НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас хэрэгжүүлж буй ногоон хотыг бүтээн байгуулах “Ногоон баянбүрд-хүнсний тогтолцоог хослуулсан хот” төслийн уулзалт /2024.12.20/ боллоо. Энэхүү төслийн хүрээнд эхний ээлжид Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд байрлах Гүнжийн булгийн 1 га талбайн хамгаалалт, орчны тохижилт, 71 дүгээр сургуулийн дотоод ногоон орчныг нэмэгдүүлэх, 166 дүгээр цэцэрлэгийн гадаад ногоон орчныг тохижуулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэлээ. Төслийн хүрээнд нийслэл Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, гэр хорооллын орчны чанарыг сайжруулах, хотын тоосжилтыг бууруулах, агаар дахь нүүрсхүчлийн хийг багасгах зорилгоор сул шороон хөрс бүхий гэр хорооллын айл өрхийн гудамж, талбайг зүлэгжүүлэх, гэр хорооллын гудамж талбайд амралт, зугаалгын бүс үүсгэх, цэцэрлэгт хүрээлэн байгуулахад хот бодлогоор дэмжин оролцож байна.
Тодруулбал, “Ногоон баянбүрд-хүнсний тогтолцоог хослуулсан хот” төслөөр дараах үр дүнд хүрэх зорилготой.
- Хотын оршин суугчдад экосистемийн үйлчилгээг чанартай хүргэх зорилгоор хот, хотын ойр орчмын ой, ногоон байгууламжийн тоог нэмэгдүүлж, чанарыг сайжруулах;
- Хот болон түүний эргэн тойронд уур амьсгалд тэсвэртэй, тогтвортой орон нутгийн хүнсний үйлдвэрлэл, нийлүүлэлтийн богино сүлжээг бий болгох, үйл ажиллагааг дэмжих;
- Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах;
- Тойрог эдийн засгийн зарчмын дагуу ногоон хөдөө аж ахуйн боловсруулалт, хүнсний үр ашигтай хуваарилалт, хүнсний орчныг сайжруулах, эрчим хүч, усны нөөц, хүнсний хог хаягдлыг удирдан зохион байгуулах замаар хотын хүнсний тогтолцооны тогтвортой, хүртээмжтэй байдлыг дэмжих зорилгоор төслийг хэрэгжүүлж байна.