mmnews.mn | 2026-01-31

ДЭЛХИЙ

ДЭЛХИЙ
Монгол Улс АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын санаачилсан Энхийн Зөвлөлд албан ёсоор нэгдэж, үүсгэн байгуулагч гишүүн улс боллоо
Тус зөвлөлийн дүрэмд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр Швейцарын Холбооны Улсын Давос хотноо зохион байгуулагдсан Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд гарын үсэг зурлаа.Монгол Улс олон улсын тавцанд хариуцлагатай, энхийг дэмжигч улсын хувьд шинэ, уян хатан, үр дүнд чиглэсэн энх тайвны механизмыг дэмжих нь Монгол Улсын олон улсын байр суурийг бэхжүүлж, дуу хоолойгоо илүү тодорхой хүргэх боломжийг нээж өгөхийн зэрэгцээ Монгол Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнолыг олон улсын эрх зүйн хүрээнд улс төр, дипломатын аргаар хамгаалан бэхжүүлэх үйлсэд том алхам болов. Монгол Улс олон улсын энхийг сахиулах, энхийг дэмжих ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн туршлагатай бөгөөд Энхийн зөвлөлийн Дүрэм нь цэрэгжсэн эвсэл бус, харин сайн дурын үндсэн дээр хамтран ажиллах, улс орнуудын бүрэн эрхт байдлыг хүндэтгэх зарчмыг баримталж байгаагаараа Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, бие даасан, олон тулгуурт бодлоготой бүрэн нийцэж байгаа юм. Дүрэмд заасан  нэг тэрбум ам.долларын босго нь гишүүн улсад гишүүнчлэлийн гурван жилийн хугацааг сунгахтай холбоотой тусгай заалт бөгөөд энэ нь Монгол Улсад заавал хамаарах, эсвэл бодит дарамт учруулах нөхцөл биш юм. Монгол Улс тус хэмжээнд санхүүгийн үүрэг хүлээх шаардлагагүй бөгөөд энгийн гишүүний хувьд гурван жилийн хугацаатай, сайн дурын үндсэн дээр, өөрийн боломж, сонирхолд нийцсэн хэлбэрээр оролцох бүрэн боломжтой.Энхийн зөвлөлийн дүрэмд Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей, Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян, Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев, Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан, Пакистаны Ерөнхий сайд Шебхаз Шариф, Катарын Ерөнхий сайд Мохаммед бин Абдулрахман Аль-Тани, Саудын Арабын Гадаад хэргийн сайд Фейсал ибн Фархан Аль Сауд, Туркийн Гадаад хэргийн сайд Хакан Фидан нарын нийт 17 улсын төр засгийн тэргүүн, сайд нар гарын үсэг зурж, уг зөвлөлд нэгдэн ороод байна.
2026/01/23
226
ДЭЛХИЙ
Дэлхийн аялал жуулчлалын ирэх 10 жилийг тодорхойлох зорилготой хуралдаанд Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож, үг хэлэв
Швейцарын Давос хотод Дэлхийн эдийн засгийн 56 дахь удаагийн чуулга уулзалт үргэлжилж байна. Энэ хүрээнд Дэлхийн аялал жуулчлалын чуулга уулзалтын өндөр түвшний хуралдаан боллоо. Дэлхийн аялал жуулчлалын ирэх арван жилийн чиг хандлагыг дахин тодорхойлох зорилготой тус хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож, үг хэлэв.Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх нь дасан зохицох чадвартай эдийн засгийг төрөлжүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар онцлов. Уул уурхайгаас хэт хамааралтай Монгол Улсын хувьд аялал жуулчлалын салбар нь валютын орлого нэмэгдүүлэх нэг суваг болж, эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгоход томоохон түлхэц үзүүлнэ. Тиймээс аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд онцгой анхаарч, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх дэлхийн санаачилгыг идэвхтэй дэмжихээ илэрхийлэв.Ерөнхий сайд Г.Занданшатар уг чуулга уулзалтад оролцох үеэрээ НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллагын дэргэд суугаа Элчин сайд Др.Истван Үехэе, Дэлхийн аялал жуулчлалын форумын дарга Булут Багси нартай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
2026/01/21
214
ДЭЛХИЙ
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар БНСУ-ын Худалдааны сайд Ё Хан Гү нар Давос хотноо уулзав
Швейцарын Холбооны Улсын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн 56 дахь удаагийн чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар БНСУ-ын Худалдааны сайд Ё Хан Гү нар уулзлаа.Уулзалтаар талууд хоёр улсын хооронд дээд түвшний айлчлалуудыг уялдуулан зохион байгуулах, бизнесийн тогтвортой орчныг бүрдүүлэхэд идэвхтэй хамтын ажиллагаа өрнүүлэх талаар санал солилцов. Мөн Бан Ги Мүн сантай тогтоосон ойр дотно харилцаанд тулгуурлаж, өндөр түвшний арга хэмжээ зохион байгуулах, цаашид байнгын харилцаа холбоотой байж, идэвхтэй хамтран ажиллахаар санал нэгдлээ.
2026/01/20
209
ДЭЛХИЙ
Монгол Улс хиймэл оюунд суурилсан боловсролын систем рүү шилжиж буйг сайшаав
Швейцарын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож байгаа Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Олон улсын цахилгаан холбооны байгууллагын (ОУЦХБ) Ерөнхий нарийн бичгийн дарга, хатагтай Дорийн Богдан Мартыг хүлээн авч уулзлаа.  Багшлахуйгаас суралцахуйд чиглэсэн боловсролын шинэчлэлийн хүрээнд Монгол Улс ирэх хичээлийн жилээс бага боловсролын хөтөлбөртөө хиймэл оюун, технологийн суурь мэдлэг олгох хичээлийг тусгасан талаар Ерөнхий сайд Г.Занданшатар онцолж, энэ хүрээнд багш нарт хиймэл оюуныг хэрхэн ашиглаж сурах талаар Гүүгл компани болон Гүүгл Жэмини академитай хамтран ажиллаж буйг дурдав. Засгийн газрын 2025 оны 130 дугаар тогтоолоор ерөнхий боловсролын "МЭДЛЭ" цахим сургууль байгуулсан. Ирэх хичээлийн жилээс дэлхийн өнцөг булан бүрээс хүүхдүүд эх хэл, үндэсний өв соёл, түүхийн хичээл судлах боломжтой болох юм. Мөн хиймэл оюунд суурилсан багшийн туслах болон сурагч бүрийн онцлогт тохирсон туслахуудыг хөгжүүлэхээр ажиллаж байна. 2023 оноос эхлүүлсэн хамтын ажиллагааны хүрээнд Гүүгл боловсролын багц болон Гүүгл танхим платформыг 100,000 гаруй багш,сурагчид ашиглан мэдлэгээ тэлж байна. Мөн Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр ирэх дөрөвдүгээр сард багшийн AI туслах туршилтаар ашиглах гэж байна. ОУЦХБ Улаанбаатар хотноо энэ онд бүсийн семинар зохион байгуулахаар төлөвлөж буй бөгөөд цаашид хиймэл оюун, цахим технологи ашиглаж Монгол Улсад боловсролын салбарын чанар, хүртээмжийг сайжруулахад хамтран ажиллахаар тохиролцов.Тус байгууллага нь НҮБ-ын төрөлжсөн агентлаг бөгөөд дэлхий дахины мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарын бодлого, стандарт, зохицуулалтыг боловсруулах үндсэн чиг үүрэг хэрэгжүүлдэг юм.
2026/01/20
185
ДЭЛХИЙ
Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ
Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзлаа.Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Г.Занданшатар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян шинэ жилийн баярын мэндчилгээ дэвшүүлсэнд талархал илэрхийлэв. Мөн Монгол, Хятад хоёр улс нь уул усаар холбогдсон мөнхийн хөршийн хувьд талууд найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол, Хятадын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл бөгөөд тус тусын тусгаар тогтнол, бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдал, өөрсдийн сонгосон хөгжлийн зам, язгуур эрх ашгийг харилцан хүндэтгэх үндсэн зарчмыг баримтлан харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлж буйд сэтгэл хангалуун байгаагаа  илэрхийлэв. 2025 оны арван нэгдүгээр сард Москва хотноо Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай уулзахдаа Хятадын нийгэм, эдийн засгийн 15 дугаар 5 жилийн төлөвлөгөөг  Монгол Улсын хөгжлийн таван жилийн төлөвлөгөөтэй харилцан уялдуулж, хоёр улсын урт хугацааны тогтвортой хөгжил, эдийн засгийн өсөлт, бүс нутгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахаар ярилцаж санал нэгдсэнээ Ерөнхий сайд онцлов. Хоёр улсын Засгийн газар хооронд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд нь хоёр улсын нийгэм, эдийн засгийн хөгжил болон ард түмэнд үр өгөөжээ өгөх чухал ач холбогдолтой ажлууд болохыг тэрбээр дурдаж, 2026 онд Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэх төрийн тэргүүн нарын зорилтыг биелүүлэхийн төлөө хятадын талтай хамтран ажиллахаа онцлон тэмдэглэв. Монгол Улсын бараа бүтээгдэхүүнийг гуравдагч зах зээлд гаргахад шаардлагатай транзит тээврийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх талаар хоёр тал идэвхтэй ажиллахаа илэрхийллээ. Элчин сайд Шэнь Миньжюань олон улсын худалдаа, эдийн засгийн амаргүй цаг үед хоёр улсын худалдааны эргэлтийн хэмжээ хэвийн хадгалагдаж байгаа нь цаашид хоёр улсад эдийн засгийн хамтын ажиллагаанд илүү өргөн боломж байгааг илтгэж байна гэв. Хятад, Монголын харилцан ашигтай хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулан ажиллахаа Элчин сайд илэрхийллээ. 
2026/01/14
193
ДЭЛХИЙ
2025 он: Гадаад харилцааны сэргэлтийг бататгалаа /2/
Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин айлчиллаа /2025.09.04-09/Энэ айлчлал хоёр улсын харилцаанд шинэ хуудас нээж, хамтын ажиллагааг “Иж бүрэн түншлэл”-д хүргэх тохиролцоог баталгаажууллаа.Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Амбан захирагч Саманта Мостин нар албан ёсны уулзалт хийж, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэх, ард иргэдийн харилцан ойлголцол, нөхөрлөлийг өргөжүүлэх талаар санал солилцлоо.Амбан захирагч Австралийн Засгийн газрын санхүүжилттэй төсөл, хөтөлбөр, “Оюу толгой” төсөл, “Эмэгтэйчүүдийн уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадавхыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилттэй танилцаж, “Налайхын Политехникийн коллеж”-д зочиллоо.Австралийн Элчин сайдын яам, Үндэсний номын сан, Монголын номын сангийн холбоо хамтран 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт хэрэгжүүлсэн “Хил хязгааргүй номын сан” төслийн үр дүнтэй танилцаж, Үндэсний номын санд Австралийн зохиолчдын шилдэг бүтээлийн дээжээс 40 гаруй ном хандивлалаа.Амбан захирагч төрийн бус байгууллага, иргэний нийгэм, Австралийн сайн дурын ажилтнууд, эмэгтэй бизнес эрхлэгчид болон Австралийн тэтгэлэг, батлан хамгаалах чиглэлээр суралцаж төгссөн иргэдтэй уулзлаа.НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганд оролцлоо /2025.09.19-23/НҮБ байгуулагдсаны 80 жилийн ойд зориулсан өндөр түвшний хуралдаан, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийллээ.НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш болон зарим улсын төрийн тэргүүнтэй уулзлаа.Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийлээ /2025.10.13-16/Хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцааг бэхжүүлэн, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад чухал түлхэц боллоо.Хамтын ажиллагааны хэтийн төлөв, тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлон газрын зургаа зурж, харилцааны түүхийн нэгэн шинэ хуудсыг эхлүүллээ.Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, эрчим хүч, уул уурхай, мэдээллийн технологи, соёл, хүмүүнлэг, залуучууд, спорт, соёл, урлаг зэрэг салбарт хамтран ажиллах 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурлаа.Хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг төлөвлөсөн хугацаанд нь дуусгахаа нотоллоо.Гуравдагч улсын боомт, тээврийн коридоруудыг хамт ашиглах, энэ оны сүүлээс Улаанбаатар-Дели, Улаанбаатар-Амрицар чиглэлд шууд нислэг үйлдэхийн зэрэгцээ транзит нислэгийг нэмэгдүүлэхээр боллоо.Бүс нутгийн болон олон улсын тавцанд энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаа нотоллоо.БНЭУ-ын санаачлан байгуулсан “Олон улсын нарны эрчим хүчний холбоо”-нд Монгол Улс нэгдэн орлоо.Хил хамгаалах, зэвсэгт хүчний чадавхыг бэхжүүлэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ.“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон Энэтхэгийн “Ээжийн төлөө нэг мод” хөдөлгөөнийг уялдуулан уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хүчин чармайлтаа нэгтгэнэ.“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хонины ноос боловсруулах, хивс, нэхмэлийн үйлдвэрлэлийн сайн туршлагыг нэвтрүүлнэ.Түүхий эдийн нийлүүлэлт, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд хамтран гаргана.“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах монгол оюутны тоог 70-аар нэмлээ.Англи хэлний 1,000 багш, мэдээллийн технологийн чиглэлээр 1,000 мэргэжилтэн сургаж, “Монгол-Энэтхэгийн найрамдлын ерөнхий боловсролын сургууль” байгуулна.Энэтхэгийн тал монгол иргэдэд цахим визээ үнэ төлбөргүй олгоно.Тааламжтай цагтаа Монгол Улсад албан ёсны айлчлал хийх урилгыг Ерөнхий сайд Н.Моди талархан хүлээж авлаа.Бүгд Найрамдах Итали Улсад төрийн айлчлал хийлээ /2025.11.30-12-04/Италитай харилцааны түвшнийг хоёр шат алгасан ахиулж “Стратегийн түншлэл” тогтоолоо.Италийн Ерөнхийлөгч Сэржо Маттарэлла 2026 онд Монгол Улсад төрийн айлчлал хийхээ нотоллоо.Олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах, дэлхий дахины Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхийн төлөөх үүрэг, амлалтаа нотоллоо.Дээд, өндөр түвшний харилцан айлчлалыг тогтмолжуулж, Парламентын бүлгүүдийн харилцааг дэмжинэ.Монгол, Итали болон Европын Холбоо хооронд 2017 онд байгуулсан “Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн хүрээнд улам идэвхтэй хамтарна.Эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг тэлнэ.Экспортыг нэмэгдүүлэх шинэ гарц нээх, хөрөнгө оруулалт, эдийн засгийн нөөц, бололцоог ашиглана.Хувцас загвар, ноолуурын салбарт тогтвортой нийлүүлэлтийн сүлжээ бий болгоно.Хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний шилжилтийг дэмжсэн технологи зэрэг тэргүүлэх салбарт жижиг, дунд үйлдвэрлэл, аж үйлдвэрийн хамтын ажиллагааг дэмжинэ.Эрчим хүчний сүлжээ, тээвэр, логистик, ус болон хог хаягдлын менежментийн тогтолцоо, мэдээлэл, харилцаа холбооны технологи, эрүүл мэнд зэрэг салбарын хөгжлийг дэмжинэ.Мэдээллийн технологийн дэд бүтэц, дижитал шилжилт, төрийн үйлчилгээг дэмжих ухаалаг шийдэл болон үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг хөгжүүлнэ.Газар, ус, хог хаягдлын тогтвортой менежмент зэрэг байгаль орчны хамгааллын хамтын ажиллагааг дэмжинэ.Ашигт малтмал болон түүхий эдийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлнэ.Олон улсад автозамаар ачаа тээвэрлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг эцэслэн байгуулна.Онцгой байдал, иргэний хамгаалалт болон эрсдэлийн менежментийн хамтын ажиллагааг дэмжинэ.Захиргаа, шүүх болон эрхзүйн тогтолцоог бэхжүүлэхэд Итали Улс дэмжлэг үзүүлнэ.Шинжлэх ухаан, боловсрол, соёлын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлнэ.“Милан-Кортина 2026” өвлийн олимп, паралимпын наадамд түшиглэн спорт,  аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг дэмжинэ.Гэгээн Ширээт Улсад төрийн айлчлал хийлээ /2025.12.04/Энэ айлчлал хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц боллоо.Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Арван дөрөвдүгээр Лео нар албан ёсны уулзалт хийж, Ерөнхийлөгчид Төрийн хэрэг эрхлэх газрын дарга Кардинал Пиетро Паролин бараалхлаа.Харилцаа, хамтын ажиллагааг түүх, соёл, хүмүүнлэгийн салбарт гүнзгийрүүлэх, энх тайван, хөгжил дэвшлийн төлөөх олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад хувь нэмрээ оруулах чиглэлээр хамтран ажиллах эрмэлзлээ нотоллоо.Айлчлалын хүрээнд Монгол Улсын “Чингис хаан” үндэсний музей болон Ватиканы Апостолын архив хооронд хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурлаа.Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Пап Францисын дурсгалыг хүндэтгэн Гэгээн Мариагийн Их сүмд байх бунханд нь цэцэг өргөлөө. Төрийн айлчлалуудын хүрээнд аж ахуйн нэгжүүд урт хугацаанд харилцан ашигтай хамтран ажиллах боломжийг эрэлхийлж, гэрээ, хэлэлцээ байгууллаа.Морин хуурын найрал болон Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид тоглолтоо сонирхуулж байлаа.“Монголын сайхан орон” гэрэл зураг болон морин хуурын үзэсгэлэн гаргаж байлаа.
2025/12/31
198
ДЭЛХИЙ
2025 он: Гадаад харилцааны сэргэлтийг бататгалаа /1/
Манай улс 2024 онд буюу нэг жилийн дотор 9 удаа төрийн болон албан ёсны айлчлал хүлээн авсан нь урьд өмнө нь байгаагүй тохиолдол байлаа. 2024 он бол түүхэндээ хамгийн олон айлчлал хүлээн авсан, харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжсэн, бүхий л салбарт бодит үр дүн гарсан, “Дэлхийг Монголд” гэсэн бодлогыг   бататгасан жил байлаа.Тэгвэл 2025 он өмнөх он жилүүдэд олсон ололт, амжилтаа бататгаж, харилцаа, хамтын ажиллагааны цар хүрээг тэлж, улам өргөжүүлэн хөгжүүлсэн, гадаад харилцааны тэнцвэртэй бодлогыг хангасан жил боллоо.Энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгч Турк, Чех, Польш, Киргиз, Тажикистан, Энэтхэг, Итали, Гэгээн Ширээт Улсад төрийн айлчлал хийсэн бол Узбекистан, Туркменистан, Австри, Австралийн төрийн тэргүүн, Японы Цог Жавхлант Эзэн хаан манай улсад төрийн айлчлал хийлээ.Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцон олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар улсынхаа байр суурийг  илэрхийлж, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүнтэй уулзаж, Ялалтын 80 жилийн ойн хүндэтгэлийн ёслолд оролцлоо.Төрийн айлчлалаар Турк, Чех, Узбекистан, Киргиз, Итали Улстай тогтоосон харилцааны түвшнийг шат ахиулж “Стратегийн түншлэл”, “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэлээ.Ялангуяа Бүгд Найрамдах Итали Улстай харилцааны түвшнийг хоёр шат алгасан ахиулж, “Стратегийн түншлэл” тогтоолоо.Австрали Улстай хамтын ажиллагааг “Иж бүрэн түншлэл”-д хүргэх тохиролцоог баталгаажуулж, Польштой “Иж бүрэн түншлэлийн үйл ажиллагааны 2025-2030 оны төлөвлөгөө”-г баталлаа.Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бээжин хотноо хөрш хоёр улсын төрийн тэргүүнтэй уулзаж, Монгол, Хятад, Оросын “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг дахин таван жилээр буюу 2031 он хүртэл сунгаж, ОХУ-аас манай улсын нутгаар дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийг хэрэгжүүлэхээр эцэслэн тохиролцлоо.Одоогоор ОХУ, БНХАУ-тай “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцаатай. АНУ-тай “Стратегийн гуравдагч хөршийн түншлэл”, Японтой “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх тусгай стратегийн түншлэл”, Герман, Солонгос, Казахстан, Турк, Энэтхэг, Италитай “Стратегийн түншлэл”, Чех, Узбекистан, Киргизтэй “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоогоод байна.Манай улс 2021 оноос хойш НҮБ-ын гишүүн 192 оронтой бүгдтэй нь дипломат харилцаа тогтоолоо.Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийлээ /2025.01.15-19/ “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг шат ахиулж “Стратегийн түншлэл”-д хүргэлээ.Эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийг нэмэгдүүлэх, өвчин эмгэгийн хамтарсан оношилгоо хийж, анагаах ухааны дэвшилтэт технологид суурилан анагаах чиглэлээр туршлага солилцох, хамтран төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр хамтарна.Багш, оюутан солилцох, мэдээлэл, туршлага хуваалцах, хамтарсан төсөл хэрэгжүүлэх, судалгаа хийх, багш нарын мэргэжлийг дээшлүүлэх зэргээр хамтран ажиллана.Залуучууд, биеийн тамир, спортын байгууллагын харилцаа холбоог өргөжүүлнэ. Хөдөлмөр эрхлэлт, мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн хөтөлбөр хэрэгжүүлнэ.Байгаль орчны менежмент, уур амьсгалын өөрчлөлт, цэвэр үйлдвэрлэл, биологийн олон янз байдал болон тусгай хамгаалалттай газар нутаг, байгаль орчны мэдээллийн систем, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлнэ.Цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, ойжуулалт, ойн нөхөн сэргээлт, мод тарих, модны тарьц, суулгац үржүүлэх чиглэлээр хамтарна. Хөнөөлт шавж, ой, хээрийн түймэртэй тэмцэж, шаардлагатай материал, техник хэрэгслээр хангаж, хүний нөөцийн чадавхыг дээшлүүлнэ.Тусгай хамгаалалттай газар нутгийн менежмент, байгалийн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээлт, уур амьсгалын өөрчлөлтийн урт хугацааны хамтарсан судалгаа, мониторинг, эко аялал жуулчлал зэрэг хүрээнд хамтран ажиллана.Нүүрс олборлолт, цэвэр нүүрсний технологи, уурхайн аюулгүй ажиллагааны чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлнэ.Европын орнуудаас Туркээр дамжин Монгол Улс руу болон эсрэг чиглэлд төмөр замын ачаа тээврийн шинэ урсгал нээх боломжийг судална.Төмөр замын тээврийн салбарын төсөлд хамтрах, төмөр замын олон улсын коридоруудыг хөгжүүлнэ.Бүгд Найрамдах Чех Улсад төрийн айлчлал хийлээ /2025.03.09-12/Уламжлалт, найрсаг харилцааг “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэлээ.Гурван аж ахуйн нэгж 20 гаруй тэрбум төгрөгийн үнэ бүхий хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.“Хархорум”, “Шинэ Зуунмод” хотын бүтээн байгуулалт, дэд бүтэц, нийтийн тээвэрт хөрөнгө оруулалт татна.Уламжлалт харилцаат салбаруудаас гадна дэвшилтэт техник, технологи, инновац, ноу-хау, тээвэр ложистик зэрэг чиглэлээр хамтарна.Чехэд амьдарч байгаа 15 мянга орчим иргэнийхээ эрх ашгийг улам илүү хамгаална.“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Чехийн их, дээд сургуульд суралцах оюутны тоог нэмнэ.“Алсын хараа-2050”-ыг Чехийн “Стратегийн төлөвлөгөө-2030” хөгжлийн бодлоготой уялдуулна.“Тэрбум мод” хөдөлгөөн болон Европын Холбооны “Ойн түншлэл”-ийн хүрээнд хамтран ажиллана.“Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд хүнс, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт дэвшилтэт техник, тоног төхөөрөмж нэвтрүүлнэ.Малын гаралтай түүхий эдийг бүрэн боловсруулж, бүтээгдэхүүнээ Европын зах зээлд гаргана.Бүгд Найрамдах Польш Улсад төрийн айлчлал хийлээ /2025.03.13-14/“Иж бүрэн түншлэлийн үйл ажиллагааны 2025-2030 оны төлөвлөгөө”-г баталлаа.Эмнэлгийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хадгалалт, түгээлтэд европ стандарт нутагшуулж, бүртгэл, аюулгүй байдал, тандалт судалгааны мэдээлэл солилцоно. Аюулгүй, чанартай баталгаатай эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулна.Батлан хамгаалах сургуулиуд хамтарсан судалгаа, шинжилгээ, сургалт, хурал, семинар зохион байгуулна. Сонсогч, багш, ажилтнуудаа солилцоно.ШУА-иуд түүх, угсаатан зүй, палеонтологи, биологийн салбарын идэвхтэй харилцаагаа улам эрчимжүүлнэ.1963-1971 онд хийж байсан палеонтологийн чиглэлийн түүхэн судалгаагаа үргэлжлүүлнэ.Хамтарсан кино төсөл хэрэгжүүлэх, кино зураг авалт хийх, мэргэжилтнүүд бэлтгэх, киноны тоног төхөөрөмжийн худалдан авалт, түрээс зэрэг чиглэлээр хамтарна.Их сургуулиудийн эрдэмтэн, судлаачдын хамтын ажиллагааг хөгжүүлж, олон улсын түвшинд өрсөлдөхүйц судалгаа хийнэ.Залуу судлаачид европын санхүүжилттэй тэтгэлэг, судалгааны хөтөлбөрүүдэд хамрагдах, монгол оюутнууд Польшид суралцах, судалгаа хийх, тэтгэлэгт хамрагдах боломж бүрдлээ.Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Аугаа их Эх орны дайны ялалтын түүхт 80 жилийн ойн  баярт оролцлоо /2025.05.07-09/Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, В.В.Путин нар албан ёсны уулзалт хийж, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, эрчим хүч, тээвэр логистик, аялал жуулчлал, байгаль орчин болон хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.Харилцаа, хамтын ажиллагааг цаашид ч “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн зарчмаар тууштай урагшлуулан хөгжүүлэхийн төлөө байгаагаа төрийн тэргүүн нар нотоллоо.В.В.Путин, Аугаа их Эх орны дайны хүнд жилүүдэд Монгол Улс, монголын ард түмэн Зөвлөлт Холбоот Улсад тусламж дэмжлэг үзүүлж байсныг ОХУ-ын төр, засаг болон ард түмэн үргэлж өндрөөр үнэлж, чухал ач холбогдол өгч байдгийг тэмдэглэв.Ерөнхийлөгч Улаан талбайд болсон Ялалтын баярын ёслолд бусад улсын төрийн тэргүүн, өндөр дээд албан тушаалтнуудын хамт оролцож, Александровын цэцэрлэг дэх “Нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөө”-нд цэцэг өргөлөө.Мөн Москва хотын Хүндэтгэлийн дэнж дэх Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд байрлуулсан “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөж,  БНМАУ-ын баатар болон Хөдөлмөрийн баатар цол хүртсэн ЗХУ, ОХУ-ын иргэдийн төлөөлөлтэй уулзлаа.Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен  айлчиллаа /2025.05.25-28/Монгол болон Австри Улсад Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд ногдох тэтгэвэр авах эрхтэй боллоо.Дипломат паспорт эзэмшигч иргэд 180 хоногийн хугацаанд 90 хүртэлх хоног харилцан визгүй зорчино.Хууль бусаар оршин суугаа иргэдийг буцаан шилжүүлэх хүсэлт гаргах эрх зүйн орчин бүрдлээ.  “Хархорум”, “Хүннү” хотын бүтээн байгуулалт, барилга угсралт, ус суваг, цэвэршүүлэх байгууламж, эрчим хүч, дэд бүтцийн төсөлд Австри Улс хөрөнгө оруулж, хамтран ажиллана.Олон улсын автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулна.Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг сунгаж, хөрөнгийг нь эрүүл мэнд, эмнэлгийн тоног төхөөрөмж, дэд бүтэц, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт  зарцуулна.Уул уурхай, ашигт малтмалын салбарт шинэлэг технологи нэвтрүүлэх, хамтарсан судалгаа, шинжилгээ хийх, мэргэжилтнүүдийг сургах чиглэлээр хамтарна.“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Европын Холбооны “Ойн түншлэл”-ийн хүрээнд үргэлжлүүлэн хамтарна.“Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд эрчимжсэн мал аж ахуйг дэмжих, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх чиглэлээр хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ.Улаанбаатар хотноо НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг зохион байгуулахад Австри Улс дэмжлэг үзүүлнэ.“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Австрид суралцах монгол оюутны тоог нэмнэ.Хөгжмийн зохиолчдын бүтээл, сонгодог хөгжмийн багш, оюутан солилцох, хамтарсан уран бүтээл туурвих, эрдэмтэн багш нарын хамтарсан төсөл, эрдэм шинжилгээ, судалгааны бага хурал зохион байгуулах боломж бүрдлээ.Австри Улс хөдөө аж ахуй,  аялал жуулчлал, дэд бүтэц, эрүүл мэнд, эрчим хүч зэрэг салбарт туршлага, ноу-хау, шалгарсан шийдлүүдээ хуваалцана.Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов айлчиллаа /2025.06.01-02/Улс төрийн яриа хэлэлцээг тогтмолжуулах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, хүрээлэн буй орчныг хамгаалах зэрэг салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ.Эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, техник, технологи, дээд боловсрол, хүнс, хөдөө аж ахуй, соёлын салбарын асуудлаар хамтын ажиллагааны зөвлөлдөх уулзалтуудыг хоёр жилд нэг удаа зохион байгуулна.Эрчим хүч, тээвэр, харилцаа холбоо, дэд бүтэц, хөнгөн үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг хөгжүүлж, хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлнэ.Нэхмэл, оёдлын үйлдвэрлэлийн салбарт харилцан ашигтай хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ.Их, дээд сургуульд суралцах болон судалгаа хийх тэтгэлэг олгож, боловсролын баримт бичиг, эрдмийн зэрэг, цолыг харилцан хүлээн зөвшөөрнө.Улаанбаатар хот, Ашхабад хот ах дүүгийн харилцаа тогтоож, инновац, худалдаа, эдийн засаг, эрдэм шинжилгээ, соёл, спорт, аялал жуулчлал болон бусад салбарт хамтарна.Шинжлэх ухаан, шинэ технологи, инновацын чиглэлээр хамтран ажиллана.Үндэсний музейд хадгалж буй эрдэнэсийг сэргээн засварлах, соёл, түүх, уламжлалаа нийтэд сурталчлан таниулах зэргээр хамтран ажиллана.Их, дээд сургуулиуд судалгаа, эрдэм шинжилгээ, боловсролын салбарт хамтын ажиллагаа өрнүүлнэ.Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев айлчиллаа /2025.06.24-25/Уламжлалт найрсаг харилцааг шат ахиулж, “Иж бүрэн түншлэл”-д хүргэлээ.Хөрөнгө оруулалт, бизнес эрхлэлтийг дэмжих, худалдааг өргөжүүлэх, зах зээлд нэвтрэх боломжийг сайжруулах, шууд хөрөнгө оруулалтыг татах зэргээр хамтарна.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр хамтран ажиллана.Архивын баримт бичгийг судлах, цахим архив нэвтрүүлэх, сэргээн засварлалт, мэргэжилтэн солилцооны чиглэлээр хамтарна.Их, дээд сургуулиудын удирдлага, багш, судлаач, оюутнуудын солилцоог дэмжих, сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний хурал, семинар, инновац, технологи, гарааны бизнесийн чиглэлээр хамтарсан төслүүд хэрэгжүүлнэ.Ашигт малтмалын олборлолт, боловсруулалтын чиглэлээр харилцан ашигтай түншлэл бий болгоно.“Тэрбум мод”, узбекийн Ерөнхийлөгчийн “Ногоон ирээдүй” төслийг уялдуулан хэрэгжүүлнэ.НҮБ, ШХАБ болон бусад олон улсын байгууллагын хүрээнд харилцан бие биеэ дэмжинэ.Ургамал болон ургамлын гаралтай бүтээгдэхүүн импортолж, экспортлох таатай нөхцөл бүрдүүлж, эрүүл ахуйн аюулгүй байдлыг хангана. Хоёр улсын нутаг дэвсгэрээр бараа бүтээгдэхүүн дамжин өнгөрөх, импорт, экспортыг хөнгөвчилнө.Хөдөө аж ахуйн салбарт орчин үеийн усалгааны технологи нэвтрүүлэх, мал аж ахуй, бэлчээрийн менежментийн чиглэлд хамтарсан төслүүд хэрэгжүүлнэ.Монголд Узбекистаны ургамлын сортын 5,000 суулгацыг шилжүүлэн суулгаж, загасны аж ахуй болон зөгий үржүүлгийн чиглэлээр хамтарна.Цөлжилт, газрын доройтол, усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон төрөлт зүйлс, еко-системийг хамгаалах зэрэг чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ.Олон улсын уралдаан, тэмцээнд тамирчид, дасгалжуулагчид, шүүгчид, спортын зүтгэлтнүүдийг харилцан оролцуулна.Эко аялал жуулчлал хөгжүүлэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ.Соёлын биет бус өвийг хадгалан хамгаалах, сурталчилах, олон улсын наадам, тэмцээнд төлөөлөгчдөө оролцуулах зэргээр хамтарна.Япон Улсын Цог Жавхлант Эзэн хаан Нарүхито айлчиллаа /2025.07.06-13/Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито нар албан ёсны уулзалт хийж, найрсаг харилцаа, ард иргэдийн найрамдал, нөхөрлөлийг гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар ярилцлаа.Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Үндэсний их баяр наадмын нээлт болон бусад ёслолд хүндэт зочдын хувиар оролцлоо.Энэ айлчлал Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд нийтлэг үнэт зүйлс бүхий Япон Улстай хөгжүүлж буй “хүн төвтэй” “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлж, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, ард иргэдийн найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал түлхэц өгсөн, түүхэн айлчлал боллоо.Киргиз Улсад төрийн айлчлал хийлээ /2025.07.20-23/Хоёр улс “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоолоо.Худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, бизнес, хөрөнгө оруулалтын таатай орчин бий болгоно.Иргэдийн эрх ашгийг хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох болон мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд хамтран ажиллана.Бишкек -Өрөмчи-Улаанбаатар чиглэлийн авто коридорыг хамтран ашиглана.Уул уурхай болон бусад салбарт болон харилцааны бэлгэ тэмдэг болох төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ.Монгол, Киргизэд нэг жилээс дээш хугацаагаар оршин сууж, ажиллаж амьдарч байгаа иргэд өөрийн улсын жолооны үнэмлэхээ нөгөө улсын жолооны үнэмлэхээр солих боломж бүрдлээ.“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Киргизэд ноос, ноолууран бүтээгдэхүүн нийлүүлнэ.Мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолуур, арьс, шир боловсруулах үйлдвэр байгуулж, бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд нийлүүлнэ.Киргиз Улсад монгол сарлаг, ямаа нийлүүлж, жимс, хүнсний ногооны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ.Цахим хөгжил, инновац, төрийн үйлчилгээг цахимжуулах, мэдээллийн технологи, кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтарна.Киргизийн үндэсний их сургуульд “Монгол-Киргизийн боловсрол, соёлын төв” байгуулж, “Монгол судлал”-ын хөтөлбөр хэрэгжүүлнэ.Засгийн газрын тэтгэлгээр энэ хичээлийн жилээс монгол, киргиз хэл судлалын чиглэлээр оюутнуудаа харилцан сургана.“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Киргизийн “Ногоон өв” санаачилгатай уялдуулан үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.“Монгол-Киргизийн найрамдлын төгөл” цэцэрлэгт хүрээлэнг Монгол Улсад байгуулна.Дархан-Уул аймаг Киргизийн Ерөнхийлөгчийн Бүрэн эрхт төлөөлөгчийн газартай хамтран ажиллана.Бүгд Найрамдах Тажикистан Улсад төрийн айлчлал хийлээ /2025.07.23-26/Харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх эрмэлзлээ нотолж, харилцааг улс төр, худалдаа, эдийн засаг, аж үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, тээвэр, логистик, боловсрол, соёл, аялал жуулчлал зэрэг бүх салбарт өргөжүүлэн бэхжүүлэхээр тохиролцлоо.Усны эрчим хүч ашиглах чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, урт болон богино хугацааны сургалтад хамруулах, мэргэжилтэн солилцох, хамтарсан төсөл хэрэгжүүлэх зэргээр хамтарна.Мал аж ахуй, хөдөө аж ахуйг механикжуулах, үрийн үйлдвэрлэлд дэвшилтэт технологи нэвтрүүлэх, ургамлын өвчин, хортон шавжаас хамгаалах, газрын нөхөн сэргээлт, хөрс усалгааны системийн хамтарсан судалгаа хийх, ургамлын эрүүл ахуйн болон мал эмнэлгийн хяналтыг сайжруулах зэрэг  салбарт харилцан туршлага солилцож, хамтарсан үйлдвэр байгуулах боломжийг судлана.Аялал жуулчлалын хөрөнгө оруулалт болон технологид суурилсан ухаалаг аялал жуулчлалын санаачилгыг харилцан дэмжих, салбарын мэргэжилтнүүд, холбогдох бизнесийн байгууллагын харилцааг өргөжүүлэхээр тохиролцлоо.Дижитал эдийн засгийн салбарын зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр хамтарна.Онцгой байдал, гамшгийн үед ард иргэдэд шуурхай зарлан мэдээлэх системийг бэхжүүлэх, орчин үеийн технологийг нэвтрүүлэх чиглэлээр хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, хамтарсан дадлага, сургуулилт зохион байгуулна.Байгалийн ухаан, нийгэм, хүмүүнлэгийн ухаан, хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, жимс, жимсгэний аж ахуй, хүнсний технологийн чиглэлээр хамтран ажиллана.Түүх-соёлын өвийг хадгалах, судлах, сурталчлах, шинжлэх ухаан, соёлын харилцааг гүнзгийрүүлэх, бэхжүүлэх зэргээр хамтарна.Хөрш гурван улсын төрийн тэргүүн Бээжинд уулзлаа /2025.09.02/Уулзалтын үеэр Монгол, Хятад, Оросын “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг дахин таван жилээр буюу 2031 он хүртэл сунгаж, мөн ОХУ-аас Монгол Улсын газар нутгаар дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийг хэрэгжүүлэхээр эцэслэн тохиролцов.Ерөнхийлөгч Монголын тал гурван улсын хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгдөг бөгөөд “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгагдсан төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх, иргэдэд үр шимийг нь хүртээх, бүс нутгийн хөгжил, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, дэд бүтцийн бүтээн байгуулалтад зохих хувь нэмрээ оруулахын төлөө байгаагаа илэрхийлэв.БНХАУ-ын дарга Ши Жиньпин Төмөр замын төв коридорын шинэчлэл, гурван талын худалдаа, байгаль орчин хамгаалал, гааль, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа идэвхжиж байгааг тэмдэглэлээ.Цаашид улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлж, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг дэмжиж, одоогийн хамтын ажиллагааг улам ахиулахыг санал болгов. Хятад улс “Инновацын төв” байгуулахаар төлөвлөж буйгаа танилцуулж, монгол болон оросын талууд идэвхтэй оролцохыг хүсэв.ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин гурван улсын интеграцийг нэмэгдүүлж, гурван талт хамтын ажиллагааг Евразийн эдийн засгийн холбоо, “Бүс ба Зам”, “Талын зам”-ыг уялдуулах хүрээнд тээвэр, логистик, гааль, худалдааг нэмэгдүүлэх, хүнд суртлыг арилгахыг санал болголоо.Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр БНХАУ-ын Хөбэй мужийн Жанбэй хошууны Жанчхүүгийн даваанд байрладаг Монгол-Зөвлөлтийн дайчдад зориулсан дурсгалын цогцолборт зочилж, амь үрэгдсэн дайчдын дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө./Үргэлжлэл бий/
2025/12/31
277
ДЭЛХИЙ
Арктикийн бүс нутагт ноцтой эрсдэл үүсгэж байна
АНУ-ын Далай тэнгис, агаар мандлыг судлах үндэсний газар (NOAA)-ын мэдээлснээр, Арктикт 2024 оны аравдугаар сараас 2025 оны есдүгээр сар хүртэлх 12 сарын хугацаа сүүлийн 125 жилийн хугацаанд тохиосон хамгийн халуун үе байжээ. Энэ нь 2025 он бүхэлдээ хамгийн халуун жил болсон гэсэн үг биш, харин дээрх 12 сарын хугацаанд Арктикийн агаарын дундаж температур түүхэн дээд хэмжээнд хүрснийг илэрхийлж байна. Мөн 2025 оны гуравдугаар сард Арктикийн далайн мөсний хэмжээ жилийнхээ хамгийн их хэмжээнд хүрэх үедээ ч сүүлийн 47 жилийн хамгийн бага түвшинд бүртгэгджээ. Ялангуяа хамгийн эртний, зузаан мөсний хэмжээ 1980-аад оноос хойш 95 гаруй хувиар багассан байна. Олборлодог түлшнээс ялгарах хүлэмжийн хийн нөлөөгөөр Арктик бүс дэлхийн дунджаас дөрөв дахин хурдан дулаарчээ. Ингэснээр уур амьсгалын тэнцвэрийг хадгалахад чухал үүрэгтэй энэ бүс нутагт ноцтой эрсдэл үүсгэж байна.Аляскт мөнх цэвдэг хайлснаас болж 200 гаруй гол мөрөн улбар шар өнгөтэй болж, усанд хүчил, хорт металлын агууламж нэмэгджээ. Энэ нь усны чанар, усны амьтад, биологийн олон янз байдалд сөргөөр нөлөөлж байгаа бөгөөд эрдэмтэд ундны ус болон загас агнуурт үзүүлэх нөлөөг судалж байна. Түүнчлэн дээр дурдсан 12 сарын хугацаанд Арктикт орсон хур тунадас түүхэн дээд хэмжээнд хүрч, өвөл, хавар, намрын улиралд ихэвчлэн цас бус бороо орсон байна. Зургаадугаар сарын цасан бүрхүүл 60 жилийн өмнөхөөс хоёр дахин багасчээ. Судлаачид эдгээр өөрчлөлт нь зөвхөн Арктикт бус, дэлхийн уур амьсгалд шууд нөлөөлөх тул тогтвортой, урт хугацааны судалгаа, байнгын ажиглалт зайлшгүй шаардлагатайг онцолсон байна.ЭХ СУРВАЛЖ: THE HILL  zayam8787
2025/12/19
235
ДЭЛХИЙ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Арвандөрөвдүгээр Леогийн урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Арван дөрөвдүгээр Лео нар албан ёсны уулзалт хийж, Ерөнхийлөгчид Төрийн хэрэг эрхлэх газрын дарга Кардинал Пиетро Паролин бараалхлаа.Энэ удаагийн айлчлал хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц боллоо гэдэгт төрийн тэргүүн нар санал нэгдлээ.Талууд харилцаа, хамтын ажиллагааг түүх, соёл, хүмүүнлэгийн салбарт гүнзгийрүүлэх, энх тайван, хөгжил дэвшлийн төлөөх олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад хувь нэмрээ оруулах чиглэлээр хамтран ажиллах эрмэлзлээ нотоллоо.Айлчлалын хүрээнд Монгол Улсын “Чингис хаан” үндэсний музей болон Ватиканы Апостолын архив хооронд хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Пап Францисын дурсгалыг хүндэтгэн Гэгээн Мариагийн Их сүмд байх бунханд нь цэцэг өргөлөө.
2025/12/05
258
ДЭЛХИЙ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлал хийхээр Бүгд Найрамдах Итали Улсад хүрэлцэн ирлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэллагийн урилгаар 2025 оны 12 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийхээр Ром хотноо хүрэлцэн ирлээ.  “Фиучимино” олон улсын нисэх онгоцны буудалд тус улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Итали-Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга Никола Карэ, Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яамны Дипломат ёслолын газрын захирал Бруно Паскуино, Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккаррэта, Гэгээн Ширээт Улсын Төрийн нарийн бичгийн дарга нарын газрын Ёслолын хэлтсийн дэд дарга Бруно Бастос Линс, монголын талаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Нарантунгалаг, Гэгээн Ширээт Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Д.Гэрэлмаа нар угтан авлаа.Энэ айлчлал Монгол Улс, Бүгд Найрамдах Итали Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд болж байна.Ромын эзэнт гүрнээс улбаатай Бүгд Найрамдах Итали Улс 1861 онд хаант засаглалтай нэгдсэн улсаа байгуулсан түүхтэй. 1946 онд бүх нийтийн санал асуулгаар Бүгд Найрамдах засаглал сонгосон нь өнөөгийн “Их-7”-ийн бүлгийн гишүүн, улс төр, эдийн засгийн нөлөө бүхий улс болох үндэс суурь болжээ.Австри, Франц, Гэгээн Ширээт Улс, Сан Марино, Словени, Швейцар зэрэг улстай хиллэдэг. НАТО, Европын Холбооны Улсын голлох гишүүн орны нэг. 59 сая хүн амтай.Дотоодын нийт бүтээгдэхүүн нь 2.2 их наяд ам.доллар. Эдийн засгийн голлох салбар нь үйлчилгээ /65 хувь/, аж үйлдвэр /23 хувь/, хөдөө аж ахуй /2 хувь/.623 тэрбум еврогийн үнэ бүхий үйлдвэрлэлийн машин, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, даавуу, металл хийц, эмийн бүтээгдэхүүн голлон гаргаж, гадаадаас 568 тэрбум еврогийн үнэ бүхий газрын тос, байгалийн хий, тээврийн хэрэгсэл, металл эдлэл, хүнс, тоног төхөөрөмж авдаг.Гадаадын шууд хөрөнгө оруулалт нь 452 сая евро. Нүүрс, мөнгөн ус, цайр, гантиг, хайлуур жонш, байгалийн хий, загасны арвин нөөцтэй.Италиас монголчуудын сайн мэдэх Марко Поло, Христофер Колумб, Леонардо Да Винчи, Галилей, Микеланжело, Лучиано Павороти зэрэг алдартан төрөн гарчээ.  
2025/12/01
345
ДЭЛХИЙ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн, Пап XIV Лео-гийн урилгаар 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр тус улсад төрийн айлчлал хийнэ.Төрийн айлчлал нь Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд тус улсад 14 жилийн дараа хийх айлчлал юм.Айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн албан ёсны уулзалт хийнэ. Мөн  Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Гэгээн Ширээт Улсын Төрийн Хэрэг эрхлэх газрын дарга Кардинал Пиетро Паролин бараалхана.Монгол Улс Гэгээн Ширээт Улстай 1992 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр дипломат харилцаа тогтоосон юм.Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд харилцаа, хамтын ажиллагаа соёл, боловсрол, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбарт идэвхтэй өрнөж байна.2023 онд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис-ын хийсэн төрийн айлчлал хоёр улсын 800 орчим жилийн түүхтэй харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх түүхэн айлчлал болсон.Пап IV Инносентээс 1245 онд Гүюг хаанд бичсэн болон 1246 онд Их хаанаас хариу болгон илгээсэн захидал нь хоёр улс олон зуун жилийн өмнө  харилцаж байсныг нотлох үнэт эх сурвалжид тооцогддог юм.
2025/11/28
331
ДЭЛХИЙ
Хүүхэд олоход тусалдаг Парисын дом
Парис дахь Пере Лашез оршуулгын газарт Виктор Нуарын булш байдаг бөгөөд одоо бараг шашны зан үйл хийдэг газар болжээ. Энд эмэгтэйчүүд зүгээр нэг цэцэг өргөхөөр ирдэггүй. Нуар бол 1870 онд дуэль тулаанд амиа алдсан энгийн нэгэн сэтгүүлч залуу юм. Гэвч түүнийг алдаршуулсан зүйл нь булшных нь чулуун баримал болжээ. Барималч түүнийг бүрэн хэмжээгээр дүрслэхдээ эмзэг эрхтнийг нь мэдэгдэхүйцээр нарийн урлажээ. Энэ нь булшийг "шүтэх сахиус" болгосон юм. Хэрэв хүүхэд гаргадаггүй эмэгтэй баримлын цавины хэсгийг өөрийн биеэрээ үрж, хүрэл уруулыг үнсэж, малгайд нь цэцэг үлдээвэл хайр дурлалд илүү азтай байж, хурдан жирэмсэн болно гэж итгэдэг ажээ.
2025/11/25
324
ДЭЛХИЙ
НҮБ-ын төлөөлөгчид COP17 төслийн талбайд мод тарилаа
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг ”Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д COP17 төслийн талбайд мод тарилаа. НҮБ-ын ЦТКНБДН-ын газрын Нью-Йорк дахь Төлөөлөгчийн газрын захирал Ражеб Булхаруф тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотноо ажиллаж, 2026 онд болох UNCCD COP17 хурлын бэлтгэл ажилтай танилцан, зөвлөмж өгч ажиллаж байна. Бэлтгэл ажлын хүрээнд тус хурлын барилга байгууламжийн төслийн талбайд зочлон, төлөвлөлт, дэд бүтцийн угсралтын ажлын явц, мэдээллүүдтэй танилцлаа. Энэ үеэр тус цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд мод тарьж, тохижилт ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулав.НҮБ-ын төлөвлөлтийн хоёрдугаар ээлжийн баг Монгол Улсад таван өдөр ажиллан, гүйцэтгэлийн тайлангаа Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Талуудын бага хурлыг зохион байгуулах Үндэсний хороонд танилцуулах бөгөөд ирэх жилийн төлөвлөлтийг боловсруулна.
2025/10/29
432
ДЭЛХИЙ
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байна
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг “КОП17 хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газар”-т ажиллалаа. Тодруулбал, НҮБ-ын ЦТКНБДН-ын газрын Нью-Йорк дахь Төлөөлөгчийн газрын захирал Ражеб Булхаруф тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотноо ажиллаж, 2026 онд болох UNCCD COP17 хурлын бэлтгэл ажилтай танилцан, зөвлөмж дэмжлэгийг үзүүлж байна.Бэлтгэл ажлын хүрээнд тус хурлын барилга байгууламжийг нийслэл хариуцан ажиллаж байгаа бөгөөд “КОП17 хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газар”-т зочлон, барилга байгууламжийн төлөвлөлт, дэд бүтцийн угсралтын ажлын явц, мэдээллүүдтэй танилцлаа. Уг хурлыг Монгол Улс 2022 онд зохион байгуулах эрхээ авсан. 2026 онд олон улсын стандартад хэрэглэгдэж буй угсардаг хурлын байгууламжийг төлөвлөж, байгаль орчинд ээлтэй шийдлүүдийг ашиглан барьж байгуулах юм.Хамтарсан багууд Монгол Улсад таван өдөр ажиллан, гүйцэтгэлийн тайлангаа Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Талуудын бага хурлыг зохион байгуулах Үндэсний хороонд танилцуулж, ирэх жилийн төлөвлөлтийг боловсруулна.
2025/10/28
420
ДЭЛХИЙ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНЭУ-ын Гадаад хэргийн сайд бараалхав
Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр тус улсын Гадаад хэргийн сайд Др.Субраманьяам Жайшанкар бараалхлаа.С.Жайшанкар хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийж буйд баяр хүргэж, үүнд Энэтхэгийн төр, засаг, ард түмэн өндөр ач холбогдол өгч, найрсгаар хүлээн авч буйг тэмдэглэлээ.Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Энэтхэг Улсыг манай “гуравдагч хөрш”, Энэтхэг, Номхон далайн бүс нутаг дахь оюун санааны итгэлт түнш хэмээн үздэг бөгөөд “Стратегийн түншлэл”-ийн харилцааны цар хүрээг улам өргөжүүлэн олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа хэллээ.Түүнчлэн Засгийн газар хоорондын комиссын үйл ажиллагааг эрчимжүүлэхийн чухлыг онцолж, сайд С.Жайшанкарыг комиссын энэтхэгийн хэсгийн даргын хувиар Монгол Улстай хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө нягт хамтран  ажиллаж ирсэнд талархалтай буйгаа тэмдэглэв.Сайд С.Жайшанкар хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж байгаа болон цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл, хөтөлбөрүүдийн талаар Ерөнхийлөгчид танилцууллаа.С.Жайшанкар нь Шинэ Делигийн их сургуулийг бакалавр, Жавхарлал Неругийн их сургуулийг олон улсын харилцааны магистр, докторын зэрэгтэй төгссөн.Москва, Вашингтон, Коломбо, Будапешт, Токио дахь Элчин сайдын яаманд I, II, III нарийн бичгийн дарга, зөвлөх, дэд тэргүүн, Чех, Сингапур, БНХАУ, АНУ-д Элчин сайдын алба хашиж байсан.2015-2018 онд Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2019 онд сайдаар томилогдсон. Парламентын Дээд танхим Ражья Сабха-гийн гишүүн юм.
2025/10/14
408