mmnews.mn | 2025-06-01

НИЙГЭМ

НИЙГЭМ
37 дахь удаагийн 'Номын баяр'-ын шилдгүүд тодорлоо
Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй 37 дахь удаагийн “Номын баяр”-ын нээлт жанжин Д.Сүхбаатарын талбайд болж, шилдгүүдээ тодрууллаа.   Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар баярыг нээж,  уншигч, зохиолч, туурвигч, хэвлэн нийтлэгч, эх хэл, үндэсний бичиг, соёлоо түгээн дэлгэрүүлэгчдэд баярын мэнд хүргэлээ. Тэр бээр, энэ баяр нь ном унших соёл, дадал хэвшүүлэх, зохиолч, хэвлэн нийтлэгчдийг шинэ бүтээлээ нийтэд толилуулах, түгээх,  уншигчидтай уулзах боломжийг бүрдүүлэх, тэднийг дэмжих, урамшуулах зэрэг ач холбогдолтойг тэмдэглэв. Энэ жилийн:  “Шилдэг ном”-оор сэтгүүлч Р.Оюунжаргалын “The story of a little nomad”, Шилдэг хэвлэлийн газраар “Нэпко” хэвлэлийн газар,Шилдэг уншигч-Насанд хүрэгч- “Ном бол цөм” клуб. Архангай аймаг, Шилдэг номын сангаар Ерөнхий боловсролын сургуулийн номын санг тохижуулдаг “Мөнххада” номын сангийн төсөл шалгарлаа. Шилдэг уншигч хүүхэд:Ахлах анги- Булган аймгийн Булган сумын 1 дүгээр сургуулийн 10а анги,Дунд анги-Дархан-Уул аймгийн Дархан сумын “Оюуны ирээдүй” сургуулийн 4-9 дүгээр анги,Бага анги-“Сант” сургуулийн 4а ангийн сурагч Б.Есүй,Шилдэг уншигч анги-Дархан-Уул аймаг, Дархан сумын хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай “Цайхун” сургуулийн Г.Хулан багштай 7а анги тодорлоо.  Мэргэн номын шагналыг:“Authentic Mongolia” номын зохиогч Ц.Дөлгөөн,“Аргун” хэвлэлийн газар,Зохиолч, сэтгүүлч, орчуулагч, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Аким гардаж авлаа. Мөн нэр бүхий 13 хүүхдийг “Тэргүүний уншигч Д.Нацагдорж” тэмдгээр шагналаа. Ерөнхийлөгчийн Тамгын газар өнгөрсөн жилийн “Номын баяр”-т  “Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоо”, Нууц товчооны англи орчуулга, төрийн тахилгат зарим хайрхны судалгаа бүхий бүтээлийг уншигчдад толилуулж байсан. Энэ удаа “Монгол-Казах”, “Казах-Монгол” хэлний толь бичгийг шинээр хэвлүүлэхэд дэмжлэг үзүүлж, өргөн барилаа.   Номын баярт дунджаар 300,000 гаруй уншигч, 200 гаруй хэвлэн нийтлэгч, 300 орчим зохиолч, орчуулагч, редактор, зураач, эх зохиогч, эрдэмтэн судлаач оролцдог. Энэ удаагийн баярт ОХУ, БНХАУ, БНСУ-аас зохиолч, хэвлэн нийтлэгчид хүрэлцэн иржээ.    Манай улсад жилд дунджаар 4,000 орчим бүтээл шинээр болон дахин хэвлэгддэг. Сүүлийн 5 жилийн байдлаар 18,000 гаруй ном, бүтээл олон улсын стандарт дугаарт шинээр бүртгүүлсэн байна. Эдгээрийн 22 орчим хувийг уран зохиолын, 10 орчим хувийг боловсролын салбарын, 13 орчим хувийг намтар, түүхийн, үлдэх хэсгийг бусад салбар, шинжлэх ухааны чиглэлээр туурвисан ном, бүтээл эзэлж байгаа юм. “Номын баяр”-ыг “Номын соёлт ертөнц” ТББ санаачлан, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар хамтран зохион байгуулж байна. Номын баяр ням гарагт өндөрлөнө.
2025/05/19
189
НИЙГЭМ
Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагаар хангах Засгийн газрын шуурхай штабын 10 дугаар хуралдаан боллоо. Ээлжит хуралдаанаар “Нэгдүгээр тойрог зам” төслийн техник эдийн засгийн үндэслэлийн явц, хөрөнгө оруулалт, уг төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хууль эрх зүйн орчны зохицуулалт, гэр хорооллын дахин төлөвлөлт, газар шинэчлэн зохион байгуулах, орон сууцжуулалтын талаар авах арга хэмжээний талаар хэлэлцэв. Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу Улаанбаатар хотод хэрэгжүүлэх төслүүдийг шуурхай штабын гишүүд ач холбогдлоор нь эрэмбэлсэн. “Нэгдүгээр тойрог зам” нь 2025-2028 онд нийслэлд хэрэгжүүлэх 24 мега төслийн эхэнд эрэмбэлэгдсэн төсөл юм. Нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-г ирэх сарын 20-нд дуусгаж, тендер зарлахаар төлөвлөжээ. Төслийн санхүүжилт, газар чөлөөлөлт зэргийг шийдвэрлэхэд Төсвийн тухай хууль, Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль зэрэгт зарим өөрчлөлт хэрэгтэйг Хотын удирдлага танилцуулаад Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ.Өнөөдрийн хуралдаанаар мөн орон сууцжуулах таван багц үйл ажиллагааны төслийг танилцууллаа. Гэр хорооллын дахин төлөвлөлт хийхдээ иргэдийн оролцоонд тулгуурлах, амины орон сууц барихад зээл олгох, газрын эздэд бизнес хийх боломж бий болгох, гэр хорооллыг дэмжих сан байгуулах, ипотекийн хөтөлбөрийг бага орлоготой айл өрхөд чиглүүлэх зэрэг санал гарч байлаа. УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц нийслэлийн утааг бууруулахад гэр хорооллын зөв төлөвлөлт, шийдэл чухал. Ногоон санхүүжилтийн тогтолцоог бэхжүүлэх ажлын хэсгийг ахалж ажиллаад, санал дүгнэлтээ боловсруулаад бараг дуусаж байна. Иргэдийн оролцоотой хот байгуулъя, хашаандаа сайхан амьдрах боломж нээж  өгье, дулаалгаар утааг шийдье гэдэг  дүгнэлтэд хүрсэн. Дулаанбаатар аян эхлүүлнэ” гэлээ. Танилцуулгатай холбогдуулан Ерөнхий сайд агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, хийн шилжилт, гэр байшингийн дулаалгын ажлаа эрчимжүүлэхийг штабын гишүүдэд үүрэг болголоо. Шуурхай штабын хурлын дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэгдүгээр тойрог замын трасс, төлөвлөлттэй танилцлаа. Нэгдүгээр тойрог замтай холбогдох Туулын хурдны замын тендерийг энэ сард багтаад зарлаж, бүтээн байгуулалтыг энэ зун эхлүүлж,  20 сарын хугацаанд эхний урсгалыг нээхээр тооцоолжээ.Ерөнхий сайд “Говийн бүсэд дөрөв хоног ажиллаад ирлээ. Бүсийн зөвлөлийн хуралдаан амжилтай болж, орон нутгийн  удирдлагууд, иргэдтэй хөгжлийн шийдлээ хэлэлцэж, нэгдсэн ойлголтод хүрлээ. Мөн Засгийн газрын 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмодны хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтыг  эхлүүллээ. Энэ бол монголчууд хэлсэндээ хүрдэг, төлөвлөснөө хэрэгжүүлдэг гэдгийг харуулсан үйл явдал. Нийслэлийн Туулын хурдны зам төсөл ч    хөдөллөө. Нэгдүгээр тойрог замын төслийн ТЭЗҮ боловсруулах ажлын явц сайн байна. Энэ хоёр зам холбогдсоноор түгжрэл 50 хувиар буурах тооцоолол гарсан. Энэ бол улс төрийн намууд хамтдаа сууж байгаад гаргасан чухал шийдвэр. Тиймээс дор бүрнээ хариуцлагатай байж, эхлүүлсэн ажлуудаа чанартай, тасралтгүй гүйцэтгэж чадвал энэ бүрэн эрхийн хугацаанд нийслэлийн түгжрэлийг бүрэн шийдвэрлэх боломж байна” гэлээ
2025/05/19
184
НИЙГЭМ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
Монгол Улсад Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярыг “Хүүхэд-Хайр-Ирээдүй” сэдвийн хүрээнд орон даяар тэмдэглэж байна. Хүндэтгэлийн чуулга уулзалт Төрийн ордонд болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 100 жилийн ойн баярын мэндийг Засгийн газар, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн нэрийн өмнөөс дэвшүүллээ.Өнгөрсөн хугацаанд Монгол Улстай бүх талаар хамт байсан НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, ДЭМБ, Японы Хүүхдийг ивээх сан, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага, Дэлхийн зөн, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын холбоо, Гүүд Нейборс, Монголын Улаан загалмайн нийгэмлэг болон олон улсын хүмүүнлэгийн бусад байгууллагууд, Элчин сайдын яамдад онцгойлон талархал илэрхийлээд Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байгааг онцлов. 1925 оны тавдугаар сарын 8 буюу 100 жилийн тэртээх энэ өдөр их зохиолч Дашдоржийн Нацагдорж 19 настайдаа “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо”-г санаачилсан нь Монголын хүүхдийн төлөө байгууллага, хөдөлгөөний эхлэл болсон. Тиймээс Хүүхдийн байгууллага, хүүхдийн хөдөлгөөн бол шинэ Монгол Улсын соёл, гэгээрлийн үндэсний сэргэн мандалтын нэгэн давалгаа болсон. Монгол Улс эх орны дайны хүнд бэрх он жилүүд буюу 1940-өөд оноос анхны хүүхдийн зусланг байгуулж, 1951 онд Хүүхэд залуучуудын театр, 1957 онд Залуу байгальчдын төв станц, 1958 онд Монголын пионер сурагчдын ордон, 1969 онд Хүүхэд залуучуудын парк, 1975 онд Залуу техникчдийн ордон, 1978 онд Олон улсын “Найрамдал” төв зэрэг хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжсэн томоохон бүтээн байгуулалтуудыг хийсний зэрэгцээ өсвөр үеийнхний хүмүүжил, төлөвшлийг “Бүх нийтийн үйлс” болгож, хойч үедээ анхаарал хандуулж байсан түүхтэй.1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхэн үед өрнөсөн нийгмийн шилжилтийн нөлөөгөөр хүүхдийн байгууллага, хөдөлгөөний үйл ажиллагаа доголдсон ч төрөөс тавих анхаарал сулраагүй. Монгол Улс 1990 онд Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцид нэгдэн орж, хүүхдийн эрхийг төрөөс хангах, хамгаалах үүрэг хүлээж, хүүхдийн төлөө үйл ажиллагааны үндэсний механизмыг бүрдүүлсэн. Улмаар 1995 онд Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг байгуулж, 1996 онд анх удаа Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуультай болж, хүүхдийн үндсэн эрхийг хангах эрх зүйн орчныг бүрдүүлсэн зэргийг Ерөнхий сайд цохон тэмдэглэв. Засгийн газар 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлаж, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж, шаардлагатай байгаа 200 сургууль, цэцэрлэг, дотуур байрны асуудлыг 2026 оны төсөв болон төр хувийн хэвшлийн түншлэлээр бүрэн шийдвэрлэхээр болсон.Өнөөдөр бид хамтдаа хүүхэд хамгаалал, хүүхдийн хөгжлийн цогц ажлын төлөвлөгөөг олон улсын байгууллагуудтай хамтарч боловсруулах, хүүхдийн төлөө хөрөнгө оруулалтыг төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагаагаар нэмэгдүүлэх, хүүхдийн төлөө байгууллагуудын хамтын ажиллагаа, ойлголцол, харилцан итгэлцлийн тогтолцоог сайжруулах, хүүхдийн оролцооны байгууллагыг чадавхжуулах, хүүхдийн сангийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох, хүүхдийн шинжлэх ухаан, технологийн ордон, хүүхдийн спортын цогцолбор, хүүхдийн урлагийн ордон, дөрвөн улирлын хүүхдийн зуслан, хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвийг бүсчлэн байгуулах зэрэг олон асуудлыг эрэмбэлнэ. Аль ч улс орны ирээдүй бол хүүхэд. Монголын ирээдүй болсон хүүхдийн төлөө зориулж буй сэтгэл зүрх, цаг хугацаа, хүчин зүтгэл, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол бол хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт юм. Тиймээс хүүхдийн хамгаалал, хөгжлийн хөрөнгө оруулалтын харилцааг оролцооны аргаар шийдвэрлэж, хүүхдийн төлөө байгууллагуудын их засвар, хүний нөөцийн асуудлыг цогц байдлаар шийдвэрлэх төлөвлөгөөг бас өнөөдөр хэлэлцэх шаардлагатай байгааг Ерөнхий сайд онцлов.  Хүүхэд бүр цэцэрлэгтэй, хүүхэд бүр сургуультай, хүүхэд бүр зуслантай, хүүхэд бүр хөгжлийн ордонтой байх ёстой. Үүний төлөө Засгийн газар, салбарын яам онцгойлон анхаарч ажиллаж байгааг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан энэ үеэр хэлсэн үгэндээ тодотголоо.  2025 онд Монголын хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жил төдийгүй НҮБ-ийн Хүүхдийн эрхийн конвенцид нэгдэн орсны 35 жил, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг байгуулсны 30 жил давхар тохиож байна.  
2025/05/09
235
НИЙГЭМ
Дүнжингаравын зам дээр томоохон осол гарчээ
Дүнжингаравын замд том оврын ачааны машин Приус 20 загварын автомашинтай мөргөлдсөн осол гарсан байна. Өнөө өглөөний 10 цаг 55 минутад тухайн осол бүртгэгдсэн бөгөөд "Приус загварын автомашиныг 40 орчим насны эмэгтэй жолоодон урсгал сөрж орж ирснээр осол гарсан” хэмээн эх сурвалж мэдээллээ. Ослын улмаас 40 орчим насны эмэгтэй хүнд бэртэж, ГССҮТ-рүү хүргэгджээ.
2025/05/06
269
НИЙГЭМ
Хашааны шар өвс, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг анхааруулж байна
Нийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их байгааг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд шар өвсний гал түймрийн 48 тохиолдлоор 62.7 га талбай шатаж иргэдийн өмч хөрөнгө, байгаль экологид хохирол учирсан байна. Ногоон бүсийн хуурайшилт нь болзошгүй ой, хээрийн түймэр болон шар өвсний гал түймрийн аюул, эрсдэлийг нэмэгдүүлдэг. Иймд, нийслэлийн ногоон бүсэд зорчиж буй иргэд, зуслангийн чиглэлд оршин сууж буй айл өрхүүд цогтой үнс нурмаа тагтай төмөр саванд хийж хэвших, тамхи, чүдэнз, ил галыг бүрэн унтраан, айл өрхүүд хашааны шар өвс, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас зөвлөж байна. Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа зөвлөмжийг хэрэгжүүлж, эрүүл мэнд, амь нас, өмч хөрөнгөө гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлээрэй.
2025/05/05
213
НИЙГЭМ
'Баруун сэлбэ' үйлчилгээний төвийн 1226.96 ам метр талбайг нийслэлийн өмчид буцаан авлаа
Нийслэлийн алдагдсан өмч хөрөнгийг эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж байна. Энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “Баруун Сэлбэ” үйлчилгээний төвийн (хуучнаар Нарны Титэм) барилгын “Ж” блокын зүүн жигүүрт байрлах "Улаанбаатар Радио" ХХК-д хамаарах нийт 1226.96 ам метр талбайг нийслэлийн өмчид буцаан авлаа. Тодруулбал, уг гурван давхар барилга нь 1991 онд худалдааны төвийн зориулалтаар ашиглалтад орсон. УИХ-ын 1999 оны 29 дүгээр тогтоолоор нийслэлийн өмчид шилжин ирсэн бөгөөд НӨХГ-ын баланст бүртгэлтэй байсан. Улмаар 2004 оноос тус төвийн түрээслэгч нарт түрээсэлж буй талбайг нь хувьчилж эхэлсэн бөгөөд 14 иргэн, аж ахуйн нэгжид хувьчилсан. Харин “Улаанбаатар радио” ХХК-ийн эзэмшиж буй 1226.96 ам метр талбайг хувьчлаагүй байсан юм.Энэ талаар НЗДТГ-ын дарга Д.Амгалан “Улаанбаатар Радио” ХХК нь анх нийслэлийн харьяаны радио байсан боловч менежментийн хувьчлалаар хувьчлагдсан. 2008 онд нийслэлийн өмчөөс “Баруун Сэлбэ” үйлчилгээний төвийн барилгын “Ж” блокын зүүн жигүүрт нийт 1226.96 ам метр талбайг түрээсийн давуу эрхээр хувьчилж авсан нь шүүхээр хүчингүй болсон. Иймээс нийслэлийн өмчид буцаан авлаа. Энэ асуудал олон жил маргаантай байсны эцэст өнөөдөр "Улаанбаатар Радио" ХХК-д хамаарах нийт талбайг өөр газар шилжүүлэн олгох, тэдний оруулсан зарим хөрөнгө оруулалт, ашиглалтын зардлыг буцаан олгох байдлаар өмч хөрөнгөө эргүүлэн авч байна. Цаашид газар ашиглалтыг сайжруулахын тулд нийслэл өөрийн хөрөнгөөр барилгын гадна талбайд байрлах ашиглагддаггүй гүүрэн байгууламж, гараашийг нураана. Үүний дараагаар төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлэх санал авах тул аж ахуйн нэгж байгууллагуудыг идэвхтэй оролцохыг уриалж байна” гэлээ. Мөн тэрбээр нийслэлийн өмч хөрөнгө алдагдах, устах, хууль бус ашиглалт, эзэмшилтийг цаашид хүлээн зөвшөөрөхгүй. Нийслэлийн өмч хөрөнгө иргэдэд үр өгөөжөө өгдөг байх ёстойг онцлов.
2025/04/30
235
НИЙГЭМ
Багануур дүүргийн чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ
Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн санхүүжилтээр БНХАУ-ын “Yutong Bus” ХХК-д үйлдвэрлэсэн “ZK6117H” загварын 10 автобусыг худалдан авч, нийтийн тээврийн салбарт парк шинэчлэлт хийсэн. Эдгээр автобусыг хот орчмын чиглэлд буюу “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал, Багануур, Багахангай дүүрэг чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээнд явуулах юм. Тэгвэл өнөөдрөөс Багануур-Улаанбаатар чиглэлд эхний ээлжийн хоёр автобус цагийн хуваарийн дагуу үйлчилгээнд явж эхэллээ.Автобусны чиглэл: Х:17 Улаанбаатар /Тэнгэр плаза/-Багануур /Хэрлэн худалдааны төв/ эцсийн зогсоол Зогсоол: Тэнгэр плаза, Баянзүрхийн шалган бүртгэх товчоо, Налайхын дунд 2, Налайхын дунд 1, Эрдэнэ сум, Баяндэлгэр сум, Багануур 2-р хороо, Хэрлэн худалдааны төв, 25-р байрны зогсоол, Ахиц 2-р зогсоол, Жаргалант 2-р зогсоол, Жаргалант 1-р зогсоол, Жаргалантын эцсийн зогсоол, Байдлаг 1-р зогсоол, Эрин сургууль, Тогос Уул 1-р зогсоол, Тогос Уул эцсийн зогсоол. Цагийн хуваарь:Багануураас хөдлөх цаг - 08:30, 11:30, 14:30, 17:30Улаанбаатарт ирэх цаг - 11:00, 14:00, 17:00, 20:00Улаанбаатараас хөдлөх цаг - 08:30, 11:30, 14:30, 17:30Багануурт ирэх цаг - 11:00, 14:00, 17:00, 20:00 Рейсийн тоо: Өдөрт 4 Үнийн мэдээлэл: Том хүн 10000, хүүхэд 5000 төгрөгДашрамд, ZK6117H загварын автобус нь 45 хүний суудалтай, евро-5 хөдөлгүүртэй, монгол орны цаг агаарын нөхцөлд тохирсон агааржуулалтын систем, хяналтын камертай, зорчигчийн ая тух, аюулгүй байдлыг бүрэн хангасан автобус юм.
2025/04/30
218
НИЙГЭМ
Ирэх сарын 1-ний өдөр болох 'Хуульчийн Про боно-2025' өдөрлөгт урьж байна
Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар жил бүрийн 5 дугаар сарын 01-ний өдрийг "Хуульчийн про боно өдөр" болгон зарлаж, 2019 оноос хойш нийслэл болон 21 аймагт улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ жилийн "Хуульчийн Про боно-2025" өдөрлөгийг Сүхбаатарын талбай болон 21 аймгийн төв талбайд зохион байгуулна. Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульчид болон нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх, Улсын Ерөнхий прокурорын газар, Хүний Эрхийн Үндэсний комисс, Цагдаагийн Ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, Гадаадын иргэн, харьяатын газар, Архивын ерөнхий газар, Хууль зүйн туслалцааны төв, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын Нотариатчидын танхим, Өмгөөллийн "Легал гайд" ХХН, "Сноухилл консалтанси" ХХН, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Клиник сургалтын төв, "Анбаунд Монгол" ТББ, Монголын Барилгын Үндэсний Ассоциаци зэрэг төрийн болон төрийн бус 20 гаруй байгууллага оролцож иргэдэд хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөө мэдээлэл өгч, төрийн зарим нэг үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ.Мөн Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний 7 төв (Яармаг-Нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор барилга Б блок, Мишээл, Дүнжингарав, Хорооллын Емарт, Баянхошуу, Драгон, Сэлбэ), дүүргийн алслагдсан 10 хороо буюу Сонгинохайрхан дүүргийн 21,32,19,33, Баянзүрх дүүргийн 9,11,13,20,21,35 дугаар хороонд болон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх, дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн гадна талбайд өмгөөллийн хуулийн этгээдүүд болон өмгөөлөгчид хууль зүйн анхан шатны зөвлөгөө мэдээлэл үнэ төлбөргүй өгч ажиллах юм. Иргэд та бүхнийг дээрх өдөрлөгт хүрэлцэн ирж өөрт хэрэгцээтэй мэдээллийг авахыг урьж байна.
2025/04/30
221
НИЙГЭМ
2025 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлийн хэмжээнд 5 дугаар сарын 2, 3, 4-ний өдрүүдэд зохион байгуулна
Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2025 оны I ээлжийн татлагыг ирэх сарын 2-4-ний өдрүүдэд зохион байгуулна. Энэ талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалтаас тодрууллаа.Тэрбээр “Энэ удаа хилийн болон дотоодын цэргийн ангид хугацаат цэргийг татна. Хугацаат цэргийн албанд татах үйл ажиллагаа нь олон салбар, агентлаг, нэгжүүд, яамнуудын хамтарсан цогц ажил байдаг. Мөн Засгийн газрын шинэ тогтоолын дагуу 1, 2, 3 дугаар дамжааны оюутнуудыг оюутан цэрэгт хамруулж, төгсөх ангийн оюутныг чөлөөлсөн. Цэрэг татлагын байранд очихдоо иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, мэргэжлийн үнэмлэх, диплом зэрэг бичиг баримтыг биедээ авч очих шаардлагатай. Хугацаат цэргийн албанд татагдагч нь найман төрлийн шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн үзлэгт орно” гэлээ.Нийслэлийн цэрэг татлагын байрууд:Баянгол дүүргийн цэрэг татлагын байр 96-р сургууль,Баянзүрх дүүргийн цэрэг татлагын байр  14-р сургууль,Сүхбаатар дүүргийн цэрэг татлагын байр  3-р сургууль,Сонгинохайрхан дүүргийн цэрэг татлагын байр 83-р сургууль,Чингэлтэй дүүргийн цэрэг татлагын байр  5-р сургууль,Хан-Уул дүүргийн цэрэг татлагын байр  34-р сургууль дээр тус тус зохион байгуулна.
2025/04/30
277
НИЙГЭМ
Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогын хэрэгжилтийн талаар хэлэлцлээ
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Жендэрийн үндэсний хороо, Жендэрийн үндэсний хорооны дэргэдэх “Бодлогын зөвлөл” хамтран  “Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогын хэрэгжилт, сайн туршлага” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2025.04.30/ зохион байгууллаа.Тус хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа чиглүүлж, УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд, Б.Мөнхсоёл, Р.Батболд, Х.Баасанжаргал, А.Ундраа нар оролцлоо.Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд хэлэлцүүлгийг нээн хэлсэн үгэндээ, Дэлхийн банк 2023 онд Монгол Улсын жендэрийн нөхцөл байдлын тойм үнэлгээг хийж гүйцэтгэсэн. Тус үнэлгээнд, Монгол Улсын хууль, эрх зүйн орчин сайжирч байгаа ч ажлын байранд эмэгтэйчүүдийг дэмжих тогтолцоог сайжруулж, эмэгтэйчүүдийг хүчирхийлэл, дарамтаас хамгаалж, аюулгүй байдлыг хангах ажлыг эрчимжүүлэх шаардлага байсаар байна. Эмэгтэйчүүдийг эрэгтэйчүүдтэй харьцуулахад дээд боловсрол илүү эзэмшсэн байгаа ч хөдөлмөрийн зах зээлд давуу байж чадахгүй байна. Монгол Улсын ажиллах хүчний оролцоон дахь эмэгтэйчүүдийн хувь нь эрэгтэйчүүдийнхээс 15 хувиар доогуур болох таамаглалтай байна гэж дүгнэсэн байна. 2022 онд эмэгтэйчүүдийн орлого эрэгтэйчүүдээс 25 хувь бага гарсан бөгөөд цалин хөлсгүй, гэр орны ажилд эрэгтэйчүүдээс хоёр дахин их цагийг зарцуулжээ.Цаашид жендэрийн тэгш бус байдлыг арилгахын тулд хуулийн хэрэгжилтийг сайжруулах, техникийн болоод санхүүгийн нөөцийг нэмэгдүүлэх, жендэрийн хэвшмэл ойлголтыг өөрчлөх, эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрх, ажлын байранд дэмжих тогтолцоог бүрдүүлэх, улмаар эмэгтэйчүүдийн нийгэм, улс төрийн оролцоо, манлайллыг хангах асуудалд илүү анхаарах хэрэгтэй байна гэлээ. Энэхүү хэлэлцүүлэг нь жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогын ач холбогдол, үр нөлөөг таниулах, оролцогч талуудыг нэг мөр ойлголт, зорилгод нэгтгэх, үйлдэлд уриалах, сайн туршлагыг түгээх, тус бодлогыг хэрэгжүүлэхэд олон нийтийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх зорилготой юм. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгаааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул “Зохистой хөдөлмөр эрхлэлтийн талаар Засгийн газраас баримталж буй бодлого”, Жендэрийн Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр “Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогын хэрэгжилтийг танилцууллаа. Мөн “Эм Эм Си Жи” ХХК-ийн Судалгаа Хөгжил хариуцсан захирал Ч.Даваасүрэн, “ТЭСО” группын Хүний нөөц, удирдлагын газрын захирал Б.Болормаа нар  “Жендэрийн мэдрэмжтэй байгууллагын соёл, ажлын орчин”, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны Ерөнхий зохицуулалтын газрын дарга Э.Энхжаргал, “Говь" ХК-ийн Комплайнсын газрын захирал Б.Чингүүн нар “Ажлын байрны дарамтаас урьдчилан сэргийлэх, дарамт ялгаварлан гадуурхалтаас ангид орчин бүрдүүлэх”, сэдвээр тус тус илтгэл танилцууллаа.Хэлэлцүүлэгт 21 аймгийн Засаг даргын тамгын газрын дарга, холбогдох албан тушаалтан болон Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн 9 дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга, холбогдох албан тушаалтан нийт 145 хүн оролцсон бөгөөд хэлэлцүүлгийг хааж УИХ-ын гишүүн А.Ундраа үг хэллээ. Тэрбээр, олон чухал сэдвээр ярилцсан үр дүнтэй хэлэлцүүлэг болсныг цохон тэмдэглээд, хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг онцолж, жил болгон барилга байгууламжид урсгал засвар хийдэг шиг байгууллагын орчин нөхцөлийг сайжруулж, хүний тав тух, аюулгүй байдлыг хангах нь чухал гэлээ. Мөн жендэрийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй эрдэмтэн, судлаач, нийт оролцогчдод талархаж байгаагаа илэрхийлэв.Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа оролцогчдод хандан ажлын бус цагаар ямар нэгэн ажил, арга хэмжээ зохион байгуулахдаа бага насны хүүхэдтэй эсэхэд онцгой анхаарч, хүүхдийг эрсдэлт нөхцөлд үлдээлгүй хамгаалж, байгууллагын бодлогодоо нэгдүгээрт хүүхэд хамгааллын асуудлыг тусгах хэрэгтэй гэлээ.Цаашид тус хэлэлцүүлгийг уламжлал болгон зохион байгуулах бөгөөд төр, хувийн хэвшлийн хамтын оролцоотой байх юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2025/04/30
201
НИЙГЭМ
Төмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замыг шөнийн цагаар хааж, шинэчилнэ
Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөөний засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд Төмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн суурь солих ажлыг хийнэ. Тодруулбал, өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 4-ний өдрүүдэд 22:00-06:00 цагийн хооронд буюу шөнийн цагаар авто замын хөдөлгөөнийг хааж, зорчих хэсгийн суурь солино.Өдрийн цагаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн шөнийн цагаар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
2025/04/28
257
НИЙГЭМ
Орон сууц, сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлтийг энэ сард багтаан буцаан олгоно
Монгол Улсын иргэн анх удаа орон сууц худалдан авсан болон амьдрах зориулалттай байр барьсан бол 6 сая хүртэлх төгрөгийн хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийг эдэлдэг. Мөн оюутны сургалтын төлбөрийн 10 хүртэлх хувийн буцаан олголтыг авах боломжтой. Тэгвэл Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23.3, 23.4, 23.5, 23.6-т заасан эдгээр албан татварын хөнгөлөлтийг татвар төлөгчийн дансанд шилжүүлж эхэллээ.Тодруулбал, 2024 онд хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдлэхээр хүсэлт илгээн баталгаажсан нийт 28,188 иргэнд 52.4 тэрбум төгрөгийн буцаан олголтыг нийслэлийн Төрийн сангаас дөрөвдүгээр сард багтаан буцаан олгоно. Үүнээс 19,547 иргэнд орон сууцны хөнгөлөлт нийт 45.5 тэрбум төгрөгийг буцаан олгоно. Мөн 9,198 иргэнд оюутны сургалтын төлбөрийн буцаан олголтоор 6.8 тэрбум төгрөгийг буцаан олгоно.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн холбогдох заалтууд:23.3. Монгол Улсын иргэн амьдран суух зориулалтаар ипотекийн зээлийн хөрөнгөөр хувьдаа, анх удаа орон сууц худалдан авсан бол албан татвар төлөгчид Монгол Улсын Засгийн газрын тодорхойлсон ипотекийн зээлийн хүүгийн дээд хэмжээ болон ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хүү хоорондын зөрүүд төлсөн дүнтэй тэнцэх хэмжээний албан татварын хөнгөлөлт эдлүүлнэ.23.4. Монгол Улсын иргэн өөрийн албан татвар ногдсон орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар зөвхөн хувьдаа, анх удаа орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авсан бол ийнхүү орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авахад зарцуулсан хөрөнгөтэй тэнцэх хэмжээний орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг уг албан татвар төлөгчид эдлүүлэх бөгөөд энэ хөнгөлөлтийн хэмжээ 6 сая төгрөг хүртэл байна.23.5.Монгол Улсын иргэн албан татвар төлөгчийн төрсөн, дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэд гадаад, дотоодын их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн болон техникийн боловсролын сургуульд оюутан, эсхүл суралцагчаар элсэн суралцаж байгаа тохиолдолд түүний анхны бакалаврын болон дипломын мэргэжил эзэмших сургалтын хугацаанд тухайн татварын жилд төлсөн, баримтаар нотлогдож байгаа сургалтын төлбөртэй тэнцэх орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг эдлүүлнэ.23.6.Монгол Улсын иргэн суралцаж байх хугацаандаа хөдөлмөр эрхлэлтийн орлогоосоо албан татвар төлж, улмаар сургалтын төлбөр төлсөн их, дээд, мэргэжлийн болон техникийн боловсролын сургууль, коллежид анхлан суралцагчийг энэ хуулийн 23.5-д заасан хөнгөлөлтөд хамруулна.
2025/04/24
228
НИЙГЭМ
Нийслэлийн гол болон туслах гудамж замуудад эвдэрсэн 3000 метр хайс, тоноглолыг засна
Улаанбаатар хотын авто замуудын хайс, тоноглол, тэмдэг, хурд сааруулагчийн засвар арчлалтын хөрөнгийг нийслэлийн Замын сангаас гаргадаг. Тэгвэл сүүлийн жилүүдэд эдгээр замын эд ангиудын эвдрэл, гэмтэл нэмэгдэж байна. Тодруулбал, 2024 онд 903 авто замын тэмдэг, 2176 тэмдэг арчлалт, 380 ам.метр хурд сааруулагч, 380 ам.метр хурд сааруулагчийн тэмдэглэгээ эвдэрснийг зассан. Тэгвэл эвдрэл гэмтлийн тоо өсөж, 2025 онд нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр хотын гол болон туслах гудамж замуудад 2550 авто замын тэмдэг, 2620 тэмдэг арчлалт, 1000 ам.метр хурд сааруулагч, 1000 ам.метр хурд сааруулагчийн тэмдэглэгээ, 3000 метр хайс, тоноглолыг засахаар төлөвлөлөө. Авто замын эд ангиудын эвдрэлийг нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр засдаг учраас жолооч та бүхэн авто замын эд ангид гамтай хандаж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж байна.Түүнчлэн хотын төвийн зургаан дүүргийн гол болон туслах гудамж замуудын хэвтээ тэмдэглэгээг сэргээн будах ажлыг хийдэг. Тухайлбал, 2025 онд 125 мянган метр.куб авто замын хэвтээ тэмдэглэгээг сэргээн будах юм.Хотын гол болон туслах гудамж замуудын тэмдэг, тэмдэглэгээний засвар, арчлалтыг нийслэлийн Засаг даргын захирамжаар “Улаанбаатар зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ гүйцэтгэж ирсэн бөгөөд 2024 оноос эхлэн тендер шалгаруулан гүйцэтгүүлж байна.
2025/04/23
211
НИЙГЭМ
АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүд нийслэлийн авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцлаа
Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө, хэрэгжилт болон нийслэлээс хэрэгжүүлж буй мега төслүүд, тэдгээрийн бүтэц, санхүүжилттэй танилцаж, санал солилцов.Уулзалтад АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Ганбат болон зөвлөлийн гишүүд, НЗДТГ-ын дарга Д.Амгалан, НЗДТГ-ын Хууль тогтоомж, гэрээ, эрх зүйн газрын дарга М.Үнэнбат, НЗДТГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Эрдэнэбадрах, НЗДТГ-ын Хүний нөөцийн хөгжлийн хэлтсийн дарга Ц.Маргад-Эрдэнэ, нийслэлийн Дотоод Аудитын албаны дарга З.Отгонбаяр, нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр, нийслэлийн Хяналт, шалгалтын газрын дарга С.Энхбаяр болон холбогдох албаныхан оролцлоо.  Цаашид авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд олон нийтийг идэвхтэй оролцуулах, тэдний санал бодлыг хүргэх, авлигын нөхцөл байдал, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар зөвлөмж өгөх зорилгоор талууд хамтран ажиллахаар боллоо.Уулзалтаар дараах сэдвээр мэдээлэл өгсөн юм.1. Нийслэлийн орлого, төсөв, хөрөнгө босгосон, зарцуулсан тоо мэдээ, нийслэлийн бонд2. Дэд бүтцийн болон бусад томоохон хөрөнгө оруулалтын төслүүд, тэдгээрийн бүтэц, санхүүжилт3. Авто зам, явган замын засвар шинэчлэлийн төлөвлөгөө, төсөв4. Нийслэл дэх газар зохион байгуулалтын төлөвлөгөө, зөвшөөрөл, авлигаас урьдчилан сэргийлэх ажил5. Нийслэлийн хяналт шалгалт, дотоод аудитын нэгжийн бүтэц, үйл ажиллагаа6. Нийслэл, харьяа агентлаг байгууллагуудад хийгдсэн томилгооны мэдээлэл7. НЗДТГ-аас авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл өгөв.Ташрамд, АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл нь авлигатай тэмцэхэд олон нийтийг идэвхтэй оролцуулах, тэдний санал бодлыг хүргэх, авлигын нөхцөл байдал, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар зөвлөмж өгөх чиг үүрэгтэй. Мөн төрийн байгууллага болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн авлигатай тэмцэж буй талаарх зөвлөмж, хэрэгжүүлж буй арга хэмжээ, тэдгээрийн үр дүнтэй танилцах чиг үүрэгтэй.
2025/04/23
207
НИЙГЭМ
Цахим орчин дахь өсвөр үеийнхний үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт, сэтгэл санааны хүчирхийлэл, түүний хор уршгийн талаарх мэдээлэл сонсов
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2025.04.15) хуралдаан 14 цаг 44 минутад гишүүдийн 59.1 хувийн ирцтэйгээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэв.Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр хуралдаан эхэлж, ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг танилцууллаа.Засгийн газраас 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг 4 дүгээр сарын 04-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслөөс бусад хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжин, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороодод шилжүүлсэн. Хууль зүйн байнгын хороо дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах нь зүйтэй хэмээн үзэж, холбогдох шийдвэрийг гаргасан юм. Г.Уянгахишиг гишүүн тус ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүнд Д.Ганбат П.Сайнзориг нарын гишүүд ажилласан байна. Ажлын хэсэг хоёр удаа хуралдахдаа хууль санаачлагч болон хуулийн төслийг боловсруулахад оролцсон ажлын хэсгээс зарим тодруулгыг авсан хэмээн Г.Уянгахишиг гишүүн танилцууллаа.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 дахь хэсэгт заасныг үндэслэн Байнгын хорооны хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг явуулахаас өмнө хууль зүйн дүгнэлт гаргуулах нь зүйтэй гэж ажлын хэсэг үзжээ. Тодруулбал, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлд “…төлбөрт таавар, бооцоот тоглоом цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно…” гэсэн агуулгатай 20 дахь заалтыг Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйл буюу “Зөвшөөрөл олгох, сунгах, шинээр бий болгоход баримтлах зарчим, хэрэгжүүлэх хүрээ” гэсэн зүйлд нэмэхээр хуулийн төсөлд тусгасан нь хууль зүйн техник болон хууль хоорондын нийцлийг хангаж байгаа эсэх, тодорхой үйл ажиллагааг эрхлэхийг хориглох зохицуулалтад уг хуулийн зорилтод нийцэж байгаа эсэх талаар хууль зүйн дүгнэлт гаргуулах нь шаардлагатай гэв. Түүнчлэн тодорхой салбарын хуулиар, эсвэл бие даасан аль нэг хуулиар хориглоогүй аливаа харилцааг Эрүүгийн хуульд гэмт хэрэгт тооцохоор нэмж хуульчлах нь эрх зүйн хувьд сөрөг үр дагавартай бөгөөд гэмт хэрэгт тооцох үйлдлийг бүрэн тодорхойлж зохицуулаагүй байдал нь аливаа этгээдийг хэлмэгдүүлэх, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, эсвэл ял завшуулах эрсдэлийг үүсгэж болзошгүй хэмээн ажлын хэсэг үзжээ. Иймд Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйл нь хууль зүйн техник, хууль эрх зүйн хувьд зөрчилтэй эсэх, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд боломжит хувилбарын талаар тус тус хууль зүйн дүгнэлт гаргуулах нь зүйтэй хэмээн үзсэн байна.Эрүүгийн хуульд нэмэлт оруулснаар шинээр гэмт хэргийн зүйлчлэл бий болгож байгаа тул хуулийн төсөлтэй холбогдуулан Хүний эрхийн Үндэсний Комисс, Улсын дээд шүүх болон Улсын ерөнхий прокуророос зайлшгүй санал авах шаардлагатай гэв. Дээр дурдсан хууль зүйн дүгнэлт, холбогдох байгууллагуудын саналыг авсны үндсэн дээр Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдэд тусгагдсан асуудлаар хуулийн техникийн засварыг хийх, зарим нэр томьёог оновчтой болгох, хууль хоорондын нийцлийг хангах зэрэг асуудлаар зарчмын зөрүүтэй саналуудыг боловсруулан ажиллах шаардлагатай хэмээн танилцуулав.Г.Уянгахишиг гишүүний дээрх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Х.Тэмүүжин, Б.Заяабал, Д.Цогтбаатар нар үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Эрүүгийн хуульд нэмэлт оруулахдаа Улсын дээд шүүх болон Улсын ерөнхий прокуророос зайлшгүй санал авах холбогдох хуулийг хэрэгжүүлж ажиллахыг гишүүд сануулаад, салбарын яамнаас бодлогоо зангидаж ажиллах шаардлагатай гэдэг байр суурийг илэрхийлж байлаа. Монгол Улсын иргэнийг яллах, эрх чөлөөг хязгаарлахтай холбоотой асуудлыг хөнддөг учраас Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуулийн талаар Хууль зүй, дотоод хэргийн яам тухайлан судалгаа хийж, дүгнэлт гаргасан байх зарчмыг тодотгож байсан юм. Үүний зэрэгцээ тухайн харилцааг зохицуулсан ерөнхий хуулийг батлах, үүнээс улбаалан тухайн хуулийг зөрчсөн тохиолдолд аль үйлдэлд нь эрүүгийн хариуцлага тооцох, аль үйлдэлд зөрчлийн хариуцлага тооцохоо тодорхойлдог байх зарчмыг гишүүд онцолж байв. Хууль хоорондын нийцлийг хангах, хуулийн төсөл дэх зохицуулалтыг өргөн хүрээнд, нарийвчилсан судалгаанд үндэслэн тодорхойлж, томьёолох шаардлага байгаа гэдэг байр суурийг илэрхийлсэн юм.Ийнхүү гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа ажлын хэсгээс ирүүлсэн хоёр саналаар санал явуулав. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 дахь хэсэгт заасны дагуу Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн холбогдох зүйлийн хүрээнд хууль зүйн дүгнэлт гаргуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Мөн Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд  нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулахаас өмнө дээрх хуулийн төслүүдийн талаар холбогдох байгууллагуудын саналыг авах ажлын хэсгийн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувь нь дэмжив. Ажлын хэсгийн саналууд дэмжигдсэн тул Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн холбогдох зүйлийн хүрээнд хууль зүйн дүгнэлт гаргуулах Байнгын хорооны шийдвэрийг Улсын Их Хурлын Тамгын газарт хүргүүлж, мөн хуулийн төслүүдийн талаарх саналыг холбогдох байгууллагуудаас авахаар тогтов.Хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулав.Шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдлыг хангах, хууль зүй, эдийн засаг, нийгэм болоод бусад баталгааг бүрдүүлэх үүднээс холбогдох бусад хуульд нийцүүлэн хуулийн төслийг боловсруулжээ. Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтээр .“Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэгт “… Шүүгчээр 30, түүнээс дээш жил ажилласан бөгөөд 55 насанд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгоно.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн дүгнсэн бөгөөд хуулийн мөн хэсгийн “…шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаар 60 нас байх ба 55 насанд хүрсэн эсхүл шүүгчээр нийт 25 жил ажилласан шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно” гэсэн зохицуулалтын талаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн үндэслэл хэсэгт тухайлан дурдаагүй гэлээ. Ажлын хэсэг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3, 84.5 дахь хэсэгт заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгохтой холбогдох харилцааг Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгтэй нийцүүлэн шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 65 нас байх ба холбогдох хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн бол тэтгэвэр тогтоолгож болохоор, мөн одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн зохицуулалтын дагуу нас харгалзахгүйгээр шүүгчээр 25 жил ажилласан шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан гэв. Мөн Хууль тогтоомжийн тухай хуульд заасан журмын дагуу хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хуулийн нэр томьёог хоёрдмол утгагүй, товч тодорхой илэрхийлэх нийтлэг шаардлагын хүрээнд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7 дахь хэсэгт холбогдох өөрчлөлтийг тусгажээ.Ажлын хэсгийн дээрх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, П.Сайнзориг, Х.Тэмүүжин нар асуулт асууж, ажлын хэсгийн дарга, гишүүдээс хариулт, тайлбар авахын зэрэгцээ төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан байр сууриа илэрхийлсэн юм. Дараа нь ажлын хэсгийн саналаар санал хураалт явуулан шийдвэрлээд, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын саналаар санал хураалт явууллаа. Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн олон тус горимын саналыг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжингээс 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Улсын Их Хурлын даргад өргөн барьсан Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах тухай асуудлыг хэлэлцэв. Дээрх саналтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, П.Сайнзориг нар асуулт асууж, Х.Тэмүүжин гишүүнээс хариулт авсан юм. Үндсэн хуулийг баталж, мөрдсөнөөс хойших 33 жилийн хугацаанд Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцэд Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан асуудлаар хүсэлт гаргаж байгаа анхны тохиолдол гэдгийг тэмдэглээд, жишиг болохуйц энэ төрлийн маргаанд нөлөөлөх улс төрийн болон эрх зүйн үр дагаварыг нь тооцож, нухацтай хандах ёстой гэдэг байр суурийг илэрхийлж байлаа. Үндсэн хуулийн цэцэд Улсын Их Хурал хүсэлт гаргаад, тухайн хүсэлттэй холбогдуулан Цэц шийдвэрээ гаргавал өмнө нь гаргасан байгаа магадлалаа эргэн харах боломж байгаа хэмээн Х.Тэмүүжин гишүүн хэллээ. Улсын Их Хурал хуулийг өөрчилж болох ч Цэц өмнө нь гаргасан байгаа магадлалаа эргэж харах эрхгүй болох учраас боломжит шийдэл нь энэ хэмээн үзэж буйгаа тайлбарлав. Цэцээс гаргасан тухайн магадлалтай холбоотойгоор шүүх дээрх маргаан үргэлжлэх тул эрх мэдэл хуваарилалт, парламентат ёс, Үндсэн хуулийн байгууллаа хамгаалах, бэхжүүлэх үүднээс энэ хувилбараар шийдэх нь оновчтой хэмээн хэлсэн. Шүүхэд парламентыг дуудах нь тогтолцооны гажуудал үүсгэх эрсдэлтэй талаар тайлбарлаж байв.Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуультай холбогдох заалтыг нь хасах, хүчингүй болгох хуулийн төслийг санаачилж, Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэх хүрээ, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэргийн харьяалал, шүүхийн харьяалалтай холбогдох зохицуулалтад тодруулах зүйлүүд байвал холбогдох заалтыг тусгах байдлаар шийдэх боломжтой хэмээн үзэж буйгаа П.Сайнзориг гишүүн илэрхийлсэн.Гишүүний саналтай холбоотой зохицуулалтыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан асуудлаар гишүүн Улсын Их Хурлаас Цэцэд хүсэлт гаргах саналыг Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлбэл уг асуудлыг Хууль зүйн байнгын хороо ажлын 14 өдрийн дотор хуралдаанаараа хэлэлцэж саналд дурдсан асуудал нэг бүрээр санал хураан нэгдсэн хуралдаанд санал, дүгнэлтээ оруулна” хэмээн заасан байгаа бөгөөд дэмжлэг авсан тохиолдолд Цэцэд хандах эрх хуулийн дагуу нээлттэй гэдгийг Д.Цогтбаатар гишүүн хэлэв. Ийнхүү Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан “Аль ч шүүх авч хэлэлцэхгүй байгаа эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоолгохоор иргэн, албан тушаалтан, төр, олон нийтийн байгууллага Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргавал хэргийн харьяаллыг тогтоож холбогдох шүүхэд шилжүүлнэ” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй талаар Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах Х.Тэмүүжин гишүүний саналыг хэлэлцээд, үндэслэлийг боловсронгуй болгох шаардлагатай хэмээн үзэв. Хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин горимын санал гаргав. Санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэж буй асуудлыг хойшлуулах Х.Тэмүүжин гишүүний саналыг дэмжсэн юм.Цахим орчин дахь өсвөр үеийнхний үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт, сэтгэл санааны хүчирхийлэл, түүний хор уршгийн талаарх Боловсролын сайдын болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Хууль зүй, дотоод хэргийн яамны мэдээллийг энэ өдрийн хуралдааны төгсгөлд сонсов.Үндсэн хууль болон Монгол Улсын нэгдсэн орсон олон улсын гэрээ, конвенцоор хүлээсэн хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, хангах, эрхийг зөрчихөөс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүргийн дагуу Улсын Их Хурлаас 2024 онд Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан болохыг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр танилцууллаа. Хүүхэд хамгааллын тухай хуулийн 25 дугаар зүйлээр хэвлэл мэдээлэл, өргөн нэвтрүүлэг, цахим орчин дахь хүүхэд хамгаалалтай холбоотой харилцааг зохицуулж байгаа боловч цахим орчинд хүүхдийн эрхийг хэрхэн хамгаалах, цахим орчин дахь бэлгийн хүчирхийлэл, зүй бус зар сурталчилгаа, хуурамч мэдээ, мэдээллээс хамгаалах, сөрөг агуулгатай контентын хандалтыг хязгаарлах, арилгах талаарх эрх зүйн харилцааг цогцоор нь тусгайлан зохицуулаагүй байгааг дурдав. Түүнчлэн тодорхой насны хязгаарлалттайгаар нийгмийн сүлжээний платформуудыг ашиглах талаар хуульд зохицуулалт тусгагдаагүй гэдгийг онцоллоо.Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдлын талаар үндэсний суурь судалгааг 2020 онд хийсэн бөгөөд 7-12 настай хүүхдүүдийн 50 хувь, 13-18 настнуудын 77 хувь нь фэйсбүүк хэрэглэдэг бөгөөд тэдгээрийн 87 хувь нь тодорхой төрлийн цахим халдлагад өртсөн гэжээ. Цахим орчин дахь хүүхдийн эсрэг гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, урьдчилан сэргийлэх арга замын талаарх 2021 оны судалгаагаар өсвөр үеийнхний 92 хувь нь интернет хэрэглэдэг бөгөөд хамгийн эрсдэлт орчноор интернэт хэмээн тодорхойлсон байна. Мөн судалгаанд оролцсон хүүхдүүдийн 14.6 хувь нь цахим орчинд хүчирхийлсэн, басамжилсан, садар самуун агуулгатай үйлдэл хийхийг шаардсан халдлагад өртөж байжээ.Харилцаа холбооны зохицуулах хорооноос хийсэн “Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдал ба зохицуулалт” судалгаанд дурдсанаар 13-18 насны судалгаанд оролцогчдын 71 хувь нь өдөр бүр цахим орчинд давтамжтай нэвтэрдэг. Үүний 96 хувь фэйсбүүк, 89 хувь нь фэйсбүүк месенжер ашигладаг гэсэн байна. Мөн 13-18 насны хүүхдүүд гэртээ, интернэтэд орохдоо аав, ээжийн эзгүйд орох хандлага хамгийн өндөр буюу 89 хувь байдаг гэжээ. Судалгаагаар хүүхдүүдийн 87 хувь нь цахим орчны халдлагад өртөж байсан, тэдгээрийн 59 хувь нь эцэг, эхдээ хэлдэггүй, мөн хүүхдүүдийн 67 хувь нь нэгээс олон хаягтай байдаг гэв. Хүүхдүүдийн 61 хувь нь илүү хаягаараа бусадтай чатлах, 36 хувь нь нийгмийн сүлжээг эцэг, эхийн хяналтгүйгээр ашиглах зорилготой гэсэн судалгааны дүн гарсан байдгийг Боловсролын сайд танилцуулав.Үргэлжлүүлэн П.Наранбаяр сайд олон улсын туршлагын талаар мэдээллээ. Австралийн Засгийн газар 2024 оны 11 дүгээр сард “Нийгмийн сүлжээний хамгийн бага насны хязгаар”-тай холбоотой хуулийг баталж 16-аас доош насны хүүхдийг нийгмийн сүлжээнд нэвтрэхийг бүрэн хоригложээ. Энэ хууль 2025 оны 12 дугаар сараас хэрэгжиж эхлэх юм байна. Австрали хүүхдүүдийн 80 хувь нь Youtube, TikTok, Instagram, Snapchat зэрэг платформуудыг ашиглаж байсан бөгөөд ямар нэгэн насны хязгаарлалт, хяналтын нэмэлт механизмгүй. Улмаар хүүхэд аливаа мэдээллийг шүүлтүүргүй хүлээн авах, гэмт хэргийн хохирогч болох эрсдэл үүсгэж байсан хэмээн үзжээ. Франц Улс 15-аас доош насны хэрэглэгч нийгмийн цахим сүлжээнд нэвтрэхдээ заавал эцэг, эхийн зөвшөөрөл шаарддаг болсон. Мөн АНУ, Австрали, Япон, Итали, БНСУ, Швед, ОХУ, ИБУИНВУ, БНХАУ зэрэг улс цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах талаарх бодлогоо тодорхойлж, нарийвчилсан зохицуулалт бүхий хууль батлаад байгаа хэмээлээ.Нийгмийн сүлжээний дээр дурдагдаж буй эрсдэлийн зэрэгцээ дэлгэцийн донтолт хурцадмал асуудал болсныг П.Наранбаяр сайд тэмдэглээд “Бодит нөхцөлийг тооцон, хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулаад эрх зүйн орчныг тодорхойлох шаардлагатай гэж үзэж байна. Иймд Боловсролын яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам хамтран үзэл баримтлал боловсруулах ажлын хэсэг байгуулж, холбогдох хуулийн төслийг боловсруулаад нийгмийн оролцоог бүрэн хангасан хэлэлцүүлгүүдийг хийж, нэгдсэн ойлголцолд хүрч батлах боломжтой хэмээн үзэж байна” гэлээ.Хууль зүй, дотоод хэргийн яамны мэдээллийг Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар танилцуулав.  Цагдаагийн байгууллагад сүүлийн 5 жилд буюу 2020-2024, 2025 оны эхний 3 сард нийт 146.476 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 10.164 буюу 6.9 хувийг хүүхэд хохирсон гэмт хэрэг эзэлж байгаа гэлээ. Үүнээс цахим орчинд үйлдэгдсэн 40900 гэмт хэргийн улмаас нийт 459 хүүхэд өртөж хохирсон бөгөөд жилийн дундаж өсөлт нь 62.2 хувьтай байгаа аж. Сүүлийн 5 жилийн хугацаанд үе тэнгийн дээрэлхэлтэй холбоотой 350 гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс 29 буюу 8.3 хувь нь цахим орчинд үйлдэгдсэн байна. Дээрх гомдол мэдээллийн 311 буюу 88.9 хувь нь нийслэлд, 39 буюу 11.1 хувь нь орон нутагт бүртгэгджээ.Нийслэлд бүртгэгдсэн үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой гомдол, мэдээлэл Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 3, 16 дугаар хороодод хамгийн их бүртгэгджээ. Орон нутагт Орхон аймгийн Баян-Өндөр, Сэлэнгэ аймгийн Мандал суманд хамгийн их бүртгэгдсэн болохыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар танилцууллаа.Үргэлжлүүлэн тэрбээр цахим орчны нөхцөл байдлын талаар танилцуулсан. Манай улсын нийт хүн амын 1.2 сая нь өсвөр насныхан бөгөөд тэдний 74 хувь нь цахим орчны идэвхтэй хэрэглэгч байдаг аж. Үүнээс гадна цахим орчинд идэвхтэй байгаа хүүхдүүдийн 55 хувь нь эмэгтэй, 45 хувь нь эрэгтэй юм байна. Youtube хуудас хэрэглэдэг 2.5 сая иргэн байдгаас 70 хувь нь өсвөр насныхан гэв. Хуурамч хаяг байгаа нь цахим дээрэлхэлтийн нэг хэрэгсэл болж, тэдний сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж, гэмт хэрэгт өртөх эрсдэлийг нэмэгдүүлж болохыг танилцуулгад дурдав.Өсвөр үеийнхний үе тэнгийн дээрэлхэлт, сэтгэл санааны хүчирхийлэлтэй холбоотой мэдээлэл нийтлэгдсэн тухай бүр цагдаагийн байгууллагаас хариу арга хэмжээ авч, харьяа нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтсээр шалгуулж, устгуулах хүсэлтийг Харилцаа холбооны зохицуулах хороонд албан бичгээр хүргүүлэх арга хэмжээ авч ажилладаг болохыг Төрийн нарийн бичгийн дарга Байнгын хорооны хуралдаанд танилцуулав.Өнгөрсөн онд бага насны хүүхдэд учирч болзошгүй аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор фейсбүүк олон нийтийн сүлжээнд садар самууныг сурталчилсан, хүүхдийг садар самуунд уруу татсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан 196 цахим хуудас болон групп хаягийг тогтоон устгуулахаар Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлсэн байна. Н.Мягмар дарга цагдаагийн байгууллагаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулаад 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 26-ны өдрийн хооронд зохион байгуулсан “Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй” арга хэмжээний хүрээнд насанд хүрээгүй хүний үйлдсэн хэрэг өмнөх оны мөн үеэс 9.5 хувь буурсан эерэг үзүүлэлт гарсныг дурдсан юм.Цагдаагийн байгууллагаас энэ оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 02 дугаар сарын 27-ны өдрийн хооронд үе тэнгийн дээрэлхэл, цахим орчны ялгаварлан гадуурхалтын бодит статистик мэдээлэл цуглуулах зорилгоор цахим санал асуулгыг ерөнхий боловсролын 530 сургуулийн 99.118 сурагчаас авсан байна. Энэ талаар Н.Мягмар дарга танилцуулсан.Судалгаанд оролцсон сурагчдын 54.6 хувь нийслэлд, 45.4 хувь нь орон нутаг суралцдаг, 57.3 хувь нь эмэгтэй, 42.7 хувь нь эрэгтэй гэв. Сурагчдын 55.4 хувь нь фэйсбүүк, 31.2 хувь нь инстаграм, 10.3 хувь Youtube, 7 хувь нь Tiktok ашигладаг гэжээ.Судалгаанд оролцогчдын 9.9 хувь нь цахим орчны ялгаварлан гадуурхалтад, 16 хувь нь үе тэнгийн дээрэлхэлтэд өртөж байсан гэжээ. Үүний 1439 буюу 8.8 хувь нь цахим орчинд гэдэг хариулт өгсөн байна. Хүүхдүүд сургуулийн орчныг хамгийн ихээр гэмт хэрэг, зөрчилд өртөж, хохирдог газар хэмээн нэрлэсэн байна. Хууль зүй, дотоод хэргийн яамны мэдээллийн төгсгөлд сүүлийн 5 жилийн хугацаанд цахим орчинд үйлдэгдсэн 40900 гэмт хэргийн улмаас нийт 459 хүүхэд өртөж хохирсон бөгөөд жилийн дундаж өсөлт нь 62.2 хувьтай байгааг дурдав. Иймд холбогдуулан авах арга хэмжээний талаарх саналаа танилцууллаа. Финланд Улсын Боловсрол, соёлын яамны санхүүжилтээр 2007 онд Турку их сургуульд боловсруулагдсан судалгаа, нотолгоонд суурилсан хүчирхийллийн эсрэг “KiVa хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, АНУ-ын Засгийн газар, ялангуяа Боловсролын яамны дэргэдэх Тусгай хэрэгцээт боловсролын төв (OSEP)-өөс санхүүжүүлдэг үндэсний хэмжээний “Эерэг зан үйлийн хөндлөнгийн оролцоо ба дэмжлэг” санаачилгыг нэвтрүүлэх саналаа танилцууллаа. Мөн үндэсний хэмжээнд хүүхэд, өсвөр насныхан, залууст зориулсан 24/7 үнэгүй сэтгэл зүйн тусламж, зөвлөгөө өгдөг Австралийн Kids Helpline үйлчилгээ, хүүхэд, өсвөр үеийнхэн, эцэг эх, багш, сургууль болон олон нийтэд дээрэлхэл, цахим дарамтаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах талаар иж бүрэн мэдээлэл, нөөцүүдийг санал болгодог АНУ-ын www.StopBullying.gov цахим сайт зэрэг сайн туршлагуудыг нэвтрүүлэх саналыг Н.Мягмар дарга танилцууллаа.Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга дараагийн мэдээллийг танилцуулсан. Тус яамнаас “Цахим орчинд хүүхэд хамгаалах” бодлогын хүрээнд судалгаа хийх, хандалтыг хязгаарлах технологийн арга хэмжээ авах, хүүхдэд сөрөг нөлөөлөлтэй, хүүхдийн эрхийг зөрчсөн контентыг хязгаарлах, устгах хүсэлтийг уламжлан шийдвэрлүүлэх зэрэг олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгааг Төрийн нарийн бичгийн дарга П.Алтан-Од танилцуулав.НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгээр цахим орчин дахь бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгийн хохирогч хүүхдийн зураг, бичлэгийг цахим орчноос устгах, хязгаарлах Internet Watch Foundation /IWF/ системийг ekids.mn сайтын нэмэлт хэлбэрээр нэвтрүүлжээ. Мета компанитай байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд Green channel буюу шууд харилцах ногоон сувгаар дамжуулан хүүхдэд сөрөг нөлөөтэй, хүүхдийн эрхийг зөрчсөн агуулгатай контентыг мэдээлж, устгах, хязгаарлах технологийн арга хэмжээг авч байгаа гэв.Сургалт, нөлөөллийн ажлын хүрээнд ОУЦХБ-аас цахим орчин дахь хүүхэд хамгааллын чиглэлээр гаргасан зөвлөмжүүдийг монгол хэл рүү орчуулж, хэвлүүлэн түгээсэн бол үндэсний хэлэлцүүлэг зохион байгуулж, холбогдох сургалтыг 21 аймаг, нийслэлд цахимаар болон танхимаар зохион байгуулсан байна.Цахим орчинд хүүхдийг хориотой болон хортой агуулгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах журмыг цахим хөгжил, харилцаа холбооны, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батлах хуулийн хүрээнд Цахим хөгжил, инновац харилцаа холбооны сайдаас журмын төслийг боловсруулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Гэр бүл, хөдөлмөр нийгэм хамгааллын сайдаас санал авч 2025 оны 03 дугаар сард хамтарсан тушаалаар “Цахим орчинд хүүхдийг хориотой болон хортой агуулгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах журам”-ыг баталжээ. Түүнчлэн Хүүхэд хамгааллын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.12-т хэвлэл мэдээлэл, олон суваг дамжуулах болон цахим орчны үйлчилгээ эрхлэгчийн цахим орчин, өргөн нэвтрүүлгээр түгээсэн контент, мэдээ, мэдээлэл, бүтээл нь хүүхдэд хортой агуулгатай эсэх талаар дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг мөн танилцуулав.Гэр бүл, хөдөлмөр нийгэм хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул дээрх сэдвийн хүрээн дэх өнөөгийн нөхцөл байдлын талаар тоон мэдээлэл, баримтуудыг Байнгын хорооны хуралдаанд танилцууллаа. Цахим орчин дахь хүүхэд хамгааллын талаарх дуудлага мэдээллийг хүүхдийн тусламжийн 108 утсаар хүлээн авдаг ба үүний зэрэгцээ шаардлагатай зөвлөгөө мэдээллийг өгөхөөс гадна холбон зуучлах үйлчилгээг үзүүлдэг гэв. 108 тусгай дугаарт ирсэн хүүхдийн эсрэг гэмт хэрэг зөрчлийн шинжтэй дуудлагыг 102 утсанд шилжүүлдэг байна. Харин хүүхдийн эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдлын талаарх яаралтай дуудлагыг 103, амиа хорлох, ахуй, осол гэмтэл, өндрөөс унах зэрэг дуудлагыг 101, 105 дугаарт яаралтай шилжүүлэн хамтран ажилладаг байна.Хүүхдийн тусламжийн 108 тусгай дугаарт 2021-2023 онд цахим орчны дарамт, хүчирхийллийн талаарх 99 дуудлага ирснийг Цагдаагийн ерөнхий газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шилжүүлжээ. 2024 оноос энэ төрлийн дуудлагыг Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт цахим хаягаар нь шилжүүлдэг болсны дагуу 38 дуудлагыг шилжүүлсэн байна. Хүүхдэд цахим орчинд үзүүлэх дарамт 2022 онд 83 байсан бол 2023 онд 448 болжээ. Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд үе тэнгийн хүчирхийлэлтэй холбогдолтой дуудлага маш их ирдэг хэмээгээд “2024 онд 1052 дуудлага ирсэн, энэ оны I улиралд 193 дуудлага бүртгэгдсэн” гэлээ. Үргэлжлүүлэн тэрбээр бодлого, зохицуулалтын хүрээнд хийсэн ажлуудын талаар товч дурдаад цаашид Хүүхэд хамгааллын тухай хууль, холбогдох журам, стандартыг сурталчлан таниулах, журмыг хэрэгжүүлэх хүрээнд хүүхдийн эрхийн улсын байцаагчийг сургах, чадвахжуулах, мэргэжлийн байгууллагуудтай хамтран өргөн нэвтрүүлгийн телевизүүд болон үүрэн холбооны оператор компаниудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгуулах шаардлагатай гэдэг саналыг танилцуулсан. Мөн хүүхдийн эрх хамгааллын талаар мэдлэг, хандлага, ойлголтыг нэмэгдүүлэх сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулах, Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүд, ажлын албыг чадавхжуулах шаардлагатай байгааг мөн мэдээллийнхээ төгсгөлд танилцуулав.Ийнхүү Боловсролын сайдын болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Хууль зүй, дотоод хэргийн яамны мэдээллийг сонссоны дараа Хууль зүйн байнгын хорооны гишүүн О.Номинчимэг, М.Нарантуяа-Нара, С.Эрдэнэболд, Ц.Сандаг-Очир, П.Сайнзориг, Ж.Алдаржавхлан, А.Ариунзаяа, Д.Цогтбаатар нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт тайлбар авсан юм. Хуулиар зохицуулах асуудлаа нарийвчлан, үр дүнг хэмжих шалгуураа тодорхой болгох шаардлагатай гэдэг саналыг С.Эрдэнэболд гишүүн хэлээд, шинэ тутам үүсч буй нийгмийн харилцааны асуудлыг хуучин арга барилаар шийдэх боломжгүй гэдгийг тооцож, анхаарахыг сануулсан. Хуулийн төслийн үзэл санааг дэмжиж байгаагаа тэрбээр илэрхийлээд, Засгийн газар орчин нөхцөл болон ирээдүйг тооцож, энэ чиглэлд баримтлах бодлогоо нэн тодорхой болгох ёстой гэлээ. Цахим халдлага, үе тэнгийн дээрэлхэлтэд өртөж байгаа хүүхэд хаана, хэрхэн хандах талаар маш тодорхой ойлголт, мэдээллийг нийгэмд түгээж, бүх талууд хуулиар хүлээсэн үүргээ хариуцлагатайгаар гүйцэтгэдэг байх нь чухал гэдэг саналыг хэлж байв. Нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр бодлого, хөтөлбөрүүдийг тусгайлан гаргаж төрийн байгууллагууд хамтарч хэрэгжүүлэх шаардлага байгаа хэмээн үзэж буйгаа дурдлаа. Хүүхдийн эрхийн асуудлыг онцгой анхаарах ёстой хэдий ч технологийн ололт, дэвшлийн сайн үр нөлөөг тооцох ёстой гэдгийг Д.Цогтбаатар гишүүн тэмдэглэлээ.Сөрөг талыг бууруулахдаа өгөөжийг саармагжуулахгүйгээр зохицуулахад бид анхаарах ёстой гээд “Долоо хэмжиж нэг огтлох асуудлыг бид ярьж байна. Иргэдээ аюул эрсдэлээс хамгаалах зорилгоор нөгөө талд нь хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж, халдах магадлалаа тооцож ажиллах учиртай. Сүүлийн үед өнөөдрийн сэдвийн хүрээнд маш их эмзэглэж, сөргөөр ярих хандлага их болж байна. Түүнийг нь бид өөгшүүлж, дэвэргэх юм бол үнэхээр том эрсдэлтэй учир сайн бодож, тунгааж, дүгнэж, цэгнэх ёстой” гэв. Энэ хүрээнд дотоодын хууль тогтоомж гаргахаас илүүтэй хүүхдийн эрх хамгаалах чиглэлээр холбогдох агуулга, зохицуулалтаа иж бүрнээр тусгасан НҮБ-ын тогтоолын төсөл санал болгох, олон улсын түвшинд зохицуулах боломж бий гэдэг саналыг хэлсэн.Ийнхүү Цахим орчин дахь өсвөр үеийнхний үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт, сэтгэл санааны хүчирхийлэл, түүний хор уршгийн талаарх мэдээллийг сонссоноор Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
2025/04/15
256