mmnews.mn | 2024-12-25
ОХУ-тай гамшгаас хамгаалах чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

ОХУ-ын Москва хотноо ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан  /2024.12.21/ ОХУ-ын Онцгой байдлын сайд А.В.Куренковтай албан уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан сүүлийн жилүүдэд гамшгаас хамгаалах чиглэлд улам нягт хамтран ажиллах хэрэгцээ шаардлага үүссэнийг онцлон тэмдэглээд, хоёр улсын хил орчмын гал түймэр, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн ган зуд, цаг уурын аюулт үзэгдлүүд, газар хөдлөлтийн болзошгүй аюул, цаашлаад аж үйлдвэрийн салбар дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, гамшиг ослын үед хэрэглэх техник технологийн хангамж, нөөц, бэлэн байдал, аврагч алба хаагчдын ур чадвар гээд олон чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх саналтай байгаагаа илэрхийлсэн юм.

ОХУ-ын Онцгой байдлын сайд А.В.Куренков гамшгаас сэргийлэх хамтын ажиллагааг идэвхжүүлэх Шадар сайд С.Амарсайханы санаачилагыг бүрэн дэмжиж байгаагаа дуулгаад, Монголын онцгой байдлын алба хаагчдыг гамшгаас хамгаалах сургалтад хамруулах болсныг тодотголоо.

Мөн ирэх 2025 онд ОХУ-ын Хабаровск хотноо БНХАУ, ОХУ, Монгол Улсын Онцгой байдлын алба хаагчид хамтарсан сургуулилт хийхээр болсон байна. Энэхүү сургуулилтыг хоёр жил тутамд зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд тус сургуулилт нь гурван улсын гамшгаас хамгаалах арга тактик, техник технологийн хөгжил дэвшил, алба хаагчдын ур чадвар, дадлага туршлага солилцох чухал ач холбогдолтой юм.

Түүнчлэн цаашид хамтарсан сургуулилтын давтамж, тоог нэмэгдүүлэх, тогтмолжуулах, гамшгийн үеийн авран хамгаалах, сэргээн босгох үйл ажиллагааны үед ашиглах хамтарсан механизмыг бий болгох, хоёр улсын дундын эрсдэл, түүнээс үүсэх хохирлыг бууруулах чиглэлд хамтран ажиллахаар санал нэгдлээ.




Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ