Өнөөдрийн байдлаар дэлхийн 132 улс электрон тамхины хэрэглээг хуулиар зохицуулдаг, 32 улс хориглодог бол 48 улс онцгой албан татвар ногдуулдаг тухай Сангийн яамны мэдээлэлд дурдсан байна. Мөн улс орнууд электрон тамхинд шингэний хэмжээ, түүнд агуулагдсан никотин болон бүтээгдэхүүний тоо хэмжээг харгалзан татвар ногдуулж байгаа юм. Мөн татварын хэмжээг тогтмол болон холимог хэмжигдэхүүнээр тогтоодог байна. Тус яам электрон тамхи болон түүний төхөөрөмж, сэлбэгүүдэд онцгой албан татвар ногдуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа ажээ.
Гаалийн төв лаборатори тамхин бүтээгдэхүүний никотин, бохь, чийгийг тодорхойлохын зэрэгцээ нүүрстөрөгчийн дутуу исэл (CO)-ийн хэмжээг тогтоож буй талаар тус лабораторийн дарга С.Цэрэнчимэд танилцуулсан юм. Манай улсын утаат янжуурын импорт 2023 оныг хүртэл тогтмол өсөж байгаад 2024 онд 14 хувиар буурсан бол электрон тамхины импорт өнгөрсөн оныхоос хоёр дахин, түүний цэнэглэгч, сэлбэгийн импорт тав дахин нэмэгджээ. Тамхи, электрон тамхины төрөл зүйл өдөр ирэх тутам нэмэгдэж байгаа боловч электрон тамхи болон түүний дагалдах хэрэгсэлд онцгой албан татвар ногдуулдаггүй, Тамхины хяналтын тухай хуульд хамааруулж үздэггүй байна. Гаалийн байгууллага электрон тамхийг тамхины төрөлд хамруулан үзэж, хуулийн зохицуулалтад оруулах, татвар ногдуулах, мөн зөвхөн аж ахуйн нэгжүүд импортолдог байхаар журамлах шаардлагатай гэж үзэж байгаа ажээ.
Ажлын хэсгийг ахлагч, Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг тамхин бүтээгдэхүүнд татвар ногдуулах олон улсын нийтлэг томъёог тодорхойлж танилцуулахыг Сангийн яаманд даалгасан юм. Ажлын хэсгийг гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням энэ төрлийн бүтээгдэхүүнд татвар ногдуулахад шаардлагатай үндсэн хэмжигдэхүүнийг тодорхойлох, мөн уламжлалт буюу утаат тамхины татварын хэмжигдэхүүнүүдтэй харьцуулсан судалгааг хийж танилцуулахыг хүсэв. Сангийн яам, Гаалийн төв лабораторийн мэдээлэлтэй холбогдуулан ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр, Б.Мөнхсоёл, М.Мандхай, Х.Жангабыл нар асуулт асууж, татвар ногдуулах хэмжигдэхүүн болон өдөр өдрөөр төрөлжин дэлгэрч байгаа энэ төрлийн бүтээгдэхүүнийг хуульчлах ерөнхий томъёоллын тухай байр сууриа илэрхийлсэн юм.
Дараа нь ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг ДЭМБ-тай хамтран ирэх оны эхээр зохион байгуулахаар санаачилсан “Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой оролцогч талуудыг оролцуулсан хэлэлцүүлэг”-ийн талаар ажлын хэсгийн гишүүдэд мэдээлэл өглөө. Мөн ажлын хэсэг Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын хаврын чуулганы хугацаанд өргөн мэдүүлэхээр ажиллаж байгаатай нийцүүлэн үйл ажиллагааны удирдамжийг хэлэлцэн батлав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.