mmnews.mn | 2024-10-18

НИЙГЭМ

НИЙГЭМ
УОК-оос үерт автсан 40 өрхөд гэр, хор уршгийг арилгахад зориулж 400 сая төгрөгийг шийдвэрлэлээ
Завхан аймгийн Улиастай суманд (2024.06.17) түр зуурын хүчтэй аадар бороо орсны улмаас олон айл үерт автсан тул Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабыг хуралдуулж, гамшгийн нөхцөл байдлыг үнэлж дүгнэн, шуурхай шийдвэр гаргалаа.Үүссэн нөхцөл байдлыг үндэслэн, Улсын Онцгой  комиссын даргын тушаалаар  орон гэргүй болсон 40 өрхөд гэр олгохоор шийдвэрлэсний зэрэгцээ хүнсний багц, 120 тн ариутгалын бодис, усны гутал 50 хос, автомакс 6 зэрэг хамгаалах хувцас хэрэгсэл болон үерийн гамшгийн дараах хор уршгийг арилгахад шаардлагатай 400 сая төгрөгийг шийдвэрлэлээ. Тусламжийн цуваа өнөөдөр Завхан аймаг  руу хөдөлсөн бөгөөд иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлэх, ариутгал халдваргүйтгэлийг хийх, шаардлагатай нөхцөл байдалд Аймгийн Онцгой  комисстой хамтарч шуурхай дэмжлэг үзүүлж ажиллаж байна.
2024/06/19
311
НИЙГЭМ
Цагдаагийн байгууллага өнгөрсөн долоо хоногт
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.06.10-аас 06 дугаар сарын 16-ны өдрүүдэд) 37.095 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 447 хэргийг хүргүүлсэн байна.Үүнээс: Хүний амьд явах эрхийн эсрэг 8, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 146, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 14, Өмчлөх эрхийн эсрэг185, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 5, Хүрээлэн байгаа орчны эсрэг 7, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 72, бусад 10 хэрэг байна.Зөрчлийн шинжтэй 59.700 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 59.441 зөрчлийг шийдвэрлэсэн байна.Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 58.842 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 599 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Үүнээс:- Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 2041, Танхайрах 118, Хүний биед халдах 372, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 166, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 53.969, бусад 2775 зөрчил байна.- Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 66 иргэнд 19.800.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 166 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.Цагдаагийн байгууллагаас өнгөрөгч 7 хоногт эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 14, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 48, сураггүй алга болсон хүн 61, шүүхээс даалгасан хүн 51, зөрчил үйлдсэн этгээд 23 хүнийг дэвшилтэт технологи ашиглан олж тогтоосон байна. Шийдвэрлэсэн хэргээс дурдвал:Нэр бүхий иргэд 2023 оны 10 дугаар сард цахим орчинд “Даймонд авч өгнө” гэх зар мэдээллийг байршуулан улмаар бага насны хүүхдүүдийг хуурч мэхлэн тэднээр дамжуулан тэдний асран хамгаалагч нарын банкны картын дугаарыг авч нэр бүхий аппликэйшны харилцах данстай холбон тухайн иргэдийн данснаас нь мөнгө шилжүүлэн авч залилсан үйлдлийг илрүүлэн иргэн А, Г нарын хууль бус үйлдэлд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж энэ оны 06 сарын 11-ний өдөр хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын газарт хүргүүлсэн.Өнгөрсөн оны 12 дугаар сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутаг дэвсгэрт иргэн Д нь Ховор амьтны жагсаалтад орсон “Хар сүүлт”-ийг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж, энэ оны 02 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд хадгалж, 6.600.000 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдлийг илрүүлэн Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааны явцад учирсан хохирлыг нөхөн төлүүлж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэрт 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэн З, Х зэрэг нэр бүхий иргэд бүлэглэн хууль бусаар жонш олборлож, 24.312.231 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан  хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн.Шалгаж шийдвэрлэсэн онцлог зөрчлийн талаарх:Цахим орчинд энэ оны 05 дугаар сарын 29-өөс 06 дугаар сарын 12-ны өдрүүдэд “Зөвхөн Монголд л харах боломжтой” зэрэг гарчигтай нийтлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдлүүдэд цагдаагийн байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт орон сууцны хорооллын дунд байх ногоон байгууламжид тээврийн хэрэгслээ байршуулсан иргэн М, 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байх явган хүний зам дээр тээврийн хэрэгслээ байршуулсан иргэн М, О нарын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн үйлдэлд тус бүр Зөрлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 35-д зааснаар тус бүр 20 нэгжээр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн.Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.
2024/06/18
345
НИЙГЭМ
Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмж
Өнөөдөр Улаанбаатар хот орчмоор үүлшинэ. Дуу цахилгаантай аадар орох бөгөөд салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.Мөн ЦУОШГ-аас зургаадугаар сарын эхний 10 хоногт сэрүүсэх, хоёрдугаар 10 хоногт огцом халах, гуравдугаар 10 хоногт гэнэтийн дуу цахилгаатай аадар, мөндөр орох, борооны өмнө хүчтэй нөөлөг салхитай байх, 7, 8 дугаар саруудад олон жилийн дунджаас хур тунадас ахиу орох урьдчилсан төлөвтэй байгааг мэдээлсэн. Иймд болзошгүй үерийн аюулаас сэргийлэн дараах зөвлөмжийг хүргэж байна.Сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах;Гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын голдирол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байх;Орон сууцны хорооллын гарааш, В1 давхар руу ус орохоос сэргийлэн хамгаалалт татах;Үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих;Үер, усны аюулын талаар хүүхдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх, гол мөрөн, нуур, тогтоол ус, цөөрмийн орчимд тоглуулахгүй, орхихгүй байх;Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх;Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед, зориулалтын гарцтай газраар зорчих;Өндөр хүчдэл, цахилгааны дор гэр, сууцаа барихгүй байхыг анхааруулж байна.
2024/06/18
472
НИЙГЭМ
'Нийтийн ахуйн үйлчилгээний төв' төслийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ
"Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “Петровис” ХХК-тай хамтран “Нийтийн ахуйн үйлчилгээний төв төсөл”-ийг хэрэгжүүлэхээр бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ.  СХД-ийн 28 дугаар хороонд хэрэгжих уг төслийн хүрээнд барилгын ажил болон тоглоомын талбай, ногоон байгууламж, спортын талбай, амрах орчны тохижилтын ажлыг цогцоор нь хийж гүйцэтгэх юм.Нийслэл газар олголтын асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд төслийн шаардлагатай хөрөнгө оруулалтыг “Петровис” ХХК санхүүжүүлэх юм. Төсөл хэрэгжсэнээр, СХД-ийн 28 дугаар хорооны иргэд, оршин суугчид халуун усны газар, өөртөө үйлчлэх автомат угаалгын газар, үсчин зэрэг үйлчилгээг авахаас гадна сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлэх зэрэг нийтийн ахуйн үйлчилгээг нэг дороос авах боломжтой болно. Мөн уг төсөлд НҮБ-ын Хүүхдийн сан дэмжин хамтарч байгаа бөгөөд төвийг түшиглэн номын сан, хүүхдийн тоглоомын өрөө бүхий хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх юм.
2024/06/18
278
НИЙГЭМ
Лхагва гарагт хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
НЗДТГ-аас Монголын Хуульчдын холбоотой хамтран иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулдаг. Энэ сарын өдөрлөг зургаадугаар сарын 19-ний өдрийн 09:00-17:00 цагийн хооронд зохион байгуулах бөгөөд иргэн та 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар холбогдож мөн нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Драгон, Мишээл, Сэлбэ, Баянгол, Баянхошуу салбаруудаас иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүй болон гэр бүл, гэрээний эрх зүй зэрэг сэдвээр хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.   
2024/06/18
268
НИЙГЭМ
Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд нутагшуулсан тарваганы тоо өссөн байна
Тарвага их өсөж байгаа газраас тарваганы тоо толгой нэн ховордсон газар нутагт сэлгэн нутагшуулах зорилгоор 2019 онд хоёр бүл, 2022 онд хоёр ширхэг цагаан тарвага авчирч нутагшуулжээ.Одоо 100 орчим, мөн цагаан тарвага нь долоо болж өссөн байна. Тус бүс нутгуудад судалгаа шинжилгээ хийх, хулгайн анчдаас урьдчилан сэргийлэх зорилгоор хяналтын камер байршуулж эхэлжээ.
2024/06/17
258
НИЙГЭМ
'Эрэл групп'-ийн зүүн талаар өнгөрөх авто замын хөдөлгөөнийг нээлээ
ХУД-ийн III хороонд үйл ажиллагаа явуулж буй “Эрэл групп” газраа чөлөөлж өгөөгүйн улмаас Говийн замыг “Мишээл экспо”-ийн замтай холбох ажил гурван жил орчим гацсан юм. Тэгвэл өчигдөр тус группийн зүүн талаар өнгөрөх авто замын хөдөлгөөнийг нээлээ.Тодруулбал, Өнгөрсөн дөрөвдүгээр сард хотын дарга Х.Нямбаатар газар дээр нь ажиллаж, газар чөлөөлөхийг холбогдох албанд үүрэг болгосон. Энэ хүрээнд “Эрэл групп”-ийн зүүн талаар өнгөрөх 800 метр газрыг өнгөрсөн сарын 7-ны өдөр албадан чөлөөлж, замын ажлыг эхлүүлж байсан. Тус зам ашиглалтад орсноор Нарны зам болон Гурвалжингийн гүүрний зорчих хөдөлгөөний ачаалал 16 хувиар буурна.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд дөрвөн байршилд нүхэн гарц байгуулах төслийг хэрэгжүүлж байна. Үүний нэг болох “Гермес” төвийн урд талын нүхэн гарцтай уг замыг холбоно. Өөрөөр хэлбэл, хотын хэвтээ тэнхлэгийн замуудыг холбох холбоос зам гэж болно. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд засаж, шинэчилсэн замууд энэ онд төлөвлөсөн нийт ажлын 30 хувь нь. Энэ онд Улаанбаатар хотын нийт замын 80 хувийг засаж, шинэчилнэ. Засварын ажилд хүлээцтэй хандаж, дэмжиж байгаа иргэддээ баярлалаа” гэлээ. Түүнчлэн ирэх долоо хоногт хоёр жил гаруй гацсан Ээрмэлийн замын ажил дуусаж, зорчих хөдөлгөөнийг нээнэ. Мөн Таван шарын нүхэн гарцыг энэ сард нээх бол Яармагийн замыг ирэх долоодугаар сард нээнэ.
2024/06/17
245
НИЙГЭМ
Нээлттэй сонгон шалгаруулалтад урьж байна
Монгол Улсын Зэвсэгт хүчнээс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 2024-2025 онд үүрэг гүйцэтгэх штабын ажилтан (офицер), цэргийн мэргэжилтний (цэргийн ажиглагч, холбогч офицер) сонгон шалгаруулалтыг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 07 дугаар сарын 05-ны өдрүүдэд зохион байгуулна.   Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй цэргийн алба хаагчид 2021 онд батлагдсан “ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦУУЛАХ БИЕ БҮРЭЛДЭХҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ”-тай танилцаж, НҮБ-ын штабын ажилтан, цэргийн мэргэжилтэнд тавигдах шаардлагыг хангасан байх ба бүртгэлийг сонгон шалгаруулалтын систем (https://psod.maf.gov.mn)-ээр цахимаар явуулах тул доорх материалыг бүрдүүлэн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 26-ны өдрүүдэд багтаан бүртгүүлнэ үү. Үүнд:Харьяа анги, байгууллага, төрлийн цэргийн командлал болон ЗХЖШ-ын бүтцийн нэгжийн удирдлагын зөвшөөрсөн цохолттой хувийн өргөдөл;Ажил байдлын тодорхойлолт;Жолооны үнэмлэхийн хуулбар;Гадаад паспортын хуулбар;Цэргийн ажиглагч, штабын офицерын сургалт, дамжаа дүүргэсэн сертификатын хуулбар;Сүүлийн 3 сарын дотор авхуулсан 4х6 хэмжээтэй цээж зураг 2 хувь;Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолтТовч судалгаа (доорх хүснэгтийг сонгон шалгаруулалтын системээс татаж авах боломжтой);АнгиАлбан тушаалЦолОвог нэрНас, хүйсБоловсрол, цэргийн мэргэжил, дамжаа төгссөн байдалАнги, байгууллагад ажилласан байдалОдоогийн албан тушаалд томилогдсон огнооЭДА-нд үүрэг гүйцэтгэсэн байдалАнгли хэлний түвшин тогтоох шалгалтын оноо(Хамгийн сүүлд өгсөн ALCPT, ECL, TOEFL, IELTS)          Жич: Шаардлагатай нэмэлт мэдээллийг ЗХЖШ-ын Энхийг дэмжих, цэргийн хамтын ажиллагааны хэлтэс [email protected] цахим шуудангаар болон /3679, 88689855, 70152660/-тай холбогдож тодруулна уу. “ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦУУЛАХ БИЕ БҮРЭЛДЭХҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ”-тай ЗХЖШ-ын цахим хуудасны эрх зүйн булан буюу https://gsmaf.gov.mn/gsmaf/cat/60 холбоосоор орж танилцана уу.             ЗХЖШ-ЫН ЭНХИЙГ ДЭМЖИХ, ЦЭРГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС
2024/06/14
366
НИЙГЭМ
Шинэ төв цэнгэлдэх хүрээлэн байгуулах урьдчилсан судалгааг хийнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын санаачилгаар төв цэнгэлдэх хүрээлэнг шинэчилж, орчин үеийн стандартад нийцсэн арена хэлбэрээр 30 мянган хүний суудалтай цэнгэлдэх байгуулах ажил өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхэлсэн. Энэ хүрээнд шинэ төв цэнгэлдэх хүрээлэнгийн зураг төслийг гаргахад шаардлагатай мэргэжил, арга зүйн зөвлөгөө болон мэргэжлийн хэмжилт үзүүлэлтүүдийг гаргахаар “Populous Holdings” компанийн Олон улс хариуцсан захирал Ричард Бреслин тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр Улаанбаатар хотод хүрэлцэн ирээд байна. Тус компанийн төлөөлөгчид төв цэнгэлдэх хүрээлэнгийн нөхцөл байдалтай танилцаж, урьдчилсан судалгаа шинжилгээ хийх юм. “Populous Holdings” компанийн Олон улс хариуцсан захирал Ричард Бреслин “Улаанбаатар хотын шинэ төв цэнгэлдэх хүрээлэнг 12.8 га талбайд дөрвөн улирлын ашиглалтын зориулалттай буюу нээгдэж, хаагддаг дээвэртэй, доороо авто зогсоолтой, 30 мянга гаруй хүний суудал байхаар төлөвлөн, урьдчилсан судалгааг хийнэ. Манай байгууллагын хувьд Монгол орны цаг уур, газар зүйн онцлогоороо адил, эрс тэс уур амьсгалтай хотуудад цэнгэлдэх хүрээлэн байгуулж байсан. Тухайлбал, Шинэ Зеланд улсад 35 мянга гаруй хүний суудалтай цэнгэлдэх, ОХУ-ын Сочи хотын өвлийн олимп зохион байгуулсан 40 мянга гаруй хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнг байгуулж байсан арвин туршлагатай” гэдгийг онцлов.Түүнчлэн “Populous Holdings” компани нь АНУ-ын Лас Вегас хотын “The Sphere Vegas”, Их Британи улсын Лондон хотын “Wembley”, “Tottenham Hotspur” зэрэг цэнгэлдэх хүрээлэнгийн зураг төслийг хийсэн 40 гаруй жилийн туршлагатай аж. 
2024/06/14
356
НИЙГЭМ
П.Хатанболд: Миний энгэр дээр зүүсэн болохоос миний хамт олны хөдөлмөрийн үр шим
Алдаа, оноо, амжилт, бүтээлээ дүгнэх түүхт 20 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Албаараа овоглодог үе, үеийн алба хаагчдын хувьд төрдөө зүтгэсэн зүтгэл, ард түмнийхээ төлөө өргөсөн тангараг, аварсан хүн, эд хөрөнгө гээд амжилт, бүтээлээ ч үнэлүүлж, хэзээ ч төсөөлж байгаагүй шагналууд энгэрт  гялалзах нь хэн бүхэнд бахдалтай сайхан. Тиймээс шинэхэн гавьяатуудынхаа төлөөлөл болгож ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах 09 дүгээр ангийн аврагч, ахлах ахлагч П.Хатанболдыг онцлон ярилцлаа.-Ажлын үр шим гэдэг цаг хугацааны уртад үнэлэгдэж, эзнээ төсөөлшгүй их гавьяагаар шагнадаг юм байна гэдгийг энэ өдрүүдэд илүүтэй ихээр мэдэрч байна. Шагнал авах тухай анхны мэдээг хэн анх дуулгасан бэ?Онцгой байдлын байгууллагын 20 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн жагсаалын бэлтгэлийн үеэр ангийн захирагч, хурандаа Д.Гантулга хэлсэн. Тухайн үед хэлэх үг олдохгүй, хөл, гар хөдлөхгүй хөшсөн мэт мэдрэмжийг авсан. Би юу хийлээ, ямар гавьяа байгууллаа гээд л анх ажилд орж байсан үеэс эхлээд аварч байсан хүмүүс, аврал ирсэн хүмүүсийн дуудлага гээд бүх л зүйл нүдний өмнө тодордог юм билээ.Тэгвэл энэ баярт мэдээгээ хэнтэй хамгийн анх хуваалцаж, тайвширсан бол..?Эхнэртээ, ээждээ хэлсэн. Ээж минь утасны цаанаас уйлаад л “Төрийн минь сүлд өршөө” гэж хэлсэн. Тэр сайхан мэдрэмжийг үгээр илэрхийлж чадахгүй тийм л байна даа.-Төрийн тэргүүнээсээ шагналаа гардаж авсан тэр мөч илүүтэй ихээр догдуулсан байх?Онцгой байдлын байгууллагад үүрэг гүйцэтгэж байсан үе, үеийн төлөөлөл төрийн дээд, одон медаль хүртэхээр Төрийн ордондоо цугласан байсан тэр мэдрэмжийг тод санаж байна. Хэдийгээр шагнал авна гээд хүндэтгэлийн жагсаалд алхаж чадаагүй ч хүндэт индэр дээр суугаад үзэж сонирхох мөч бас л бахдам, бахархам байлаа. Миний хувьд Уул уурхайн аврах 09 дүгээр анги ОБЕГ-ын харьяанд орсноос хойш төрсөн анхны гавьяат болж байгаа. Энэ ангийн үе, үеийн алба хаагчдын гавьяаг миний энгэрт гялалзууллаа гэж ойлгож байна. Миний энгэр дээр зүүсэн болохоос миний хамт олны хөдөлмөрийн үр шим гэж хэлмээр байна.-Тантай ярилцахаас өмнө товч танилцуулгыг уншигчдад хүргэсэн. Гэхдээ л дэлгэрэнгүй танилцаж, бүтээсэн гавьяаг тань сонирхмоор байна?Анх 2008 онд Уул уурхайн аврах ангид аврагч авна гэсэн зарын дагуу очиж, бүртгүүлсэн. Бүртгүүлснээс хойш өдөр бүр 10 км-ийн гүйлт хийж, биеэ бэлдэж 14 хоногийн дараа сонгон шалгаруулалтад 40 гаруй залуустай өрсөлдөж, тэнцсэн. Багаасаа хөнгөн атлетикийн спортоор хичээллэдэг байсан маань илүү их нөлөөлсөн гэж боддог. Тэр үеэс л аврагч хүний баяр жаргалтай үеүдийг 16 дахь жилдээ мэдэрч байна. Уул уурхайн осол бол агааргүй, давчуу, нуралтай, хортой, халуун нөхцөлд аврах ажиллагааг явуулдаг. Нөхцөл байдал яаж ч эргэж болзошгүй тул хамгийн эрсдэлтэй орчин. Тиймээс амьсгалын бие даасан төхөөрөмжийг бүрэн ашиглаж, өөрийн болгосон байх ёстой. Уурхайн агааргүй орчинд нэг алдаа гаргахад амь насаа алдах эрсдэл маш өндөр байдаг. Тиймээс аврагчид маань амьсгалын бие даасан төхөөрөмжтэй дадлага сургуулийг тогтмол зохион байгуулж, сэтгэл зүйгээ маш сайн бэлддэг. Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсан ойн арга хэмжээ, Налайх дүүргийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын хамтран зохион байгуулдаг “Марш тактик”-ийн тэмцээнд 2008-2024 онуудад амжилттай оролцсон. Мөн Украйнд зохион байгуулагдсан олон улсын аврагч нарын тэмцээн, Бороогоулд, Шарын гол ХК, Налайх дүүрэгт зохион байгуулагдсан бусад тэмцээн уралдаануудад тогтмол оролцдог. -Спортоор хичээллэж байсан давуу тал таны дурдсанчлан олон. Ажил, амьдралын амжилтын салшгүй нэг хэсэг ч гэж ойлгож болохоор..?Тийм шүү. Би долдугаар ангиад байхаасаа хөнгөн атлетикийн спортоор хичээллэж эхэлсэн. Бэлтгэлээ өөрийн ажлын гараагаа эхлүүлсэн Уул уурхайн аврах ангийн зааланд хийдэг байлаа. Тухайн үед ах нарыг хараад энэ хүмүүс шиг болох юмсан гэж боддог байсан.  Бүх зүйл холбоотой, уялдаатай гэдгийн илрэл байх гэж ойлгож байна. Улсын хэмжээний уралдаан, тэмцээнд тогтмол ажмилттай оролцож,  I, II, III байр болон шагналт байруудад удаа дараа шалгарч, хөнгөн атлетикийн спортын мастер цолыг хүртсэн амжилттай. Сүүлийн үед биений хүчний спортод дурлаж, фитнессэээр хичээллэж байгаа. Энэ маань бас л нэг сэжүүрээс эхлэлтэй.-Сонирхолтой санагдаж байна. Өөрийгөө ямар нэг байдлаар хөгжүүлж, суралцахын төлөө эрмэлздэг нь сайхан шүү?Миний хувьд 2019-2020 онд Онцгой байдлын байгууллагынахаа алба хаагчдын хамтаар Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн.  Буудагчаар харуулд гардаг байлаа. Чөлөөт цаг гарвал фитнессд өнгөрүүлнэ. Үүний маань үр дүн энэ спортоор хичээллэх эхлэлийг өгсөн. Үүрэг гүйцэтгэж байхдаа эх орон минь ямар амгалан тайван, уул, ус агаар гээд бүх зүйл нь юутай ч зүйрлэшгүй үнэ цэнтэй гэдгийг ойлгосон. Энэ мэдрэмжийг авсан хүн бүр эх орноо илүү ихээр хайрлаж, омогшдог байх.- Онцгой байдлын байгууллагад шилжсэнээр үүрэг хариуцлага ч нэмэгдсэн байх?   ОБЕГ-ын харьяанд 2014 онд шилжсэнээс хойш алба хаагч бидний цалин хөлс, нийгмийн баталгаа сайжирсан. Мөн уул уурхайн осол аваараас гадна бүхий  л гамшиг, ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэж байна. Тиймээс  аврагч хүн өөрийгөө тасралтгүй хөгжүүлж, биеэ дайчлах, бүхий л төрлийн чадваруудыг эзэмшсэн байх ёстой гэж боддог. Өөрийгөө байнгын хөгжүүлж, сурсан мэдсэн зүйлээ залуу аврагч нартай зааж сургахыг эрхэмлэж явдаг даа.-Хэн нэгнийг хайрлаж, хайрлуулах нь амьдралаас хүртэх хамгийн том аз. Таны гэр бүлийн хүн мөн л Онцгой байдлын албанд мөр зэрэгцэн ажилладаг..?Манайх ам бүл тавуулаа. Эхнэр, гурван хүүгийн хамт амьдардаг. Эхнэр Г.Мөнхзул  Уул уурхайн 09 дүгээр ангийн хүний нөөц, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтнээр ажилладаг. Эхнэр маань 2007 онд энэ албанд орж байлаа.Ууган хүү Х.Мөнхболд 16 настай. Налайх дүүргийн 119 дүгээр сургуулийн аравдугаар ангийн сурагч. Дунд хүү Х.Мөнхсанчир 9 настай. Тус сургуулийн гуравдугаар анги. Бага хүү Х.Мөнх-Учрал  Налайх дүүргийн 151 дүгээр цэцэрлэгийн бага бүлэгт хүмүүждэг. Том хүү маань сагсан бөмбөгийн спортоор багаасаа хичээллэж, Налайх дүүргийн “Налуу ухаа” багийн тамирчин. Сагсан бөмбөгийн спортын II зэрэгтэй.  Улсын аваргаас хоёр алт, мөнгө, нийслэлийн аварга шалгаруулах “Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнээс жил бүр алт, мөнгөн медаль, дүүргийн аварга шалгаруулах тэмцээнээс жил бүр шагналт байрт шалгарсан амжилтуудыг үзүүлж байгаа. Аав, ээжийнхээ албыг их сонирхдог.  Хоёулаа хамтдаа хөтлөлцөөд үүрэг гүйцэтгэх нь хүнд гэхээс илүү сайхан. Гэр бүл, найзууддаа бахархалтай байдаг. Хэн хэнийгээ ойлгоод, дэмжээд, хамтраад ар гэрээ зохицуулаад л явдаг.Таны бага нас хаана өнгөрсөн бэ. Харахад их л даруухан юм?Аав, ээж маань хоёулаа Ховд аймгийн гаралтай. Миний хувьд Налайх дүүрэгт төрж, өссөн. Ажиллаж, амьдарч байгаа. Бусдын л адилаар хүүхэд нас минь өнгөрсөн. Зургаан хүүхэдтэй айлын тав дахь хүүхэд.  Өөрт оногдсоноо ажлаа үр дүнтэй хийгээд, өөрийгөө хөгжүүлээд явж байхад бүх зүйл бүтнэ л гэж боддог. Үг биш үйлдэл хамгийн чухал санагддаг.-Хүн бүрийн онцлог, амжилтын талаар хүүрнэх хамгийн сайхан. Энэ удаад тантай ярилцах завшаан тохиосонд талархалтай байна. Өмнө тань зурайх амьдралын их зам тань дардан байх болтугай?Баярлалаа. Миний болоод бидний гэр бүлийн бүхий л  цаг хугацаа, сайн сайхан, гэрэл гэгээтэй бүхэн энэ л албатай салшгүй холбоотой. Би ямар их хувь заяатай хүн бэ гэж үргэлж бодож, албаараа бахархдаг. Та бүгдийнхээ хүлээлгэсэн итгэлийг алдахгүй, улам их хичээж, хариуцлагатайгаар ажиллах болно гэдгээ дахин дахин хэлмээр байна. Онцгой байдлын түүхт 20 жилийн ой баярын мэндийг үе, үеийн удирдлагууд, ахмадууд, нийт бие бүрэлдэхүүндээ болон гэр бүлд нь хүргэж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.Эх сурвалж: “Онцгой мэдээ” сонин
2024/06/14
350
НИЙГЭМ
Орон нутгийн түвшинд бэлэн байдлыг хангаж, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг үүрэг болголоо
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга УОК-ын Шуурхай штабт ажиллаж, нийслэл, 21 аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, үер, усны  аюулаас урьдчилан сэргийлэх хүрээнд хийгдэж байгаа үйл ажиллагаатай танилцан, холбогдох үүрэг чиглэлийг өглөө. Цаг уурын байгууллагын өгч байгаа мэдээллээр энэ зургаадугаар сарын 17-ноос баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар борооших төлөвтэй байгаа бөгөөд үерийн эрсдэл өндөр байгаа гэдгийг энэ үеэр мэдээллээ.Завхан, Өвөрхангай аймгуудын нутгаар зургаадугаар сарын 12-нд орсон түр зуурын аадар борооны улмаас Завхан аймгийн Улиастай суманд 20 орчим айлын байшин, гэр, хашаа руу үерийн ус орсон, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын нутагт айлын 5 ханатай гэр, Богд сумын нутагт 2 айлын гэр үерт өртөж, 500 гаруй бог мал хорогдоод байна. Тиймээс орон нутгийн түвшинд бэлэн байдлыг хангаж, үер усны аюулаас сэрэмжтэй байх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг тухай бүр авч хэрэгжүүлэн, гүйцэтгэлийг хангаж ажиллах шаардлагатайг онцоллоо.Мөн Улсын онцгой комиссын 2024 оны “Шар усны үер, үерийн аюулаас урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээ авч хэрэгжүүлэх тухай” 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг бүх шатанд хангаж ажиллах, эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан үерийн эрсдэлтэй цэгүүдэд шуурхай хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд шаардлагатай нөөцийг байршуулах, үерийн эрсдэлтэй газар суурьшсан айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх, үерээс хамгаалах далан, суваг, шуудуунд үзлэг шалгалт тогтмол зохион байгуулах, гарц, урсацыг нээж, хяналт тавьж ажиллах, цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх анхааруулга, сэрэмжлүүлэг мэдээ, мэдээллийг олон нийтэд тогтмол хүргэхийг чиглэл болголоо.
2024/06/14
281
НИЙГЭМ
Энэ онд 22 байршилд үерийн хамгаалалтын барилга байгууламжийг шинээр барина
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XX хуралдаан эхэллээ. Хуралдаанаар үер, усны гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай, нийслэлийн үнэт цаас гаргаж, арилжих тухай, нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоох тухай зэрэг асуудлыг хэлэлцэж байна. Хуралдааны эхэнд нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг үер, усны гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээллийг өглөө.БХБЯ болон НЗДТГ хамтран Улаанбаатар хотын үерийн эрсдэлийн үнэлгээг гаргасан. Тус үнэлгээгээр 1966 оны үертэй дүйцэх хэмжээний үер тохиолдоход Туул гол орчмын 3200 га суурьшлын бүсээс эхлээд Төмөр зам, Дунд гол, ТЭЦ-4, Төв цэвэрлэх байгууламж усанд автаж, 34,900 га талбай нэг метрээс дээш гүнтэй усанд автах магадлалтай гэсэн дүгнэлт гарсан юм.Тэгвэл Улаанбаатар хотын хэмжээнд 163,6 км  үерийн хамгаалалтын далан, суваг, ус хүлээн авах шүүрт худаг 400, замын борооны ус зайлуулах 209 км шугам сүлжээ, хөрсний ус зайлуулах 24.9 км шугам сүлжээ байдаг. Гэвч эдгээр үерийн хамгаалалтын барилга байгууламж, шугам сүлжээний 67 хувь нь насжилтын хугацаа дууссан. Иймээс үер, усны гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Улаанбаатар хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөө 2040”-ийг дөрвөн үе шаттай хэрэгжүүлнэ. Ингэхдээ 408 км үерийн хамгаалалтын барилга байгууламж, 88.4 км урт ул хөрсний түвшин бууруулах байгууламж, 290 км зам, талбайн борооны ус зайлуулах шугам сүлжээ барих юм. Энэ онд 22 байршилд үерийн хамгаалалтын 12 км барилга байгууламжийг шинээр барина. Өнөөдрийн байдлаар зургаан байршилд борооны усны шугам, үерийн далангийн засварыг хийсэн.Мөн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Дунд голын үерийн хамгаалалтын далангийн угсарч байна. Мөн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Дунд голын голдирлыг хааж хашаагаа хэтрүүлэн барилга, байгууламж барьж, чингэлэг байршуулсан “Авто терминал трейд” ХХК-тай зөвшилцөн, зөрчлийг арилгуулсан бол Дунд голын бургасан дотор байшин барьсан иргэний зөрчлийг арилгуулахын зэрэгцээ стандартын бус гүүрнүүдийг буулгаж, хог хаягдлыг тээвэрлэж байна. Үүний дараа үерийн хамгаалалтын далан барих, барилга байгууламжийг хүчитгэх ажлуудыг эхлүүлнэ. Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XX хуралдаан үргэлжилж байна. 
2024/06/13
258
НИЙГЭМ
Иргэд үл хөдлөх хөрөнгөө нүүлгэн шилжүүлж, газраа чөлөөлж эхэллээ
Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд хэрэгжиж буй. Төслийн хүрээнд иргэдээс нийгэм, эдийн засгийн судалгаа авч, газар болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг иргэдтэй зөвшилцөж, зөвшилцсөн иргэдийн нөхөх олговрыг олгож эхэлсэн. Өнөөдрийн байдлаар газар чөлөөлөлтөд өртөж буй 2206 нэгж талбарын 2000 гаруй иргэнээс нийгэм, эдийн засгийн судалгаа авахад 93 хувь нь газар чөлөөлөлтийг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш тухайн бүс нутгийн 1423 иргэн, аж ахуйн нэгжийн газар болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хийж, үнэлгээний дүнг иргэдэд танилцуулсан юм. Гэрээ байгуулах ажил үргэлжилж байгаа бөгөөд одоогийн байдлаар 900 орчим нэгж талбартай гэрээ байгуулж, 564 иргэний нөхөх олговрыг олгох Нийслэлийн Засаг даргын захирамж гараад буй. Иймд эхний ээлжийн гэрээ байгуулж, нөхөх олговроо авсан иргэд үл хөдлөх хөрөнгөө нүүлгэн шилжүүлж, газраа чөлөөлж эхэллээ.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар: -Сэлбэ дэд төвийн хүрээнд 158 га талбайд 2,000 нэгж талбар айлын газар чөлөөлөх төлөвлөлтийг хуулийн төсөлд тусгасан. Газар чөлөөлөх эрх зүйн орчныг шинэчилснээр тухайн бүсэд харьяалагдаж буй айл өрхийн хөрөнгийн үнэлгээ, хээрийн судалгаа, хэмжилтийг хийж, өнгөрсөн дөрөвдүгээр сараас нөхөн олговор олгож эхлээд буй. Ингэснээр дундаа ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн бүхий 12 мянган айлын иж бүрэн орон сууцны цогцолбор хорооллыг барих санхүүгийн болон зураг төслийн бэлтгэл хангагдаж байгаа юм. Энэ хүрээнд эхний ээлжид газраа бүрэн чөлөөлсний дараагаар ариун цэврийн байгууламжийг цэвэрлэх болон хөрсний ариутгал хийж, хашаа, байшингийн хог хаягдлыг зөөх ажлыг энэ сараас эхлүүлнэ. Чөлөөлсөн газрын 60 хувьд нь орон сууц, 40 хувьд нь зам талбай, ногоон байгууламж хийхээр төлөвлөж байна. Мөн сэргээгдэх эрчим хүч, усны эрүүл ахуйг ханган ажиллахаар судалгаа хийсэн. Ташрамд, Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулахдаа бүрэн төлөвлөх бөгөөд эхний ээлжид 12 мянган айлын орон сууцыг барина. Энэхүү төслийн төлөвлөлтийг 20 минутын хот зарчмыг баримталж, цогц байдлаар хийхээр зорьж буй. Ингэснээр иргэдэд төрийн үйлчилгээ ойртож, агаар болон хөрсний бохирдол буурч, автомашины түгжрэлийн асуудлыг тодорхой хэмжээнд шийдэж чадах юм. 
2024/06/13
299
НИЙГЭМ
Цаг агаарын болон бэлчээрийн мэдээллийг гар утасны мессеж хэлбэрээр шуурхай хүлээн авах боломжтой
Өөрийн амьдарч байгаа аймаг, сумынхаа болоод  аялж, амарч зугаалж байгаа нутаг, орныхоо цаг агаарын  болон бэлчээрийн мэдээллийг гар утасны мессеж хэлбэрээр шуурхай хүлээн авах боломжтой. Тус системийн тусламжтайгаар мэдээлэл авах хүсэлт гаргахдаа 130-105 дугаарт мессеж илгээнэ. Үүнээс гадна  код ашиглан аймаг, сумынхаа цаг агаарын мэдээллийг http://sms2.nema.gov.mn/ сайтаас хүлээн аваарай. Иргэн та бүхэн цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг тухай бүрт хүлээн авч, ажил, амьдралдаа хэрэгжүүлэн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна. 
2024/06/13
222
НИЙГЭМ
Туул голын эрэг дагуу байршуулсан мэдээллийн самбарууд танд 'тусална'
ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс Монголын Улаан загалмай нийгэмлэгтэй хамтран судалгааны ажлын үр дүнд тулгуурлан “Мэдээллийн самбар”-ыг Туул голын эрэг дагуу үерлэх, иргэд осолдох эрсдэл бүхий 10 цэгт байршуулсан.Тус сэрэмжлүүлэг самбараас усны ослын статистик мэдээлэл, байршил заах гурван үгт хаяг, цэг тус бүрийн усны гүний мэдээллийг монгол, англи хэлээр авах боломжтой. Мөн үерийн усны түвшин хэмжих багана, анхны тусламжийн хайрцагтай. Тиймээс иргэн та бүхэн Туул гол дагуу амарч, зугаалахдаа энэхүү самбар байршуулсан газрыг анхаарч, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна. 
2024/06/13
282