Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, О.Саранчулуун нар өнөөдөр (2026.11.16) Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бодлогын зөвлөл болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Бие даан амьдрах төвүүдийн үндэсний сүлжээний төлөөллийг хүлээн авч уулзав.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенцод Монгол Улс 2009 онд нэгдэн орсноор хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хамаарах бодлого, эрх зүйн орчинд шинэчлэл эхэлсэн. Энэхүү өөрчлөлтийн үр дүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үүсгэл санаачилгаар тэдний бие даан амьдрах эрхийг хангах, эрхэд суурилсан үйлчилгээ үзүүлэх зорилго бүхий төрийн бус байгууллагууд бий болж байгаа аж. Эдгээр байгууллага нэгдэн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Бие даан амьдрах төвүүдийн үндэсний сүлжээг үүсгэн байгуулжээ.

Тус үндэсний сүлжээнд долоон аймаг болон Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй хоёр бие даан амьдрах төв нэгдсэн бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах, бие даан амьдрахад дэмжих үйлчилгээ үзүүлэх чадавх, байгууллагын менежмент болон цахим ур чадварыг нэмэгдүүлэх, мэдээлэл солилцох, зөвлөн туслах үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа аж.
Улсын Их Хурлын гишүүд тус үндэсний сүлжээний төлөөлөлтэй уулзан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн өдөр тутмын нийгмийн оролцоонд тулгамдаж буй асуудал, эрхэд суурилсан үйлчилгээний шийдэл, арга замыг төрийн шийдвэр гаргах түвшинд хүргэх, бодлогын яриа хэлэлцээ өрнүүлэх зорилгоор бодлогын талаар санал солилцов. Тухайлбал, мөнгөн бус үйлчилгээ, түүнийг хэрэгжүүлэх арга замын талаар; Бие даан амьдрахад дэмжих тогтолцоо, Бие даан амьдрах төвүүдийн өнөөгийн нөхцөл байдал, үйл ажиллагаа, ололт амжилт, тулгамдаж буй асуудал; Хөгжлийн бэрхшээлтэй хүний бие даан амьдрах эрх, нийгмийн оролцоог нэмэгдүүлэхтэй холбоотой хүртээмжтэй орчин, туслах хэрэгсэл зэрэг бусад асуудлын хүрээнд мэдээлэл солилцсон юм.

Уулзалтад Архангай, Дархан-Уул, Хөвсгөл, Өмнөговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн болон Улаанбаатар хотын Баянзүрх, Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Бие даан амьдрах төвүүдийн үндэсний сүлжээний төлөөлөл төрийн бус байгууллагуудын нийт 36 ажилтан оролцлоо.
