mmnews.mn | 2024-09-19
'Еcomobility' аян үргэлжилж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын санаачилгаар авто замын ачааллыг бууруулах зорилгоор “Еcomobility” аяныг эхлүүлсэн. Авто машинаа дундаа ашиглах, алхах, унадаг дугуй, нийтийн тээвэр хэрэглэхийг уриалж буй зэрэг нь нийлээд сүүлийн үед дэлхийн түгжрэл ихтэй томоохон хотуудад трэнд болж буй “Эко мобилити” гэх үзэл санаа юм. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот иргэнд ээлтэй, “Эко мобилити”-д нэгдэх таатай орчин бүрдүүлэх чиглэлээр олон ажлыг хийж эхэлсэн.

Тухайлбал,

  • Явган хүний замыг засаж, сайжруулж байна. Энэ онд хот 27800 ам метр явган зам тохижуулахаар төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар 95 хувийн гүйцэтгэлтэй байна.
  • Хотын захуудад авто зогсоол олон байгуулж, менежмент хийж байна.
  • Нийтийн тээврийн 109 автобусыг нэмэлтээр явуулж, өдөрт 1200 орчим автобус үйлчилж байна. Энэ сард их багтаамжийн 31 автобусыг хүлээж авна.
  • Хөдөлгөөн ихтэй хорин уулзварын явган зорчигчийн гэрлэн дохио асах хугацааг 40 секунд болголоо.

Мөн дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлж, орчин нөхцөлийг сайжруулан ажиллаж байна.

Тухайлбал,

  • Орон нутгийн тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод 48 цагаас дээш хугацаагаар зорчвол хоног тутам 5000 төгрөгийн хураамж авна. Товчоодод хяналтын системийг бүрэн нэвтрүүлж дууслаа.
  • Нийслэлийн төр, захиргааны байгууллагын цэнхэр дугаартай автомашины 50 хувийг хөдөлгөөнд оролцуулахгүй. Энэ хүрээнд төрийн албан хаагчдыг ажилчдын автобусаар авна. Засгийн газрын ордны албан хаагчид ажилчдын автобусаар зорчиж эхэлсэн.
  • Мөн төрийн албан хаагчдыг 7 хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулна.
  • Татвар, торгуулиа төлөөгүй, техникийн хяналтын үзлэгт ороогүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй.
  • Автобусны зогсоол дээр зогссон жолоочийн зөрчлийг хяналтын камераар илрүүлж эхэлсэн.

Тус аяны талаар хотын дарга Х.Нямбаатар “Зөвхөн олон нийтийн хичээл зүтгэлээр түгжрэлийн асуудалтай тэмцэх гэж байна гэж битгий ойлгоорой. Энэ бол түр зуурын арга хэмжээ ч цаашид хэрэгжүүлж хэвшвэл мөнхүү хотын соёл билээ. Бид бүхний хувьд метроны төслөө гараанаас нь гаргаж, зөвлөх компаниа сонгон шалгаруулаад байна. Тойрог хурдны замын төслийн ажлыг эхлүүллээ. Дүүжин тээврийг Францын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр хоёр тал ажлаа эхлүүлээд байна. Төмөр замын огтлолцлын нүхэн гарцуудыг орчин үеийн жишигт нийцүүлэн шинээр байгуулах ажлуудыг ч хэрэгжүүлж, эхнээсээ ашиглалтад ороход бэлэн болжээ. Хүн нэг бүр Улаанбаатар хотоо өөрийн гэр, энд амьдарч буй ах дүүсээ гэр бүлийн гишүүн мэт санаж, дор бүрнээ ухамсарлан хичээвээс хүндрэл бэрхшээлтэй цаг үеийг туулан гарахад улам амар болох билээ” гэв.




Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ