mmnews.mn | 2024-10-18

НИЙГЭМ

НИЙГЭМ
'Нарантуул' захын зүүн хойно цагдаагийн пост ажиллаж эхэллээ
“Нарантуул” захын зүүн хойно байрлах иргэдийн ярьж заншсанаар “Мангасын ам” нь захаас зүүн хойш гардаг ганц гарц бөгөөд архидан согтуурах, тэнэмэл иргэд ихтэй, орчны нөхцөл байдал хүнд байсан. Тэгвэл энэ асуудлыг шийдэхээр Хотын дарга Х.Нямбаатар энэ сарын 7-нд тус байршилд очиж ажилласан. Ажлын үр дүнд өнөөдөр тус байршилд цагдаагийн пост ажиллаж эхэллээ. Мөн орчны нөхцөл байдлыг сайжруулсан байна.Энэ талаар нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Н.Мандуул “Баянзүрх дүүргийн 42 дугаар хорооны нутаг дэвсгэр “Нарантуул” захын зүүн хойно бид ажиллаж байна. Есдүгээр сарын 7-нд Хотын дарга энд ирж ажиллахдаа иргэдийн тав тух, аюулгүй байдлыг алдагдуулсан хэсэгт хэв журмыг сахиулах үүрэг өгсөн. Үүний дагуу нийслэлийн Цагдаагийн газар, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газраас цагдаагийн постыг богино хугацаанд барьж, орчны байдлыг аюулгүй бөгөөд эмх цэгцтэй болгосон байна. Эмх цэгцтэй, хэв журамтай, аюулгүй хот байлгахын төлөө хотын зүгээс үргэлжлүүлэн ажлууд төлөвлөж байгаа” хэмээлээ.Харин “Мангасын ам”-ын орчмын нөхцөл байдлын талаар Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат “Энэхүү цагдаагийн пост нь нэмэх болон хасах 50 хэмд дулаанаа бүрэн барих боломжтой зөөврийн сууц юм. Нийслэлийн Засаг даргаас богино хугацаанд хөрөнгийг шийдэж өглөө. Баянзүрх дүүргийн ЗДТГ-ынхан орчныг тохижуулах, ойр орчмын том хашаануудыг зөөвөрлөх хөрөнгийг шийдвэрлэж богино хугацаанд үр дүнтэй ажлуудыг хийлээ. Энэ хавийн нөхцөл маш хүнд. “Нарантуул” захаас зүүн хойш гардаг ганц гарц бөгөөд явган хүний зорчих хөдөлгөөн автомашинтай хамт явдаг учраас түгжрэл ихтэй. Ойр орчимд архидан согтуурах болон тэнэмэл хүмүүс олноор ирдэг. Үүнийг дүгнэж үзээд Баянзүрх дүүргийн ЗДТГ, Цагдаагийн газраас зохион байгуулалтын арга хэмжээ авч, 30 гаруй хүнийг Гачууртад эмчилгээнд хамрууллаа. Цаашид ч ажлыг үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. Энд ажиллах найман албан хаагчийг томилсон. Эдгээр арга хэмжээний үр дүнд иргэдийн аюулгүй байдлыг хангах, тав тухтай орчинд ажиллаж амьдрах нөхцөл бүрдэнэ гэж харж байна. Мөн орчны аюулгүй байдалд анхаарахын тулд камержуулах ажлуудыг хийж шаардлага бий. Гэхдээ үүнийг төр дангаараа хийх бус “Нарантуул” зах нийгмийн хариуцлагын хүрээнд санаачилга гаргаж хамтарч ажиллана гэж найдаж байна” гэв.Иргэдийн зүгээс олон жил хүнд нөхцөл байдалтай байсан газар ийнхүү цагдаагийн пост байгуулж, орчныг тохижуулсанд талархалтай хандаж буйг Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа П.Нэмэхбаатар хэллээ. Түүнчлэн “Мангасын ам”-наас зүүн тийш чиглэлтэй замын нөхцөл байдлыг сайжруулахын тулд замын трассыг баталсан. Удахгүй газар чөлөөлнө. Дахин төлөвлөлт нэрийдлээр барьсан стандартын бус замбараагүй барилгуудыг ойрын хугацаанд цэгцлэх ажлыг эхлүүлсэн тухай нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Н.Мандуул хэлсэн юм.
2024/09/16
143
НИЙГЭМ
Нисэхийн тойргоос Хурдны зам хүртэлх авто замыг шинэчилнэ
Архивчдын гудамж буюу Нисэхийн тойргоос Хурдны зам хүртэлх авто замыг 9 дүгээр сарын 20-ны 23:00 цагаас 23-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
2024/09/16
144
НИЙГЭМ
Иж бүрэн шалгалтыг зохион байгууллаа
ОБЕГ-ын Хяналт шалгалтын газрын дарга, хурандаа  Б.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Улсын нөөцийн 185, 112 дугаар анги, нийслэлийн Хан-Уул, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтэст төлөвлөгөөт иж бүрэн шалгалтыг өнгөрсөн долоо хоногт зохион байгууллаа.Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Төрийн албаны тухай хууль, холбогдох хууль тогтоомж,  “Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт, шалгалт зохион байгуулах журам”-ыг хэрэгжүүлэх, дүрэм, журам, стандарт, байгууллагын бодлого, үйл ажиллагааны зорилт, хөтөлбөр, төлөвлөгөө, төсөв, төслийн хэрэгжилтийн явц, үр дүнд хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод хяналт шалгалт хийсэн юм.Мөн бие бүрэлдэхүүний сахилга хариуцлага, дэг журмыг бэхжүүлэх, аюулгүй байдлыг хангуулах зорилгоор мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
2024/09/16
143
НИЙГЭМ
Аюулт үзэгдэл, ослын 75 дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.09.09-15/ нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 28 суманд аюулт үзэгдэл, ослын 75 удаагийн дуудлага бүртгэгдлээ.Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, таван иргэний амь насыг авран хамгаалсан.Нийт дуудлагын 54 нь гал түймэр, 14 нь  хүний үйл ажиллагаатай холбоотой осол, зургаа нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна.
2024/09/16
139
НИЙГЭМ
Англи хэлний багш бэлтгэхэд Канад Улстай хамтарна
Боловсролын сайд П.Наранбаяр зөвлөх Д.Гантулгын хамт Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сандра Шуфаниг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр тэтгэлэг, англи хэлний багш бэлтгэх хөтөлбөрт хамтран ажиллах талаар санал солилцов.Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт англи хэлний 2000 багшийг гадаадын их сургуулиудад бэлтгэхээр тусгасан. Мөн Боловсролын яамнаас их, дээд сургуулиудын лекцийн 20 хүртэлх хувийг англи хэлээр явуулах бодлого баримталж байгаа. Үүнтэй холбоотойгоор англи хэлний багш нарын Канад Улсад бэлтгэх, Чевнинг, Фулбрайтын адил Монгол, Канадын хамтарсан санхүүжилттэй тэтгэлгийг бий болгох чиглэлээр хамтран ажиллах саналыг Боловсролын сайд П.Наранбаяр илэрхийлэв.Монгол, Канад хоёр улс нь сургалтын олон түвшинд хамтран ажилладаг бөгөөд сургуулийн өмнөх боловсролыг дэмжих чиглэлд ихээхэн анхаардаг болохыг Элчин сайд Сандра Шуфани онцлов. Канадаас хөгжиж буй орнуудын эмзэг бүлгийн хүүхдүүдэд тусламж үзүүлэх зорилготой “Вэлүү сан” /Veloo Fund/-гаас манай улсын гэр хорооллын бүсэд хоёр цэцэрлэг байгуулсан нь Улаанчулуут дахь “Нарны хүүхдүүд” 1, 2 дугаар цэцэрлэг юм. Тус улс 2017 оноос эхлэн Зүүн өмнөд Ази /АСЕАН/-ийн улсуудад зориулан “SEED” тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлсэн бөгөөд энэхүү хөтөлбөрт Монгол Улсын оюутнуудыг хамруулдаг болохоор ажиллаж буйгаа Элчин сайд Сандра Шуфани хэллээ.Хоёр улсын боловсролын салбар дахь хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа ба цаашид улам өргөжүүлнэ гэдгээ талууд илэрхийлж, англи хэлний багш бэлтгэх хөтөлбөрийн талаар мэдээлэл солилцон, хамтран ажиллахаар болов.
2024/09/16
140
НИЙГЭМ
Ирэх онд Нарантуул захын дөрвөн замын уулзварын нүхэн гарцыг барина
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд нийслэлийн дөрвөн байршилд авто замын доогуур нүхэн гарц байгуулахаар болж, үүний нэг Таван шарын нүхэн гарцын авто замын хөдөлгөөнийг өнөөдөр нээсэн билээ. Тус нүхэн гарцын бүтээн байгуулалтын ажлыг анх 2023 оны долоодугаар сарын 5-нд эхлүүлсэн. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар хотын ажлыг хүлээлцэж аваад удаагүй байхдаа буюу ажил авснаас хойш нэг сарын дараа арваннэгдүгээр сарын 12-нд уг бүтээн байгуулалтын ажлын явцтай биечлэн очиж танилцсан байдаг. Ажлын явцтай танилцах үеэрээ Хотын дарга Х.Нямбаатар “Таван шарын нүхэн гарцыг 2024 онд багтаан ашиглалтад оруулна” хэмээн хэлсний дагуу есдүгээр сарын 14-нд нүхэн гарцын авто замын хөдөлгөөнийг нээж, аравдугаар сард бүрэн хүлээлцэж өгөх хуваарьтай байна. Түүнчлэн тус нүхэн гарцын бүтээн байгуулалтыг хийхийн тулд Таван шар орчимд нийт 22 байршилд газар чөлөөлж, ажлын талбайг гаргаж байв. Таван шарын нүхэн гарцын бүтээн байгуулалтыг БНХАУ-ын Эксим банкны хөнгөлөлттэй зээлээр байгуулсан бөгөөд үргэлжлүүлэн Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын зоорийн нүхэн гарцын ажил арав, арваннэгдүгээр сард дуусна. Харин Нарантуул захын дөрвөн замын уулзварын нүхэн гарцыг 2025 онд барих тухай Хотын дарга өнөөдөр мөн хэлсэн юм. Эдгээр нүхэн гарцууд ашиглалтад орсноор Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөн төмөр замын хөдөлгөөнтэй давхцахгүй болж, түгжрэл тодорхой хувиар буурах тоон судалгаа байгаа билээ.
2024/09/14
193
НИЙГЭМ
Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар иргэдээс санал авч байна
“20 минутын хот” Үндэсний хорооны анхдугаар хуралдаан өнөөдөр болж, иргэдээс дугаарын хязгаарлалт хийх эсэх талаар санал асуулга авч, олонх зөвшөөрсөн тохиолдолд дугаарын хязгаарлалтыг зохион байгуулах зөвлөмжийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт өгсөн юм.Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын албан ёсны  www.ulaanbaatar.mn сайтаар санал асуулга авч байна.Иргэд та бүхэн тус линкээр санал асуулгад оролцох боломжтой. 
2024/09/14
155
НИЙГЭМ
Таван шарын нүхэн гарцын авто замын хөдөлгөөнийг нээлээ
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Таван шарын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын зоорь, Нарантуул захын дөрвөн замын уулзвар гэсэн 4 байршилд нүхэн гарц байгуулах төслийг хэрэгжүүлж буй. Үүний нэг болох Таван шарын нүхэн гарцын авто замын хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ.Нүхэн гарцын авто замын хөдөлгөөнийг нээх үеэр Хотын дарга Х.Нямбаатар “Нээлтэд хүрэлцэн ирсэн хүндэт зочид та бүхэнд баярлалаа. Ялангуяа төслийг санхүүжүүлсэн БНХАУ-ын Эксим банк болон бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн хамт олонд талархлаа илэрхийлье. 1949 онд Улаанбаатар хотод анхны төмөр зам байгуулагдсанаас хойш Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөн төмөр замын хөдөлгөөнтэй нэг түвшинд байж ирсэн. Энэхүү төсөл болон 2024 оны арав, арваннэгдүгээр сард хийж хэрэгжүүлэх нүхэн гарцын ажлууд, 2025 онд хэрэгжүүлэх Дүнжингаравын уулзварын нүхэн гарцыг барьснаар цаашид Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөн төмөр замын хөдөлгөөнтэй давхцахгүйгээр явах бүрэн боломж бүрдэнэ. Ингэснээр Улаанбаатар төмөр замын ачаа эргэлтийн хэмжээ өсөхөөс гадна Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг тодорхой түвшинд бууруулах тооцоо судалгаа гарсан. Ажлыг гүйцэтгэх явцад бүтээн байгуулалтыг хийж хэрэгжүүлсэн БНХАУ-ын төмөр замын барилгын компанийн ажилчдад зарим бэрхшээл тулгарсан. Улаанбаатар хотын газар доорх мэдээллийн сангийн зарим мэдээлэл дутагдалтай байснаас шалтгаалж тодорхой цаг хугацаанд ажил хойшлох нөхцөл байдалтай тулгарч байсан. Гэсэн хэдий ч Улаанбаатар хот, гүйцэтгэгч компани болон төслийн нэгжийн хэрэгжүүлж байгаа байгууллагуудын ажлын уялдаа сайн байсны үр дүнд цаг хугацаа хожиж, чанарын өндөр түвшинд ажлыг гүйцэтгэлээ. Тухайлбал, Ус сувгийн удирдах газрын хамт олон бүтээн байгуулалтын ажилд туслан гүйцэтгэгчээр ажиллалаа. Нүхэн гарцыг барихад олон байгууллагын ажлын уялдаа холбоо чухал байлаа. Түгжрэлгүй Улаанбаатарыг хамтдаа бүтээцгээе” хэмээн хэллээ.Таван шарын нүхэн гарц нь төмөр замын доогуур 169 метр урт, 5.8 метр өндөр, 10.2 метр өргөнтэй хос туннел, иж бүрэн ус зайлуулах систем бүхий инженерийн байгууламж гэдгээрээ Улаанбаатар хотдоо анхдагч бүтээн байгуулалт юм. Мөн хойд туслах авто зам 425 метр, урд туслах авто зам 252 метр урт бөгөөд хоёр түвшний огтлолцолтой. Нүхэн гарцыг бүрэн нээснээр хоногт 32,500 автомашин зорчих боломжтой болно. Ийнхүү авто замын нэвтрүүлэх чадвар нь 22,9 хувиар нэмэгдэж, түгжрэл бууруулахад үр нөлөөгөө үзүүлэх юм. Төмөр замын 396 дугаар гармаар хоногт 53 галт тэрэг өнгөрч, нийт 2 цаг 48 минут орчим хугацаанд гармыг хаадаг байна. Цаашид хоногт 5-6 цаг уг гармыг хаах шаардлага үүсэхээр тооцоо судалгаа гарсан тул нүхэн гарцыг барьснаар авто замын урсгал галт тэрэгний хөдөлгөөнөөс хамааралгүй болж байгаа онцлогтой. Төлөвлөгөөний дагуу Таван шарын нүхэн гарцыг аравдугаар сард бүрэн ашиглалтад оруулах бол есдүгээр сарын 14-ний өдөр ийнхүү авто замын хөдөлгөөнийг нээж байна.
2024/09/14
181
НИЙГЭМ
Ажлын хэсгийн гишүүд төвийн бүсийн тариалан эрхлэгчид, дотоодын үйлдвэрлэгчидтэй уулзаж, Алтанбулаг боомтод ажиллав
Парламентын хууль тогтоох үйл ажиллагаанд баримтлах тэргүүлэх чиглэлүүдийн хүрээнд тухайлсан салбаруудын эрх зүйн орчныг боловсронгуй болгож, хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиг үүрэг бүхий 54 ажлын хэсгийг парламентад суудалтай бүх намын төлөөллийг оролцуулан Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулсан.Энэ өдрүүдэд Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатараар ахлуулсан, Мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд баталсан хууль, тогтоолын хэрэгжилтийг хангах арга хэмжээний санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажиллалаа.Улсын Их Хурал энэ оны 04 дүгээр сард Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль, мөн “Хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталсан. Ажлын хэсгийн гишүүд энэхүү хууль, тогтоолын хэрэгжилтийн үр нөлөө, тулгарч буй сорилт, бэрхшээлийг тодорхойлохын зэрэгцээ намрын ургац хураалтын явцтай танилцаж, улаан буудай тариаланчид, үндэсний үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уулзаж санал солилцсон юм.Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Баярбаатар, Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг, Ц.Мөнхтуяа, М.Нарантуяа-Нара нар албаны бусад хүмүүсийн хамт Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байрлах “Түмэн бут” ХХК-ийн ургац хураалтын явцтай танилцаж, дээрх хуулийн хэрэгжилтийн талаар орон нутгийн тариалан эрхлэгчидтэй уулзаж ярилцлаа. Энэ жилийн тухайд цаг агаарын нөхцөлөөс улбаатайгаар улаан буудайн натур жин бага байгааг эс тооцвол цавуулаг ихтэй, чанар сайн гарсныг тариаланчид онцолж байв. Уулзалтын үеэр “Түмэн бут” ХХК-ийн захирал Х.Даваахүү хэлэхдээ стратегийн таримал болох улаан буудайн үрийн чанар, стандартыг бодлогоор анхаарч, тариалангийн хөрсний үржил шимийг сайжруулж, хамгаалах асуудал нэн түрүүнд тулгамдаад буйг уламжиллаа. Тэрбээр үргэлжлүүлэн, энэ оны 05 дугаар сард улаан буудайн гурилыг гаалийн албан татвараас чөлөөлсөнтэй зэрэгцэн газар тарилан эрхлэгчдийг ч бодлогоор дэмжиж, хөнгөлөлтэй зээл, урамшуулалд хамруулах цар хүрээ, боломжийг нэмэгдүүлэх шаардлагатайг онцлов. Мөн энэ үеэр орон нутгийн удирдлагууд Сэлэнгэ аймгийн хэмжээнд намрын ургац хураалтын явцыг танилцуулж, “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хүрээнд эргэлтийн хөрөнгө болон хөрөнгө оруулалтын зориулалтаар олгосон хөнгөлөлттэй зээлийн мэдээллийг хүргэлээ.Ажлын хэсгийн гишүүд үргэлжлүүлэн Дархан-Уул аймгийн Дархан суманд байрлах “Улаанбаатар гурил” ХХК, “Өег гурил” ХХК-ийн үйлдвэрүүдэд ажилласан юм. Дотоодын гурилын үйлдвэрүүд хүчин чадлаас хамааран жил бүр улаан буудайн нөөцөө тариалан эрхлэгчдээс гэрээний дагуу худалдан авдаг бөгөөд байгаль, цаг уурын нөхцөлөөс шалтгаалан буудайн гарц, чанар, үнэ харилцан адилгүй хэлбэлздэг байна. Ажлын хэсгийн гишүүд гурилын үйлдвэрүүдэд ажиллах үеэрээ тариалан эрхлэгчдээс худалдан авч буй улаан буудайн сорт бүрийн тонн тутмын дундаж ханш, чанар болон нөөцийн үзүүлэлтүүдийг нэгтгэж, гурилын үйлдвэрээс гарч буй нэг килограмм тутмын үнийн мэдээллийг харьцуулан хэлэлцэв. Түүнчлэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн хэрэгжилтийн талаар санал солилцож, гурил үйлдвэрлэгчдийн байр суурийг сонслоо. Дотоодын гурилын нийт хэрэгцээний 35 хувийг хангадаг “Улаанбаатар гурил” ХХК-ийн дөрвөн дамжлага бүхий бүрэн автомат үйлдвэр нь өнөөдрийн байдлаар 34 хувийн хүчин чадлаараа ажиллаж байгааг удирдлагуудын төлөөлөл хэлж байв. Зах зээлийн өрсөлдөөнийг дэмжиж, үнийг тогтворжуулах шийдэлтэй хамтатган үндэсний үйлдвэрлэл эрхлэгчид, ажлын байр бий болгогчдыг дэмжих ёстойг ч тэд дурдлаа.Уулзалтын үеэр Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, гол нэрийн стратегийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн сүлжээг тогтворжуулж, эрүүл, аюулгүй, баталгаат хүнсийг боломжийн үнээр хэрэглэгчдэд нийлүүлэх нь төрөөс баримталж буй бодлого, шийдвэрүүдийн тэргүүн зорилт гэдгийг тодотгов. Үүний тулд тариалан эрхлэгчид, гурил үйлдвэрлэгчид, бодлого тодорхойлогчид хамтран, тулгарч буй бэрхшээл, сорилтуудыг тодорхойлж, санал шийдлээ дэвшүүлэх ёстойг хэллээ. Дараа нь ажлын хэсгийн өргөтгөсөн бүрэлдэхүүн төвийн бүсийн тариаланчид болон газар тариалангийн тоног төхөөрөмж нийлүүлдэг дилер компани, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй хамтарсан хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Улаанбуудайн гурилыг гаалийн албан татвараас чөлөөлснөөр тариалан эрхлэгчид, дотоодын үйлдвэрлэгчид болон салбарын хэмжээнд ямар үр нөлөө, өөрчлөлт гарсныг хэлэлцүүлэгт оролцогчид нээлттэй хуваалцлаа. “Атрын III аян”-аас хойш газар тариалангийн салбар эрчимтэй сэргэж, “Хүнсний хувьсгал” хөдөлгөөн нь дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдэд бодитой дэмжлэг болсныг салбарынхан онцлохын зэрэгцээ бодлогын залгамж халаа, тогтвортой байдал чухал нөлөөтэйг санал нэгтэй уламжилцгаав. Тэдний зүгээс импортын гурил, буудайн чанар, эх орны хөрс хамгаалах технологи, бордооны зохистой хэрэглээ болон хүний нөөцийг бэлтгэх асуудалд онцгой анхаарч, салбарын хөгжлийг шинжлэх ухаанч шийдэлд тулгуурлан авч үзэх хэрэгтэйг дэвшүүлж байлаа.Энэ жилийн хувьд зарим бүс нутгаар тариалалтын хэмжээ тодорхой хувиар буурсан ч ургац хураалт урьдчилсан балансаар хэвийн хэмжээнд үргэлжилж байгааг салбарын яамны төлөөлөл дурдсан юм. Харин техник, тоног төхөөрөмж нийлүүлдэг дилер компаниудын хувьд, улаанбуудайн тариалалт багассантай холбогдуулан захиалгат ажлууд цуцлагдсан нь санхүүгийн хувьд хүндрэлтэй нөхцөл байдалд хүргэснийг тэмдэглэн хэлэв. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн П.Ганзориг, гадаад нөхцөл байдлаас шалтгаалан буудайн өртөг хэрхэн хэлбэлзсэн талаар тодруулж, борлуулалтын доод үнэ, холбогдох стандартуудын хүрээнд асуулт асууж, хариулт авсан юм. Мөн УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара, хөдөө аж ахуйн салбарт мэргэшсэн боловсон хүчний хомсдол тулгарсныг анхаарч, орон нутагтаа тогтвор суурьшилтай ажиллах боломжийг бүрдүүлэх нь зүйтэй гэдгийг онцолсон.Хэлэлцүүлгийн дараа ажлын хэсгийн гишүүд Сэлэнгэ аймагт байрлах “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-ийн удирдлагуудтай уулзаж, буудай хүлээн авах бэлтгэл ажил болон үр тарианы дээж шинжлэх лабораторийн үйл ажиллагаатай танилцлаа. Түүнчлэн ажлын хэсгийн бүрэлдэхүүн Сүхбаатар боомт дахь нэг цэгийн үйлчилгээний цогцолборт ажиллах үеэр өнгөрсөн онуудад импортоор орж ирсэн улаан буудай, гурилын гарал үүсэл, гаалийн нэгж үнэ, татвар болон бусад тоон мэдээллүүдийг Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газраас танилцуулсан юм. Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд бодит үр нөлөөг судалж, зах зээл дэх оролцогч талуудын байр суурийг нэгтгэн, цаашид авах арга хэмжээний санал дүгнэлтийг боловсруулахын тулд олон талт уулзалт, хэлэлцүүлгүүдийг зохион байгуулна гэдгийг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Баярбаатар тэмдэглэн хэллээ.Ажлын хэсгийг Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажиллах үеэр ХХААХҮЯ, Үндэсний статистискийн хороо, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Хилийн боомтын захиргааны төлөөлөл болон орон нутгийн удирдлагууд байлцав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2024/09/13
176
НИЙГЭМ
'Еcomobility' аян үргэлжилж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын санаачилгаар авто замын ачааллыг бууруулах зорилгоор “Еcomobility” аяныг эхлүүлсэн. Авто машинаа дундаа ашиглах, алхах, унадаг дугуй, нийтийн тээвэр хэрэглэхийг уриалж буй зэрэг нь нийлээд сүүлийн үед дэлхийн түгжрэл ихтэй томоохон хотуудад трэнд болж буй “Эко мобилити” гэх үзэл санаа юм. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот иргэнд ээлтэй, “Эко мобилити”-д нэгдэх таатай орчин бүрдүүлэх чиглэлээр олон ажлыг хийж эхэлсэн.Тухайлбал,Явган хүний замыг засаж, сайжруулж байна. Энэ онд хот 27800 ам метр явган зам тохижуулахаар төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар 95 хувийн гүйцэтгэлтэй байна.Хотын захуудад авто зогсоол олон байгуулж, менежмент хийж байна.Нийтийн тээврийн 109 автобусыг нэмэлтээр явуулж, өдөрт 1200 орчим автобус үйлчилж байна. Энэ сард их багтаамжийн 31 автобусыг хүлээж авна.Хөдөлгөөн ихтэй хорин уулзварын явган зорчигчийн гэрлэн дохио асах хугацааг 40 секунд болголоо.Мөн дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлж, орчин нөхцөлийг сайжруулан ажиллаж байна.Тухайлбал,Орон нутгийн тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод 48 цагаас дээш хугацаагаар зорчвол хоног тутам 5000 төгрөгийн хураамж авна. Товчоодод хяналтын системийг бүрэн нэвтрүүлж дууслаа.Нийслэлийн төр, захиргааны байгууллагын цэнхэр дугаартай автомашины 50 хувийг хөдөлгөөнд оролцуулахгүй. Энэ хүрээнд төрийн албан хаагчдыг ажилчдын автобусаар авна. Засгийн газрын ордны албан хаагчид ажилчдын автобусаар зорчиж эхэлсэн.Мөн төрийн албан хаагчдыг 7 хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулна.Татвар, торгуулиа төлөөгүй, техникийн хяналтын үзлэгт ороогүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй.Автобусны зогсоол дээр зогссон жолоочийн зөрчлийг хяналтын камераар илрүүлж эхэлсэн.Тус аяны талаар хотын дарга Х.Нямбаатар “Зөвхөн олон нийтийн хичээл зүтгэлээр түгжрэлийн асуудалтай тэмцэх гэж байна гэж битгий ойлгоорой. Энэ бол түр зуурын арга хэмжээ ч цаашид хэрэгжүүлж хэвшвэл мөнхүү хотын соёл билээ. Бид бүхний хувьд метроны төслөө гараанаас нь гаргаж, зөвлөх компаниа сонгон шалгаруулаад байна. Тойрог хурдны замын төслийн ажлыг эхлүүллээ. Дүүжин тээврийг Францын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр хоёр тал ажлаа эхлүүлээд байна. Төмөр замын огтлолцлын нүхэн гарцуудыг орчин үеийн жишигт нийцүүлэн шинээр байгуулах ажлуудыг ч хэрэгжүүлж, эхнээсээ ашиглалтад ороход бэлэн болжээ. Хүн нэг бүр Улаанбаатар хотоо өөрийн гэр, энд амьдарч буй ах дүүсээ гэр бүлийн гишүүн мэт санаж, дор бүрнээ ухамсарлан хичээвээс хүндрэл бэрхшээлтэй цаг үеийг туулан гарахад улам амар болох билээ” гэв.
2024/09/09
170
НИЙГЭМ
Х.Нямбаатар: Эдийн засгаа төрөлжүүлж, ЖДҮ эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал
"Ажил хэрэгч Улаанбаатар" ЖДҮ эрхлэгч эмэгтэйчүүдийн уулзалт боллоо. Уулзалтад нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, НЗД-ын орлогч Л.Хосбаяр болон ЖДҮ эрхлэгч 200 гаруй эмэгтэй оролцсон юм.Улаанбаатар хотын жижиг, дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төлөөллөөр дамжуулж, бизнесийн салбарт тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, шийдлийн санал, санаачилгыг хэлэлцэв.Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэхийн тулд экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэхийг баримталж байгаа. Үүндээ экспортын түвшний асуудлын хувьд үйлдвэрийн хүчин чадлын хүрэлцээ, олон улсын чанарын үзүүлэлт зэрэг хүчин зүйлүүд шууд нөлөөлөх тул илүү урт хугацаандаа үе шаттайгаар сайжруулах ажлуудыг хийнэ. Харин бид илүү богино хугацаанд бодит үр дүнг гаргахын тулд нэн түрүүнд импортыг орлож, дотоодын хэрэгцээгээ хангах салбарууд руу чиглэсэн төсөл, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж ажиллах нь чухал байна. Эдийн засгийн хувьд ЖДҮ салбарыг хөгжүүлэхэд ганц төрийн байгууллага эсвэл хувийн хэвшил нь дан дангаараа хөгжсөн загвар олон улсад байдаггүй. Бид эдийн засгаа төрөлжүүлж, жижиг, дунд бизнесийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа зайлшгүй шаардлагатай. Нэг салбарыг нарийвчлан кластер хэлбэрийн жишиг загварыг хөгжүүлж, бусад сүү, мах махан бүтээгдэхүүн, эрчимжсэн МАА-н салбаруудад  нэвтрүүлж нийслэлийнхээ хэрэгцээгээ бүрэн хангах боломж бүрдэнэ. Үүнд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, ялангуяа тухайн салбарын том аж ахуйн нэгжүүдийн оролцоо хамгийн чухал” гэлээ.ЖДҮ эрхлэгч эмэгтэйчүүдээс татварын  асуудал, борлуулалтын цэг, ажиллах хүчний хомсдол, тоног төхөөрөмжийн дэмжлэг, ЖДҮҮ зээлийн нөхцөл шаардлага зэрэг тулгамдаж буй асуудлаа уламжиллаа. Хотын дарга Х.Нямбаатар өөрийн эрх хэмжээний хүрээнд үйлдвэрлэгчдийн асуудлыг шийдвэрлэж, бусад асуудлыг судлан үзэж, шийдвэрлэж өгөхийг холбогдох албаныханд үүрэг болгосон юм. 
2024/09/06
210
НИЙГЭМ
Төрийн албаны тусгай шалгалт энэ сарын 10-нд болно
Дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлагийн захиалгаар зарласан төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын 40 сул орон тоог нөхөх тусгай шалгалтын зарыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн. Сонгон шалгаруулалтын бүртгэл өнгөрсөн сарын 16-ны өдрийн 09:00 цагт эхэлж, энэ сарын 29-ний өдрийн 17:00 цагт дууссан. Шалгалтад 23 сул орон тоонд 31 албан хаагч, иргэн бүртгүүлэхээр хүсэлтээ ирүүлсэн байна.Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн 2024 оны 201 дүгээр тогтоолоор байгуулсан комисс хуралдаж, Төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх албан тушаалын 14 сул орон тоонд 15 иргэний, удирдах албан тушаалын 4 сул орон тоонд 4 албан хаагч, иргэний бүртгэлийг хянан баталгаажууллаа. Бүртгэл нь баталгаажсан 19 албан хаагч, иргэн Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу тусгай шалгалт өгнө. Шалгалт Яармаг дахь нутгийн захиргааны цогцолборт 9 дүгээр сарын 09:00 цагт эхэлнэ.НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
2024/09/06
166
НИЙГЭМ
Сургууль, цэцэрлэг орчимд үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүр, мухлагуудад хяналт шалгалт хийнэ
БШУЯ, ЭМЯ, ХХААХҮЯ-ны Салбарын хяналтын газраас  баталсан бүх шатны сургалтын байгууллагуудын 2024-2025 оны хичээлийн жилийн бэлтгэл, үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай удирдамж гарсан. Энэ дагуу  нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас энэ сарын 3-ны өдрөөс эхлэн сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоол, хүнс бэлтгэж буй газруудад хүнсний аюулгүй байдлыг хангуулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж байна.Өнөөдрийн байдлаар шалгалтад 18  сургууль, цэцэрлэгийг хамруулсан бөгөөд хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл хүрэлцээгүй, хоол үйлдвэрлэлийн  технологийн  картад   орц,   илчлэг,  шим  тэжээллэг  чанар, боловсруулах технологи ажиллагааг бүрэн тусгаагүй зэрэг зөрчил илэрсэн 2 цэцэрлэгт хугацаатай албан шаардлагаар үүрэг даалгавар өглөө.Түүнчлэн нийслэлийн Засаг даргын 2024 оны А/1022 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу НХХААГ-аас төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг энэ сарын дүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн ажлын 10 хоногийн хугацаанд хийнэ.сүүдрэвчтэй болон ил задгай хүнсний худалдаа, явуулын болон гадна талбайн үйлчилгээтэй түргэн хоолны цэг,Улирлын чанартай хүнсний ногоо худалдаалж буй цэгүүд,Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн дэргэдэх болон гэр хороололд үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүр, мухлагууд,Зайрмагийн үйлдвэрлэл, байгалийн болон жижиглэн савлагаатай хүнсний үйлдвэрлэлийн газруудад хяналт шалгалт хийж байна.
2024/09/06
169
НИЙГЭМ
Монголын радиогийн 90 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монголын радиогийн 90 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, хэвлэл мэдээллийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гаргасан дараах уран бүтээлчдэд төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.Соёлын гавьяат зүтгэлтэн цолыг:Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн ахмад ажилтан, телевиз, радиогийн сэтгүүлч Цэндийн Сүхбаатар,Урлагийн гавьяат зүтгэлтэн цолыг:Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн ахмад ажилтан Рагчаагийн Ганбаатар,Гавьяат холбоочин цолыг:Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн зөвлөх инженер Чулууны Цагаан нарт хүртээв.Сүхбаатарын одонгоор:Монголын олон нийтийн радиогийн ахмад ажилтан, Соёлын гавьяат зүтгэлтэн Товуучийн Бямбадорж,Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:Монголын олон нийтийн радиогийн ахмад ажилтан Рэгзэнгийн Чулуунцэцэг,Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Техникийн төвийн инженер Мягмарсүрэнгийн Мандахнар,Алтан гадас одонгоор:Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Техникийн төвийн радиогийн техникийн албаны инженер Пүрэвдоржийн Золзаяа,Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Техникийн төвийн радиогийн техникийн албаны инженер Балдоржийн Мөнхтуяа,Монголын олон нийтийн радиогийн ахлах редактор Шагжжавын Одончимэг,Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Алтан сан хөмрөгийн эрхлэгч Лундаагийн Хэрлэнтуул,“Монголын дуу хоолой” радиогийн редактор Ням-Очирын Баасанжав,“Монголын дуу хоолой” радиогийн Орос хэлний редакцын ахлах редактор Доржийн Эрдэнэбат,Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Техникийн төвийн радиогийн техникийн албаны инженер Дэмбэрэлийн Оюунтунгалаг,Хөдөлмөрийн хүндэт медалиар:“Монголын дуу хоолой” радиогийн Хятад хэлний редакцын орчуулагч, редактор Гүнрэгжавын Цэнд-Аюуш,Монголын олон нийтийн радиогийн редактор Намхайн Хоролсүрэн нарыг шагналаа.
2024/09/06
260
НИЙГЭМ
Дөлгөөн нуур худалдааны төвийн уулзвараас Өлзий төв хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Сүхбаатар дүүрэг, Их тойруугийн авто зам буюу Дөлгөөн нуур худалдааны төвийн уулзвараас Өлзий төв хүртэлх авто замыг 9 дүгээр сарын 6-ны өдрийн 22:00 цагаас 9-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Энэ хүрээнд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солино. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
2024/09/05
150