mmnews.mn | 2024-09-08
Төсвийн хөрөнгө оруулалтын чиглэлээр нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчдыг чадавхжуулах сургалтад хамрууллаа

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны ил тод байдлыг нэмэгдүүлэх, үр ашиг болон үр өгөөжийг сайжруулах, иргэдийн оролцоог бий болгох зорилтын хүрээнд Сангийн Яам болон Азийн хөгжлийн банк хамтран нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтыг pimis.publicinvestment.gov.mn системд холбосон. Цахим системд холбогдсонтой холбоотойгоор техникийн туслалцаа үзүүлэх, алба хаагчдын чадавхыг бэхжүүлэх зорилгоор нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын чиглэлээр нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчдыг чадавхжуулах сургалтад хамрууллаа. Сургалтыг Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын дарга Ж.Дэлгэржаргал ахлан явуулсан бөгөөд нийслэлийн есөн дүүрэг болон харьяа агентлагуудын хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн 42 албан хаагч оролцсон юм.

Сургалтыг нээж НЗДТГ-ын Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Б.Гантулга “Сангийн яам болон Азийн хөгжлийн банк хамтран сүүлийн гурван жил улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилтийн үйл явцыг бүрэн цахимжуулсан бөгөөд өнгөрсөн сард нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын мэдээллийг цахим системд бүрэн шилжүүлсэн. Ийнхүү цахимжсанаар төлөвлөлтийн шатанд хөрөнгө оруулалтын ажлын саналыг цахим системээр авч, тусгай шалгуур үзүүлэлтээр үнэлж, төслийн эдийн засгийн үр, ашиг, ач холбогдлыг тооцон эрэмбэлэн сонгож байгаа нь төлөвлөлт илүү бодитой, судалгаатай болж, хүний хөдөлмөр, цаг хугацааг хэмнэх, цаасны хэрэглээг багасгах зэрэг олон ач холбогдолтой” хэмээв.

Төсвийн хөрөнгө оруулалтын мэдээллийг цахимжуулснаар:

  • Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний саналын бодлогын баримт бичгийн уялдааг хялбар шалгах, “Барилгын хөгжлийн төв”, “Эрчим хүчний хөгжлийн төв”, “Зам, тээврийн хөгжлийн төв”-ийн магадлалын сангаас ажлын зураг, төсөвт магадлал хийсэн мэдээллийг цахимаар татаж үзэх боломжтой.
  • Анхан шатны санал өгсөн байгууллага өөрийн саналыг хаана, ямар үндэслэлээр хасагдсан болон хэрхэн эрэмбэлэгдэж, үнэлэгдсэн зэргийг харах боломжтой.
  • Хэрэгжилтийн шатанд төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын (publicinvestment.gov.mn) цахим системийн тусламжтайгаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжих төслүүдийн гэрээг бүртгэлжүүлж, гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүд гүйцэтгэлийн санхүүжилтийн хүсэлтээ системээр илгээж, санхүүжилт захиалагчаас хяналтын байгууллага руу, хяналтын байгууллагаас гүйцэтгэгч рүү шилждэг үе шат байхгүй болж, шууд гүйцэтгэгчид шилжих нөхцөл бүрдэж байна. 
  • Гүйцэтгэгч байгууллагууд өөрийн санхүүжилтийн хүсэлтийг аль шатанд явж байгааг цахим системээр хянах боломжтой болж байна. 

Ийнхүү цахимжсанаар дээр дурдсан ач холбогдлуудаас гадна хөрөнгө оруулалтын ажлын үйл явцын холбогдох мэдээллийн цахим мэдээллийн сан бий болж байгаа юм.





Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ