
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Эдийн засгийн байнгын хороотой хамтран өнөөдөр (2025.09.17) хуралдлаа. Хамтарсан хуралдаанаар “Шинжээч томилох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Тогтоолын төсөлд, “Халзан бүрэгтэйн” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийн асуудлаар Улсын Их Хурлаас энэ сарын 23-ны өдөр зохион байгуулах ерөнхий хяналтын сонсголд ажиллах шинжээчдийг томилох асуудлыг тусгасан байна.
Холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу тогтоолын төслийг хаалттай горимоор хэлэлцэх саналыг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар гаргав. Түүний гаргасан саналыг Байнгын хороодын хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул төслийн хэлэлцүүлгийг хаалттай үргэлжлүүллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.