mmnews.mn | 2024-12-25
УИХ -ын гишүүн Л.Мөнхбаясгалангийн Л.Энх-Амгалан сайдад хаягласан ҮГС
УИХ -д гурвантаа сонгогдож, хоёронтаа сайдаар ажиллаж байгаа эрхэм гишүүн танд хаяглан дараах үгийг хүргэх учир байна.
Та бол Монгол улсын Засгийн газрын гишүүн, Гэр бүл , хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд. “Хамгааллын ” гэсэн тодотголтой сайд шүү. Тэгэхээр та монголчуудынхаа гэр бүл, хөдөлмөрийн зах зээл, нийгмийн баталгааг хамгаалж явах учиртай байх нь. Гэтэл таны өргөн бариад буй “Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл дараах байдлаар монгол хүний эрх ашиг, хөдөлмөрийн зах зээлийн эсрэг , бүр цаашлаад Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалаа зөрчиж байна.
Өнөөдөр Монгол улс ажиллах хүчний хомдсолд орсон нь үнэн. Яагаад ийм байдалд хүрэв ээ. Тань шиг гурвантаа сонгогдож төрийн эрх мэдлийг авсан хүмүүс Монгол хүний төлөө, Монголын хөдөлмөрийн зах зээлийг хамгаалахын төлөө юу ч хийгүй учраас нь 220 гаруй мянган монгол хүн хүний нутагт дүрвэж ажил хийж ар гэрээ тэжээж яваа. Та өргөн барьсан хуулийнхаа үзэл санаанд “285 мянган ажиллах хүч хэрэгтэй” гэж дурдсан байсан. Таны гаднаас импортлохыг хүсч байгаа тэр тоо аргагүйн эрхэнд эх нутгаа, гэр бүлээ орхиод гарсан монголчуудын тоотой бараг тэнцэж байна. ТЭДНИЙ ТӨЛӨӨ ТЭДНИЙГЭЭ БУЦААЖ ЭХ ОРОНД НЬ АВЧРАХЫН ТӨЛӨӨ ТА БОЛОН ТАНАЙ ЗАСГИЙН ГАЗАР ЯГ ЮУ ХИЙСЭН БЭ. ЮУ ХИЙХ ВЭ…
Монгол хүн яагаад Монголдоо сайхан амьдарч чадахгүй байна вэ. Монгол хүн Монголдоо л зовохын учир юу вэ. Монгол хүн эх орондоо ажиллаж амьдарч чаддаггүй харин харийн оронд очоод сайхан амьдарч чаддагийн шалтгааныг та хайсан уу…. Энэ бүхэн энэ төрийн алдаатай бодлогоос үүдсэн гэдгийг өнөөдөр бүгд мэднэ.
Та бизнес эрхлэгчдийн эрх ашгийг их ярьж байна. Тэгвэл танай Засгийн газраас одоо хийх гэж буй ЕвроАзийн эдийн засгийн холбоотой байгуулах гэж буй Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг зүй нь та дэмжихгүй байх ёстой биш үү. Үндэсний үйлдвэрлэгчдээ 100, 100 мянгаар нь дампуурлын ирмэг рүү шидэх гэж буй энэ хэлэлцээрээ зогсоогооч гэж бизнес эрхлэгчид хэвлэлийн бага хурал хийлээ, Эдийн засгийн байнгын хорооны даргатай уулзлаа. Та дуугүй л байлаа.
Сүүлийн үед эрхэм сайдыг дэмжиж байгаа зарим хүмүүс “Гадаадаас ажиллах хүч авчраад л Монгол улс хөгжих байсан юм” гэцгээх болов. Тэд ганцхан сарын өмнө “Халамжаа зогсооё. Ажлын байр нэмж ард иргэдээ ажилтай орлоготой болгоё” гэцгээж байсан. Тийм бол монгол хүнийг ажлын байртай болгож эх оронд нь ажиллуулах талаар юу хийв ээ… Юу ч хийсэнгүй. Харин одоо бүүр “Монголчууд ажил хийж чадахгүй. Оронд нь гадаадаас ажиллах хүч оруулж ирээд сайхан хөгжицгөөе” гэв. Үг үйлдэл үзэл бодол нь тэнгэр газар шиг ялгаатай ийм хүмүүсийн балгаар өнөөдрийн бодит байдал үүссэн юм аа. Монгол хүнийг төр засаг нь нохойноос дор үзчихээд улсаа хөгжүүлнэ гэж юу ярина вэ:.
Эцэст нь би Л.Энх-Амгалан сайдаас асууя. Та Монгол хүн мөн үү. Та Монгол улсын сайд мөн үү… Та Монгол улсын Их хурлын гишүүн мөн үү. Мөн бол таны үндсэн үүрэг монгол иргэнээ эх орондоо ажилтай, орлоготой сайхан амьдруулах боломжийг бий болгохын төлөө оюун ухаанаа дайчлан ажиллах ёстой. Чадварлаг , боловсролтой, ухаалаг, хариуцлагатай олон монгол боловсон хүчин та нараас болоод эх орондоо ажиллаж, амьдарч, ахин дэвшиж чадахгүй чадахгүй харийн оронд дүрвэж яваа гэдгийг бүү март. Таны санаачилсан хууль бол Монголын гэр бүлийн элэг бүтэн байдал, хөдөлмөрийн зах зээл, нийгмийн хамгааллын эсрэг хийж буй терорист үйлдэл мөнөөсөө мөн. Эрхэм гишүүн та хуулийн төслөө оройтоогүй дээр нь татаж авна уу…



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ