НИЙГЭМ
НИЙГЭМ
НҮБ-тай хамтран Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих төслийг хэрэгжүүлж байна
Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовскаг хүлээн авч уулзлаа.Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин төлөөлөгчид талархал илэрхийлэн “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийг 2016 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр байгуулсан. Энэ хүрээнд бидний хамтран хэрэгжүүлж буй “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг нэмэгдүүлэх” төслийг цаашид өргөжүүлэн хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.Аливаа улс оронд агаарын бохирдлын асуудал хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө ихтэй учраас Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний шинэ загварт шилжих хэрэгцээ байгаа билээ.Тус төсөл хоёр үе шаттайгаар хэрэгжсэнээр Улаанбаатар хотын гэр хорооллын нэн шаардлагатай байгаа 50 өрхөд цахилгаан халаагуур, халаалтын зориулалттай нарны зайн хавтан худалдан авах, суурилуулах ажилд дэмжлэг үзүүлэх бөгөөд ингэснээр эмзэг бүлгийн айл өрхүүд дотоод орчны агаарын бохирдолгүй, эрүүл амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ.“Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг нэмэгдүүлэх” төслөөр Улаанбаатар хотын хөгжилд тодорхой хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж буйг талууд уулзалтын үеэр онцолсон юм.НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска уг төслийг цаашид амжилттай хэрэгжүүлэхийн улд хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ уулзалтын төгсгөлд илэрхийлэв.
2024/10/25
299
НИЙГЭМ
11 сарын 8-аас импортоор орж ирсэн автомашинд Улаанбаатар хотын серитэй дугаар олгохгүй
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлийн ИТХ-аас энэ оны хоёрдугаар сарын 8-нд Нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байх тогтоолыг баталсан. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 785 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа нь тогтоосон тооноос 50 гаруй мянгаар илүү байгаа юм. Энэ асуудалтай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч импортоор орж ирэх автомашинд хотын дугаар шинээр олгохгүй байх захирамжийг гаргасан. 11 сарын 8-аас импортоор орж ирсэн автомашинд Улаанбаатар хотын серитэй дугаар олгохгүй юм. Энэ асуудалтай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай зарим мэдээллийг хүргэлээ.Тэрбээр “Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд бид урт болон дунд хугацааны төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээд явж буй. Тухайлбал метро, дүүжин тээвэр, туулын хурдны зам зэрэг томоохон төслийг нийслэлээс хэрэгжүүлэхээр болсон. Гэхдээ богино хугацаанд түгжрэлийг бууруулах ажлыг эрчимжүүлж шаардлагатай арга хэмжээг хурдан хугацаанд авч шийдвэрлэхгүй бол Улаанбаатар хотын түгжрэл дээд цэгт хүрч оргил ачааллын үед замын хөдөлгөөний тэг зогсолт тогтмол болох эрсдэл өндөр байна. Та бүхэнд зарим статистик тоо мэдээллийг хүргэе. Оргил цагийн үед Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн дундаж хурд 7-13 км/цаг байгаа бол түгжрэлийн урт 97.3 км хүрч байна. 2030 он гэхэд Улаанбаатар хотын нийт хүн ам 2 сая хүртэл тооцоолол гарсан. Үүнтэй зэрэгцээд Улаанбаатар хотод бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо өсвөл оргил цагийн үед тээврийн хэрэгслийн дундаж хурд 5 км/цаг хүрч, түгжрэлийн урт 200 км хүрэх эрсдэл үүсээд буй. Тиймээс бид түгжрэлийг бууруулах богино хугацааны бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд Улаанбаатар хотын бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоог хязгаарлах арга хэмжээг аваад байна. Ингэснээр ирэх сарын 8-ны өдрөөс импортоор орж ирсэн автомашинд Улаанбаатар хотын серитэй дугаарыг олгохгүй.
2024/10/24
329
НИЙГЭМ
Техникийн хяналтын үзлэг оношилгоо, жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдаагүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлана
Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлт 2024 оны 01 сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн. Зөрчлийн хуульд торгуулсан жолооч хуулийн хугацаанд буюу 15 хоногийн дотор торгуулиа төлбөл торгуулийн хэмжээг 50 хувь хөнгөлнө. Харин Зөрчлийн хуульд заасан 15 хоногоос хэтрүүлбэл торгуулийн хэмжээг 50 хүртэлх хувиар нэмэгдүүлэх зохицуулалт орсон. Хугацаандаа торгуулиа төлөөгүй тохиолдолд зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан шүүхэд хүсэлт хүргүүлээд торгох шийтгэлийг нийтэд тустай ажил хийлгэх шийтгэл оногдуулахаар өөрчлөх боломжтой. Хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбогдуулан Улсын Ерөнхий Прокурор, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан тушаал гарч жолоодох эрхийг хязгаарлах, эрх бүхий албан тушаалтан шүүх болон эрх бүхий байгууллага хоорондын үйл ажиллагааг зохицуулах, мэдээлэл солилцох журам, эрх бүхий албан тушаалтнаас оногдуулсан торгох шийтгэлийг нэмэгдүүлж тооцох хугацаа, аргачлалыг баталсан.Энэ журмаар шийтгэл оногдуулснаас хойш 15 хоногийн дотор төлсөн тохиолдолд 50 хувь хөнгөрүүлнэ. Харин хугацаа дууссан буюу 16 дахь хоногоос сар бүр үндсэн торгуулийн хэмжээг 10 хувиар нэмэгдүүлж оногдуулахаар журамд тусгасан. Мөн хуульд заасан хугацаанд торгуулиа төлөөгүй тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцох үед нь хязгаарлах, түр саатуулахаар журамд тусгаад буйг Тээврийн Цагдаагийн албанаас мэдээллээ. Энэ талаар ТЦА-ны дарга, цагдаагийн хурандаа Б.Дэлгэрсайхан "Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйл.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих буюу улсын бүртгэлд бүртгүүлээгүй, техникийн хяналтын үзлэгт ороогүй, техникийн хяналтын үзлэгт тэнцээгүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор тусгасан. Үүнээс гадна хуульд заасан хугацаанд торгуулиа төлөөгүй тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцох үед нь хязгаарлах, түр саатуулах журам батлагдсан. Тиймээс 12 дугаар сарын 01-ний өдрөөс техникийн хяналтын үзлэг оношилгоо, жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдаагүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлана" гэв.
2024/10/24
333
НИЙГЭМ
О.Батчимэг: Энэ жил 89 байршилд газрын дуудлага худалдаа зохион байгуулаад байна
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар болон нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас хамтран газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааг зохион байгуулдаг билээ. Сонгон шалгаруулалтыг түргэн, шуурхай, ил тодоор зохион байгуулах үүднээс цахимаар явуулж, Газрын биржийн цахим системийг хэрэглээнд нэвтрүүлээд буй. Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газрын биржийн хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Батчимэгтэй ярилцлаа.-Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд хэдэн удаа газрын дуудлага худалдаа зохион байгуулсан бэ? Дуудлага худалдаагаар авсан газрын давуу тал нь юу вэ?-Он гарснаар өнөөдрийн байдлаар нийт 9 удаа 89 байршилд дуудлага худалдаа зохион байгуулсан. Үүнээс 35 байршилд ялагч тодорч, нийслэлийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрхийг баталгаажуулан олгосон. Дуудлага худалдаагаар авсан газар нь архитектурын төлөвлөлтийн даалгавартай байдаг. Энэ нь иргэн, аж ахуйн нэгжийн цаашид хийх ажлуудад давуу тал болдог. Мөн нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас газрын төлөв байдлын чанарын баталгааны дүгнэлтийг өгдөг. Энэхүү дүгнэлтийг 5 жилд нэг удаа хийдэг бөгөөд дуудлага худалдаагаар үнэ төлж газраа авснаар давуу талыг эдэлж буй. -Иргэд газрын дуудлага худалдаанд хэрхэн оролцох вэ?-Иргэд газрын биржийн цахим систем буюу www.mle.mn сайтад оролцох хүсэлтээ илгээнэ. Дуудлага худалдаа болохоос 7 хоногийн өмнө хүсэлтээ өгч бүртгүүлнэ. Ингэхдээ дуудлага худалдааны анхны үнийн дэнчингийн 10 хувь буюу 12500 төгрөгийг Төрийн санд тушааснаар оролцох эрх нээгддэг.-Дуудлага худалдаанд оролцох боломжгүй иргэн, аж ахуйн нэгж байгаа юу?-Газар эзэмших, ашиглах хоёр зориулалтаар дуудлага худалдаа зохион байгуулагддаг. Гадаадын хөрөнгө оруулалттай компанид ашиглах эрхийн зөвшөөрөлтэй гэрчилгээ олгогдог бол 100 хувь Монгол Улсын хөрөнгө оруулалттай компанид эзэмших эрх нь олгогддог. Иймээс газар ашиглах болон эзэмших эрхтэй аль ч аж ахуйн нэгж, байгууллага оролцох боломжтой.-Газрын дуудлага худалдааг зохион байгуулж буй ач холбогдол нь юу вэ?-Газрын тухай хууль шинэчлэгдсэнээр дуудлага худалдаагаар газар олгоно. Бусад зориулалтаар газар олгохгүй гэдэг заалттай болсон. Тухайн газрын дуудлага худалдаанд хэдэн хүн оролцож байгаагаас хамаараад үнэ хэд дахин өсөж болно, эсвэл анхны үнээр ч зарагдаж болно. Амины орон сууц болон гэр бүлийн хэрэгцээнээс бусад газар дуудлага худалдаагаар зарагддаг.-Дуудлага худалдааны анхны үнийг хэрхэн тогтоодог вэ?-Барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар батлагдсан аргачлалын дагуу 16 бүсэд 17 зориулалтаар дуудлага худалдааны анхны үнийг тооцдог. НИТХ-ын тогтоолоор 16 бүсийг төвөөс алслагдсан байдлаар тогтоосон.Төвийн 1 дүгээр бүс дээр хамгийн өндөр үнэ нь 1 мв.к нь 140,800 төгрөг. Хамгийн багадаа алслагдсан 16 дугаар бүс дээр 1 мв.к нь 220 төгрөгөөр анхны үнийг тогтоодог.
2024/10/23
1506
НИЙГЭМ
Нийслэлийн тэргүүний өрх, ахмад тариаланчдыг шалгарууллаа
Нийслэлийн 385 жилийн ойг тохиолдуулан “Нийслэлийн тэргүүний өрх”, “Нийслэлийн тэргүүний тариаланч”, “Бүтээлч ахмад”, “Ахмадад ээлтэй байгууллага”-г шалгаруулж, шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо.Тодруулбал, нийслэлийн хөгжил дэвшилд тодорхой хувь нэмрээ оруулсан, өөрсдийн хүч хөдөлмөрөөр өрхийн аж ахуй эрхлэн, хүнсний хангамжаа нэмэгдүүлж, нийгэмд баялаг бүтээгч хойч үедээ үлгэр жишээ болж буй Есөн өрхийг “Нийслэлийн тэргүүний өрх”Есөн иргэнийг “Нийслэлийн тэргүүний тариаланч”Есөн иргэнийг “Бүтээлч ахмад”Нэг байгууллагыг “Ахмадад ээлтэй байгууллага”-аар шалгаруулж, Хүндэт тэмдэг, өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнасан юм.Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Ахмадууд та бүхнээсээ залуучууд бид сургамж, сургаалаа авч, туршлага солилцон ирээдүйн Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулж, хамтдаа зүтгэж буйдаа баяртай байна. Нийт тэргүүний өрх, ахмад буурлууддаа эрүүл энх, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе” хэмээв. Нийслэлийн тэргүүний тариаланч С.Эрхэмбаатар, М.Дагвадай “Бид 2018 оноос хойш газар тариалангийн ажил эрхэлж байна. Өнөөдрийн байдлаар хашаандаа 10 гаруй нэр төрлийн хүнсний ногоо, 400 орчим жимсний мод, бут тариалаад байна. Үүний зэрэгцээ ногоо тариалах хүсэл сонирхолтой иргэдэд заавар зөвлөгөө өгдөг. Өнөөдрийг хүртэл уйгагүй ажилласны үр дүнд хөдөлмөрөө үнэлүүлж, энэхүү хүндтэй шагналыг хүртсэндээ сэтгэгдэл өндөр байна” гэлээ. Нийслэлийн тэргүүний өрхөөр шалгарсан Х.Чулуунбат “Манай гэр бүлийн хувьд дүүрэг, хорооноос зохион байгуулж буй үйл ажиллагаанд идэвх, санаачилгатай оролцохыг хичээдэг. Мөн амьдарч буй орчноо эко болгох хүрээнд мод, ногоо тарих, зүлэгжүүлэх ажлыг тууштай хийдэг. Биднээс үлгэрлэн хүү маань ногоо тариалдаг болж, энэ чиглэлд ажиллаж байна. Түүнчлэн ойр орчмын иргэдийг ногоо тарих үйл хэрэгт татан оролцуулж, хашаандаа байх худгаас цэвэр ус нийлүүлэн дэмжлэг үзүүлдэг” гэсэн юм.
2024/10/23
306
НИЙГЭМ
П.Эрхэмбулган: Томуугийн зорилтот бүлгийн дархлаажуулалт 80 гаруй хувьтай үргэлжилж байна
Нийслэлд сүүлийн долоо хоногийн мэдээгээр амбулаторийн үзлэгийн тоо нэмэгдэж, нийт 93 мянга гаруй иргэнд үйлчлээд байна. Үүнээс томуу, томуу төст өвчний шалтгаанаар амбулаториор үйлчлүүлэгчдийн 4.6 хувь нь ханджээ. Харин ХӨСҮТ-өөс гаргадаг тандалт мэдээний дүнгээр томуугийн өвчлөл улирал хоорондын үеэс идэвхжлийн үе рүү шилжээд 14 хонож байна. Тодруулбал, томуугийн дэгдэлт үүсээгүй буюу томуугийн А болон В хүрээний вирус өвдсөн иргэдийн дунд илрээгүй. Гэсэн ч хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа аж. Тиймээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулганаас тодрууллаа.Тэрбээр “Энэ жил томуугийн дархлаажуулалт өнгөрсөн жилтэй харьцуулахад нэг сар гаруйн өмнө эхэлсэн. Энэ хэрээр эмнэлэгт хандаж хэвтэн эмчлүүлэх хүүхдийн тоо буурна гэсэн хүлээлт байна. Одоогоор томуугийн зорилтот бүлгийн дархлаажуулалт 80 гаруй хувьтай бөгөөд ирэх 7 хоногт дархлаажуулалт дуусна. Томуугийн өвчлөл нэмэгдэх хэрээр эмнэлэгт хандаж хэвтэн эмчлүүлэх хүүхдийн тоо нэмэгдэх хандлагатай байдаг. Үүнтэй холбоотойгоор НЭМГ-ын харьяа үйл ажиллагаа явуулж байгаа эрүүл мэндийн байгууллагуудад амьсгалын замын өвчлөлтэй 800 гаруй хүүхдийг хүлээж авах зориулалттай ор дэлгэсэн. Үүнийг цаашид 2 дахин нэмэгдүүлж, 2000 гаруй ор дэлгэх нөөцийг бэлтгэсэн. Цэцэрлэг, сургуулийн нөхцөлд эрүүл ахуйн байцаагч нар бусад агентлагийн энэ чиглэлийн албан хаагчтай хамтран эрүүл ахуйн төлөвлөгөөт хяналт, шалгалт хийж, эрүүл ахуйн болон хоол үйлдвэрлэлийн чиглэлээр тодорхой зөвлөмжүүд хүргэсэн. Мөн нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу томуугийн өвчлөлөөс сэргийлэх цогц арга хэмжээнүүдийг авдаг. Энэ дагуу цэцэрлэг, сургуулийн багш нарт зориулсан томуу, томуу төст өвчнөөс хүүхдийг урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалтууд зохион байгуулна” хэмээлээ.Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх өвөрмөц арга бол вакцин, харин ахуйн нөхцөлд иргэд өөрсдөө эрүүл ахуйн аргаар урьдчилан сэргийлэх боломжтой юм. Тухайлбал, олон хүн цугласан газраар бага насны хүүхдийг дагуулж явахгүй байх, амны хаалт хэрэглэх, гараа тогтмол угаах, өрөө тасалгааг агааржуулж, нойтон цэвэрлэгээ тогтмол хийж байхыг албаны хүн зөвлөж байна.
2024/10/23
260
НИЙГЭМ
Г.Отгонтамир: Өвлийн улирлын дугуйгаа сольж замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна
Аравдугаар сарын 20-нд нийт нутгаар их хэмжээний цас орсны улмаас Тээврийн Цагдаагийн Албанд зам тээврийн ослын 758 дуудлага мэдээлэл, осол хэргийн шинжтэй 622 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Энэ талаар Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамираас тодрууллаа.Тэрбээр “Өчигдөр ирсэн дуудлага мэдээллийг ангилахад зуны улирлын дугуйтай замын хөдөлгөөнд оролцсоноор зогсоох арга хэмжээ авах боломжгүйгээс үүдэн урдах тээврийн хэрэгслийг мөргөх дуудлага мэдээлэл зонхилж байв. Мөн өгсүүр, уруу замд зуны улирлын дугуйтай тээврийн хэрэгслүүд өгсөж, уруудаж чадахгүйгээс зохиомол түгжрэл, саатал бий болсон. Энэ хүрээнд 12 автомашин мөргөлдсөн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Иймд жолооч, иргэд та бүхэн тээврийн хэрэгслийнхээ техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, явах эд анги буюу тос маслоныхаа үйлчилгээг авч, өвлийн улиралд тохирсон засвар үйлчилгээнд идэвхтэй хамрагдах болон өвлийн улирлын дугуйгаа сольж замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна” гэв.
2024/10/22
289
НИЙГЭМ
Д.Хадбаатар: Нэг удаа галлахдаа 4-5кг-аас дээш шахмал түлш хэрэглэвэл зуух дэлбэрэх аюултай
Галлагааны улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд яндангаа хөөлөхгүй байх, өрхөө бүтээх зэргээр угаарын хийн хордлогод орж амь нас эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох явдал цөөнгүй гарч байна. Энэ асуудалтай холбогдуулан Нийслэлийн Онцгой байдлын газар /НОБГ/-аас гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажил арга хэмжээний талаар ярилцлаа.Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд гал түймрийн хэчнээн дуудлага мэдээлэл ирээд байна вэ? Гал түймэр гарч буй шалтгаан нөхцөл нь юу вэ?Нийслэлийн хэмжээнд он гарсаар өнөөдрийн байдлаар объектын гал түймрийн 1493 удаагийн дуудлагаар алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэж ажилласан. Дээрх дуудлагаар иргэд аж ахуйн нэгж байгууллагын 298 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалаад буй. Галлагааны улирал эхэлж буйтай холбогдуулан ахуйн гал түймрийн дуудлага мэдээлэл нэмэгдэж байна. Гал түймэр гарч буй хэд хэдэн шалтгаан бий. Тухайлбал гэр хорооллын айл өрхүүд яндангийн хамгаалалт хийгээгүй, үнс нурмыг тагтай саванд хийгээгүй, цахилгааны хэт ачаалал үүсгэж, олон зэрэг хүчдэл залгаж байгаа нь гал түймэр гарах хүчин зүйл болдог. Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан айл өрхүүд цахилгаан халаагуур, халаагчийг гэр байшин, аж ахуйн нэгж байгууллагадаа суурилуулахаар сонгосон бол цахилгаан ашиглалтын дүрэм журмыг мөрдөх нь зүйтэй.Иргэд дор бүрнээ өвөлжилтийн бэлтгэл байдлыг хэрхэн хангах ёстой вэ?Өвөлжилтийн бэлтгэлийг зөвхөн албан байгууллага хийх бус иргэд ч мөн бэлдэх хэрэгтэй. Нэн тэргүүнд зуух, яндан, пийшингийн битүүмжийг сайтар шалгаж, яндангаа хөөлөх, яндангийн залгаа, хэмжээг сайжруулах, угаарын хийн мэдрэгчээ тогтмол ажиллуулах хэрэгтэй.Хүйтэн сэрүүний улирал эхэлсэн учраас шахмал түлшний хэрэглээ нэмэгддэг. Гэвч энэ үед пийшин, зуух дэлбэрэх явдал цөөнгүй гардаг. Иймд иргэд юунд анхаарах ёстой вэ? Сайжруулсан түлшээр нэг удаа галлахдаа 4-5 кг-аас илүүг хэрэглэж болохгүй. 4-5 кг-аас дээш шахмал түлш хэрэглэсэн тохиолдолд зуух, пийшинд хэт халалт үүсэж дэлбэрэх аюултай. Уг нь шахмал түлшийг зориулалтын зууханд түлбэл илүү тохиромжтой. Харамсалтай нь хотын ихэнх өрх энгийн зууханд шахмал түлшийг түлж хэрэглэж буй. Ингэхдээ их хэмжээгээ түлсний улмаас халалт үүсэж дэлбэрэх, гал алдах эрсдэл учирч буй. Айл бүхэн заасан хэмжээнээс хэтрүүлэлгүй дулаанаа тохируулж хэрэглэх, алхам тутамдаа хяналт тавьж бага насны хүүхэд, тусгай хэрэгцээт иргэд, хөгшин настай хүмүүсийг хараа хяналтгүй орхихгүй байх хэрэгтэй. Галлагааны улиралд иргэн та өөрийн болон гэр бүлээ угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлж, зуух, яндан, пийшингийн битүүмжийг сайжруулж, угаарын хийн мэдрэгчээ ажиллуулахыг уриалж, гал түймрийн аюул, осол гэмтлээс урьдчилан сэргийлэхийг Нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжлүүлж байна.
2024/10/22
269
НИЙГЭМ
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлнэ
Улаанбаатар хотод 2022 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс 52 стандарт батлагдан хэрэгжиж эхэлсэн байдаг. Үүний нэг нь гадна хаяг, зар сурталчилгааны байгууламжид тавигдах ерөнхий шаардлага юм. Нийслэлийн хэмжээнд худалдаа, үйлчилгээний чиглэлээр 18,600 гаруй аж ахуйн нэгж бүртгэлтэй байдаг. Гэвч үүний 70 гаруй хувь нь гадна хаяг, зар сурталчилгааны байгууламжид тавигдах ерөнхий шаардлагыг хангаагүй гэсэн судалгаа гарсан. Үүнд зөвхөн хаягжилт хамаарахгүй бөгөөд гадна орчин, тохижилт хамаарна. Тодруулбал, гадна хаяг, зар сурталчилгааны байгууламжид дараах шаардлагыг тавьдаг.Орчин үеийн технологийн шийдлийг ашигласан байх бөгөөд засвар үйлчилгээг тогтмол хийж, бүрэн бүтэн байдлыг хангуулна.Хотын гудамж, барилга байгууламжийн нэгдсэн өнгө төрхтэй уялдуулна.Барилгын аюулгүй, бүрэн бүтэн байдал, өнгө үзэмжийг алдагдуулахгүй байх.Хаягийг монгол хэлээр бичнэ. Англи хэлээр бичих тохиолдолд монгол бичвэрийн доод талд эсвэл хойно хоёр дахин бага хэмжээгээр бичнэ.Хаягийг байрлуулахдаа нэг орон зайд нэг жигд загвар, хэмжээтэй байх зарчмыг баримтлах.Зохиогчийн эрхээр баталгаажсан бараа бүтээгдэхүүний логог өөрчлөхгүй.Хаягийн нийт хэмжээ фасадын 20 хувиас хэтрэхгүй.Хаяг нь гадна, дотор гэрэлтүүлэгтэй байх ба бүх байгууллагын мэдээллийг агуулсан нэгдсэн мэдээллийн байгууламж байршуулна.Уг стандартын хэрэгжилтийн талаар ХБХСГ-ын Худалдаа үйлчилгээний стандарт хариуцсан ахлах мэргэжилтэн П.Мөнхзаяагаас тодрууллаа.Тэрбээр “Гадна хаяг, зар сурталчилгаатай холбоотой иргэдээс ирж буй гомдлын ихэнх хувийг ойлгомжгүй буюу гадаад хэл дээр бичигдсэн хаягжилт эзэлдэг. Мөн хаягжилтын хэмжээ хэтэрсэн зөрчил дийлэнх хувийг бүрдүүлж байна. Түүнчлэн өнгөрсөн оноос нийслэл хот 74 үйлчилгээнд тусгай зөвшөөрөл олгохоо больсноос хойш энэ төрлийн стандартын зөрчил нэмэгдэж буй. Бизнес эрхлэлтийг дэмжиж байгаа хэдий ч стандартын шаардлагыг хангахыг мөн адил шаардаж байгаа. Энэ хүрээнд бид нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар болон Хяналт шалгалтын газартай хамтран гадна зар сурталчилгаа, хаягийн стандартыг мөрдүүлж байна. Тодруулбал, зөрчлийг арилгахаар эхний ээлжид Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүрэгт тодорхой гудамж, замыг сонгон хаягийн шинэчлэлтийг хийж буй. Цаашид уг ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ” гэв.
2024/10/22
233
НИЙГЭМ
Арваннэгдүгээр сарын 1-нээс Зайсангийн гүүрний бохирын шугамыг шилжүүлнэ
Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Зайсангийн хуучин гүүрийг 1968 онд буюу одоогоос 56 жилийн өмнө ашиглалтад оруулж байжээ. Үүнээс хойш засвар, шинэчлэлт огт хийгээгүй. Ашиглалтын хугацаа дуусч, стандартаар ашиглалтын түвшин D үнэлгээнээс бага, хэзээ ч нурж магадгүй гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс Зайсангийн хуучин гүүрийг буулгаж, шинээр барихаас өөр аргагүй болсон юм. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяраас тодрууллаа.Тэрбээр “Нийслэлийн төсвөөр Зайсангийн хуучин гүүрийг 225 метр 4 эгнээ бүхий төмөрбетон хос гүүрээр шинэчлэх ажил арваннэгдүгээр сарын 1-нээс эхэлнэ. Уг гүүрийн зураг төсөл 2014 онд хийгдэхээс өмнө техник ашиглалтын үнэлгээ 2013 онд хийгдэхэд хэзээ ч нурж магадгүй гэсэн дүгнэлт гарсан. Хүчитгэх засвар хийх боломжгүй. 1968 оны зураг төслийн ямар ч мэдээлэл байхгүй. Тухайн үед барилгын явцын үед хүчтэй үер болсон зэрэг асуудал их үүссэн байсан. Гүүрийн анхны төлөвлөлт 40-50 жил байдаг. Хэзээ ч нурах эрсдэлтэй учраас шинээр гүүр барих шаардлагатай. Гүүр ямар нэг байдлаар нурлаа гэхэд иргэдийн амь настай холбогддог. Тиймээс учраас Зайсангийн гүүрийг буулгаж, богино хугацаанд буюу 8-9 сарын хугацаанд барьж ашиглалтад оруулна” хэмээлээ.Мөн Зайсангийн хуучин гүүрний хажуугийн шинэ гүүрийг хийхдээ бохирын шугамыг угсарсан. Хуучин гүүрний доогуур тус шугам явж байгаа учраас холбохын тулд шинэ гүүрнээс урагш Зайсангийн уулзвар хэсэгт худаг суурилуулаад 7 метрээр бохирын шугамыг суулгасан байна. Зайсангийн гүүрийг шинэчлэхийн тулд гүүрэн доорх бохирын шугамыг шилжүүлж шинэ гүүрэнд залгах хэрэгтэй болжээ. Холбох ажил 6 метрийн дор явагдана. Тиймээс газар хөлдөхөөс өмнө арванэгдүгээр сарын 1-нээс нэг сарын хугацаанд бохирын шугамыг холбож дуусгана. Арванхоёрдугаар сарын 1-нээс нэгдүгээр сарын 15-нд гүүрний эхний нураалтын ажлуудыг хийнэ. Ингэхдээ доош 18 метр урт шонт сууриудыг суурилуулна. Хөлдөлтийн гүнээс доош учир өвөл суурилуулах бүрэн боломжтой. Газар гэссэнээс хойш гуравдугаар сарын 1-нээс цутгалтын ажлуудыг хийж, долоодугаар сарын 10-нд шинэ гүүрээ барьж дуусахаар төлөвлөжээ.Хажуугийн шинэ гүүрийг барьж байх хугацаанд дам нуруунуудыг 70 хувьтай бэлтгэсэн. Дам нуруу суурилуулах үед бэлтгэл бүрэн дуусна. Одоо гүйцэтгэгч бэлэн, ажлаа эхлүүлэхэд бэлэн болжээ. НЗХГ-ын дарга Б.Одбаяр “Ажил хүлээгдлийн зүйл гарахгүй. Тийм болохоор 60 орчим жил болсон хуучин гүүрийг буулгаж, шинэ гүүртэй болох ажилд иргэд маань хүлээцтэй хандаж, бидний ажлыг ойлгоорой. Шинэ гүүрийн ажлыг маш шахуу хуваарийн дагуу яаравчлан явуулах болно” гэдгийг мөн онцолж хэллээ.
2024/10/21
299
НИЙГЭМ
Ч.Төгсдэлгэр: Хүүхдийн тоглоомын талбайг стандартын дагуу хийвэл хүүхэд бэртэж, гэмтэхгүй
Нийслэлд хэрэгжих бүтээн байгуулалтын ажлыг стандартын шаардлага хангасан, үр ашигтай зохион байгуулахын тулд өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд нийт 52 стандарт мөрдөгдөж байна. Үүний нэг нь хүүхдийн тоглоомын талбайн стандарт юм.Хүүхдийн тоглоомын талбайн стандартыг мөрдүүлж ажиллах асуудлаар нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “Бидний хийсэн судалгаагаар нийслэлийн есөн дүүрэгт 1553 хүүхдийн тоглоомын талбай байгаагаас 460 нь стандарт огт мөрдөөгүй бол 600 гаруй нь стандартыг 70 хувь хүртэл мөрдсөн гэсэн судалгаа байна. Тоглоомын талбайн стандарт хангагдаагүйн улмаас 2022 онд тоглоомын талбай дээр бэртэж гэмтсэн хүүхдийн тоо 1000 гаруй байсан бол 2023 онд энэ тоо хоёр дахин нэмэгдсэн гэсэн харамсалтай тоо баримт бий. Иймээс бид хүүхдийн тоглоомын талбайг төлөвлөхдөө насны онцлогоос хамаарч 06-23 сартай, 2-5 настай, 5 наснаас дээш хүүхдүүдэд зориулагдсан гэж 3 ангилсан. Бидний төлөвлөлт, стандартын дагуу хүүхдийн тоглоомын талбайг барьснаар бага насны хүүхдүүд насандаа тохирохгүй, шаардлага хангаагүй тоглоом дээр тоглохгүй. Хамгийн чухал нь хүүхдийн бэртэж, гэмтэх асуудал тодорхой хэмжээгээр буурна. Стандарт гэдэг бол бидний эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд хэрэгтэй, чухал ойлголт юм шүү” хэмээлээ.Түүнчлэн хүүхдийн тоглоомын талбай барих ажилд барилгын зөвшөөрөл өгөх явцаас нь эхлээд стандартад хяналт тавих, захиалагч, гүйцэтгэгч компаниуд стандартыг мөрдөх, эцэг, эх, иргэдийн зүгээс ч стандартад хяналт тавьж, мөрдүүлэх чиглэлд анхаарч байхыг албаны хүн онцоллоо. Хот байгуулалт, хотын стандартын газраас хүүхдийн тоглоомын талбайн ерөнхий шаардлагыг дараах байдлаар тогтоосон байдаг.Хүүхдийн тоглоомын талбайн хүртээмжтэй байдал 50-100 ам.метр байна.Ногоон байгууламж 20 хувиас багагүй.Санамж болон мэдээлэх тэмдэг байршуулсан байна.Хүүхдийг ажиглаж, харж хандах боломжтой. Хяналтын камер 10 метр радиуст байх хэрэгтэй зэрэг шаардлагыг тавьдаг байна.Харин хүүхдийн тоглоомын талбай гадаргууны хувьд:Хүүхэд тоглож байхад тээглэж, бүдрэхээргүй тэгш, хур тунадас тогтохооргүй байна.Хүүхдийн тоглоомын талбай дахь тоглоом болон бусад тоног төхөөрөмжийг суурилуулсан анкер боолт, холбох хэрэгслүүдийн толгойг заавал далдлах ёстой.Хатуу хучилттай гадаргуутай байхыг хориглоно.
2024/10/21
367
НИЙГЭМ
Өнгөрсөн шөнө хотын гудамж, замуудад 425 тонн давс, 83 тонн бодис цацаад байна
Өнгөрсөн шөнө хотын гол болон туслах зам цэвэрлэгээнд 500 гаруй албан хаагч, 100 орчим техник хэрэгсэлтэй ажиллаж, 425 тонн давс, 83 тонн бодис цацаж, цэвэрлээд байна. Энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ц.Төрхүү болон холбогдох албаны хүмүүс тухайн байршлуудад ажилласан юм. Ийнхүү замд дагтаршсан цасыг түрэх, давс бодис цацах ажлууд үргэлжилж байна.Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ц.Төрхүү "Аравдугаар сарын 20-ны өглөө цас орсноос хойш нийт 33 байгууллагын 1000 гаруй ажилчид 217 техник хэрэгслээр гудамж талбайн цасыг цэвэрлэж байна. Халтиргаа гулгаатай нөхцөлд авто замын түгжрэл их үүссэн учраас том техникүүдээр давс, бодис өдрийн цагаар цацахад хүндрэлтэй байсан. Тиймээс өнгөрсөн шөнө түлхүү давс, бодисуудыг цацаж ажиллалаа. Мөн халтиргаа ихтэй газруудад хайрга, давс, элс шороог байршуулсан. Ялангуяа хот руу орох гарах томоохон даваануудад элс, шороо, хайрга, давс зэргийг савлаж, хажууд байршуулсан. Энэ бэлтгэлийг цас орохоос 7 хоногийн өмнөөс хийсэн. Тийм болохоор жолоочид халтиргаа гулгаа ихтэй өгсүүр газрууд болон хотын ойрхон даваа гүвээний ойролцоо байршуулсан давс, хайрга, элс, шорооноос өөрсдөө аваад хэрэглэж болно” хэмээлээ.
2024/10/21
315
НИЙГЭМ
Өнгөрсөн долоо хоногт 124 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.10.14-20/ нийслэлийн 8 дүүрэг, 19 аймгийн 44 суманд аюулт үзэгдэл, ослын 124 удаагийн дуудлага бүртгэгдлээ.Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 17 иргэний амь насыг авран хамгаалсан.Нийт дуудлагын 106 нь гал түймэр, 15 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, хоёр нь биологийн гаралтай, нэг нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл байна.
2024/10/21
310
НИЙГЭМ
Т.Даваадалай: Авто замын засвар шинэчлэлийн ажлыг түр зогсоож, хавар үргэлжлүүлнэ
Нийслэлийн Замын хөгжлийн газраас Энхтайваны гүүрээс тэмээтэй хөшөөний уулзвар хүртэлх авто замыг өнгөрсөн баасан гарагийн 23 цагаас хааж авто замын засвар шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж буй. Энэ явцад авто замын тэгш байдал алдагдаж долгион үүссэн асуудлыг иргэд олон нийтийн сүлжээнд шүүмжилсэн. Энэ асуудалтай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ц.Төрхүү, НЗХГ-ын дарга Б.Одбаяр болон бусад албаны хүмүүс газар дээр нь ажиллалаа. Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр: "Хугацаа ёсоор дээрх авто замыг 21-нийн өдрийн өглөө 06.00 цагт нээх ёстой. Шөнийн цагаар авто зам засварын ажлыг гүйцэтгэж байх хугацаанд цас орсон. Үүний улмаас авто замын тэгш байдал алдагдаж хэсэг газар долгион үүссэн байдалтай байна. Тиймээс гүйцэтгэгч байгууллага буюу “Трүйроад” компани өөрсдийн хөрөнгөөр дахин засварын ажлыг үргэлжлүүлнэ" гэв. “Трүйроад” компанийн ерөнхий инженер Ж.Мөнхсүх: "Бид энэ бямба гарагт хучилтын ажлаа эхлүүлсэн. Ингэх явцад автозамын тэгш байдал алдагдаж хэсэг замд долгион үүссэн. Энэ аравдугаар сард цаг агаар дулаан хучилт хийх боломжтой байвал бид авто замыг засварлах бүрэн боломжтой. Хэрэв цаг агаар хасах градусд орвол технологи алдагдах учраас бид хучилт хийх боломжгүй" гэв. Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т. Даваадалай: "Хасах градуст авто замыг хучих боломжгүй тул авто замын төслүүдийг түр зогсооё. Технологын горим алдагдана. Тиймээс дулааны улиралд буюу хавар авто замын ажлыг үргэлжүүлье" гэв. Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ц.Төрхүү: "Өнөөдөр 33 байгууллагын 1000 гаруй ажилчид 217 техник хэрэгслээр гудамж талбайн цасыг цэвэрлэж байна. 85 тонн давс, 18 тонн бодис цацаад байна. Хотын төв замд авто замын бөглөрөл, түгжрэл их байгаа учраас том автомашинаар давс цацахад хүндрэлтэй байна. Тиймээс шөнийн цагаар давс, бодис цацах ажлыг үргэлжлүүлнэ. Халтиргаа ихтэй байршлуудад бид хайрга, элс байршуулсан байгаа" гэв.
2024/10/21
329
НИЙГЭМ
Өнөөдөр 7 байршилд авто замыг хааж, шинэчилнэ
Өнөөдөр дараах 7 байршилд авто замыг хааж, шинэчилнэ.Сонгинохайрхан дүүргийн 4, 5 дугаар хороо, Толгойтын авто замаас далан дагасан Баянхошуу хүртэлх авто замыг аравдугаар сарын 18-ны өдрийн 23:00 цагаас 21-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, Наадамчдын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд “Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх авто замыг аравдугаар сарын 18-ны 23:00 цагаас 21-ний 06:00 цагийн хооронд баруунаас зүүн чиглэлд замын урд хэсгийн эгнээг хааж, шинэчилнэ.Энхтайваны гүүрнээс Тэмээтэй хөшөө хүртэлх авто замыг аравдугаар сарын 18-ны өдрийн 23:00 цагаас 21-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.Баянгол дүүрэг, “Петролиум” ШТС-ын уулзвараас 10 дугаар хорооллын уулзвар хүртэлх авто замыг аравдугаар сарын 19-ний өдрийн 06:00 цаг хүртэл хааж, шинэчилнэ.Архивын ерөнхий газраас Нисэхийн тойрог хүртэлх урдаас хойшоо чиглэлийн зүүн талын авто замыг аравдугаар сарын 18-ны өдрийн 23:00 цагаас 21-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Ингэхдээ хойноос урагш чиглэлийн баруун хэсгийн эгнээгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг сөрүүлэн зохицуулна.Чингэлтэй дүүргийн 13, 15, 16 дугаар хороо, Хайлаастын авто замын засвар шинэчлэлтийн ажлын хоёрдугаар хэсэг Хайлаастын хуучин эцсээс 17-ийн уулзвар хүртэлх авто замыг аравдугаар сарын 18-ны өдрийн 23:00 цагаас 20-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж засварлана.Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Богд уулын арын авто зам, Скай ресортооc Их тэнгэр хүртэлх авто замыг шинэчилж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг аравдугаар сарын 21-ний өдрийн 06:00 цагт нээнэ.Зам засварын ажлын хүрээнд авто замыг асфальт бетоноор хучиж, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, шинээр ус зайлуулах шугам сүлжээ суурилуулах, тэмдэг тэмдэглэгээ хийх зэрэг ажлыг гүйцэтгэнэ.Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
2024/10/18
284