Засгийн газрынхаа нэг жилийн ойг тохиолдуулан ард түмэндээ хандаж хэлсэн ХАВЬЕР МИЛЕЙН ҮГ
Хүндэт аргентинчууд аа, Аргентин хэмээх аугаа улсын Ерөнхийлөгчөөр ажиллах боломжийг олгосон та бүгдэд талархъя. Манай Засгийн газрын ажлаа авснаас хойших эхний хэдэн сар та бүхэнд амар байгаагүй. Энэ хүнд цаг үеийг даван туулсанд баярлалаа. Ядуурал, зовлонгоос ангижрах зам дардан байхгүй гэдгийг миний бие яг 1 жилийн өмнө Ерөнхийлөгчийн сэнтийд суухдаа анхааруулсан. Бид хамгийн чанга үеэ туулчихсан гэдгийг өнөөдөр би та бүхэнд бахархалтайгаар, итгэлтэйгээр хэлье. Манай Засгийн газарт итгэсэнд баярлалаа. Илүү сайн сайхан, баяр жаргалтай цаг үе Аргентиныг хүлээж байна. Гэлээ гэхдээ ингэж хэлж байгаа минь бид бүгд зорьсондоо хүрчихсэн гэсэн үг биш. Шаргуу хөдөлмөрийн үр шимээр энэ 1 жилийн хугацаанд ямар амжилтад хүрснээ тайлагная.
Жилийн өмнө, манай улс гиперинфляцитай, инфляцийн түвшин 17000%-д хүрэх төлөвтэй байв. Өнөөдөр байдал өөрчлөгдсөн. Бөөний худалдааны сарын инфляци 10-р сард 1.2%-д хүртлээ буурчээ. Цаашдаа ч буурна. Жилийн өмнө, төсвийн алдагдал 15%-тай байв. Өнөөдөр бид сүүлийн 123 жилийн түүхэнд анх удаагаа төсвийн илүүдэлтэй, дефолт зарлах аюулгүй боллоо.
Төсвийн алдагдал бол бүх завхралын үндэс юм. Төсвийн алдагдал үгүй бол өр тавих, мөнгө хэвлэх шаардлагагүй. Мөнгө хэвлэхгүй бол инфляци бий болохгүй.
Жилийн өмнө, нэрийг нь хэлэхээс ч зэвүү хүрмээр заваан амьтан сонгуульд ялахын тулд инфляци бий болно гэдгийг ер тоохгүйгээр ДНБ-ийн 13%-тай тэнцэх мөнгийг хэвлэсэн. Өнөөдөр харин мөнгө хэвлэлт нь өнгөрсний явдал болжээ.
Жилийн өмнө, манай улс ДНБ-ийн 1%-тай дүйцэхүйц хэмжээний худалдааны алдагдалтай байв. Өнөөдөр улсын маань хувьд түүхэн дээд рекорд болох 20 тэрбум америк долларын илүүдэлтэй болов. Жилийн өмнө л гэхэд, хүн ардын ахуй амьдралыг доройтуулдаг, хөрөнгө оруулалтыг үргээдэг төрийн зохицуулалтууд манай эдийн засгийг бүрэн боомилсон байв. Өнөөдрийг хүртэл бид өдөрт дунджаар 2, нийт 800 гаран төрийн зохицуулалтыг үгүй хийжээ. Манай Засгийн газар агаарын тээврийг нээж, нийтийн тээврийн зохицуулалтыг багасгаж, үнийн дээд хязгаарыг авч хаяж, экспортын хоригийг цуцалж, импортын татварыг бууруулсаар байна.
Жилийн өмнө, Аргентин улс эдийн засгийн эрх чөлөөний үзүүлэлтээр хамгийн адгийн 35 улсын дунд толгой цохиж явлаа. Өнөөдөр хэдийнээ жагсаалтын дээд хагаст нь ороод ирчихсэн бөгөөд бид Аргентиныг эдийн засгийн эрх чөлөөгөөр номер 1 улс болгон болготлоо үйл хэргээ зогсоохгүй. Дэлхий нийтээрээ Аргентиныг харж байна. Гадны иргэд, хөрөнгө оруулагчид нь энд ирж амьдрах талаар судлаад эхэллээ. АНУ манай улсын Төрийн зохицуулалтыг үгүй хийх яамнаас (Ministry of Deregulation) үлгэр жишээ авч өөрсдөө ижил төрлийн яамтай болохоор зэхэж байна.
Дийлэнх тохиолдолд нийт нийгэмд саар муу зүйл улс төрчдөд сайнаар, улс төрчдөд саар муу зүйл нийт нийгэмд сайнаар тусдаг билээ. Энэ бол кастын системийн мөн чанар. Кастын систем (дарга анги) яагаад ингэж авирладгийг ойлгох хэрэгтэй. Дарга ангийнхан алсыг хардаггүй, урт хугацаанд ач холбогдол өгдөггүй. Тэд эрх мэдэлтэй байх тэрхэн хугацаандаа татвар төлөгчдийг тултал нь сорж, шимэгчлэхээс өөр зүйлд санаагаа чилээдэггүй. Дарга ангийнханд улсын маань ирээдүй хамаагүй. Хувийн эрх ашгийнхаа төлөө аргентинчуудын ирээдүйг булшлах улс төрчдийн арга барилаас нийгмийн томоохон хэсэг ч гэсэн суралцан сонгуулийн саналаа халамжаар худалдаж заншив.
Улс төрчид төрийг данхайлгах арга хэмжээнүүдийг л ярьж карьераа босгодог. Үр дүнд нь нийгэм сүйрч, төр данхайна. Аж амьдрал нь данхар төрөөс хамааралтай хүмүүс системийнхээ хамгаалагч болж, юуг ч өөрчлөхийг хүсдэггүй. Сэтгүүлчид, үйлдвэрчний эвлэлийнхэн, ТББ-ууд, нэг нэгнээ барьж идэх шахаж байсан өөр өөр намын улс төрчид бүгд нийлэн статус квог хамгаалж байгаагийн учир нь энэ. Бид уг системийг үндсээр нь таслах болно. Эгэл жирийн аргентинчуудыг хоёрдугаар зэргийн иргэн болгосон төрийнхний давуу эрхийн дэглэмийг устгана. Ард түмний нуруу тэнийх цаг ирсэн.
Ийм л учраас бид төрийн зарцуулалтыг огцом танаж байгаа юм. 2023 онд л гэхэд 100 тэрбум песогийн төсөвтэй байсан мэдээлэл сурталчилгааны зардлыг тэглэсэн. 18 яамыг 8 болгон цөөлж, бараг л 100 орчим секретариат, дэд секретариатыг цомхотгон, 200 гаруй газрыг татан буулгалаа. Төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг өсгөөгүй. Кирчнерист (социалист) пропаганда түгээдэг, жилийн 20 тэрбум песогийн алдагдалтай ажилладаг төрийн мэдлийн мэдээллийн агентлаг "TELAM"-ийн үйл ажиллагааг зогсоов. Одоогоор 34 мянган төрийн албан хаагчийг халж, бусдаас нь ажилдаа тэнцэх үгүйг нь шалгах шалгалт авч байна.
Ажил авахаас өмнө хэвлэл мэдээлэл болон олон нийтийн хэлэлцүүлгүүдээр биднийг зөндөө баалж байсан. Арай аядуу хэсэг нь биднийг туршлагагүй, зорьсон зорилтуудаа гүйцэлдүүлж чадах чадал чансаа, улс төрийн эрх мэдэл байхгүй гэцгээж байв. Нөгөө хэсэг нь манай засгийг гуравхан ч сарын насгүй хэмээж байлаа. Гэсэн ч бид эдийн засгаа тогтворжуулж, сүйрлээс зайлсхийж дөнгөв. Төлөөлөгчдийн танхимд 15-хан хувь, Сенатад 10-хан хувийг эзэлж байгаа атлаа бид Аргентины түүхэн дэх хамгийн том бүтцийн реформыг хийжээ. Цөөнх байхдаа ийм ихийг гүйцэлдүүлж чадсан биднийг олонх болчихсон байгаагаар төсөөл дөө. Хоёр дахин хурдтайгаар хоёр дахин хол явна.
Өөрчлөлт дараа жил ч үргэлжилнэ. Аргентинчуудын хэдэн аравны турш мэдрээгүй нам инфляцитай, эдийн засгийн өндөр өсөлттэй, мөнгөн тэмдэгтийн худалдан авах чадвар нь сайжирсан тийм жил Аргентиныг угтаж байна. Манай багийнхан нийт татварын хэмжээг 90%-иар бууруулах татварын реформын төлөвлөгөөгөө эцэслэж байгааг мэдэгдье. Төв банкийг татан буулгах үйл явцыг урагшлуулахад нэмэртэй мөнгөн тэмдэгтийн өрсөлдөөний схемийг та бүхэнд танилцуулсан. Ингэснээр аргентинчууд өдөр тутмын гүйлгээндээ дурын мөнгөн тэмдэгтээ ашиглаж болно. Гагцхүү татвар төлөхдөө песогоор төлнө. Сэргэлтийг хурдасгахад гадаад худалдааг боомилсон гинжнээсээ салах ёстой. Энэ ч зарчмаа баримталж бид Меркосурын хурал дээр гишүүн улсуудын хоорондох гаалийн татварыг тэглэх санаачлагыг дэвшүүлчихээд буй. Бусад орнуудтай ч гаалийн татварыг харилцан бууруулах тал дээр шийдэлд хүрэхээр мэрийх болно. Бидний нэн тэргүүний зорилт бол дараа жил АНУ-тай чөлөөт худалдааны гэрээ байгуулах. Түүнчлэн, бид Аргентинд цөмийн реактор, тэр дундаа жижиг модулар реактор барих эрчим хүчний төлөвлөгөөг боловсруулан, аюулгүй байдлын стандартыг дээд зэргээр сахиулах судалгаа шинжилгээ хийнэ.
Аргентинчууд бид төрийг бүхий л зүйлийг хийх үүрэгтэй асрагч мэтээр харж даджээ. Авах ёсгүй үүрэг хариуцлагыг төр өөртөө наахаараа хувийн хэвшлийг сөнөөгөөд зогсохгүй нийгэмд эмх журам сахиулах, мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хангах мэтчилэн хамгийн үндсэн үүргээ ч гүйцэтгэж чадахаа байдаг. Бид төрийн газар, агентлаг, төрийн өмчит компаниудыг үргэлжлүүлэн татан буулгана. Төрийн үндсэн чиг үүрэгтэй хамааралгүй бүгдийг үгүй хийнэ. Төр цомхон, чиг үүрэг нь цөөн байх тусам эрх чөлөө давамгайлдаг.
Санаа амарч болохгүй. Дараа жил бол сонгуулийн жил. Санал авахын тулд татвар төлөгчдийн мөнгийг өөрийн мөнгө мэт гарынхаа салаагаар урсгадаг улс төрчдөөс бид ялгаатай. Сонгуулийн жилд зориулж төсвийн болон мөнгөний тэлэлтийн бодлого баримтлаагүй манай засаг бол орчин үеийн ардчиллын түүхэнд гоц, сонин үзэгдэл. Төсөв нэмж, мөнгө хэвлэж байсан нь манай улс ангал руу унасан шалтгаан.
Бид татварын, тэтгэврийн, хөдөлмөрийн, үндэсний аюулгүй байдлын, ялын, улс төрийн гээд энэ улсад хэдэн арван жилийн өмнөөс хийгдэх ёстой байсан реформуудыг хийх болно. Улс маань та бүхний заримынх нь төсөөлж ч чадахааргүй хөгжил дэвшил рүү урагшилж байна. Энэ онд маш их тэвчээр зааж чадсан аргентинчууддаа бүгдэд нь баярлалаа. 2024 он хий дэмий үрэгдээгүй. Энэ жил Шинэ Аргентины эхний он гэж дуурсагдах болно. 12-р сарыг гэр бүлтэйгээ сайхан өнгөрүүлээрэй. Ирэх жилийг томоор төлөвлөөрэй. Манай Засгийн газар та бүхнийг бүхий л бололцоогоороо хамгаална. Аргентин улсын агуу ирээдүйд битгий итгэл алдраарай. Бурхан бүгдийг тань ивээх болтугай. Маш их баярлалаа.
Эх сурвалж: Мизес Монгол /хэсэгчлэн орчуулав/
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ
2024/12/13
2024/12/04
2024/12/03
2024/12/03