mmnews.mn | 2025-06-09
Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд 45 сургууль, 45 цэцэрлэгийн хөрөнгө оруулалтыг тусгажээ

Монгол Улсын Их Хурлын даргын 114 дүгээр захирамжаар байгуулагдсан, Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилттэй танилцаж, бүх шатны сургуулийн багшийн хомсдолыг бууруулах, үнэлэмжийг дээшлүүлэх болон төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах асуудлыг судалж, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг  эхний үр дүнгээ танилцууллаа.


Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах ажлын хэсгийг ахалсан бөгөөд боловсролын хүртээмж, сургалтын чанар, багшийн хүрэлцээ, менежментийн асуудлыг цогцоор нь судалсан юм. Тус судалгааны үр дүнд сургалтын чанарт нөлөөлж буй гол хүчин зүйлсийг тодорхойлж, бодлогын түвшний шийдлийг боловсруулжээ.

Ерөнхий боловсролын сургуулийн 214 мянган сурагч буюу нийт сурагчдын 29.5 хувь нь 40-өөс дээш хүүхэдтэй ангид суралцаж байгаа нь сургалтын чанарт сөргөөр нөлөөлж буйг онцолж, нэг анги дахь хүүхдийн тоог 40-аас хэтрүүлэхгүй байх, нэг сургуульд 1800-аас олон хүүхэд суралцуулахгүй байх зарчмыг хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзсэн.

Судалгаагаар улсын хэмжээнд нийт 108 сургууль, 95 цэцэрлэг шинээр барих шаардлагатайгаас Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд 45 сургууль, 45 цэцэрлэг барихаар тусгасан. Цаашид ирэх оны төсөв хэлэлцэх үеэр энэ тоог нэмэгдүүлэхийг зорьж байгаа гэлээ. 


Мөн сургуулийн барилга, тоног төхөөрөмж, лаборатори, гадна инженерийн дэд бүтэц зэрэг асуудлыг иж бүрнээр шийдэх, багшийн ажлын байрыг дэмжих бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. Тухайлбал ипотекийн зээлд хамруулах, мэргэжлээрээ ажиллаагүй багш нарыг татан оролцуулах зэргээр санал боловсруулжээ.

Ажлын хэсэг тайлан дүгнэлтээ нэгтгэн боловсруулж, 2025 оны хаврын чуулганы хугацаанд Улсын Их Хуралд танилцуулахаар төлөвлөж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.   





Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ