mmnews.mn | 2024-12-25
'Трафигура' компанийн ашиг Монгол дахь луйврын улмаас буурлаа

“Трафигура” компанийн 2023-2024 оны санхүүгийн жилийн цэвэр ашиг нь 62%-иар буурч, тус компани 1.1 тэрбум долларын алдагдал хүлээсэн байна.

“Трафигура” 2024 оны санхүүгийн жилд 2.8 тэрбум долларын цэвэр ашиг олж, 2023 онд 7.3 тэрбум, 2022 онд 6.8 тэрбум долларын ашигтай ажилласан гэж газрын тос, металлын худалдаа эрхэлдэг тус компани баасан гарагт мэдэгдэв.

“Трафигура”-гийн үндсэн гурван бизнес болох газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн; металл, ашигт малтмал; болон хий, эрчим хүч, сэргээгдэх эрчим хүч нь ерөнхийдөө сайн ажилласан гэж тус компанийн гүйцэтгэх захирал Жереми Вэйр хэллээ.

2024 оны санхүүгийн жилийн гүйцэтгэлийн талаар Вейр хэлэхдээ, “манай компанийн бизнес хэвийн явагдаж байсан. Харамсалтай нь манай Монгол дахь салбарын үйл ажиллагаанд хуурамч баримт бичиг ашиглах, хугацаа хэтэрсэн авлагыг нуун дарагдуулсан ноцтой зөрчил илэрсэн” гэжээ.

“Трафигура” 2024 оны 12 дугаар сард тус компанийн Монгол дахь бизнест илэрсэн залилангийн чанартай хэргийн улмаас нийт 1.1 тэрбум ам.долларын алдагдал хүлээснээ олон нийтэд зарласан. Энэхүү алдагдлын 358 сая ам.доллар нь 2024 оны санхүүгийн жилийн үр дүнд тусгагдсан байна.

“Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна. Бид бусад өндөр эрсдэлтэй салбаруудаа шалгасан. Ямар нэгэн зүйл илрээгүй. Эдгээр зөрчлүүд зөвхөн манай Монгол дахь салбарт л тохиолдсон гэдэгт бид итгэлтэй байна” гэж Вейр хэлэв.

“Ойрхи Дорнодын мөргөлдөөн, Улаан тэнгисийн тээвэрлэлт тасалдах, Украины дайн зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан нефтийн үнэ ханш тогтворгүй байдаг” гэж “Трафигура” хэллээ.

Түүнчлэн “Трафигура” болон өөр гурван шүүгдэгч энэ сарын эхээр авлигатай холбоотой хэргээр Швейцарийн эрүүгийн дээд шүүх дээр дуудагдсан юм байна. “Трафигура” арав гаруй жилийн өмнө Анголын газрын тосны албан тушаалтанд таван сая гаруй долларын авлига өгөхөөс урьдчилан сэргийлэх бүх арга хэмжээг аваагүй хэргээр шалгагдаж байсан.

Мөн Жереми Вэйр нь арван жил ажилласны эцэст 2025 оны 1 дүгээр сард гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа бууж байгаа аж. Вэйр ирэх жилээс “Трафигура”-гийн ТУЗ-ийн даргаар ажиллах бөгөөд дараагийн гүйцэтгэх захирал нь 2025 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн Ричард Холтум болох ажээ.

Ч.Сансар

Эх сурвалж: https://www.mongolianminingjournal.com/a/73837




Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ