
АНУ-ын Засгийн газар Африк тив дэх
бодлогоо эрчимжүүлнэ хэмээн төр засгийн нэгэн өндөр албан тушаалтан мэдэгдсэн байна.
Учир нь, БНХАУ Африк тивийн хувьд томоохон хөрөнгө оруулагч, голлох
худалдааны түнш болоод байгаа билээ. Өнгөрөгч онд гэхэд АНУ Сахарын цөлөөс өмнө
тийш орших улс орнуудад 19 тэрбум долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон бол
Хятад Улсынх 137 тэрбум доллар буюу бараг 9 дахин их болж байна.
“Бүс ба Зам” төслийн хүрээнд Хятад Улс Африк тивд голчлон дэд бүтэц, уул
уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Ер нь Африк тивд орших 50 гаруй улс оронд нөлөөллөө тогтоохоор АНУ, Хятад
төдийгүй Европ тив ч санаархаж байгаа нь мэдээж. Гэвч Хятадын хэрэгжүүлж буй
дэд бүтцийн төслүүд Африк тивд ихээхэн үр өгөөжтэй бүтээн байгуулалтууд болж
байгаа аж.
Харин АНУ-ын хувьд Африк тивийг Хятадад алдахгүйн тулд тус тивд эрчимтэй
хөгжиж буй дижитал эдийн засгийн салбарт өөрийн технологийн компаниудаа хамтран
ажиллуулахаар зорьж байна. Мөн Африк тивийн газрын ховор элементийн төлөө АНУ,
Хятад төдийгүй өөр олон орон өрсөлдөх зорилготой байгаа аж.