mmnews.mn | 2026-11-17
УИХ-ын дарга С.Бямбацогт: Иргэдийнхээ орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжсэн төсвийг УИХ баталлаа

Монгол Улсын Их Хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2027 оны улсын төсөв болон Үндэсний баялгийн сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулиудыг эцэслэн баталлаа.

Улсын төсөв батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2027 оны төсөвт туссан бодлогын ач холбогдол бүхий шийдвэрүүд, иргэдийн орлого, нийгмийн хамгаалал, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн онцлох зохицуулалтуудыг олон нийтэд танилцуулсан юм.

Иргэдийн гар дээр үлдэх орлого нэмэгдэнэ

Сарын 792 мянган төгрөгөөс доош орлоготой иргэдийг хувь хүний орлогын албан татвараас чөлөөлж, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүллээ.

Ахмад настнуудын тэтгэвэр нэмэгдэнэ

Тэтгэврийн шинэчлэлийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, суурь тэтгэврийн тогтолцоог бүрэн нэвтрүүлснээр 2027 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс ахмадуудын дундаж тэтгэвэр 1.3 сая төгрөгт хүрэхээр болж байна.

211 мянган төрийн албан хаагчийн цалин өснө

2027 оны хоёрдугаар улирлаас төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин 10 хувь, төрийн захиргаа болон төрийн тусгай албан хаагчдын цалин 20 хувиар нэмэгдэнэ.

viber_image_2026-11-16_15-50-58-644.jpg

Эмийн үнийн дарамтыг бууруулна

Ахмад настан болон зорилтот бүлгийн иргэдийн даралт, зүрх судас, чихрийн шижингийн зэрэг зарим төрлийн эмийн зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь санхүүжүүлэхээр тусгалаа.

16 мянган иргэн ипотекийн зээлд хамрагдана

Иргэдийг орон сууцтай болоход дэмжлэг үзүүлэх зорилгоор ипотекийн зээлийн санхүүжилтэд 1.8 их наяд төгрөгийн эх үүсвэрийг шийдвэрлэлээ.

“Эко өрх”-ийг бодлогоор дэмжинэ

Яндангүй, нүхэн жорлонгүй, дулааны алдагдал багатай амины орон сууц барьж буй иргэдийг дэмжих бодлогыг хэрэгжүүлж, ипотекийн зээлийн эх үүсвэрийн 20 хүртэлх хувийг энэ хэлбэрийн орон сууцанд чиглүүлэхээр тусгав.

Бизнес эрхлэгчдийн татварын ачааллыг бууруулна

180 мянга орчим аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчийн татварын ачааллыг нийт 246 тэрбум төгрөгөөр бууруулж, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд жилийн 10 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлнэ.

viber_image_2026-11-16_15-50-59-020.jpg

2 сая иргэн, 220 мянган аж ахуйн нэгжид шууд үр өгөөж хүртээнэ

Төсөвт туссан татварын хөнгөлөлт, нийгмийн хамгааллын арга хэмжээ, бизнесийн дэмжлэгүүдийн үр шимийг 2 сая орчим иргэн, 220 мянга орчим аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч шууд хүртэхээр байна.

Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт үргэлжилнэ

2027 онд улсын хэмжээнд 340 км хатуу хучилттай авто зам шинээр барьж, аймгууд болон хилийн боомтуудыг холбох төслүүдийг үргэлжлүүлнэ. Мөн эрчим хүчний үйлдвэрлэлийн хүчин чадлыг 800 МВт-аар нэмэгдүүлэх, 45 эмнэлэг, 137 сургууль, 72 цэцэрлэг, 41 дотуур байр шинээр байгуулах хөрөнгө оруулалтыг улсын төсөвт тусган баталлаа.

viber_image_2026-11-16_15-50-59-359.jpg

Төгсгөлд нь Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Улсын Их Хурал энэ оны есдүгээр сарын 10-наас эхлэн 2027 оны улсын нэгдсэн төсвийн төслийг шат дараатайгаар хэлэлцэж, эцэслэн баталлаа. Одоо хамгийн чухал нь батлагдсан хуулиудыг үр дүнтэй хэрэгжүүлж, төсвийн үр өгөөжийг иргэн бүр, аж ахуйн нэгж бүрт бодитоор хүргэх явдал юм. Энэ чиглэлээр Засгийн газар онцгой анхаарч ажиллах ёстой. Улсын Их Хурал ч мөн хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд төсвийн хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллана” хэмээн онцоллоо гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлээ.




Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ