Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагаар хангах Шуурхай штабын ээлжит хуралдаан боллоо. Хуралдааны эхэнд Хөшигийн хөндийн туннелийг Сэлбийн хурдны замтай холбох авто замын төслийн танилцуулгыг сонслоо. Хөдөлгөөний ачааллыг бууруулахаар Туулын хурдны зам, Богдхан уулын туннель, Сэлбэ сэргэлт төслийг хэрэгжүүлж байгаа юм.Сэлбэ хурдны зам 25.2 км урттай, дөрвөн эгнээ, 15 уулзвартай бөгөөд гэрлэн дохиогүй, тууш хөдөлгөөнийг хангана гэж үзжээ. Харин Сэлбэ сэргэлт төслийн авто зам 21.6 км урттай. Сонсголонгийн гүүрний арын уулзвараас эхэлж, Сэлбэ дэд төвийн замтай нийлнэ. Сэлбэ хурдны замын урд хэсэг, Сэлбэ сэргэлт төслийн авто замын хойд хэсэгт 6.5 км авто зам давхцаж байгаа учир зураг төсвийг дахин шинэчлэх шаардлагатай аж. Замуудыг олон түвшний огтлолцлоор холбох, Богдхан уулын туннелтэй холбох хэд хэдэн хувилбар гаргажээ. Улаанбаатар хотын Худалдааны танхимаас төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх эрх зүйн таатай орчин бүрдүүлэхэд анхаарах асуудлыг танилцуулав. 150 гаруй байгууллагын саналыг нэгтгэхэд төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд төсөл хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалтын гэрээнд тусгагдсан хугацаа хүртэлх дотоод, гадаадын хөрөнгө оруулагчийн эрх ашгийг ижил хамгаалах, төсөл санаачлагч, хэрэгжүүлэгч ААН-үүдийн технологи, бизнесийн нууцыг хамгаалах тогтолцоо, хариуцлагын механизм бий болгох зэргийг онцолсон байна. Ерөнхий сайд төр, хувийн түншлэлийг сайжруулах чиглэлээр тус танхимтай хамтран ажиллах, Бахрейн улсын туршлагад үндэслэн хэрэгжүүлж буй “Business friendly” хөтөлбөртэй уялдуулахыг ЗГХЭГ-ын дарга Н.Учралд даалгав. Мөн өнөөдрийн хуралдаанд танилцуулсан асуудлуудыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж холбогдох шийдвэрүүдийг гаргаж ажиллахыг анхаарууллаа. Түүнчлэн штабын гишүүд манай улс FIDIC загвар гэрээг хэрэглэх, холбогдох хуулиудад олон улсын худалдан авалтын дөрвөн үндсэн зарчим тусгаж өөрчлөлт оруулах, “Дэд бүтцийн бүтээн байгуулалтын тухай” хууль санаачлан батлуулах, Сайжруулсан хатуу түлш, техникийн шаардлага стандартыг шинэчлэх, Агаарын чанарын индексээр чанарыг үнэлэх, мэдээлэх журмыг шинэчлэх зэрэг санал дэвшүүлж байлаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч асан Э.Бат-Үүл “Улаанбаатар хотын цогц төлөвлөлттэй танилцлаа. Хөшигийн хөндийтэй холбоод Улаанбаатар хотын шинэ орон зай гаргаж ирсэн байна. Төлөвлөлтийг УИХ-аар батлуулчихвал хөрөнгө оруулагч талууд найдвартай, хуульчилсан төлөвлөгөө байна гэж үздэг” гэж хэллээ.Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шуурхай штабын хуралдааны дараа БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр баригдаж буй Улаанбаатар хотын шинэ Төв цэвэрлэх байгууламжийн ажлын явцтай танилцлаа. Төслийн явц 95 хувьтай, энэ оны наймдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Энэхүү төсөлтэй уялдуулан хаягдал усыг дахин боловсруулах технологи нэвтрүүлэхээр ажиллаж байна, төслийн хэрэгжилт 60 хувьтай байна. Төв цэвэрлэх байгууламжийн цэвэрлэсэн усыг дахин боловсруулж ашигласнаар газрын доорх усыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахыг багасгах ажээ.
2025/01/27
369
НИЙГЭМ
Чингэлтэйн сувагт халиа тошин халихаас сэргийлж, 1600 метр суваг татлаа
Геодези, усны барилга, байгууламжийн газраас үерийн хамгаалалтын барилга, байгууламжтай нийт 14 байршилд халиа тошин халих эрсдэлээс сэргийлэн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Чингэлтэйн сувагт 1600 метр суваг татаад байна.Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын Ашиглалтын инженер Д.Ариунбаатар “Нийслэлийн зургаан дүүрэгт нийт 46 байршилд халиа тошин үүсээд байна. Үүнээс ГУББГ-аас үерийн хамгаалалтын барилга, байгууламжтай 14 байршилд суваг татаж, үлдсэн 32 байршилд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч байгаа. Өнөөдрийн байдлаар Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Чингэлтэй уулаас эхтэй Чингэлтэйн сувагт нийт 1600 метр суваг татаж, авто замын гүүрэн байгууламж доорх гарцыг нээлээ. Энэ байршилд сүүлийн 6 жил тасралтгүй халиа тошин үүсэж байгаа” гэдгийг хэлэв.Тухайн байршилд Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн хүрээнд дэд төв байгуулах зорилгоор газраа чөлөөлүүлсэн айлууд нүүсэн. Үлдсэн айлуудыг халиа тошин халих эрсдэлээс сэргийлж, хамгаалахын тулд суваг татах ажлыг тогтмол гүйцэтгэж байгаа юм.
2025/01/24
304
НИЙГЭМ
Бөөрөлжүүтийн цахилгаан станц төвийн нэгдсэн системд 150МВт эрчим хүч нийлүүлж байна
Өнгөрсөн жил Улаанбаатар хот 200 МВт эрчим хүчний дутагдалтай байсан бол Бөөрөлжүүтийн 150 МВт хүчин чадалтай цахилгаан станц, Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц тус тус төвийн системд эрчим хүч нийлүүлснээр дутагдалтай байсан эрчим хүчний хэрэглээг нөхөөд байна.Тодруулбал, Улаанбаатар хот анх удаа дотоодын зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжаалж, тус бондоос 300 тэрбум төгрөгийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулсан. Ингэснээр 2011 онд эхэлсэн Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийн эхний 150 МВт хүчин чадалтай станцыг өнгөрсөн аравдугаар сард ашиглалтад оруулсан билээ. Тус станц өнгөрсөн 12 дугаар сарын 26-ны шөнийн 23:33 цагт төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдож, 150 МВт цахилгаан эрчим хүч нийлүүлж байна. Мөн Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц төвийн системд өнгөрсөн 12 дугаар сарын 13-наас эрчим хүч нийлүүлж байгаа юм. Батарей хуримтлуурын станц энэ сарын 21-ний өдрийн байдлаар нийт 8,881.7 МВт.ц эрчим хүч нийлүүлээд байна.
2025/01/24
462
НИЙГЭМ
Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлт 80 гаруй хувьтай үргэлжилж байна
Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд хэрэгжиж буй. Өнөөдрийн байдлаар уг төслийн газар чөлөөлөх явц 80 гаруй хувьтай үргэлжилж байна. Өөрөөр хэлбэл, төслийн хүрээнд нийт 2200 иргэн, хуулийн этгээдийн газрыг чөлөөлөхөөс 1670 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулаад байна. Газар чөлөөлөлтийн талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн дарга Н.Мөнхбаяр “Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль 2023 онд батлагдсан. Тус хуулийн хүрээнд Сэлбэ дэд төвийг барих газар чөлөөлөлтийг 2024 оны дөрөвдүгээр сард эхлүүлсэн. Нийт 158 га талбайд 2200 иргэн, хуулийн этгээдийн газрыг чөлөөлөхөөр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 1670 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулсан, газар чөлөөлөлтийн ажлын явц 80 гаруй хувьтай үргэлжилж байна” гэлээ.Нөхөн олговрын гэрээ байгуулсан 1670 иргэний газрыг чөлөөлж, нурсан байшин барилга, хашааг буулгаж цэвэрлэх, хог хаягдлыг ачих ажлууд мөн үргэлжилж байна.Ташрамд, нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулиар нийтийн тээврийн төрөл хүртээмж, авто зогсоолын ашиглалтыг сайжруулах, замын хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэх, төвлөрөл сааруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, замын хөдөлгөөний түгжрэл, агаар, хөрсний бохирдлоос үүсэх нийгэм, эдийн засгийн нөлөөллийг бууруулах, урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулж байгаа билээ.
2025/01/24
328
НИЙГЭМ
Сөүлийн гудамжнаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх 160 метр авто замыг 'Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбатын нэрэмжит гудамж' болгон нэршүүллээ
Монгол улсын анхны Ерөнхийлөгч, төр нийгэм, шинжлэх ухаан, боловсролын салбарын нэрт зүтгэлтэн, академич, шинжлэх ухааны доктор, профессор, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт Пунсалмаагийн Очирбатын нэр хүндийг мөнхлөх, хойч үедээ танин мэдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын хуралдааны 2025 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаас “Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбатын нэрэмжит гудамж”-ийг нэршүүлэх шийдвэр гаргасан. Тус шийдвэрийн дагуу Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Сөүлийн гудамжнаас Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн зүүн талаар хойш Цэцэг төвийн баруун урд уулзвар, Энхтайваны өргөн чөлөө хүртэлх 160 метр авто замыг “Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбатын нэрэмжит гудамж” болгон нэршүүлэхийг нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар дэмжиж, шийдвэрлэлээ. Хот байгуулалт, хотын стандартын газрын Хотын орон зайн мэдээлэл, технологийн хэлтсийн дарга А.Амарсанаа “Монгол Улсын Засгийн газрын Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журамд Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшилд гарамгай гавьяа байгуулсан түүхэн хүмүүсийн нэр алдрыг мөнхлөх, түүх, соёлын дурсгал, түүхэн уламжлалыг хадгалах зорилгоор гудамж, талбайг нэршүүлдэг” хэмээн онцоллоо.
2025/01/24
334
НИЙГЭМ
'Утааны асуудал: Эрх зүйн орчин, бодлого, шийдвэрийн хэрэгжилт, санхүүжилт, зарцуулалт, хариуцлага' сэдэвт хэлэлцүүлэгт урьж байна
Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 07 дугаар тогтоолоор байгуулагдсан Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгээс 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 14:00 цагаас Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд “Утааны асуудал:Эрх зүйн орчин, бодлого, шийдвэрийн хэрэгжилт, санхүүжилт, зарцуулалт, хариуцлага” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах хэлэлцүүлэгт иргэн, хуулийн этгээдийн төлөөлөл Та бүхнийг оролцохыг урьж байна.Хүсэлтийг хүлээн авах ба бүртгэх:Хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 17 цаг 30 минут хүртэлх хугацаанд Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд Төрийн ордны шуудангаар бичгээр болон цахим шуудангийн хаягаар хүлээн авч байна.Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо /Лавлах утас: 51-261240, 99680844, 99107510, Email:[email protected]/Жич: Зохион байгуулах танхимын багтаамжаас хамаарч оролцогчийн тоо хязгаартай. Оролцогчийг “Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-д заасны дагуу иргэний үнэмлэх, эсхүл цахим үнэмлэх /e-mongolia/-ийг нь шалган Төрийн ордонд нэвтрүүлнэ. Оролцогч албаны болон үндэсний хувцастай ирсэн байна.Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын алба
2025/01/24
446
НИЙГЭМ
Нийслэлийн түгжрэлийг бууруулах найман багц төслийн нэгжтэй танилцаж санал солилцлоо
Нийслэлд 2030 он гэхэд метро, дүүжин тээвэр, LRT, BRT, тойрог хурдны зам, Туулын хурдны зам, НҮХЭН ГАРЦ, Дулааны цахилгаан станц (ДЦС-5) төслийг ашиглалтад оруулах зорилт тавьсан. Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжээс төслүүдийг хэрэгжүүлэх он цагийн дагуу судалгаа, шинжилгээ, тооцоолох ажлуудыг хийж бэлтгэлийг хангаж байгаа. Дээрх төслүүдийн талаарх цаг үеийн мэдээллийг холбогдох газраас Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны мэргэжилтнүүдэд танилцуулж, санал солилцлоо.Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Францын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлээр дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлж буй. Зорчигчдыг Яармагаас Өнөр хорооллын зогсоол хүртэл 11 минутад хүргэх юм. Одоогоор дүүжин тээврээр зорчих үнэ эцэслэгдээгүй. Улирал тутамд ТЭЗҮ дээрээ анализ хийж, үнийн хэлбэлзлийг тооцоолж байгаа аж. Эцсийн дүндээ байж болох хамгийн хямд үнээр иргэд зорчих боломжийг бүрдүүлэх аж. Ирэх оны зургаадугаар сард үндсэн цамхаг, кабенаа угсрах ажлаа хийж дуусна. Дүрмээрээ угсралт хийснээс хойш бүтэн зургаан сар, зорчигч суулгалгүй туршилтын тээвэрлэлт хийх ёстой. Энэ цаг хугацааг нь наашлуулж, ирэх оны есдүгээр сарын 1-нээс өмнө Улсын комисс хүлээж авах шаардлагыг тавьж байгаа. Нийслэлийн зүгээс зөвшилцөх бүх ажлаа хийж дуусгасан. Одоо газар чөлөөлөлтийн ажил "Хархорин" худалдааны төвийн баруун талд байдаг "Барс-2″ худалдааны төвийн зарим хэсгийг буулгана. Яармагийн зам дээр оргил ачааллын үед 90-95 мянган машин зорчиж байна. Энэ том урсгалыг сааруулах зорилготойгоор төслийг хэрэгжүүлж байгаа юм.LRT нь байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, үр ашигтай тээврийн шийдэл болж, орчин үеийн ногоон хотуудын салшгүй хэсэг болж байна. Цахилгаан хөдөлгүүр ашигладаг бөгөөд зарим LRT систем нар, салхи, ус буюу сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг. Түүнчлэн олон зорчигчийг нэг дор тээвэрлэх боломжтой учраас автомашины хэрэглээг багасгаж дуу чимээ болон агаарын бохирдлыг бууруулдаг. Ингэснээр оршин суугчдын амьсгалын замын өвчлөл багасаж эрүүл мэндэд эерэгээр нөлөөлөх давуу талтай.Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд их багтаамжийн нийтийн тээвэрт олон төрөлт тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхээр зорьж буй төслийн нэг нь метро юм. Улаанбаатар метро төслийг хэрэгжүүлэх хүрээнд 17.7 км уртад 500 метрийн зайтайгаар 42 цэгт газрын гадаргаас доош 30 метрийн гүнд босоо өрөмдлөг хийж дуусгасан билээ. Улаанбаатар метро төслийн хүрээнд нийслэлийн хамгийн том, хэвтээ чиглэлийн гудамж Энхтайваны өргөн чөлөөгөөр 17.7 км метроны шугам байгуулах ажлыг эхлүүлсэн.Туулын хурдны зам төсөл нь инженерийн шийдлийн хувьд авч үзвэл хоёр жилийн хугацаанд барих боломжтой. Томоохон төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтарч ажиллаж байна. Ажлын хэсэгт төлөөллүүд орж, чиглэл бүрийн асуудлыг авч хэлэлцэж байна.Мөн трамбай төсөл, нүхэн гарц төсөл, тусгай хэрэгцээний автобус төсөл, Дулааны V цахилгаан станц төслийн өнөөгийн явц, хэрэгжилтийн талаарх мэдээллийг дэлгэрэнгүй танилцууллаа.
2025/01/23
333
НИЙГЭМ
Ипотекийн зээлийг орон сууцны талбайн хэмжээнээс хамааран хүүгийн шаталсан хувилбар санал болгоно
Ипотекийн зээлийг өрхийн орлоготой нь уялдуулан анх удаа авч буй иргэдэд 50 метр квадратад олгохоор болсон талаар Хот байгуулалт, орон сууцжуулалтын яамны Орон сууцжуулалтын хэлтсийн мэргэжилтэн Г.Чинсанаагаас тодрууллаа..-Ипотекийн хөнгөлөлттэй зээлийг 50 метр квадрат хүртэлх талбайтай орон сууцанд олгох шийдвэрийн тухай?-Иргэдийг орон сууцжуулах талаар авах зарим арга хэмжээний тухай 2023 оны 12 дугаар сарын 27-ны Засгийн газрын 483 дугаар тогтоолоор 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан иргэдийг орон сууцжуулах чиглэлээр "Миний анхны байр", "Миний түрээсийн орон сууц", "Миний амины орон сууц", "Миний сонголт орон нутаг", "Миний сонголт төрийн алба" гэсэн таван багц үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тогтсон байдаг. Үүний хүрээнд уг тогтоолын 2.3 дахь заалтад дундаж орлоготой иргэдийг орон сууцаар хангахад шаардагдах хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд төрөөс хэрэгжүүлж буй ипотекийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн орон сууцны талбай болон жилийн хүүгийн хэмжээнд тавигдах шалгуурыг 60 метр квадрат хүртэлх 6 хувь, 61-ээс 80 хүртэлх метр кватратад 8 хувь байхаар тус тус тогтоож холбогдох журамд өөрчлөлт оруулахыг Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд зөвлөсөн. Ипотекийн хөнгөлөлттэй зээлийг зөвхөн 50 метр квадрат хүртэлх талбайн хэмжээтэй байранд л олгоно гэсэн үг биш юм. Цаашлаад 100 хүртэлх метр квадратад 10 хувь 40 хүртэлх метр квадратад 4 хувиар гэх зарчмаар төрийн хөнгөлөлттэй зээлийн бүтээгдэхүүнийг иргэдийн орлогын ялгаатай нөхцөл байдалд нь тохируулан төрөлжүүлж болно. Зах зээлд борлуулагдаж буй 80, 100 м.кв-аас дээш талбайтай орон сууцыг иргэд зах зээлийн зарчмаар нь өнөөдөр чөлөөтэй худалдан авч байгаа шүү дээ. Харин энэ нь зөвхөн төрийн хөнгөлөлттэй зээлд хамрагдах гэж байгаа тохиолдолд шалгуурууд нь хүү болон талбайн хязгаартай, анх удаа байр авч байгаа дундаж болон түүнээс доош орлоготой иргэдэд илүү таатай, хүртээмжтэй байхаар өөрчлөлтүүд орно гэсэн үг. Түүнээс зах зээлийн зарчмаар буюу арилжааны банкны хүүтэй зээлээр худалдан авч буй орон сууцад энэ зохицуулалт хамааралгүй. Одоогоор 6 хувийн хүүтэй зээл олгосон хэвээр байна. Монгол банкны Ерөнхийлөгчийн тушаалд өөрчлөлт ороогүй байгаа.-Энэхүү шийдвэрийг гаргаж буй үндэслэл нь юу вэ?-Засгийн газраас бага хүүтэй энэхүү “Ипотекийн зээл”-ийн хөтөлбөрийг дундаж болон түүнээс доогуур орлоготой айл, өрх рүү чиглүүлэхийг зорьдог. Учир нь аль болох олон өрхүүд орон сууцтай болж байж агаар, хөрсний бохирдол буурч, амьдралын чанар дээшилнэ гэж харж байгаа. Сүүлийн үеийн тоо мэдээллээс харахад бага дунд орлоготой иргэд ипотекийн хөнгөлөлттэй зээлд хамрагдаж чадахгүй, хүртээмж сул байдаг тал ажиглагдаж байна. Ипотекийн хөнгөлөлттэй зээл авсан 110 мянган зээлдэгчдийн дунд судалгаа хийгээд дүгнэхэд ердөө 30-40 хувь нь дундаж ба түүнээс доош орлоготой иргэд рүү чиглэсэн, дийлэнх хувь нь өндөр орлоготой иргэдэд олгогдсон байдаг. Анх ипотекийн хөнгөлөлттэй зээлийн бодлогыг гаргахдаа тодорхой хязгаарлалт, хувилбартай байдлаар санал болгоогүй тул 6 хувийн зээлийг өндөр орлоготой иргэд ч гэсэн авах сонирхолтой байдаг. Нөгөө талаасаа банк санхүүгийн байгууллагууд зээлийн чанар, эрсдэлдээ анхаарч, харьцангуй өндөр орлоготой иргэдэд зээл олгох хандлагатай байдаг нь ч зүйн хэрэг юм. Иймээс орлогын түвшин харьцангуй доогуур ч гэсэн зээлийн шалгуураа хангаж буй иргэдэд ипотекийн хөнгөлөлттэй зээлийг илүү хүртээмжтэй байлгах үүднээс энэхүү хүү, талбайн шаталсан бодлогын арга хэмжээг авахаар танилцуулж байгаа юм. Ипотекийн хөнгөлөлтэй зээлийн хүү бодлогын хүүнээс бага байхын зэрэгцээ хүн бүр авч болдог байгаа нь 80 м.кв талбай бүхий цөөхөн хэдэн төрлийн орон сууц зах зээлд бий болж, үнэ нь өсөхөд нөлөөлж байна. Энэ тэгэхээр орон сууцны салбарын хөгжилд ч сөргөөр нөлөөлж байна гэсэн үг юм. Хэрэв бид зээлийн бүтээгдэхүүнийг төрөлжүүлж, бодлогын хүү цаашлаад зах зээлийн хүүгийн түвшин ойртуулж чадвал хувийн хэвшил, олон улсын сангуудаас хөрөнгө оруулах сонирхол нэмэгдэж, улмаар төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны төслүүдэд ч урагшлах орон зай гарч ирнэ. Бусад хөгжсөн улс орнуудын хувьд ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хүүг төрөлжүүлж, олон хувилбарт орон сууцны бодлогуудыг иргэдийнхээ орлого, нөхцөл байдалд нь тааруулан хэрэгжүүлдэг. Олон улсын энэ жишгийг бид шат дараатайгаар нэвтрүүлэхийг зорин ажиллаж байна. -Хөдөө орон нутагт шаталсан хүүгийн шийдвэр үйлчлэх үү? -Хөдөө, орон нутагт олгох ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хүүгийн төлбөрт эхний 3 жилд нь 3 хувийн хүүгийн татаас олгох хөтөлбөр 2023 оноос хойш хэвийн хэрэгжиж байгаа, дээр нь урьдчилгаа төлбөрийн 30 хувийн шаардлагыг 60 хүртэлх хувиар бууруулаад 12 хувь хүртэл болгох боломж нээж өгсөн. Шинээр бүрэлдсэн Засгийн газар эдгээр бодлогуудыг үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийлсэн. Өөр хувилбарт бүтээгдэхүүн одоогоор гаргаагүй байна.-Энэхүү шийдвэрийн үр дүн ямар байх бол?-Засгийн газраас Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг боловсруулан Улсын Их Хурлын 2024 оны 64 дүгээр тогтоолоор батлуулсан. Үүнд эдийн засгийн хувьд цаашид хөгжих нөөцтэй, иргэд ихээр суурьшиж, таталцлын төв болох боломжтой 91 орон нутгийн хөгжлийн төвийг тодорхойлсон. Тэгэхээр орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн бодлого Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, эдгээр бүс нутгуудыг хөгжүүлэхэд шаардлагатай боловсон хүчин, хүний нөөцийг татахад эерэг нөлөө үзүүлнэ гэж бодож байна.-Энэ шийдвэр хэзээнээс хэрэгжих вэ?-Шинэ Засгийн газар байгуулагдсаны дараа Үндэсний орон сууцжуулалтын хороо шинэчлэгдэн байгуулагдсан. Хороог Ерөнхий сайд өөрөө ахалж, дэд ахлагчаар Гэр бүл, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд Л.Энх-Амгалан, нарийн бичгийн даргаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь нар томилогдож анхны хурлаа хийсэн. Энэхүү хурлаар Засгийн газраас 2025 оныг Залуучуудын жил болгон зарласантай холбогдуулан иргэдийг орон сууцжуулах бодлогыг анх удаа орон сууц худалдан авч буй хүүхэдтэй залуу гэр бүлүүд рүү илүүтэй чиглүүлэхийг зорин, нөхцөл байдлыг судалж байгаа. Бодлогын шийдлүүдийг ажлын хэсэг дээр хэлэлцэж дуусаад, Засгийн газарт танилцуулснаар албан ёсоор зарлана.-Ипотекийн санхүүжилтийг хэрхэн хуваарилж байгаа вэ?-Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн ипотекийн зээлийг олгохдоо байршлаар нь хамааруулан бүс нутгийг дэмжих байдлаар тухайн жилийн санхүүжилтээ хуваарилья гэсэн шийдвэрүүд гарсан. 50-аас доошгүй хувийг нь орон нутагт олгоно гэх мэт. Өмнө нь ипотекийн зээлийн 20-25 хувь нь орон нутагт олгодог байсан бол энэ жил 45 орчим хувийг нь олгосон. Засгийн газраас энэхүү бодлогын арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөсөн, ингэснээр орон нутгийн газар, дэд бүтцийн нөхцөл байдал сайжирч, бүс орон нутгийн хөрөнгө оруулалт нэмэгдэж, айл өрхүүдийн амьдралын чанар дээшилсэн эерэг үр дүнгүүд урт хугацаандаа гарна гэсэн хүлээлттэй байна. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлэх хүрээнд Улаанбаатарт олгогдож буй зээлийн 50 хувийг гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс, шинэ дагуул хотуудын бүс рүү олгоё, хотын төв рүү олгодог байдлыг аль болох хязгаарлая гэсэн бодлогын хувилбаруудыг гарган ажлын хэсэг дээр хэлэлцэж байгаа.-Байраа томруулах хүсэлтэй иргэдийн хувьд дахин хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломж бий юу?-Үүнийг Засгийн газраас нээлттэй хэвээр байлгах нь зүйтэй гэж үзэж байгаа. Гэхдээ ипотекийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр хязгаарлагдмал учраас анх удаа орон сууц худалдан авч буй иргэдээ тэргүүн ээлжинд дэмжинэ. Иргэн анхны орон сууцаа бага метр квадраттай хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөр авах гэж байгаа бол зээлийн нөхцөл хамгийн таатай байна гэсэн үг. Харин тухайн өрх бүл нэмж орон сууцны нөхцөлөө сайжруулан, томруулах зорилготой дахин ипотекийн хөнгөлөлттэй зээлд хамрагдах гэж байгаа бол өөрийн одоогийн орлогод нийцсэн өндөр хүүтэй зээлийн нөхцөл тавина. Харин өндөр үнэтэй тансаг зэрэглэлийн орон сууц худалдан авах гэж байгаа бол төрөөс хөнгөлөлттэй зээл олгоод байх шаардлагагүй гэж үзэж байгаа.-2025 онд ипотекийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн төлөв ямар байх бол?-Баялагийн сангийн хууль батлагдсантай холбоотой хуримтлалын сангийн хөрөнгөөс ипотекийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрт зарцуулах боломж нээгдсэн. Үүний үр дүнд 2024 онд өмнө нь байгаагүй өндөр санхүүжилт буюу 1.3 их наяд төгрөгийн ипотекийн хөнгөлөлттэй зээл олгосон байна. Тиймээс цаашид ипотекийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн эх үүсвэр энэ түвшиндээ хадгалагдаж, харьцангуй тогтвортой өссөн үзүүлэлттэй байх болов уу гэж төсөөлж байна.
2025/01/23
530
