mmnews.mn | 2024-11-09
Хүний амьдралын ДОЛООН ЖИЛИЙН давтамж
Францын зохиолч Бернард Верберийн “Empire of the Angels” номонд дэвшүүлсэн хүний амьдралын долоон жилийн давтамжийг хүргэж байна.
Хүний амьдралын мөчлөгийг дараах хэлбэрээр хувааж болох гэнэ. Эхний үедээ гүйцэд мэдрээгүй зүйлс нь дараагийн үедээ асуудал үүсгэдэг.
Тохирч байгаа эсэхээ харьцуулж дүгнэвэл сонирхолтой.
0-7 НАС
Ээжтэйгээ хүчтэй холбоостой байдаг үе. Дэлхий ертөнцийг хэвтээ чиглэлд таньж эхэлнэ. Мэдрэмжүүд хөгжинө.
Ээжийн үнэр, ээжийн сүү, ээжийн дуу хоолой, ээжийн халуун дулаан, үнсэлт зэргийг мэдэрдэг.
Энэ үе нь ээжийн халамжаас гарч хорвоогийн хүйтэн уур амьсгалыг мэдэрснээр дуусдаг.
7-14 НАС
Эцэгтэйгээ хүчтэй холбоостой байдаг үе. Дэлхий ертөнцийн тухай босоо мэдлэг бүрдэж эхэлнэ. Хувь хүн бүрэлдэн бий болно.
Гадаад ертөнцтэй харьцахад аав нь гол хамтрагч, хамгаалагч болдог. Тиймээс энэ үед эцэг хүн гэр бүлийн гол баатар болно. Аав нь ээжийг хайрлаж хүндэлж байгааг мэдрэх энэ үед чухал.
14-21 НАС
Нийгмийн эсрэг босох үе. Оюун ухаан төлөвшинө. Өсвөр насны хямрал, шилжилтийн үе.
Нийгмийн одоогийн бүтцийг нурааж дэлхийг өөрчлөхийг хүснэ. Эхлээд гэр бүлийн дэг журам руу довтолж дараа нь бүхэл нийгэм рүү.
Дуу хөгжим, хайр дурлал, бие даасан байдал нь энэ үеийн илэрхийлэл. Гэр бүлийн хайр халамжаас гарснаар энэ үе дуусна.
21-28 НАС
Нийгэмд орох үе. Сөрөг сэтгэлгээ нь зөөлөрч тогтворжино. Дэлхийг өөрчилж чадаагүй ч өмнөх үеийнхнээс илүү дээр болохыг хичээнэ.
Илүү сонирхолтой ажил, илүү сонирхолтой амьдрах орчныг хайна. Эцэг эхээсээ илүү аз жаргалтай гэр бүл үүсгэхийг хүснэ.
Энэ үеийн төгсгөл нь голдуу гэрлэлт болдог.
ЭХНИЙ 4X7 ДӨРВӨЛЖИН ДУУСНА
Өөрийн бие даасан хувь хүнийг бий болгож шинэ долоон жилийн давтамж руу орох нь эхний 4x7 дөрвөлжингийн үр дүн байх болно.
28-35 НАС
Гал голомтоо үүсгэнэ. Гэрлэлтийн дараа орон байр, машин, хүүхэд бий болно. Үнэт зүйлс нь гэр бүл рүү шилжинэ.
Гэхдээ эхний дөрвөлийг бүрэн дуусгаж чадаагүй хүмүүс үүн дээр алдана. Жишээ нь эхтэйгээ хангалттай харьцаатай байгаагүй бол охинтойгоо сайн харилцаа үүсгэж чадахгүй гэх мэт.
Нийгмийн эсрэг байх үеэ гүйцэд мэдрээгүй бол ажил, хамт олны дунд зохицож чадахгүй гэх мэт.
Ингээд 35 насанд хүрэхдээ гэр бүлээ зөв үүсгэж чадаагүй бол тэсрэлт болж гэр бүл салалт, депресс, сэтгэл зүйн эмгэгт өртөнө.
35-42 НАС
Хямралын дараа амьдрал шинээр эхэлнэ. Эхний гэр бүлийн амьдралын үеэс сургамж авч шинэ гэр бүл үүсгэх оролдлого.
Олон зүйлийг шинээр харах хэрэгтэй болно. Салсан хүмүүс нь дараагийн харилцаанаасаа гэрлэлтийг бус өөр үнэт зүйл хайж эхэлнэ.
Нийгэмд хандах хандлага ч өөрчлөгдөнө. Ажил бол аюулгүй байдлын баталгаа биш, илүүтэй дур сонирхол, хувийн амьдралд цаг гаргах боломжтой байхад тулгуурлана.
Энэ шилжилтийг амжилттай хийж чадвал илүү дээр амьдралыг бий болгож чадна.
Хэрвээ өмнөх сургамжаа гүйцэд ухаараагүй бол амьдрал өмнөх шигээ хэцүү хүнд байдлаар үргэлжилнэ.
Үлдсэн бүх долоон жилийн давтамж нь нэгэн хэвийн уйтгартай цаг хугацаа болж хувирна.
42-49 НАС
Нийгмийг дайлаар мордоно. Гэр бүлийн амьдрал сорилтоо давж тогтворжсон бол довтолгоо өөр чиглэлд шилжинэ.
Материаллаг сонирхол нь илүү сайхан амьдрал, эд баялаг, тав тух, олон хүүхэд, олон дурлал, илүү эрх мэдэл рүү довтолно.
Оюун ухаан талдаа бол жинхэнэ өөрийгөө таньж илүү амьдралын утга учрын талаар бодож эхэлнэ.
Тухайлбал “би яагаад энд байгаа юм бэ?”, “яах гэж амьдарч байгаа билээ?” гэх мэт.
49-56 НАС
Оюун санааны хувьсгал. Энэ бол хүний амьдралын сүүлчийн хэсэг.
Хэрвээ энэ үед өмнөх үе шатуудаа бүрэн гүйцээж, жинхэнэ оюун санааны эрэлд гарч чадсан бол энэ нь амьдралын төгсгөл хүртэл үргэлжилнэ.
Ингэж хоёр дахь 4x7 дөрвөлжин дууссанаар жинхэнэ хүн болох замдаа орох юм.



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ