Сүхбаатар аймгийн удирдлага хос тулгуурт эдийн засгийн боломжийг эрэлхийлж, хөдөө аж ахуй болон уул уурхайн салбарт түшиглэсэн хөгжлийн бодлогыг тодорхойлжээ. Аймгийн хэмжээнд 2023 онд тохиосон байгалийн гамшигт үзэгдлийн дараа нийт мал сүргийн тоо толгой 50 хувиар хорогдож, дотоодын нийт бүтээгдэхүүн ч төдий хэмжээгээр буурсан байна. Аймгийн хүн ам 66 535 хүрсэн нь 0.3 хувиар өссөн үзүүлэлт аж. Уул уурхайн бүтээгдэхүүний түүхий эдийн хувьд цайрын хүдэр, хүрэн нүүрс, жоншны болон төмрийн хүдрийн нөөцтэй бөгөөд үйлдвэрлэл сүүлийн жилүүдэд мөн өссөн байна. Уур амьсгалын эмзэг экосистемтэй, зах зээлийн багтаамж харьцангуй бага, инженерийн шугам сүлжээ, авто замын хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай ажээ.
Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал болон Засгийн газрын гишүүд Сүхбаатар аймагт ажиллах үеэрээ төрийн байгууллагуудын удирдлага, албан хаагчдын төлөөлөлтэй уулзав. Энэ үеэр аймгийн Засаг дарга М.Идэрбат, орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын ажлууд, төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгсөн юм. Хот төлөвлөлт, сэргээгдэх эрчим хүч, авто зам, уул уурхайн чиглэлд төр, хувийн хэвшлийн түншлэлээр болон олон улсын хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлуудаас харахад тус аймаг дан ганц хөдөө аж ахуйн салбараас аж үйлдвэржилтийг дэмжсэн бодлого руу шилжиж байгаа аж. Энэ онд цайр болон молибдений хоёр ч баяжуулах үйлдвэр ашиглалтад орохоор бэлтгэл хангагдаж байгааг Засаг дарга танилцууллаа. Баяжуулах үйлдвэртэй болсноор шинээр 1500 ажлын байр нэмэгдэх юм. Түүнчлэн төрийн албан хаагчдын орон сууцны хотхон, 960 айлын орон сууц, амины орон сууцны хороолол гэхчилэн 6-7 томоохон хотхон, хорооллын төслүүд эхлээд явж байгааг тэрбээр онцоллоо. Ирэх онд 70 мВт хүчин чадал бүхий цахилгаан, дулааны станцын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөснөөс гадна авто вокзал, инженерийн шугам сүлжээ, бохирын нэгдсэн систем байгуулах төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр гүйцэтгэхээр болсныг дурдлаа.
Зүүн бүсэд аж үйлдвэржилтийн сэргэлтийг манлайлан, дэвшилтэт хандлага бүхий томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлж буй орон нутгийн удирдлагуудад Улсын Их Хурлын дарга талархал илэрхийлж, бодлогоор дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Үргэлжлүүлэн Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн тухай танилцуулж, хэрэгжилтийг бүх шатанд хангаж ажиллахыг даалгав. Олон улсын чиг хандлагаас хоцролгүй ногоон шилжилтийг зорьж, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх томоохон ажлуудыг төлөвлөсөн нь гадны хөрөнгө оруулалтыг татах хөшүүрэг болно гэдгийг тэрбээр хэллээ.
Аймаг, орон нутагтаа тогтвортой ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлэхээр дэд бүтцийн бүтээн байгуулалтуудыг эхлүүлж яваа хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг хуулиас давсан журмаар залхааж, шантраадаг байх ёсгүйг Улсын Их Хурлын дарга Н.Учрал сануулж, төрийн хүнд суртлаас иргэдээ чөлөөлөх “Чөлөөлье” санаачилгын талаар танилцуулсан юм. Түүнчлэн төрийн албаны реформыг үргэлжлүүлж, аймаг, сумдын бүх шатны албан хаагчид ёс зүй, сахилга батыг эрхэмлэн ил тод, итгэл үнэмшилтэй ажиллахыг уриалав.
Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй гишүүдийн орон нутаг дахь албан томилолт Сүхбаатар аймагт үргэлжилж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
