mmnews.mn | 2025-11-02

ДЭЛХИЙ

ДЭЛХИЙ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павелын урилгаар 2025 оны 03 дугаар сарын 09-12-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.Энэхүү төрийн айлчлал нь Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд болох бөгөөд Монгол Улсын Төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Чех Улсад 10 жилийн дараа хэрэгжүүлж буй айлчлал юм.Төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын Төрийн тэргүүн нар ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэлд мэдээлэл өгнө.Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Чех Улсын Сенатын танхимын дарга, Төлөөлөгчдийн танхимын дарга болон Ерөнхий сайд нар тус тус бараалхана.Мөн хоёр орны уламжлалт, найрсаг харилцааны түвшнийг ахиулж, боловсрол, байгаль орчин, хөдөө аж ахуй, спорт, хууль эрх зүй зэрэг чиглэлээр Засгийн газар хоорондын хэлэлцээр болон байгууллага хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд талууд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.Айлчлалын хүрээнд Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн тэмдэглэлт ойг тохиолдуулан Прага хотноо Морин хуур найрал хөгжмийн тоглолт, бизнес форумыг тус тус зохион байгуулна.Мөн хоёр улсын Төрийн тэргүүн нарын ивээл дор Чехийн Үндэсний музейд дэлгэгдэх “Чингис хаан” олон улсын үзэсгэлэнг нээнэ.
2025/03/07
396
ДЭЛХИЙ
УИХ-ын ажлын хэсгийн гишүүд Япон Улсын асаргаа, сувилгаа, нийгмийн хамгааллын талаар туршлага судалжээ
Улсын Их Хурлын даргын 2024 оны 100 дугаар захирамжаар байгуулагдсан асрах үйлчилгээний нөхцөл байдалтай танилцах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг судлах, зохицуулалтын хэрэгцээ, шаардлагын талаар нягтлах ажлын  хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Баясгалан болон тус ажлын хэсгийн  гишүүн, УИХ-ын гишүүн, О.Саранчулуун, Д.Энхтуяа, М.Нарантуяа-Нара, С. Эрдэнэбат нар Япон Улсын ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн  асаргаа, сувилгаа, нийгмийн хамгааллын талаар туршлага судлаад ирсэн байна.  Япон Улсад хэрхэн ажилласан талаараа тэд өнөөдөр /2025.02.24/ хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. УИХ-ын гишүүн Д.Энхтуяа, манай улсын ахмад настнуудын 47 хувь нь бие махбодийн, 65 хувь нь сэтгэл зүйн, 30 хувь нь үл хайхрах хүчирхийлэлд өртөж байна гэсэн судалгааг ХЭҮК-оос гаргажээ. Тиймээс ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асрах, хамгаалах тухай хуулийн шинэчлэл  зайлшгүй шаардлагатай байна. Эдгээр иргэдээ төрийн зүгээс асарч, хамгаалах ёстой гэсэн байр суурин дээрээ хатуу байж, тууштай ажиллаж, тодорхой үр дүн гаргана хэмээн зорьж байна. Мөн УИХ-ын гишүүд  албан томилолтоор явж ирээд хэрхэн ажилласан тайлангаа тавьдаг жишгийг тогтоох нь зүйтэй гэж үзээд энэхүү хэвлэлийн бага хурлыг зохион байгуулж байгаагаа онцолсон юм.УИХ-ын О.Саранчулуун, Монгол Улсын 10 хүний тутмын нэг нь ахмад настан бол 30 жилийн дараа 5 хүн тутмын нэг нь ахмад настны тоонд орохоор судалгаа байна. Тиймээс өнөөдрийн ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ төлөө төдийгүй өөрсдийнхөө ирээдүйд угтах амьдралдаа өөдрөг, сэтгэл тайван хүрэхийн тулд одооноос өөрчилж, шинэчлэх ёстой юм гэсэн бол УИХ-ын гишүүн Ж.Баясгалан, бид асрах үйлчилгээний эрх зүйн орчныг сайжруулах анхдагч хуулийн төслийг санаачлан боловсруулж байна. Өнөөдөр манай улсын хүн амын 10 хувь буюу 387,5 мянган ахмад настан, 111,2 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна.Түүнээс гадна эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчид, асрамжийн газар буй ахмад настнууд гээд зайлшгүй асаргаа, сувилгаа хэрэгтэй иргэдийн эрх ашиг хөндөгдөж байна. Япон Улс асрах үйлчилгээний талаарх хуулиа хэрхэн хэрэгжүүлж буйг онцолж судаллаа. Тус улсын иргэд 40 нас хүрээд асрах үйлчилгээний даатгалаа төлж эхэлдэг юм байна. Ингээд 65 нас хүрэхэд  асрах үйлчилгээний эрх нь нээгддэг ажээ. Асрах үйлчилгээний төлбөрийн 30 хүртэл хувийг иргэн өөрийн төлсөн даатгалаараа, 70-аас дээш хувийг төр хариуцдаг тогтолцоотой байна. Тиймээс  бусад орны сайн туршлагыг судалж, иргэддээ амьдрах, урт наслах итгэлийг өгсөн, ирээдүйгээ өөдрөг угтах хуулийн төслийг боловсруулан, өргөн барих хэрэгтэй байна гэв.  УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара, Япон Улс асран хамгаалах шаардлагатай иргэдээ долоон төвшинд үнэлээд төр, төрийн бус байгууллагуудтайгаа хамтран ажилладаг давуу талтай ажээ. Тиймээс миний хувьд ахмад настан болон асран хамгаалах иргэдийнхээ нөхцөл байдлыг хэрхэн үнэлдэг энэхүү арга туршлагыг онцолж судаллаа. Мөн тухайн орон нутгийн засаг захиргааг ахмад настнуудынхаа нийгмийн амьдралын оролцоо, бие даан амьдрах чадварыг хэр хангасан байдлаар нь үнэлж, урамшуулал олгодог нь зөв санагдлаа гээд цаашид туршлага судалсан үйл ажиллагаагаа ажил хэрэг болгохын төлөө ажиллана гэв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2025/02/25
368
ДЭЛХИЙ
Шадар сайд Т.Доржханд Бахрайны Хаант Улсад ажлын айлчлал хийж байна
Монгол Улсын Шадар сайд Тогмидын Доржхандыг Бахрайны Хаант Улсын Шадар сайд Шейх Халид бин Абдулла Аль Халифа хүлээн авч уулзлаа.Уулзалтын хүрээнд Монгол Улсад эрчим хүч, уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулах боломжууд, соёлын салбарын хамтын ажиллагаа, Бахрайны хаант улсын амины орон сууц хөгжүүлсэн менежмент, гадаадын хөрөнгө оруулалт татах сайн туршлагыг нэвтрүүлэх талаар хэлэлцэв.ШАДАР САЙД Т.ДОРЖХАНД: “Монгол Улс өргөн уудам газар нутагтай төдийгүй эрдэс баялгийн арвин нөөцтэй, дэлхийн хоёр дахь том эдийн засагтай хамгийн ойр улс бөгөөд гадаадын хөрөнгө оруулалтад бид нээлттэй ханддаг. Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират зэрэг булангийн орнууд Монгол Улсад хөрөнгө оруулах, ялангуяа, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах сонирхол өндөр байгаа. Монгол Улсын хувьд Бахрайны хаант улстай эрчим хүч, уул уурхай, хөдөө аж ахуй, соёлын салбарт хамтран ажиллахаар зорьж байна” гэж хэллээ.БАХРАЙНЫ ХААНТ УЛСЫН ШАДАР САЙД ШЕЙХ ХАЛИД БИН АБДУЛЛА АЛЬ ХАЛИФАМонгол Улсын Засгийн газрыг төлөөлж Шадар сайд Т.Доржханд Бахрайны хаант улсад айлчлал хийж буйд талархал илэрхийллээ. Бахрайны хаант улсын хувьд гадаадын хөрөнгө оруулалтыг амжилттай татсан. Тээвэр логистик, уул уурхай, хөдөө аж ахуй, эрчим хүч болон мэдээллийн төв байгуулах чиглэлээр хамтран ажиллах боломж байгааг дурдав. Харбины хэлэлцээрийн үр дүнд Монгол Улс БНХАУ-д сэргээгдэх эрчим хүч экспортлох боломж нээгдсэнийг Арабын орнуудын Засгийн газар олзуурхаж байгааг онцоллоо.Айлчлалын хүрээнд Бахрайны хаант улсын Ханхүү бөгөөд Эрчим хүч, байгалийн нөөцийн дээд хороо, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, Хааны харуулын хүчний командлагч Шейх Нассер Бин Хамад Аль Халифатай уулзалт хийв.Дашрамд Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл Бахрайны хаант улсын хөрөнгө оруулалтын сайн туршлагыг судалж, хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
2025/02/25
387
ДЭЛХИЙ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай 2025 оны  хоёрдугаар сарын 14-ний өдөр Харбин хотноо уулзав. Энэ бол хоёр орны Ерөнхий сайд нарын тавдахь удаагийн уулзалт. Айлчлал, уулзалт бүрд яригдсан  төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж, бодит ажил болж байгаад талууд талархлаа илэрхийллээ.Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Азийн IX удаагийн өвлийн наадам”-ыг амжилттай зохион байгуулсан Хятадын Засгийн газарт баяр хүргэлээ.Хоёр улсын Засгийн газрын тэргүүн нар өнгөрсөн оны арван нэгдүгээр сард Шанхай хотноо уулзсанаас хойш Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж, тодорхой ололт амжилт гарч буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Ялангуяа, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй 14 мега төслийн нэг болох Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох төсөл идэвхтэй урагшилж, энэ удаа “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурсан нь хоёр талын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтойг онцолсон юм. Цаашид дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, хөгжлийн стратегийг харилцан уялдуулах, худалдааны бүтцийг төрөлжүүлэх, хилийн боомтуудыг харилцан холбох, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх, байгаль орчин, аялал жуулчлал, үйлдвэрлэл, шинэ эрчим хүч, ногоон болон цахим эдийн засаг зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд нягт хамтран ажиллахаар тохиролцов.  Мөн талууд Монгол, Хятад, Оросын гурван талт хамтын ажиллагааг бэхжүүлэхээр санал нэгдлээ.\
2025/02/17
441
ДЭЛХИЙ
Дэлхийн хотуудын хөгжлийн тренд – TOD /Ttansit-oriented development/
“20 минутын хот” Үндэсний хороо, Монгол Улс дахь Япон Улсын Элчин Сайдын яам, JICA байгууллага хамтран хот төлөвлөлтийн орчин цагийн арга барил, сайн туршлагыг хуваалцах зорилгоор "Япон улсын иргэдийн оролцоог хангасан тээвэрт суурилсан хөгжил буюу TOD (Transit-oriented development)-ын туршлага" сэдэвт уулзалтыг 2025 оны хоёрдугаар сарын 13-нд зохион байгууллаа. Уулзалтыг нээж “20 минутын хот” Үндэсний хорооны даргын зөвлөх, доктор Б.Батболд, Монгол улс дахь Японы Элчин Сайдын яамны Дэд тэргүүн Кондо Казүмаса, ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Мияаги Кэнсүкэ, Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр нар үг хэллээ. Японы Алмек корпорацийн Гадаад улс орнуудын төсөл хөтөлбөрийн газрын нэгдсэн төлөвлөлтийн хэлтсийн менежер Абэ Томоко уулзалтын үндсэн илтгэлийг хэлэлцүүлсэн юм.   TOD /Ttansit-oriented development/ - Тээвэрт суурилсан хөгжил нь хот төлөвлөлтийн бодлогод ихээхэн түлхэц болохуйц дэвшилтэт арга зам буюу нийтийн тээврийн ашиглалтыг дэмжих зорилгоор төлөвлөгдсөн хот, дүүргийн хөгжлийн загвар юм. Энэхүү нэр томьёо дэлхийн зарим улс орнуудын хот байгуулалт, дизайны салбарт нэлээн хэдэн жилийн өмнөөс хэрэглэгдэж ирсэн бөгөөд уг үзэл санааг хамгийн амжилттай хэрэгжүүлж буй орны жишээнд Японыг дурдаж болно. Японд transit-oriented development (TOD) загварыг амжилттай хэрэгжүүлсэн олон жишээ байдаг. Ялангуяа нийтийн тээврийн системийн боловсронгуй байдал, хөгжил нь TOD-д чухал үүрэг гүйцэтгэдэг. Хамгийн тод жишээнүүдээс дурдвал: 1. Токио нь TOD-ыг хамгийн сайн ойлгуулсан хотуудын нэг бөгөөд энд байршил сайтай галт тэрэгний буудал, метро, нийтийн автобусны системийг хослуулсан томоохон дэд бүтэц бий. Япончууд өдөр тутмын амьдралдаа нийтийн тээврийг түлхүү ашигладаг нь TOD-ын загварыг амжилттай хэрэгжүүлэхэд нөлөөлдөг аж. Токиод байрлах "Shinjuku" болон "Shibuya" буудлуудын ойр орчимд олон тооны  бизнес, худалдааны төвүүд, орон сууц, үйлчилгээний газрууд байрлаж байна. 2. Осака хотод "Namba" болон "Umeda" станцуудын орчимд TOD-ын загварыг мөн амжилттай хэрэгжүүлсэн. Эдгээр станцын орчимд худалдаа, амралт, оффис, орон сууцны барилга зэрэг олон төрлийн үйлчилгээтэй, жижиг дунд бизнесүүд ажиллаж байна. 3. Нагоя хотын "Nagoya" станцын ойр орчимд бас бизнес, худалдаа, зочид буудал болон орон сууцны зэрэг төслүүдийг нэгтгэн TOD загвараар хэрэгжүүлсэн. 4. Кобэ хот нь "Sannomiya" станцын орчимд TOD-ын загварыг хэрэгжүүлж байгаа бөгөөд энд нийтийн тээвэр, супермаркет, зочид буудал, оффисууд зэрэг олон төрлийн үйлчилгээ бий. Японы эдгээр жишээнүүд нь TOD-ын аргаар хот, дүүргүүдийг хөгжүүлэхийн тулд нийтийн тээвэр, аялал жуулчлалыг дэмжих, нийгмийн хөгжлийг хангах чиглэлээр хэрхэн амжилттай ажиллаж байгааг харуулж байна. Тэгвэл TOD загварыг Монголд хэрэгжүүлэх боломж, тулгарч болохуйц саад бэрхшээлүүд юу байж болох вэ? Японы туршлагыг Монголын хөрсөн дээр буулгаж хэрэгжүүлэхийн тулд эхний ээлжинд автобус, төмөр зам, цаашлаад метро гэх мэт шинээр үүсэх тээврийн төрлүүдийг интеграцчилж, иргэдэд сайн сурталчилж соён гэгээрүүлэх замаар тэдний оролцоог нэмэгдүүлэх, мөн ТOD-ын хүрээнд явган алхагчид, дугуйчдын аюулгүй байдлыг хангах шаардлагатай юм. Хот төлөвлөлтийн энэхүү дэвшилтэт загварыг хэрэгжүүлснээр тухайн буудал, станцтай ойролцоох үл хөдлөх хөрөнгүүдийн үнэ өсөж, ойр орчимд нь жижиг дунд бизнес эрхлэгчид үйл ажиллагаа явуулах таатай орчин бүрдэн, ашиг орлого нь ч тодорхой хэмжээгээр нэмэгдэх нь мэдээж. Ямартай ч,  Япон зэрэг хөгжилтэй орнуудын туршлагаас суралцан, өөрийн орны нөхцөл байдал, иргэдийн соёл боловсролтой уялдуулан хэрэгжүүлэх нь Улаанбаатар хотын автозамын түгжрэл, агаарын бохирдол зэргийг нааштайгаар шийдвэрлэхэд сайнаар нөлөөлөх нь дамжиггүй. Д.Мягмарсүрэн
2025/02/14
555
ДЭЛХИЙ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийх ажлын айлчлал эхэлж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсад хийх ажлын айлчлал эхэлж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар өнөөдөр уулзалт хийнэ. Уулзалтын дараа “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т талууд гарын үсэг зурна.Мөн Ерөнхий сайд тус улсын Харбин хотноо зохион байгуулагдаж буй “Харбин-2025” Азийн өвлийн спортын ес дэх удаагийн наадмын хаалтын ёслолд оролцоно.
2025/02/14
454
ДЭЛХИЙ
АНУ хамгийн их зардалтай яам, агентлагуудыг шалгаж эхэллээ
АНУ-ын Ерөнхийлөгч ДональдТрамп хүнд суртлыг хумих, үр ашиггүй зардлыг танах зорилго бүхий асар өргөн хүрээтэй хяналт, шалгалтыг улс орон даяар хийж байна. Тэрбээр Илон Маскаар удирдуулсан шинжээчдийн багийг Пентагон (Батлан хамгаалахын яам), Боловсролын яам, Сангийн яам, Хэрэглэгчийн санхүүгийн хамгаалах товчоо зэрэг хамгийн том төсөвтэй яам, агентлаг руу илгээжээ. Тус улсын шинэ засаг захиргаа нь байгуулагдсан эхний гурван долоо хоногтоо л холбооны 17 агентлагт хяналт, шалгалт оруулаад байна. Энэ үеэр Холбооны шүүгч "татан буугдсан АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн ажилтнуудыг захиргааны чөлөөнд гаргах, гадаад дахь ажилчдыг эх оронд нь авчрахыг даалгасан" захирамж гаргав. Мөн Илон Маскаар удирдуулсан багийг Төрийн сангийн төлбөрийн болон мэдээллийн системд нэвтрэх эрхийг түр хугацаагаар хязгаарлах яаралтай тушаал гаргажээ. Гэвч энэхүү шийдвэр нь Ерөнхийлөгч Дональд Трамп, тэрбумтан Илон Маск нарын алинд ч нөлөөлөхгүй байгаа бололтой. Тэд хяналт шалгалтуудаа үргэлжлүүлэн хийсээр байна. Улмаар энэ удаагийн төсөв хэмнэх өргөн хүрээт үйл ажиллагаа нь тэрбум биш их наяд доллар хэмнэнэ гэж мэдэгдлээ. Тэд шаардлагагүй боловсон хүчнийг төрөөс цэвэрлэх, төсвийн үр ашиггүй зардлыг танах хөтөлбөрөө ямар ч саад тотгор тулгарсан хэрэгжүүлэхээр зорьж байна. Эх сурвалж: www.nytimes.com
2025/02/12
266
ДЭЛХИЙ
УИХ-ын Тамгын газрын дэд дарга Э.Лхагва Ази, Номхон далайн бүсийн чуулга уулзалтад оролцлоо
Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллага (ЭЗХАХБ), Нээлттэй засгийн түншлэл олон улсын байгууллага хамтран “Ази, Номхон далайн бүсийн чуулга уулзалт-2025” арга хэмжээг Бүгд Найрамдах Филиппин Улсын нийслэл Манила хотод энэ сарын 04-08-ны өдрүүдэд  зохион байгуулав.Чуулга уулзалтаар ардчиллыг бэхжүүлэх, төр засгийн ил тод нээлттэй, хариуцлагатай байдлыг дээшлүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй шинэчлэлийн талаар хэлэлцэв. Түүнчлэн нээлттэй, ил тод засгийн түншлэл, санаачлагыг хэрэгжүүлэхэд бүс нутагт тулгамдаж байгаа асуудлыг хөндсөн юм. Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Э.Лхагва чуулга уулзалтын нэгдсэн  хэлэлцүүлгийн илтггэгчээр оролцож, парламентын ил тод байдал, шийдвэр гаргах түвшин дэх иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн онцлох санаачилгуудаас танилцуулсан юм. Тэрбээр, илтгэлийнхээ эхэнд Монгол Улсын Их Хурал жендэрийн мэдрэмжээ үнэлсэн 13 дахь парламент төдийгүй хүний эрхийг хэрхэн хангаж буй талаар өөрийн үнэлгээг хийсэн олон улс дахь анхны парламент гэдгийг онцлов. Энэхүү өөрийн үнэлгээний үйл ажиллагааны тайлан, санал зөвлөмж нь Монгол Улсын Их Хурал хүний эрхийг дээдэлсэн, жендэрийн мэдрэмжтэй үйл ажиллагаа явуулахад онцлох хувь нэмэртэйг дурдаад өөрийн үнэлгээний асуулгууд, хэлэлцүүлгийн оролцогчид болон санал, зөвлөмжүүдээс танилцууллаа.Үргэжлүүлэн Монгол Улсын Их Хурлын даргын санаачилсан, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлуулан хөгжүүлэх Үндсэн хуулийн эрхэм зорилгод тулгуурлсан “ГУРВАН ТӨГӨЛДӨРШИЛ” бодлогын талаар танилцуулсан. Монгол Улсын Их Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламент анхдугаар чуулганаараа ирэх дөрвөн жилд хүний эрхийг хангах, хамгаалах, хүн төвтэй хууль эрх зүйн орчныг бүрдүүлж ажиллана гэдэг үзэл баримтлалаа зарласан. Хууль хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй үзэл санаа бүхий байх, нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцүүлэн, эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй гаргадаг болох, хуулийг иж бүрэн зохицуулалттай, тодорхой, ойлгомжтой болгож, хууль болон журмаар зохицуулах харилцааны заагийг тодорхойлоход “ГУРВАН ТӨГӨЛДӨРШИЛ”-ийн зорилго оршиж буй талаар илтгэлдээ онцолсон юм.Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Э.Лхагва илтгэлийнхээ төгсгөлд парламентаас хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, баталсан хууль тогтоомжийг таниулж, олон нийтийг мэдээллээр хангах, эргэх холбоог бэхжүүлэх үүднээс Хууль сурталчлах төвийг Баянхонгор, Дархан-Уул, Өвөрхангай, Говьсүмбэр аймгуудад байгуулсныг тодотголоо. Эдгээр санаачилга нь Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн оролцоо, дуу хоолойг нэмэгдүүлэх замаар төлөөллийн ардчиллыг сайжруулах, ил тод, нээлттэй засаглалыг бэхжүүлэхэд чухал үр дүнтэй гэж байлаа.Бүс нутгийн хамтын ажиллагаа, олон талт оролцоог хангах замаар ил тод, нээлттэй засаглалыг бэхжүүлэх, гишүүн орнуудын сайн туршлага, зорилтот үйл ажиллагааг таниулж, хамтын санаачилгыг хэрэгжүүлэхэд чиглэсэн чуулга уулзалтад Ази, Номхон далайн орнуудын төрийн болон иргэний нийгэм, олон улсын байгууллагын 800 гаруй төлөөлөгч оролцжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
2025/02/12
297
ДЭЛХИЙ
Монгол, Узбекистаны Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдаан боллоо
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Узбекистаны Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдаан 2025 оны 02 дугаар сарын 07-08-нд Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо зохион байгуулагдаж байна.Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдааныг Шадар сайд, Монголын хэсгийн даргаС.Амарсайхан, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхий сайдын орлогч, Узбекистаны хэсгийн дарга Ж.Ходжаев нар ахалж, хоёр улсын холбогдох яам, байгууллагын төлөөлөл оролцов.Талууд Монгол, Узбекистаны нийгэм, эдийн засгийн байдлын талаар харилцан мэдээлэл солилцож, хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг гүнзгийрүүлэх, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, тээвэр, логистик, боловсрол, соёл, хүмүүнлэг зэрэг бүхий л салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар яриа хэлэлцээ хийж, хуралдааны дүнгээр Протоколд гарын үсэг зурлаа.Хуралдааны эхэнд Шадар сайд С.Амарсайхан Төв Азийн зүрхэнд орших, бүс нутагтаа хамгийн том зах зээлтэй Узбекистан Улсыг манай чухал түнш, Төв Азитай холбосон гүүр хэмээн үздэгээ илэрхийлээд сүүлийн жилүүдэд Монгол, Узбекистаны улс төрийн итгэлцэл бэхжиж, дээд, өндөр түвшний айлчлал, яриа хэлэлцээ тогтмолжиж, харилцан ашигтай хамтын ажиллагаа өргөжин хөгжиж буйг онцлов.Мөн Монгол, Узбекистаны Засгийн газар хоорондын комисс нь манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засгийн бодит агуулгаар баяжуулан хөгжүүлэх чухал механизм болж хөгжинө гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.Талууд 2024 онд хоёр улсын харилцааг эрчимжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах түүхэн үйл явдлууд, түүний дотор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Узбекистан Улсад хийсэн анхны төрийн айлчлал амжилттай хэрэгжиж, Монгол Улс Ташкент хотноо Элчин сайдын яамаа нээснийг онцлов. Монгол, Узбекистаны төрийн тэргүүн нарын ярьж тохирсон ажлууд эхнээсээ бодит ажил хэрэг болж буйг хоёр тал сайшаан тэмдэглэлээ. Тухайлбал, хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт бодит хамтын ажиллагааг өрнүүлж, Монгол Улсаас 100 мянган толгой мал Узбекистан Улсад нийлүүлэх ажил амжилттай эхэлснээр цаашид мал аж ахуйн хамтарсан кластер байгуулах төслийг хэрэгжүүлэхэд чухал түлхэц болно гэдгийг талууд санал нэгтэй тэмдэглэв.Ерөнхий сайдын орлогч Ж.Ходжаев хоёр улсын худалдаа, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх хүрээнд “Узбекистаны худалдааны төв”-ийг Монгол Улсад энэ онд нээхээр төлөвлөж буйгаа илэрхийлээд тус төвийг байгуулахад хоёр улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын хамтын ажиллагаа чухлыг тэмдэглэв.Хоёр тал Узбекистаны зах зээлд хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүн, түүний дотор арьс, шир, ноос, ноолууран бүтээгдэхүүн экспортлох, нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд үргэлжлүүлэн нягт хамтран ажиллах, мөн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо “Узбекистан Улсад үйлдвэрлэв ” үзэсгэлэн, худалдааг энэ онд зохион байгуулахаар тохирлоо. Талууд зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхийн чухлыг тэмдэглээд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Узбекистан Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр байгуулсан “Агаарын харилцааны тухай” хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд Улаанбаатар-Ташкент чиглэлийн хуваарьт нислэгийг энэ оны хоёрдугаар хагаст үйлдэж эхлүүлэхээр тохирсон нь хоёр улсын, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдгийг онцоллоо.Мөн энэхүү комиссын хуралдааны хүрээнд “Монгол, Узбекистаны зам, тээврийн хамтарсан хорооны анхдугаар хуралдаан”-ыг зохион байгуулж, хоёр улсыг холбосон авто замын коридор, шинэ маршрутыг бий болгох, бараа бүтээгдэхүүний туршилтын тээвэрлэлтийг эхлүүлэхээр тохиров.Түүнчлэн талууд эрчим хүч, уул уурхайн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, түүний дотор геологийн судалгаа, хайгуул, олборлолт, боловсруулалт болон ашигт малтмалын баяжуулалтын чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдлээ.            Сэргээгдэх болон ногоон эрчим хүч зэрэг тэргүүлэх чиглэлээр хамтарсан судалгаа, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар судалж, ажиллахаар болов.Мөн боловсрол, соёл, шинжлэх ухаан, техникийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, холбогдох байгууллага, судалгааны хүрээлэн, их, дээд сургуулиудын хамтын ажиллагааг хөгжүүлж, эрдэмтэн судлаачдын солилцоог нэмэгдүүлэх, эрдэм шинжилгээний бага хурал, соёл, урлагийн хамтарсан тоглолт, соёлын өдрүүдийг хамтран зохион байгуулахаар тогтлоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Узбекистаны “Ногоон орон зай” төсөлтэй уялдуулан хэрэгжүүлэх, үүнд Узбекистаны жимс, жимсгэнийн модны суулгацыг Монгол Улсад нутагшуулах, говийн бүс нутагт цэцэрлэгжүүлэлтийн загвар аж ахуйг байгуулах, шинэ суулгацын хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх, “Монгол, Узбекистаны найрамдлын цэцэрлэгт хүрээлэн” байгуулах боломжийг судлах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.Шадар сайд С.Амарсайхан тус комиссын хуралдааны хүрээнд зохион байгуулагдсан “Монгол-Узбекистаны бизнес форум болон ажил хэргийн зөвлөлийн анхдугаар хуралдаан”-ыг нээж, үг хэллээ. Тэрээр, энэхүү арга хэмжээнд Монгол Улсаас 50, Узбекистанаас 80 гаруй төлөөлөл оролцож байгаа нь манай хоёр орны бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд хамтран ажиллах хүсэл эрмэлзэл дүүрэн байгаагийн илрэл хэмээн тэмдэглэв. Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан Хоёр орны баялаг бүтээгчдийн нягт хамтын ажиллагаа нь Монгол, Узбекистаны харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх төдийгүй бүс нутгийн худалдаа, эдийн засгийн хөгжил цэцэглэлтэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.Монгол Улсын бизнесийн төлөөллүүд тус улсын мах, махан бүтээгдэхүүний боловсруулалт болон цахилгаан хэрэгслийн үйлдвэрлэлээрээ Узбекистан Улсад тэргүүлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцах юм байна.
2025/02/08
444
ДЭЛХИЙ
Их өгөгдөлд суурилсан загварчлалуудыг бий болгохоор Их Британийн 'Skyral' компанитай хамтран ажиллана
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Их Британийн “Skyral” компанитай хамтран их өгөгдөлд суурилсан загварчлалуудыг бий болгохоор эхний уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай, “Skyral” компанийн захирал Николас Жон Блэр болон холбогдох албаныхан оролцсон юм.Уулзалтын үеэр хотын дарга Х.Нямбаатар “Энэ онд нийслэл хот авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн олон төрөлт хэлбэрийг хөгжүүлэх, агаарын бохирдлыг бууруулах төслүүдийг хэрэгжүүлнэ. Тодруулбал, Туулын хурдны зам, Тойрог хурдны зам, Трамвайны хоёр шугам, метроны шугам гэх мэт томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлэхээр олон улсын нээлттэй тендерийг үе шаттай зарлаад байна.  Эдгээр төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд хиймэл оюун ухааны их өгөгдөлд суурилсан загварчлал дээр бүхий л инженерингийн төлөвлөлтүүдээ хийнэ. Тэр ч утгаараа Их Британийн технологийн компани болох “Skyral” компанитай хамтран Улаанбаатар хотын их өгөгдөлд суурилсан загварчлалуудыг бий болгохоор эхний уулзалтыг зохион байгууллаа” гэв. Их өгөгдөлд суурилсан загварчлалаар трамвайны нэгдүгээр шугамын өртөөнүүд хаана байрлавал тухайн орчмоос хамгийн их хүн зорчих, Тойрог хурдны замын трассыг хаагуур татвал түгжрэлийг бууруулахад нөлөөлөл нь өндөр байх зэргийг хүн бүрийн гар утасны хөдөлгөөн, явж байгаа маршрутад  хиймэл оюун ухаан дүгнэлт хийж, хамгийн боломжит загварчлалуудыг гаргаж өгөх юм. Ийнхүү Улаанбаатар хот их өгөгдөлд суурилсан загварчлалууд дээр инженерингийн болон нийтийн тээврийн төлөвлөлтийг хийхээр хамтын ажиллагаагаа эхлүүллээ.“Skyral” нь хиймэл оюун ухааны тусламжтайгаар хамгийн сүүлийн үеийн загварчлалыг бий болгон засгийн газар болон бизнесүүдэд практик, уян хатан, үр ашигтай шийдлүүдийг нэвтрүүлдэг технологийн компани юм.
2025/02/06
423
ДЭЛХИЙ
Дональд Трамп өмнөд хил дээр онц байдал тогтоох зарлигт гарын үсэг зуржээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хууль бус цагаачид өмнөд хилээр АНУ-д нэвтрэхийг зогсоох захирамжид гарын үсэг зурж, өмнөд хилээр нэвтэрсэн хууль бус цагаачдыг нэн даруй албадан буцаах, шаардлагатай бүх арга хэмжээг авахыг Дотоодын аюулгүй байдлын департамент, Хууль зүйн департамент зэрэг холбогдох яам, агентлагуудад үүрэг болгожээ.Д.Трамп тангараг өргөснийхөө дараа өмнөд хил дээр онц байдал зарлах тухай зарлигт гарын үсэг зурж, хууль бус бүх цагаачид хилээр нэвтрэхийг зогсоохын тулд боловсон хүчин, нөөцийн байршуулалтыг бэхжүүлэх, биет саадыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авахыг шаардсан юм. Мөн тэрээр холбооны болон муж улсын хууль тогтоомж зөрчсөн хэргээр баривчлагдсан гадаадын иргэдийг албадан гаргах хүртэл нь баривчлан саатуулж, холбооны хууль зөрчин тус улсад нэвтэрсэн, цагдан хоригдож буй бүх гадаадын иргэдийг албадан гаргахыг үүрэг болгосон юм.Мөн АНУ-ын өмнөд хилд 1500 цэргийн албан хаагчийг нэмж байршуулахыг үүрэгдсэн тухай лхагва гарагт Цагаан ордны хэвлэлийн шинэ төлөөлөгч Кэролин Ливитт мэдэгдэж, АНУ-ын төрийн тэргүүнийг эдгээр үйлдлээрээ дэлхийн хүн бүрд “маш хүчтэй мэдэгдэл” хийж байгаа гэдгийг онцолсон байна.Түүнчлэн Д.Трамп ерөнхийлөгчийн бүрэн эрх мэдлээ ашиглан Цагаачлалын тухай хуулийн холбогдох заалтуудыг хязгаарлажээ. Товчоор хэлбэл энэхүү хязгаарлалтуудын улмаас АНУ-д орогнол хүсэгч гадаад улс орны цагаач, дүрвэгсдийн хүлээгдэж байсан аялал, бичиг цаасны бүхий л үйл ажиллагаа зогсож, албан ёсны дагуу АНУ-ыг зорихоор хүлээж байсан гадны олон мянган иргэдийн хувь заяа тодорхойгүй болоод байна.
2025/01/23
335
ДЭЛХИЙ
Шадар сайд Т.Доржханд Давосын эдийн засгийн 55 дугаар чуулганд оролцож байна
Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд Швейцарын Давос хотноо энэ сарын 20-24-нд “Ухаалаг эрин үеийг төлөвшүүлэх нь” сэдвийн дор зохион байгуулагдаж буй Дэлхийн эдийн засгийн 55 дугаар чуулганд оролцож байна. Шадар сайд Т.Доржханд эдийн засгийн чуулганы үеэр “Эрчим хүч, түүхий эдийн геоэкономик”, “Бохирдлыг шийдвэрлэх технологийн шийдэл” зэрэг хуралдаанд оролцож, Дэлхийн эдийн засгийн форумтай байгуулах “Стратегийн оюун ухааны платформ” төслийн хамтын ажиллагааны гэрээ, Европын сэргээн босголт, хөгжлийн банктай байгуулах “Монгол Улсад сэргээгдэх эрчим хүч хөгжүүлэх, уур амьсгалын зорилтыг дээшлүүлэхэд хамтран ажиллах” санамж бичиг зэрэгт гарын үсэг зурж, ажил хэргийн уулзалтууд хийнэ. Монгол Улс энэ удаагийн чуулганы үеэр улс орноо сурталчлан таниулах зорилготой “Mongolia house”-г анх удаа ажиллуулж, хоёр болон олон талт уулзалт, хэлэлцүүлгүүд зохион байгуулж байна. Чуулганд оролцож буй 200 гаруй орноос арав гаруй улс ийм хаус ажиллуулж байна.Давосын эдийн засгийн 55 дугаар чуулганд Аргентин, Малайз, Сингапур, Тайланд, Вьетнам, Өмнөд Африк, Нидерланд, Кувейт, Перу, Бутан, Лихтенштайн, Чад, Эквадор, Латви, Финланд зэрэг улсын Ерөнхий сайд, Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Дэлхийн худалдааны байгууллага, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Олон улсын цөмийн энергийн байгууллага зэрэг байгууллагын тэргүүн оролцож байна.
2025/01/22
321
ДЭЛХИЙ
Монгол Улс Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалттай 'Стратегийн оюун ухааны платформ' хөгжүүлэхэд хамтран ажиллана
Монгол Улсын Засгийн газар Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт хооронд хиймэл оюун ухаанд суурилсан “Стратегийн оюун ухааны платформ” хөгжүүлэх хамтын ажиллагааны гэрээ байгуулж, Шадар сайд Т.Доржханд, Давосын дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын Үйл ажиллагаа хариуцсан захирал Оливер Шваб нар гарын үсэг зурлаа. Энэхүү платформ нь улс орнуудын дунд, урт хугацааны хөгжлийн бодлогын хэрэгжилтийг түргэтгэх, дэлхий дахинд гарч буй олон түвшний өөрчлөлт, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсэд дүн шинжилгээ хийх, цаг алдалгүй хариу арга хэмжээ авах, стратегийн шийдвэр гаргалтыг илүү үр дүнд хүргэх зэрэг ач холбогдолтой.Монгол Улсын Засгийн газар хиймэл оюун ухаан, хүний нөөц, ногоон шилжилтийг хөгжлийн бодлоготойгоо уялдуулан авч үзэхээ зарласан. Мөн Давосын эдийн засгийн чуулга уулзалт “Ухаалаг эрин үеийг төлөвшүүлэх нь” сэдвийн дор болж буй зэрэг нь тус платформыг хөгжүүлэхийн чухлыг нотолж буйг талууд онцлов. Монгол Улс “Стратегийн оюун ухааны платформ”-д нэгдсэнээр тухайлбал, олон улсын шинжлэх ухааны болон тинк-танк байгууллагууд, 4000 гаруй эрдэмтэн, судлаачийн судалгааны ажлыг нэг дороос авч ашиглах боломжтой болж, эдгээрийг эдийн засаг, аж үйлдвэрийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагыг тодорхойлоход ашиглахаар төлөвлөж байна. Мөн хиймэл оюун ухаанд суурилсан энэхүү дэвшилтэт платформ төрийн байгууллагуудын стратеги, төлөвлөлтийг илүү боловсронгуй, үр дүнтэй болгон төрийн бүтээмжийг дээшлүүлж, шийдвэр гаргалтад эерэг нөлөө үзүүлнэ хэмээн тооцоолж байна.Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт “Стратегийн оюун ухааны платформыг сүүлийн 10 жил хөгжүүлж буй бөгөөд Монгол Улс энэ төслийг хамтран хэрэгжүүлэх хоёр дахь улс болж байна.
2025/01/22
374
ДЭЛХИЙ
АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Дональд Трамп тангараг өргөх үедээ хэдэн асуудлыг онцгойлон дурдав
Өнгөрөгч оны 11-р сард АНУ-д явагдсан ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Дональд Трамп уламжлал ёсоор өчигдөр буюу нэгдүгээр сарын 20-нд тангараг өргөснөөр хоёр дахь бүрэн эрхийн хугацаагаа албан ёсоор эхлүүлж байна. Тэрбээр тангараг өргөх ёслолынхоо үеэр бараг 30-аад минут үг хэлэхдээ америк мөрөөдлийг дахин сэргээж, засаг захиргааны системд нүүрлэсэн хямрал, эмх замбараагүй байдлыг засаж залруулахаа амласан билээ. Түүний хэлсэн үгэнд нэлээн хэдэн чухал өнцгүүд хөндөгдсөн бөгөөд хууль бус цагаачлалтай хатуу тэмцэхээ зарлан, одоогоор Хятадын мэдэлд оршиж байгаа Панамын сувгийг эргүүлж авах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн Мексикийн буланг Америкийн булан болгох тухай өгүүлж, тэр  ч байтугай Ангараг гараг дээр мөрөө гаргана хэмээн амласан нь түүний гол дэмжигч Элон Маскт ихээхэн таалагдсан нь илт байлаа. Бас нэгэн хатуу байр суурь нь хүйсийн асуудлаарх мэдэгдэл байв. Тэрбээр “АНУ-ын засаг захиргааны албан ёсны бодлогын дагуу эрэгтэй, эмэгтэй гэсэн хоёрхон хүйс байх болно” хэмээн зарласан юм. С.Хүслэн
2025/01/21
440
ДЭЛХИЙ
Монгол, Туркийн төрийн тэргүүн нар хамтран мэдээлэл хийлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Турк Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан нар төрийн айлчлал, албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өглөө.МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,Эрхэм хүндэт хэвлэлийн төлөөлөгчид өө,Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.Өнө эртний түүх, өв соёлын уламжлалт дотно харилцаатай манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 55 жилийн ойн хүрээнд эрхэм хүндэт Ерөнхийлөгч таны урилгаар үзэсгэлэнт сайхан Турк Улсад төрийн айлчлал хийж байгаадаа баяртай байна.Бид бүхнийг элэгсэг дотноор хүлээн авч, өндөр хүндэтгэл үзүүлж байгаа Ерөнхийлөгч танд болон Туркийн төр, засаг, найрсаг ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.Монгол Улсын төрийн тэргүүний Бүгд Найрамдах Турк Улсад хийж буй энэ айлчлал нь Монгол, Туркийн ард түмний найрсаг харилцаа, хамтын ажиллагааны түүхийн нэгэн шинэ хуудсыг нээж, хоёр орны харилцааг Стратегийн түншлэлд хүргэсэн онцгой айлчлал болж байна.Ази-Европыг холбосон газар зүйн өвөрмөц байршилтай Турк Улсыг бид “гуравдагч хөрш”, итгэлт түншээ хэмээн үздэг бөгөөд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт тууштай өргөжүүлэн хөгжүүлэхийг ямагт эрмэлздэг билээ.Энэхүү төрийн айлчлалын үеэр бид харилцаа, хамтын ажиллагааны өнгөрсөн 55 жилийн ололт, амжилтаа бататгах, улам өргөжүүлэн хөгжүүлэх, улс орны хөгжил дэвшил, эдийн засгийн үр өгөөж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн харилцан ашигтай төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх талаар ярилцаж, санал солилцлоо.Бидний яриа хэлэлцээний дүнд “Стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын Хамтарсан тунхаглал”-д хоёр улсын төрийн тэргүүн гарын үсэг зурлаа.Мөн “Боловсролын салбарт хамтран ажиллах тухай”, “Залуучууд, спортын салбарт хамтран ажиллах тухай”, “Эрүүл мэнд, анагаахын шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээр болон байгаль орчин, уул уурхай, зам, тээвэр, дэд бүтэц, ойн аж ахуй зэрэг салбарт хамтран ажиллах тухай 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурлаа.Турк Улс нь манай улсын гадаад худалдааны томоохон түншүүдийн нэг бөгөөд харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, хоёр орны харилцааны бэлгэ тэмдэг болохуйц харилцан ашигтай хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийг судлан хэрэгжүүлэхээр тохиролцлоо.Тухайлбал, “Шинэ Хархорум” хот, Орхоны хөндийн аялал жуулчлалын цогцолбор зэрэг төслийн хүрээнд бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын чиглэлд туркийн талтай хамтран ажиллах сонирхлоо илэрхийллээ.Монгол Улсын “Алсын хараа 2050”, Турк Улсын “Туркийн зуун” хөгжлийн бодлогыг харилцан уялдуулж, хөрөнгө оруулалт, экспортыг нэмэгдүүлэх, эдийн засгийн чөлөөт бүсийг хөгжүүлэх, дэд бүтэц, агаарын болон төмөр замын тээвэр, ложистик, хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүн, арьс, шир, ноос, ноолуур боловсруулах чиглэлээр харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэхээр тохирлоо.Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрсний доройтол, хүнсний аюулгүй байдал зэрэг дэлхий нийтэд тулгарч буй сорилтыг даван туулж, шийдвэрлэх нь бидний нийтлэг зорилт гэдгийг онцолж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллахаар боллоо. Ойн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрт гарын үсэг зурлаа.Түүнчлэн бүх төрлийн тээвэр, ложистикийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол-Туркийн хооронд төмөр замын ачаа тээвэрлэлтийн замнал бий болгох чиглэлээр хамтрах баримт бичиг байгуулж, Турк Улсаас санаачлан хэрэгжүүлж буй Ази-Европыг холбох “Төмөр торгоны зам” буюу дунд коридорын төсөлд Монгол Улс хамрагдах боломжийн талаар ярилцлаа.“Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар санал боддоо солилцлоо.Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид өө, зочид төлөөлөгчид өө,Манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг урагшлуулах, нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшилд зориулан Туркийн ард түмэн, төр, засгаас өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд 200 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий үр дүнтэй олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэнд манай ард түмэн ямагт талархаж байдаг.Цар тахал, байгалийн гамшиг, газар хөдлөлтийн бэрхшээлтэй тулгарсан хүнд цаг үед монгол, туркийн ард түмэн хамтдаа байж, хүний эрүүл мэндийг хамгаалах болон хүмүүнлэгийн чиглэлээр хамтран ажиллаж ирсэн.Тиймээс гамшгийн хохирлыг бууруулах, гамшигтай тэмцэх, газар хөдлөлт, ой, хээрийн түймэртэй тэмцэх, аврах, хор уршгийг арилгах, чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.Монгол Улсад хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарт хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулах, хавдар судлалын эмчилгээ, оношилгооны үндэсний төвийг байгуулахад хамтран ажиллахаар ярилцаж тохирлоо.Түүх, соёл, боловсролын харилцаа нь манай хоёр орны ард түмнийг холбох чухал гүүр бөгөөд Орхоны хөндий дэх түрэгийн үеийн түүхэн олдворууд, Туркийн Ван аймагт олдсон Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурь зэрэг бидний түүх, соёлын хосгүй өв, хөшөө дурсгалыг хадгалах, хамгаалах, сурталчлах, мөн эрдэмтэн судлаач, археологийн багийн ажлыг дэмжиж, оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр санал нэгдлээ.Энэхүү төрийн айлчлалын хүрээнд Монголын ард түмний түүх, соёл, өв уламжлалын илэрхийлэл болсон, Монгол Улсын соёлын элч “Морин хуур найрал хөгжим”-ийн тоглолтоор турк анд нөхдийнхөө сонорыг мялаан, сэтгэл хөдлөм сайхан дурсамжийг хамтдаа бүтээж буйд баяртай байна.Мөн айлчлалын хүрээнд Истанбул хотноо зохион байгуулах “Монгол-Туркийн бизнес форум”-д хоёр орны олон аж ахуйн нэгж оролцох болсон нь бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид хамтран ажиллах хүсэл эрмэлзэл дүүрэн байгааг илтгэж байна.Цаашид хоёр орны эдийн засгийн харилцан ашигтай, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх, бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийг дэмжихэд энэхүү бизнес форум чухал ач холбогдолтой гэж үзэж байна.Бидний хэлэлцэж, тохиролцсон ажлууд хоёр орны хөгжил цэцэглэлт, ард иргэдийн сайн сайхны төлөө биеллээ олж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин бэхэжнэ гэдэгт итгэл дүүрэн байна.Монгол Улсын “энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт” гадаад бодлого болон Туркийн энэрэнгүй, хүмүүнлэгийн дипломат ажиллагаа даян дэлхийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжил, хүн төрөлхтний сайн сайхны төлөөх их үйлсэд хамтын хувь нэмрээ оруулна гэдэгт итгэл төгс байна.Манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд эрхэм хүндэт Ерөнхийлөгч таны оруулж буй хувь нэмэр, хичээл зүтгэл онцгой чухал үүрэг гүйцэтгэж байгааг талархан тэмдэглэхийг хүсэж байна.Эрхэм хүндэт Ерөнхийлөгч таныг өнө эртний түүхт, мөнх хөх тэнгэрийн орон манай сайхан улсад ойрын хугацаанд төрийн айлчлал хийх болсонд талархал илэрхийлье.Манай хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөл үеийн үед батжин бэхжиж, Монгол, Туркийн уламжлалт түүхэн харилцаа, хамтын ажиллагаа өнө мөнхөд цэцэглэн хөгжих болтугай.Анхаарал хандуулсанд баярлалаа.БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ РЕЖЕП ТАЙИП ЭРДОАН:Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх болон түүнийг дагалдан яваа төлөөлөгчдийг Турк Улсад хүлээн авч байгаадаа баяртай байна.Монгол Улсаас манай улсад 21 жилийн дараа төрийн тэргүүний түвшинд айлчлал хийж байгаа Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Та болон дагалдан яваа нийт төлөөлөгч та бүхнийг манай улсад тавтай морилохыг дахин хүсэж байна.Энэ удаа хүндэт Ерөнхийлөгчийг УИХ, Засгийн газрын гишүүд, бизнес эрхлэгчид, урлаг соёл, хэвлэл мэдээлэл зэрэг өргөн бүрэлдэхүүн дагалдаж ирлээ.Би ойрын ирээдүйд Монгол Улсад хариу айлчлал хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлье.Манай хоёр улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой өнгөрсөн жил тохиосон. Бид харилцаагаа 2004 онд Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэж байсан. Өнөөдөр эрхэм андын хамт харилцааг улам ахиулах шийдвэр гаргалаа.Стратегийн түвшин тогтоосон тухай Хамтарсан тунхаглалд бид сая гарын үсэг зурлаа. Энэхүү түншлэл нь манай хоёр улсад, бидний өвөг дээдсийн өлгий нутагт, Төв Азид, дэлхий дахинд үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байна.Түүнчлэн боловсрол, байгаль орчин, залуучууд, спорт, эрчим хүч, зам тээвэр зэрэг олон чухал салбарт хамтран ажиллахаар хоёр улсын яам, байгууллага хоорондын 11 баримт бичигт гарын үсэг зурлаа. Эдгээр баримт бичиг нь бидний харилцааны үндэс суурийг бэхжүүлж, өнөөгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах болно.Эрхэм хүндэт хэвлэлийн төлөөлөгчид өө,Бид Монгол Улсын хэрэгжүүлэхээр төлөвлөж буй хөгжлийн томоохон мега төслүүдэд тулгуурлан барилга, дэд бүтэц, зам тээвэр, батлан хамгаалах, аж үйлдвэр, уул уурхай, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, мал аж ахуй зэрэг салбарт түлхүү анхаарч, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг зорьж байна.Энэ хүрээнд харилцан хөрөнгө оруулалт хийж, хамтарсан төсөл хэрэгжүүлэхийг хоёр улсын хувийн хэвшил, бизнес эрхлэгчдэд уриалж байна.Бид  худалдааны эргэлтийг 100 сая ам.долларт хүргэх эхний зорилтоо давуулан биелүүллээ. Гэхдээ энэ нь бидний бодит боломжоос доогуур үзүүлэлт гэж үзэж байна.Өнөөдрийн уулзалтаар худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх талаар ярилцлаа. Бидний харилцааны үндсэн тулгуурын нэг болох түүх, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээ нотоллоо.1992 оноос хойш Турк Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт олон монгол оюутныг хамруулж ирсэн бөгөөд цаашид улам нэмэгдүүлэхээр санал нэгдлээ.Түүхэн үнэт өвийн олдвор, Орхоны хөндийн чулуун бичээсийг хамтран хамгаалж, Хөшөө цайдамын музейг 2008 онд ашиглалтад оруулсан. Энэ удаа мэргэн Тоньюкукийн бичээсийг хамгаалах чиглэлээр Туркийн Хамтын ажиллагаа зохицуулах агентлаг /ТИКА/-тай хамтран хэрэгжүүлж буй музейн барилгын ажлыг энэ онд багтаан дуусгах зорилт тавьж байна.Өнөөдрийн уулзалтаар бид хоёр талын харилцаанаас гадна Сири, Палестин, Украин зэрэг бүс нутаг болон олон улсын харилцааны асуудлаар ярилцлаа. Бид олон улсын тавцанд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, үүнийгээ НҮБ болон олон улс, бүс нутгийн байгууллагын хүрээнд бэхжүүлэхээр тохиролцлоо.Эрхэм хүндэт хэвлэлийн төлөөлөгчид өө,Эрхэм хүндэт Ерөнхийлөгч, дагалдан яваа төлөөлөгчид Анкара хотноо манай улсын батлан хамгаалахын аж үйлдвэрлэлтэй танилцлаа. Истанбул хотод ч мөн танилцана.Айчлалын хүрээнд Монгол Улсаа дэлхий дахинд амжилттай таниулж буй Улсын филармонийн Морин хуурын чуулга Истанбул хотноо тоглолтоо хийх болжээ. Эрхэм хүндэт Ерөнхийлөгч бас гитар сайн тоглодог.Ерөнхийлөгч та болон дагалдан яваа төлөөлөгчид Ван аймагт зочилж, 2022 онд Турк, Монголын археологчид илрүүлсэн Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурьтай танилцана.Бидний авсан, гаргасан шийдвэрүүд үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байна. Баярлалаа.
2025/01/17
312