mmnews.mn | 2024-09-17

ДЭЛХИЙ

ДЭЛХИЙ
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжи-тэй уулзлаа
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр (2024.01.25) Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжи-тэй уулзаж, хоёр талын харилцаа, худалдаа, эдийн засгийн болон бусад салбарын хамтын ажилллагааны талаар санал солилцлоо.Уулзалтад Монголын талаас Монгол-Хятадын парламентын бүлгийн гишүүд болох Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж, С.Ганбаатар, Д.Батлут нар болон Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал  БНХАУ-ын талаас Бүх Хятадын АрдынТөлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны нарийн бичгийн дарга Лю Чи, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Гадаад хэргийн хорооны дарга Лоу Чиньжянь, ГХЯ-ны Азийн газрын Элчин сайд Ван Фүкан нарын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хороо, Монгол-Хятадын парламентын бүлгийн гишүүд байлцлаа.Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар, Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжи-тэй уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр, Монгол Улсын Их Хурал, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал хоорондын Байнгын уулзалтын механизмын 5 дугаар уулзалт амжилттай болж өндөрлөсөнд сэтгэл хангалуун буйгаа дурдаад,  цар тахлаас хойш анхны биечилсэн уулзалт болж байгааг тэмдэглэв.Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын хилийн боомтын хүчин чадлыг нэмэгдүүлж, хоёр улсыг холбосон боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, эрх зүйн үндсийг бэхжүүлэх чиглэлд хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх шаардлагатай байгааг дурдав. Тухайлбал, 1955 онд байгуулсан “Монгол, Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр”-ийг шинэчлэх асуудлын хүрээнд төмөр замын байгууллага хоорондын хамтын ажиллагааг урагшлуулахад анхаарал хандуулахыг хүслээ.Мөн "Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээр”-т нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хүрээнд Ханги-Мандал хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын асуудлаар талууд нэгдсэн тохиролцоонд хүрч холбогдох ажлыг эхлүүлэх, уул уурхайн бус бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлэх ажлын хүрээнд зүүн бүсийн Хавирга-Архашаат, Баянхошуу-Өвдөг болон баруун бүсийн Булган-Такашикен боомтуудаар амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бараа бүтээгдэхүүнийг харилцан нэвтрүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх  зэрэг саналуудыг дэвшүүллээ.Үүнээс гадна инновац, хиймэл оюун ухаан,технологи зэрэг чиглэлийн ололтод тулгуурласан ногоон эдийн засаг, цахим эдийн засгийг хөгжүүлэхэд түлхүү хамтран ажиллах хүсэлтэй байгаа илэрхийлэв.Уулзалтын үеэр талууд 2024 онд тохиох Монгол Улс, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 30 жил, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ойн хүрээнд хамтарсан арга хэмжээ зохион байгуулах, улс төрийн харилцан итгэлцлээ бэхжүүлэх зэрэг асуудлуудаар санал солилцов.Мөн  талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны харилцан сонирхсон асуудлаар ажил хэрэгч яриа өрнүүлж, хоёр талын хамтын хүчин чармайлтын дор Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа өргөн агуулгаар баяжиж, шинэ шатанд гарна гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийллээ. Ташрамд дурдахад, Монгол Улсын Их Хурал нь Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Оросын Холбооны Улс, Европын Холбоо зэрэг улс орнуудын хууль тогтоох адил байгууллагатай Байнгын уулзалтын механизмтай бөгөөд тус уулзалтуудаар дамжуулж, хоёр орны хооронд чухал салбарын хамтын ажиллагааг цаашид хэрхэн өргөжүүлэх талаар санал солилцдог юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
2024/01/25
372
ДЭЛХИЙ
Монгол, Хятадын Парламент хоорондын Байнгын уулзалтын механизмын тавдугаар уулзалт Бээжин хотноо болов
Монгол Улсын Их Хурал, Бүх Хятадын АрдынТөлөөлөгчдийн Их Хурал  хоорондын Байнгын уулзалтын механизмын тавдугаар уулзалт 2024 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Бээжин хотноо болов. Уулзалтыг Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар,  Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга Пөн Чинхуа нар удирдан явууллаа.  Хоёр улсын парламент хоорондын Байнгын уулзалтын механизмын тавдугаар уулзалтаар хоёр улсын парламент, Байнгын хороод хоорондын хамтын ажиллагаа, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, ногоон хөгжил, цөлжилттэй тэмцэх, эрчим хүч, хил боомт гэсэн дөрвөн чиглэлээр санал солилцож, цаашид хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд дөхөм үзүүлэхээр тохиролцов.  Хоёр талын төлөөлөгчид Монгол Улс болон БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 30 жилийн ой, Монгол, Хятадын харилцаа Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрсний 10 жилийн ой, Монгол Улсын Их Хурал, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал хооронд Байнгын уулзалтын механизм байгуулагдсаны 10 жилийн ой тус тус тохиож байгаа цаг үед энэхүү уулзалт болж буйг онцлон тэмдэглэв.  Уулзалтад Монголын талаас Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин болон Монгол-Хятадын парламентын бүлгийн гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж, С.Ганбаатар, Ж.Чинбүрэн, Б.Бейсен, Д.Батлут нар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал, БНХАУ-ын талаас Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Хурал болон Байнгын хороодын гишүүд оролцлоо. Энэ удаагийн уулзалт нь Монгол Улсын Их Хурал, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал хооронд 2014 онд байгуулагдсан Байнгын уулзалтын механизм байгуулах тухай харилцан ойлголцлын Санамж бичгийн дагуу тав дахь удаагаа зохион байгуулагдаж, Монгол, Хятадын стратегийн иж бүрэн түншлэлийг гүнзгийрүүлэх, эл хүрээнд хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
2024/01/25
287
ДЭЛХИЙ
Оросын «Новатек» Украины цохилтод өртсөнөөр хоногт 2 сая доллар алдаж байна
Украины дрон ОХУ-ын хамгийн том байгалийн шингэрүүлсэн хийн үйлдвэрлэгчийн терминалыг ажиллагаагүй болгов. Оросын Усть-Луга дахь «Новатек» корпорацийн боомтын хийн терминал гурав дахь өдрөө хаагдсан байна.Украины нисгэгчгүй онгоцны цохилт нь тус улсын хамгийн том байгалийн шингэрүүлсэн хий (LNG) үйлдвэрлэгч төдийгүй ОХУ-ын ерөнхийлөгчийн дотны хүмүүсийн харьяалагддаг «Новатек» компанийн хийн терминалын ажлыг зогсоожээ.Энэ тухай Reuters агентлагийн нийтлэлд дурдсан байна.Балтийн тэнгисийн эрэг дэх Оросын Усть-Луга (Ленинград муж) боомт руу 1-р сарын 21-ний шөнө нисгэгчгүй онгоцоор цохилт өгсөнөөс «Новатек»-ийн хийн терминалд асар их гал түймэр гарахад хүргэсэн юм. Эцэст нь галыг нэг хоногийн дараа л унтрааж чадсан байна. Хохирол маш их байсан нь ойлгомжтой агаад энэ байгууламж гурван өдрийн турш сул зогсоод байна.Үүний улмаас улмаас хоёр цистерн, мөн насос станц эвдэрсэн гэж эх сурвалжууд мэдээлж байна. Үйлдвэрийн бүх технологийн процессууд, тэр дундаа газрын тосны бүтээгдэхүүнийг хөлөг онгоцонд ачих үйл явцыг зогсоожээ.Цохилт өгөхөөс өмнө Усть-Луга дахь терминалаар өдөрт 5 сая тонн орчим нефтийн бүтээгдэхүүн экспортолж байжээ. Худалдан авагчдын тоонд Хятад, Сингапур, Тайвань, Малайз, Турк болон бусад улс орно.Терминал шатсанаас болж оросууд өдөрт ойролцоогоор 2 сая доллар алдаж байна гэж шинжээчид үзэж байна. Засвар нь хэдэн долоо хоногоос хоёр сар хүртэл үргэлжилэхэд хүрнэ. ОХУ-д хориг арга хэмжээ авч байгаа тул терминалыг сэргээх ажил тийм ч хурдан явагдахгүй нь ойлгомжтой.Украин энэ цохилтыг үйлдсэнээрээ Балтийн тэнгисээр дамжин өнгөрөх Оросын экспортыг саатуулах чадвартай гэдгээ харууллаа. Оросын нийт нефтийн экспортын 40 орчим хувь нь энэ чиглэлд дамждаг тул Москвагийн хувьд энэ нь сүйрэл болох юм. ОХУ өдөр бүр Urals маркийн газрын тосны 75 орчим хувийг (ойролцоогоор 1.5 сая баррель) Балтийн боомтоор дамжуулан борлуулдаг аж.Москвад энэ тээврийг хийх ижил өөр гарц, зам байхгүй.Усть-Луга дахь цогцолбор нь харьцангуй шинэ юм. Энэ нь 2013 онд ашиглалтад орсон бөгөөд хийн өтгөн конденсатыг газрын тосны бүтээгдэхүүн болгон боловсруулах зориулалттай.Эх сурвалж: middleasiannews
2024/01/24
356
ДЭЛХИЙ
Ши Жиньпин: Инженерүүд бол Хятадын шинжлэх ухааны элитүүд юм
Хятад улс 2023 оноос эхлэн "Үндэсний инженер" шагналыг бий болгожээ. Инженер технологийн салбарт онцгой гавьяа байгуулсан 81 хувь хүн , 50 баг 2023 оны "Үндэсний инженер" медалиар шагнуулсан байна.  Ши Жиньпин шагнах гардуулах үеэр инженерүүдэд зориулж хэлсэн үгэндээ:  "Хятад улс инженер техникийн боловсон хүчнийг бие даан бэлтгэх ажлыг цаашид эрчимжүүлж, тэдний нийгмийн байдлыг дээшлүүлж, шаардлагатай нөхцөлөөр хангах ёстой. Хятадын инженерүүд эх орондоо үйлчлэх, ард түмэнд үр өгөөжөө өгөх, шинийг санаачилж, чанартай төсөл хэрэгжүүлэх үзэл санааг тууштай баримтална гэдэгт итгэлтэй байна. Инженерүүд бол Хятадын шинжлэх ухааны элитүүд юм" хэмээн онцлон дурдсан аж.
2024/01/23
342
ДЭЛХИЙ
"Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Их Британи, Умард Ирландын Нэгдсэн хаант Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр" байгууллаа
Өнөөдөр Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Сандагийн Бямбацогт Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фиона Блайт нар “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Их Британи, Умард ирландын нэгдсэн хаант улсын засгийн газар хоорондын хэлэлцээр” байгууллаа.Ингэснээр манай улс дэлхийн 44 улсын 130 цэг рүү нислэг үйлдэх, хоёр орны хооронд шууд нислэг гүйцэтгэхээс гадна Европ болон Төв Азийн орнуудаар дамжин нисэх боломж бүрдэж байна.Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс /ИБУИНХУ/-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 2000 оны 3 дугаар сарын 01-ний өдөр байгуулж байсан. ИБУИНХУ Европын Холбооноос гарсантай холбогдуулан Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, ИБУИНХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг шинэчлэн байгуулж байгаа юм. Талууд энэ удаагийн уулзалтаар агаарын тээвэр, төмөр зам, авто тээвэр зэрэг салбаруудад хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр ярилцлаа.Өнөөдрийн шинэчлэн байгуулж буй Агаарын харилцааны тухай хэлэлцээр нь “Хууль, дүрэм дагаж мөрдөх”, “шударга өрсөлдөөн”, “нислэгийн аюулгүй ажиллагаа”, “аяллын дугаар хамтран ашиглах”, “түрээс”, “хөөрөлт, буултын слот”, “газрын үйлчилгээ”, “олон төрөлт агаарын тээвэр”, “хүрээлэн буй орчны хамгаалал”, “олон улсын иргэний нисэхийн байгууллагад бүртгүүлэх” зэрэг шинэ заалтууд нэмэгдэж байна. Мөн нисэхийн аюулгүй байдлын зүйлд нисэхийн аюулгүй байдлын ажилтнуудыг /In-Flight Security Officer/ зорчихыг зөвшөөрөх, хэлэлцэн тохирогч талууд  тухай заалтуудыг тусгажээ.Ингэснээр хоёр талаас томилогдсон агаарын тээвэрлэгчид дурын агаарын хөлгийн маягаар долоо хоногийн 7 удаагийн давтамжаар зорчигч тээврийн нислэг үйлдэх, дан ачаа тээврийн нислэгийг дурын агаарын хөлгөөр давтамжийн хязгаарлалтгүйгээр нислэг үйлдэхээр боллоо. Хоёр талын томилогдсон агаарын тээвэрлэгчид Европ болон Төв Азийн доорх цэгүүдэд агаарын тээврийн 5 дугаар эрх эдлэн зорчигч тээврийн нислэг үйлдэхээр тохирсон.Европ дахь цэгүүд: Албани, Армени, Австри, Азербайжан, Бельги, Босни Герцеговина, Болгар, Хорват, Кипр, Чех, Дани, Эстони, Финлянд, Франц, Гүрж, Герман, Грек, Унгар, Исланд, Ирланд , Итали, Латви, Литва, Люксембург, Мальта, Молдав, Монтенегро, Нидерланд, Хойд Македон, Норвеги, Польш, Португал, Румын, Серби, Словак, Словени, Испани, Швед, Швейцарь, Турк, УкраинТөв Ази дахь цэгүүд: Казахстан, Киргизстан, Тажикистан, Туркменистан, Узбекистан.Одоогийн байдлаар ИХБУИНХУ-ын Лондон хотын чиглэлд Монголын талаас зорчигч тээврийн нислэг үйлдэхээр “МИАТ” ТӨХК, дан ачаа тээврийн нислэг үйлдэхээр “Изинис Эйрвэйз” ХХК-иуд томилогдоод байна.Монгол Улсын Засгийн газар, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Засгийн газар хооронд “Агаарын харилцааны тухай хэлэлцээр” шинэчлэн байгуулснаар хоёр орны хооронд шууд нислэг гүйцэтгэхээс гадна Европ болон Төв Азийн орнуудаар дамжин нисэх боломж бүрдлээ.
2024/01/23
262
ДЭЛХИЙ
Аргентины Ерөнхийлөгч Javier Milei: Чөлөөт зах зээлийн капитализм нь дэлхийн ядууралд цэг тавих хамгийн боломжит систем
Өнгөрөгч долоо хоногт Швейцарын Давос хотноо болж өндөрлөсөн Дэлхийн эдийн засгийн форумын үеэр Аргентины шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Javier Milei-н тавьсан илтгэл олны анхаарлыг ихээр татсан билээ. Энэхүү илтгэлийг бүрэн эхээр нь Ийгл телевизийн олон улсын тоймч Ганбаярын орчуулгаар хүргэж байна.Өдрийн мэнд хүргэе! Маш их баярлалаа. Өнөөдөр би Өрнөдийн ертөнц ноцтой аюулд өртсөнийг хэлэх гэж энд зогсож байна. Учир нь Өрнөдийн ертөнцийн үнэт зүйлсийг хамгаалах үүрэгтэй хүмүүс дэлхийн хэтийн зорилго гэх социализм, ядуурал, эдийн засгийн дампууралд хүргэх аюултай үзэл санааны хамсаатнууд болжээ. Харамсалтай нь сүүлийн хэдэн арван жилд Өрнөдийн ертөнцийн удирдагч нар эрх чөлөөний үзэл санааг умартаж, коллективизм гэж нэрлэдэг хамтач үзэл санаанд автсан байна. Тэдний зарим нь өөрсдийгөө бусдад тусалдаг нинжин сэтгэлтнүүд гэж үздэг бол зарим нь эрх дархтнуудын эгнээнд элсэхийг мөрөөдөж байна. Хамтач үзэл нь хэзээ ч дэлхийн ард түмнүүдэд тулгарсан асуудлын шийдэл нь байгаагүй. Харин ч эсрэгээрээ асуудлын уг шалтгаан байсан. Та бүхэн надад итгээрэй. Аргентины ард түмэн үүнийг гэрчилнэ. Аргентин улс эрх чөлөөний үзэл санааг хүлээн авснаасаа хойш 35 жилийн дараа дэлхийн хамгийн хүчирхэг үндэстнүүдийн нэг болсон. Гэтэл өнгөрсөн 100 жилийн туршид хамтач үзлийг хэрэгжүүлсний уршгаар манай иргэд системтэйгээр ядуурч, дэлхийд 140 дүгээр байр хүртэл ухарчээ. Чөлөөт зах зээлийн капитализм нь дэлхийн ядууралд цэг тавих хамгийн боломжит системээс гадна ёс суртахууны хувьд хамгийн хүсүүштэй систем болохыг баримт нотолно. Хэрвээ та бүхэн хүн төрөлхтний эдийн засгийн хөгжлийн түүхийг ажиглавал, 0 оноос 1800 он хүртэл дэлхийн эдийн засгийн нэг хүнд ногдох хэмжээ огт өөрчлөгдөөгүйг анзаарах болно. Хэрвээ та бүхэн хүн төрөлхтний түүхийн туршид эдийн засаг хэрхэн өөрчлөгдсөнийг харвал таны нүдэнд хоккейн цохиур шиг график үзэгдэнэ. Учир нь түүхэн цаг хугацааны 90 хувьд нь огт өөрчлөгдөөгүй эдийн засаг 19 дүгээр зуунаас огцом өссөнийг харах болно. 15 дугаар зууны сүүлчээр Америк тивийг нээж, эдийн засаг өссөнийг эс тооцвол 0 оноос 1800 он хүртэл дэлхийн эдийн засгийн өсөлт зогсонги байв. Капиталист эдийн засгийн систем нь хүн төрөлхтний баялгийг огцом өсгөөд зогсохгүй тогтмол өсөлттэй байх түлхэц болсон юм. 0 оноос 1800 он хүртэлх хугацаанд нэг хүнд ногдох ДНБ-ний жилийн өсөлт дунджаар 0,02 хувь байлаа. Бараг өсөлтгүй гэсэн үг. Харин 19 дүгээр зуунд Аж үйлдвэрийн хувьсгалын ачаар жилийн өсөлт нь 0,66 хувьд хүрсэн. Жилийн өсөлт нь ийм хувьтай байгаа тохиолдолд нэг хүнд ногдох ДНБ-нийг хоёр дахин нэмэгдүүлэхэд 107 жил шаардлагатай. Гэтэл 1900-1950 оны хооронд жилийн өсөлт 1,66 хувьд хүрчээ. Нэг хүнд ногдох ДНБ-нийг хоёр дахин нэмэгдүүлэхэд 107 жил биш 66 жил шаардлагатай болов. 1950-2000 оны хооронд жилийн өсөлт 2,1 хувьд хүрч, нэг хүнд ногдох ДНБ-нийг хоёр дахин нэмэгдүүлэхэд ердөө 33 жил шаардлагатай болов. Эдийн засгийн өсөлт одоо ч зогсоогүй байна. 2000-2023 оны хооронд жилийн өсөлт 3 хувьд хүрсэн учраас нэг хүнд ногдох ДНБ-нийг хоёр дахин нэмэгдүүлэхэд ердөө 23 жил шаардлагатай байв. 1800 оноос хойш өнөөг хүртэл нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ 15 дахин нэмэгдэж, дэлхийн хүн амын 90 хувь нь ядуурлаас ангижирсныг харж болно. 1800 онд дэлхийн хүн амын 95 хувь нь нэн ядуу байсныг бид мартаж болохгүй. 2020 онд буюу цар тахлаас өмнө дэлхийн хэмжээнд нэн ядуу хүн амын тоо дөнгөж 5 хувь байв. Дүгнэлт нь тодорхой биз дээ. Чөлөөт зах зээлийн капитализм бол асуудлын шалтгаан биш ээ, харин ч дэлхий даяар өлсгөлөн, ядуурал, гачигдалд цэг тавих цорын ганц хэрэгсэл юм. Бодит туршлага үүнийг хангалттай нотолж байна. Чөлөөт зах зээлийн бүтээмж, үр ашиг нь хангалттай нотлогдчихоод байхад зүүний үзэлтнүүд капитализмыг ёс суртахууны хувьд шударга бус систем гэж шүүмжилдэг. Тэд капитализмыг индивидуалист учраас хортой, харин хамтач үзэл нь бусдын сайн сайхны төлөө учраас зөв гэж мэтгэдэг. Тэдний ярьдаг сайхан сэтгэл гэгч нь бусдын мөнгөөр буян үйлдэх тухай юм. Тэд нийгмийн шударга ёс гэж ярьдаг. Хөгжингүй улс орнуудад тархаж буй нийгмийн шударга ёсны тухай ойлголт нь миний эх орон Аргентин улсад 80 гаруй жил зовлон тарилаа. Учир нь нийгмийн шударга ёс нь хүмүүсийн элбэг хангалуун амьдралыг бусниулдаг. Нийгмийн шударга ёс гэгч нь шударга ёсонд харшилдаг үзэл санаа юм. Учир нь төр шударга ёс тогтоох нэрийдлээр татвар тогтоож, татвараа албадлагаар цуглуулдаг. Та бүхэн өөрсдийгөө сайн дураараа татвар төлдөг гэж хэлэхгүй биз дээ? Төр бол албадлагаар санхүүждэг тогтолцоо юм. Татварын дарамт, төрийн албадлага байгаа цагт хүний эрх чөлөө ямагт хумигддаг.Нийгмийн шударга ёсыг номлодог хүмүүс эдийн засаг бол хувааж иддэг бялуу гэж ярьдаг. Гэвч бялуу хэнд зүгээр олдохгүй. Израэль Кирзнерийн хэлснээр нийгмийн баялаг бол зах зээл дэх эрэл хайгуулын үр дүн юм. Хэрвээ таны бизнесийн үр дүнд бий болсон бүтээгдэхүүн, үйлчилгээ хүмүүс таалагдахгүй бол таны бизнес дампуурах учраас ямагт зах зээлийн эрэлт хэрэгцээнд зохицох ёстой. Чанартай, боломжийн үнэтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадвал таны бизнес цэцэглэнэ. Тийм ч учраас зах зээл гэдэг бол капиталистуудын хувьд хамгийн зөв замыг олох эрэл хайгуул юм. Хэрвээ төр нь капиталистуудыг шийтгэж, эрэл хайгуулд нь хөндлөнгөөс саад учруулж эхэлбэл бизнес эрхлэх хүсэл сэдэл нь унтарч, улмаар үйлдвэрлэдэг бүтээгдэхүүний хэмжээ буурах болно. Идэх бялууны хэмжээ багасаж, нийгэм бүхэлдээ хохирох болно. Хамтач үзэл нь эрэл хайгуулд нөлөөлж, бизнес эрхлэгчдийн гарыг хумьснаар илүү сайн бүтээгдэхүүн, үйлчилгээг илүү хямд үнээр худалдах боломжийг хязгаарладаг юм. Харамсалтай нь яагаад дэлхийн хүн амын 90 хувийг ядуурлаас гаргаж, эдийн засгийг тасралтгүй өсгөж буй капиталист системийг сэхээтнүүд, олон улсын байгууллагууд, эдийн засгийн онолчид, улстөрчид ад зэтгэр мэт үзэх болов оо? Чөлөөт зах зээлийн ачаар хүн төрөлхтөн хамгийн аз жаргалтай үедээ амьдарч байна. Хүн төрөлхтний түүхэнд өнөөгийнх шиг хөгжингүй үе хэзээ ч тохиож байгаагүй. Өнөөгийн дэлхий ертөнц илүү эрх чөлөөтэй, илүү баян, илүү тайван, илүү хөгжингүй болжээ. Эдийн засгийн хувьд илүү эрх чөлөөтэй, өмчийн болон хувь хүний эрх чөлөөг хүндэтгэдэг улс үндэстнүүд илүү баян байна. Эрх чөлөөт улс орнууд дарангуйлалд нэрвэгдсэн улс орнуудаас 12 дахин баян байна. Эрх чөлөөт улс орнуудын хүн ам нь дарангуй дэглэм дор зүдэрч буй улс орнуудын хүн амын 90 хувиас нь чинээлэг амьдарч байна. Эрх чөлөөт орнуудад ядуурал 25 дахин бага, нэн ядуурал 50 дахин бага байна. Эрх чөлөөт улс орнуудын иргэд нь дарлагдсан улс орнуудын иргэдээс 25 хувиар урт насалж байна. Либертарианизм гэж бид ярьдаг нь ийм учиртай. Аргентины алдарт профессор Алберто Бенегас Линч либертарианизм бол хүчирхийлэл үл үйлдэх зарчимд үндэслэн бусдын амьдралыг хүндэтгэх, хүний амьдрах, эрх чөлөөтэй байх, өмчлөх эрхийг хамгаалдаг үзэл санаа юм. Либертарианизмын үндсэн институт нь хувийн өмч, төрийн оролцоогүй чөлөөт зах зээл, чөлөөт өрсөлдөөн, хөдөлмөрийн хуваарь, хүмүүсийн хамтын ажиллагаа бөгөөд ийм системд бизнесийн амжилт гэдэг нь чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг боломжийн үнээр худалдахыг хэлдэг юм. Өөрөөр хэлбэл, амжилттай капиталист бизнес эрхлэгч нь нийгэм, хүмүүсийн амьдралыг тэтгэж байдаг ажээ. Амжилттай бизнес эрхлэгч бол бидний баатрууд юм. Аргентины ирээдүйг чөлөөт зах зээл аварна гэдэгт бид бат итгэдэг. Либертарианизмын зарчимд суурилсан загвар биднийг амжилтад хөтөлнө. Бид хүний амьдрал, эрх чөлөө, өмчийг хамгаалах ёстой. Чөлөөт худалдаа, капитализм, эдийн засгийн эрх чөлөө нь дэлхийн ядууралд цэг тавих онцгой хэрэгсэл, хүн төрөлхтөн түүхийнхээ хамгийн гайхамшигтай үед амьдарч байгаа нь үнэн юм бол яагаад өнөөдөр Өрнөдийн ертөнцийг аюулд өртсөн гэж хэлэх болсныг надаас асууж магад. Учир нь чөлөөт зах зээл, хувийн өмч, либертарианизмын институтуудыг хамгаалах ёстой улс орнуудад улстөр, эдийн засгийн ноёрхогч давхарга нь либертарианизмын тулгуур зарчмуудыг үл ойшоосноороо социализмд үүд хаалгаа нээж, биднийг ядуурал, гуйланчлал, зогсонги байдал руу түлхэх боллоо. Социализм бол ямагт ядуурал гуйланчлалд хүргэдэг үзэл санаа гэдгийг мартаж болохгүй. Социализмын үзэл санааг туршсан бүх улс орон дампуурсан юм. Социализм нь эдийн засаг, нийгэм, соёлын хувьд бүтэлгүйтэл байснаас гадна 100 сая гаруй эрдэнэт хүний аминд хүрсэн билээ. Берлиний хана нуран унасан ч гэсэн социализм амь бөхтэй хэвээр байна. Өнөөгийн Өрнөдийн ертөнцөд гуйранчлалд хөтөлдөг социалист үзэл санааг өмгөөлж буй хүмүүстэй бид тэмцэх ёстой юм. Манай удирдагч нар, сэтгэгчид, сэхээтнүүд биднийг өнөөгийн хөгжил, эд баялагт хүргэсэн системийнхээ эсрэг санааг цухалзуулах болсон нь харамсалтай. Шинэ сонгодог эдийн засгийн онол гэгч нь төрийн оролцоо, социализм, нийгмийн доройтолд хүргэх арга хэрэгсэл болж байна. Шинэ сонгодог сургуулийн эдийн засагчдын загвар бодит байдалтай нийцдэггүй. Тэдгээр эдийн засагчид онолын загвараа дахин нягтлан шалгахынхаа оронд зах зээлийн бүтэлгүйтэл гэж нэрлэж байгаад өөрсдийн алдаагаа зах зээл рүү бухдаг.Тэд зах зээлийн бүтэлгүйтлийг засах нэрийдлээр зохицуулалт санал болгож байна. Эдгээр зохицуулалтууд нь үнийн систем, эдийн засгийн бодит тооцооллыг гажуудуулж, хадгаламж, хөрөнгө оруулалт, өсөлтийг боомилдог.Тэд чөлөөт зах зээл ямар ашиг тустай болохыг ойлгохгүй байна. Хэрвээ ойлгодог байсан сан бол зах зээлд бүтэлгүйтэл гэж байдаггүйг мэдэх байсан. Зах зээл гэдэг чинь эрэлт, нийлүүлэлтийг дүрсэлдэг график төдий биш ээ. Зах зээл бол хүмүүс сайн дураараа өмчлөх эрхээ солилцдог ухаалаг хамтын ажиллагааны механизм юм. Энэ утгаараа зах зээлийн бүтэлгүйтэл гэж ярих нь ямар ч утгагүй юм. Зах зээл хэзээ ч бүтэлгүйтдэггүй. Хүмүүс хоорондоо сайн дураараа солилцож байгаа нөхцөлд бүтэлгүйтэл гэж байхгүй. Хэрвээ зах зээл бүтэлгүйтсэн гэж ярьж байгаа тохиолдолд хүмүүсийн хоорондын хамтын ажиллагаанд албадлага нөлөөлсөн байж таарна. Хүчирхийлэл үйлдэх монополь эрхтэй институт нь төр өөрөө учраас албадлага төрөөс л угшилтай. Хэрвээ та бүхэн зах зээл бүтэлгүйтсэн гэж ярихыг сонсвол төрийн оролцоо байгаа эсэхийг сайтар шалгаарай. Та сайтар шалгах юм бол заавал алдаа мадаг олох болно. Учир нь зах зээлд алдаа гэж байдаггүй. Шинэ сонгодог сургуулийн эдийн засагчид зах зээлийн бүтэлгүйтэл гэдгээ эдийн засгийн бүтцийн төвлөрөл гэж тайлбарладаг. Гэтэл 1800 оноос хойш хүн ам 8-9 дахин нэмэгдсэн боловч нэг хүнд ногдох ДНБ бараг 15 дахин өсөж, нэн ядуу хүн амын тоо 95 хувиас 5 хувь болтол буурчээ. Харамсалтай нь баялаг нэмэгдэхийн хэрээр төвлөрсөн бүтцүүд буюу монополь үүсдэг. Гэтэл шинэ сонгодог онолтнууд үүнийг зах зээлийн бүтэлгүйтэл хэмээн мэлзэж байна. Шинэ сонгодог урсгалын эдийн засагчид хайрцагнаас гадуур сэтгэнэ. Угтаа аливаа эдийн засгийн загвар бүтэлгүйтвэл бодит байдалд бухимдаж, зэвүүцэх биш, загвараа өөрчлөх ёстой. Гэтэл шинэ сонгодог сургуулийнхан зах зээлийн үйл ажиллагааг улам төгс болгох нэрийдлээр зах зээл рүү дайрдаг. Ингэснээрээ тэд социализмын үүд хаалгыг нээхийн зэрэгцээ эдийн засгийн өсөлтийг хязгаарладаг. Жишээлбэл, монополийг зохицуулах нэрийдлээр тэдний ашиг, өсөлтийг хязгаарлавал эдийн засгийн өсөлт автоматаар буурах болно. Төрийн интервенц хөнөөлтэй гэдгийг онол баталчихлаа, эмпирик баримтууд ч үүнийг нотоллоо. Гэтэл хамтач үзэлтнүүд үүнийг засахын тулд эрх чөлөөгөөр хангахын оронд улам илүү зохицуулалтыг санал болгодог. Зохицуулалтыг зохицуулалтаар засах гэж оролдсоноор бид нар улам ядуурч, тансаг байранд амьдардаг бюрократ давхаргаас улам хамааралтай болжээ. Хамтач загвар нь бүтэлгүйтэж, чөлөөт зах зээлийн ололт амжилттай нүүр тулсан социалистууд өнөөдөр зорилгоо өөрчилжээ. Тэд эдийн засгийн системд тулгуурласан ангийн тэмцлийн онолоо орхиж, нийгмийн бусад зөрчил сөргөлдөөнүүдийг дэвэргэснээр хүний амьдрал, эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж байна. Тэд эр, эм хүмүүсийг хооронд нь сөргөлдүүлэх болов. Гэтэл либертарианизм нь эр, эм хүйст аль алинд нь боломж олгодог. Учир нь бүх хүн адил тэгш бүтээгдсэн юм. Хүн төрөлхтөн бүгдээрээ амьдрах, эрх чөлөөтэй байх, өмчлөх эрхтэй бүтээгдсэн билээ. Радикал феминизмын уршгаар эдийн засгийн үйл явц дахь төрийн оролцоо нэмэгдэж, нийгэмд ямар ч хувь нэмрээ оруулаагүй бюрократууд эрх мэдэлтэй болжээ. Эмэгтэйчүүдийн яам, олон улсын байгууллагууд ийм үзэл санааг сурталчилж байна. Социалистууд хүн төрөлхтнийг байгалийн эсрэг сөргүүлэн тавих боллоо. Тэд хүн төрөлхтнийг байгальд хөнөөлтэй хэмээн сурталдаж, хүн амын өсөлтийг хянах, үр хөндөлтийг дэлгэрүүлэх талаар ярьж байна. Харамсалтай нь ийм хортой үзэл санаанууд нийгэмд газар авчээ. Неомарксистууд хэвлэл мэдээлэл, соёл, их сургуулиуд, олон улсын байгууллагуудын тусламжтайгаар Өрнөдийн оюун санааг эзэмджээ. Ялангуяа, олон улсын байгууллагууд нь гишүүн улс орнуудын улстөр, эдийн засгийн шийдвэрт нөлөөлдөг учраас илүү аюултай юм. Азаар улам олон хүн эдгээр үзэл санааны эсрэг тууштай зогсож, дуу хоолойгоо өргөсөөр байна. Төрийн зохицуулалт, социализм, ядуурал, хязгаарлагдмал эрх чөлөө, гуйранчлалд хүргэдэг үзэл санааг бид эсэргүүцэх ёстой. Харамсалтай нь Өрнөдийн ертөнц аль эрт энэ замд оржээ. Өрнөдийн ертөнц тэр чигээрээ социализм болсон гэж би хэлэхийг хүсэхгүй байгаа боловч бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг төр нь хянадаг эдийн засгийн систем рүү хэлбийгээд байвал бид зайлшгүй социализмд хүрэх болно. Та бүхэн өнөөгийн нөхцөл байдалтай харьцуулаад үзээрэй. Өнөөгийн төрүүд нь хувь хүмүүсийн амьдралыг бүхэлд нь хянахын тулд заавал бүтээгдэхүүнийг хянах албагүй болсон. Төр нь мөнгө хэвлэх, өр үүсгэх, татаас олгох, зээлийн хүүг хянах, үнийг хянах, зах зээлийн бүтэлгүйтлийг хянах нэрийдлээр зохицуулалт хийж сая сая хүмүүсийн амьдралыг хянадаг боллоо. Өрнөдийн ертөнц дэх хамтач үзэлтнүүд өөрсдийн үзэл санааг түгээхийн тулд олон янзын нэр, дүр ашигладаг. Тэд өөрсдийгөө коммунист, фашист, социалист, социал демократ, үндэсний социалист, Христийн ардчилагч, нео-Кейнсч, прогрессив, популист, националист, глобалист гэж хэмээн дууддаг боловч тэдний зүүсэн багны цаана хамтач үзэл л нуугдаж байдаг. Тэдэнд ямар ч ялгаа байхгүй. Тэд хувь хүмүүсийн амьдралыг төр зохицуулах ёстой гэж үздэг. Тэд бүгдээрээ хүн төрөлхтнийг хөгжил дэвшилд хүргэсэн үзэл санааны эсрэг байдаг. Миний бие Өрнөдийн ертөнцийг хөгжил дэвшлийн замдаа эргэн орохыг уриалах гэж энд ирсэн. Эдийн засгийн эрх чөлөө, хязгаарлагдмал төр, хувийн өмчийг хүндэтгэх нь эдийн засгийн өсөлтийн тулгуур юм. Хамтач үзлийн үр дагавар болох ядуурал нь зөгнөл, эсвэл зугтаж болшгүй хувь заяа биш ээ. Аргентинчуудын мэддэг бодит байдал юм. Бид ядуурлыг мэднэ. Манай ард түмэн биднийг баян болгосон эрх чөлөөний загвараас татгалзсанаараа ядуурал гуйранчлалын эргэлт буцалтгүй тойрогт татагдан орсон билээ. Хэрвээ Өрнөдийн ертөнц баян чинээлэг амьдралд хүргэсэн эрх чөлөөний загвараас татгалзвал бидний туулсан зам та бүхнийг угтах болно. Та бүхэн ямар баян байх, ямар их байгалийн баялагтай байх, танай улсын хүн ам ямар чадварлаг байх, ямар боловсролтой байх, төв банкиндаа хичнээн их алтан гулдмайтай байх нь огт хамаагүй. Хэрвээ та бүхэн чөлөөт зах зээлд нөлөөлж, өрсөлдөөн, үнийн систем, худалдаа, хувийн өмчийг хязгаарлаад эхэлбэл зайлшгүй ядууралд нэрвэгдэх болно. Төгсгөлд нь би өнөөдөр энэ танхимд цугларсан болон ирж амжаагүй бүх бизнес эрхлэгчдэд хандаж үг хэлэхийг хүсэж байна. Та бүхэн улстөрийн каст, төрийн зардлаар амьдардаг паразит хүмүүст дээрэлхүүлэх ёсгүй. Та бүхэн нийгэмд хувь нэмрээ оруулдаг. Та бүхэн бол баатар. Та бүхэн хүн төрөлхтний түүхийн хамгийн хөгжингүй үеийг бүтээлцсэн билээ. Та бүхний хүсэл эрмэлзлийг хэн ч хориглох ёсгүй. Та бүхэн илүү чанартай барааг илүү хямд үнээр зардаг учраас, нийгэмдээ хувь нэмэр оруулдаг учраас мөнгө олдог юм шүү. Төрийн дарамтад битгий бууж өг. Төр бол шийдэл биш. Төр гэдэг нь өөрөө асуудал юм шүү. Та бүхэн бол баатрууд юм. Аргентин улс ямагт та бүхний талд тууштай зогсоно гэдгийг амлаж байна. Та бүхэндээ маш их баярлалаа. Эрх чөлөө үүрд оршин тогтнох болтугай.Дараах линкээр орж илтгэлийг сонсох боломжтой:  https://www.youtube.com/watch?v=YtegqgKYR-UОрчуулсан: Ийгл телевизийн гадаад мэдээний олон улсын тоймч Г.Ганбаяр
2024/01/23
273
ДЭЛХИЙ
"2024 оны хүнс, хөдөө аж ахуйн даян дэлхийн чуулга" уулзалт боллоо
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг тэргүүтэй төлөөлөгчид 2024 оны нэг дүгээр сарын 17-21-ний өдрүүдэд ХБНГУ-ын Берлин хотноо жил бүр зохион байгуулагддаг дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн сайд нарын түвшний “2024 оны Хүнс, хөдөө аж ахуйн даян дэлхийн чуулга” уулзалтад оролцов.            Айлчлалын хоёр дахь өдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагын Үйл ажиллагаа хариуцсан захирал ноён Гүнтэр Бэгер тэргүүтэй төлөөлөгчдтэй хоёр талт уулзалт хийв. Уулзалтын үеэр талууд Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааны ололт, амжилтыг онцлон тэмдэглэж, цаашид ч үргэлжлүүлэн хамтран ажиллахад бэлэн гэдгээ онцлон тэмдэглэв. 2024 оны 07 дугаар сард Монголын эдийн засгийн форум зохион байгуулагдах үеэр НҮБ-ын АҮХБ-ын удирдлагуудыг Монгол Улсад айлчилж, дээрх арга хэмжээнд оролцохыг урилаа.Дараагаар дэд сайд М.Ганхүлэг тэргүүтэй төлөөлөгчид Хөдөө аж ахуйн хөгжлийн олон улсын сан (ХААХОУС)-ийн Дэд ерөнхийлөгч доктор Жерардин Мукашимаратай уулзав. Уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газар, ХААХОУС хоорондын түншлэлийн хүрээнд тогтвортой үйлдвэрлэлийн сайн туршлагыг нэвтрүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хөдөө аж ахуйн тогтолцоог бий болгоход гол хүч, анхаарлаа төвлөрүүлж ирсэн, малчид, хоршооллуудыг дэмжиж, тэдгээрийн зах зээлд нэвтрэх боломжийг сайжруулахад бодитой хувь нэмэр оруулсныг дэд сайд сайшаан онцолсон.Талууд ХААХОУС-ын санхүүжилтээр амжилттай хэрэгжиж ирсэн “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн 2 дугаар үе шатыг санхүүжүүлэн хэрэгжүүлэх талаар хамтран ажиллах, Монгол Улсын Засгийн газрын ХААХОУС-ын өмнө хүлээсэн үүргийн талаар санал солилцож, ажиллалаа.Мөн өдөр нь Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улс (ДБНУУ)-ын Мал аж ахуй, хөдөө аж ахуй, загас агнуурын сайд Фернандо Мэттоз тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулууныг ойрын хугацаанд ДБНУУ-д ажлын айлчлал хийх, мал, амьтны эрүүл мэнд, мөшгөх тогтолцоо, бүртгэлжүүлэлт, хамгаалалттай аж ахуй, эрүүл бүс, хүнсний үйлдвэрлэл болон инновац, судалгааны хамтын ажиллагааг бий болгох чиглэлээр санал солилцож, хамтран ажиллахаар болов.2024 оны 01 дүгээр сарын 19-ий өдөр мөн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ)-ын Ахлах эдийн засагч, захирал ноён Максимо Тореро-той уулзалт зохион байгуулав. Монгол Улс НҮБ-ын ХХААБ-д нэгдэн орсны 50 жилийн ойг 2023 онд тэмдэглэсэн, тус байгууллагын манай орны хүнс, хөдөө аж ахуйн салбарт оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, дараагийн 50 жилийн ажлын төлөвлөгөөний талаар талууд санал солилцож ажиллалаа.Нэгдсэн Үндэсний Байгууллагын зүгээс Монгол Улсыг дэмжин 2024 оныг “Олон улсын тэмээний жил”, 2026 оныг “Олон улсын бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жил” болгон зарласан холбогдуулан Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарт тулгарч буй бэрхшээлийг үнэлэн тогтоох, даван туулах арга зам, шийдлийг хамтран боловсруулж, Монгол Улсын Засгийн газартай хамтран хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг ойрын хугацаанд гаргаж ажиллахаар тохиролцов.
2024/01/23
210
ДЭЛХИЙ
Иран улстай автотээврийн хэлэлцээр байгуулж, экспорт, импортоо нэмэгдүүлнэ
Зам, тээврийн хөгжлийн сайд Сандагийн Бямбацогт 2024 оны нэгдүгээр сарын 15-21-ний өдрүүдэд БНХАУ-ын Хэбэй, Шандун мужуудад болон Шанхай хотод албан томилолтоор ажиллалаа.Албан томилолтын үр дүнд, Хэбэй, Шандун мужуудын зам, тээврийн салбарын бүтээн байгуулалт, хуурай боомтын үйл ажиллагаатай танилцаж, хамтын ажиллагааг эхлүүлэхээр боллоо.Мөн агаарын тээврийн либералчлалыг эрчимжүүлэх хүрээнд агаарын хөлгийн тоог нэмэгдүүлэх, иргэний нисэхийн чиглэлийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах зэрэг асуудлаар мужийн удирдлагуудтай санал солилцов.Түүнчлэн Иран улсын Элчин сайд Мохсен Бахтиартай уулзаж, манай хоёр улсын Засгийн газар хооронд агаарын тээврийн болон автотээврийн хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулахаар тохиролцлоо.Ингэснээр хоёр улс аль аль нь экспортоо нэмэгдүүлж, манай хоёр улсын иргэд, аж ахуйн нэгжүүд харилцан зорчих, худалдаа бизнес эрхлэх, цаашлаад хоёр улсын эдийн засгийн харилцаа, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх өндөр ач холбогдолтой юм.
2024/01/23
199
ДЭЛХИЙ
Өмнөдийн дээд түвшний уулзалт эхлэв
Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн шийдвэр гаргах гол механизм болох Өмнөдийн дээд түвшний уулзалт Бүгд Найрамдах Уганда Улсын Кампала хотноо 2024 оны 1 дүгээр сарын 21-23-ны өдрүүдэд болж байна.“Хөгжлөөс хэнийг ч орхигдуулахгүй байх нь” сэдвийн хүрээнд болж буй Өмнөдийн дээд түвшний гурав дахь удаагийн уулзалтаар хөгжиж буй орнуудын түншлэл, хамтын ажиллагаа, худалдаа, хөрөнгө оруулалт, тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлт, ядуурлыг арилгах, тусгай хэрэгцээ шаардлагатай улс орнууд, цахим эдийн засаг, шилжилт хөдөлгөөн зэрэг өргөн хүрээний олон асуудлыг хэлэлцэх юм.Дээд түвшний уулзалтад Уганда, Ботсвана, Экваторын Гвиней, Шри Ланка зэрэг улсын Ерөнхийлөгч, Куба, Бенин, Мальдив зэрэг улсын Дэд ерөнхийлөгч, Алжир, Гаяана, Руанда, Эсватини, Өмнөд Африк, Филиппин, Сингапур, Бразил зэрэг улсын Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд нар болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга зэрэг 130 гаруй улс, олон улсын байгууллагын өндөр түвшний төлөөлөгчид оролцож, Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, хөгжиж буй орнуудын түншлэлийг бэхжүүлэх талаарх байр сууриа танилцуулж байна.Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин Өмнөдийн дээд түвшний гурав дахь удаагийн уулзалтад оролцож байгаа бөгөөд тэрээр 1 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, санаачилгын талаар танилцуулна.Өмнөдийн дээд түвшний гурав дахь удаагийн уулзалтын дүнгээр төлөөлөгчид олон улсын түншлэл, хамтын ажиллагааг хөгжүүлэх, эв нэгдлийг бэхжүүлэх, хөгжиж буй орнуудын хөгжлийн дэмжих замын зураглал болох төгсгөлийн баримт бичгийг гаргана.Хөгжиж буй орнуудын нийтлэг ашиг сонирхлыг хамгаалах зорилго бүхий 77-ийн бүлгийн үйл ажиллагаанд Монгол Улс 1989 оноос хойш идэвхтэй оролцож байна.
2024/01/23
221
ДЭЛХИЙ
Марс гараг дээр хэрхэн амьдрах туршилтын судалгааг хийжээ
Монгол Улсаас анх удаа 6 хүнтэй баг Марс гараг дээр хэрхэн амьдрах туршилтын судалгааг хийгээд иржээ. АНУ-д 20 жилийн өмнө байгуулагдсан аналог төв дээр манай улсын баг 287 дахь баг болж зочлон, Марс руу илгээгдэх хүмүүс ямар нөхцөлд, юу хийх ёстой вэ гэдэг даалгаварыг биелүүлсэн байна.Энэ талаар “МARS V” төслийн багийнхан  /2024.01.19/ иргэний нисэхийн салбарынханд өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнах үеэрээ танилцууллаа.Тус туршилтын судалгаа нь Монгол Улсын анхны сансрын нисэгч Ж.Гүррагчаагаас хойш анх удаа сансарт илгээх хүмүүсийг бэлтгэх сургалтанд суугаад ирсэн тохиолдол болж байгаа юм.МARS V төсөл нь Монгол Улсын говь хээрийн бүсэд сансрын нисэгчдийг бэлтгэх бааз, олон улсын сансрын технологийн хүрээлэн бүхий аялал жуулчлалын загвар хотыг байгуулах зорилготой.Монгол Улсын Засгийн газраас Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан МARS V төслийг хэрэгжүүлэх ажилд дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийг байгуулсан бөгөөд  ИНЕГ-ын дарга тус ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж буй. ИНЕГ-ын харьяа ИНҮТ-ийн шинэчилсэн бүтцээр байгуулагдсан Бизнес, хөгжил төлөвлөлтийн газар нь тус төслийн багтай хамтран ажиллах нэгжээр томилогдож, энэхүү MARS V төслийн хэрэгжүүлж буй ажлын талаар салбарынхандаа мэдээлэл өгүүллээ.
2024/01/22
244
ДЭЛХИЙ
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Шандун мужийн удирдлагуудтай уулзлаа
Тээвэр логистик, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн чиглэлээр тэргүүлэгч Шандун мужийн удирдлагуудтай уулзлаа. Мужийн удирдлагууд, бизнес эрхлэгч нарт Монгол Улсад хөрөнгө оруулах боломжийн талаар танилцууллаа. Тухайлбал зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж дэд бүтцийн төслүүдэд хамтарч ажиллах талаар санал солилцлоо.Уулзалтын хүрээнд: Иргэд Хятад улсын нутаг дэвсгэрээр аялал жуулчлал, худалдаа, бизнесийн зорилгоор чөлөөтэй зорчдог болгох ажлыг эхлүүлэх буюу БНХАУ-ын Бээжин, Тяньжин, Хөх хот, Жинань болон бусад хотуудруу өөрсдийн унаагаар чөлөөтэй зорчих ажлыг эрчимжүүлэх; Зам, тээврийн салбарын томоохон төслүүдэд хамтарч ажиллах;  Баруун бүсийн аймгуудыг Шандун мужтай ах дүү хот болгож, аж үйлдвэрийн сайн туршлагыг нэвтрүүлэх гэх мэт асуудлаар санал солилцлоо.    
2024/01/22
199
ДЭЛХИЙ
Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр “GoMongolia” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа
Швейцарийн Холбооны Улсын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн 54 дэх чуулга уулзалт амжилттай үргэлжилж байна. Монгол Улс 2024 онд “GoMongolia” уриан дор аялал жуулчлалыг идэвхжүүлэхээ албан ёсоор зарласан. Үүнтэй холбогдуулж Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын томоохон зочид, оролцогчдыг хамруулсан арга хэмжээг 2024 оны нэгдүгээр сарын 18-нд Давос хотод зохион байгууллаа.“Go mongolia” брэндийн ач холбогдол, өнгөрсөн онд зохион байгуулсан “Welcome to Mongolia”-ийн хүрсэн үр дүн, Монгол Улсын эдийн засгийн орчин сэргэж буй зэргийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр олон улсын төлөөлөгчдөд дэлгэрэнгүй танилцуулаад жил бүр Улаанбаатар хотноо болдог Монголын эдийн засгийн форумд 2024 онд хүрэлцэн ирэхийг урилаа.2023 онд Монгол Улсын эдийн засагт олон эерэг үр дүнгүүд гарч, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдсэн. Аялал жуулчлалыг дэмжих цогц бодлогын хүрээнд агаарын тээврийн либералчлалыг амжилттай хэрэгжүүлж, 42 улсын 155 цэгт нислэг үйлдэх боломжтой болсон. Дотоод нислэгийн чиглэлүүдээ нэмэгдүүлж, үнийг нь хямдруулсан. Гадаад сурталчилгаанд анхаарснаар Монголын тухай контентуудыг дэлхийн 155 сая хүнд хүргэсэн. Энэ бүхний үр дүнд Монгол Улс 650 мянган жуулчин хүлээн авч, 1.2 тэрбум ам.долларын орлогыг аялал жуулчлалын салбараас бүрдүүлж, Монголын талаарх эерэг ойлголт 40 орчим хувиар нэмэгдэн гадаад нэр хүнд өсөж, аялахад таатай улсын жагсаалтыг анх удаа өнгөлснийг Ерөнхий сайд онцоллоо.Давос хотод зохион байгуулсан “GoMongolia” арга хэмжээнд Дэлхийн эдийн засгийн форумын Ази, номхон далай бүсийн тэргүүн, Гүйцэтгэх хорооны гишүүн Жөү-Өүк Лий, Дэлхийн эдийн засгийн форумын Ази, номхон далайн асуудал хариусан дэд дарга Пиамит Бинг Чомпрасоб, Лондонгийн металлын биржийн гүйцэтгэх захирал Матью Чэмберлэйн, Транспэрэнси Интернэшнл байгууллагын ерөнхий захирал Франсуа Валериан, “Air Asia” компанийн үүсгэн байгуулагч Тони Фэрнандэс, “Rio Tinto” группын гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм, “Partnership for Central America”-ийн гүйцэтгэх захирал Жонатан Фантини Портер, CNN сувгийн сэтгүүлч Ричард Квэст зэрэг нэр хүндтэй олон зочин, бизнесмэн, хөрөнгө оруулагчид уригдан оролцлоо.
2024/01/22
220
ДЭЛХИЙ
Буданов: Украин цэрэг нэмж дайчлахгүйгээр амжилтад хүрэхгүй
Украины зэвсэгт хүчинд цэрэг дайчдын бие бүрэлдэхүүний дутагдал мэдэгдэхүйц байгаа талаар Украины Батлан ​​хамгаалах яамны Тагнуулын ерөнхий газрын дарга Кирилл Буданов мэдэгджээ."Бид цэрэг нэмж дайчлахгүйгээр амжилтад хүрч чадна гэж бодох нь санаанд ч  багтамгүй зүйл" гэж тэрбээр Financial Times сонинд ярилцлага өгөх үедээ онцлон дурдсан байнаҮүний зэрэгцээ Украины Зэвсэгт хүчний зуны сөрөг довтолгоо амжилтгүй болсон нь гамшиг биш хэмээн Буданов үзэж байгаа аж.2023 оны арванхоёрдугаар сард Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский  хагас сая хүртэлх хүнийг армид нэмэлтээр татах хүсэлтийг Украины Зэвсэгт хүчний жанжин штабаас гаргаж байгааг зарласан. Дайчилгааны тухай хуулийн шинэчилсэн найруулгад насны хязгаарыг бууруулах, цэргийн алба хаах, хойшлуулах хэд хэдэн заалтыг хүчингүй болгохоор  тусгасан байна.
2024/01/21
197
ДЭЛХИЙ
Абхазын галерейд гал гарсны дараа дөрвөн мянган зурагаас 150-ыг л аварчээ
Сухум дахь Абхазын улсын галерейд гарсан томоохон түймрийн дараа дөрвөн мянган зурагаас 150 орчим нь аврагдсан байна. Энэ талаар Соёлын яамны даргын үүрэг гүйцэтгэгч Динара Смир мэдэгджээ.Түүний өгүүлснээр, нурангид дүн шинжилгээ хийх ажил үргэлжилж байгаа бөгөөд тэндээс олдсон уран зургийн хэлтэрхийнүүдийн тусламжтайгаар  заримыг нь сэргээж магадгүй юм. Галын хохирлыг үнэлнэ гэж РИА Новости мэдээллээ.Нэгдүгээр сарын 21-нд шилжих шөнө Абхаз улсын уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд гал гарсны улмаас галерейн бараг бүх цуглуулга шатсан аж.
2024/01/21
202
ДЭЛХИЙ
ОХУ, Египетийн ерөнхийлөгчид Эд-Дабаа атомын цахилгаан станцын шинэ блок дээр бетон цутгах тушаал өгнө
 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ирэх долоо хоногт Египетийн удирдагч Абдель Фаттах ас-Сисигийн хамт "Эд-Дабаа" атомын цахилгаан станцын барилгын шинэ шатанд зориулсан ёслолд оролцоно. "Тэд гарч ирээд эхний бетон цутгах тушаал өгнө" гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдэв.Өмнө нь "Россия 1" телевизийн "Москва. Кремль. Путин" хөтөлбөрөөр Оросын удирдагч энэхүү арга хэмжээнд онлайн хэлбэрээр оролцоно хэмээн дурдаж байсан билээ. "Эд-Дабаа" бол Египетийн анхны атомын цахилгаан станц бөгөөд түүний барилгын ажлыг Росатом гүйцэтгэж байна. Дөрөв дэх эрчим хүчний блок дээр эхний бетон цутгалтыг эхлүүлснээр станцын бүхий л бүтээн байгуулалтын барилгын үндсэн үе шатанд шилжих юм. 2023 оны 10-р сард анхны эрчим хүчний блок дээр мэргэжилтнүүд цөмийн тоног төхөөрөмж суурилуулж эхэлжээ.
2024/01/21
180