mmnews.mn | 2026-11-17
Ши-Путин-Трамп нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна

Reuters-ийн мэдээллээс үзвэл, 2026 оны 11-р сарын 19-ний Пүрэв гарагт БНХАУ-ын Шэньжэнь хотод  БНХАУ-ын дарга Ши Жиньпин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын гурван талт уулзалт төлөвлөгджээ. Хятадын Гадаад хэргийн яам энэ уулзалтыг “түүхэн шинэ шатны ач холбогдолтой” бөгөөд дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг дэмжинэ гэж тодорхойлсон байна.

Энэ уулзалт нь зүгээр нэг дипломат уулзалт биш юм. Учир нь дэлхийн эдийн засаг, цэрэг-стратеги, эрчим хүч, олон улсын дэг журмыг тодорхойлоход хамгийн их нөлөөтэй гурван гүрний удирдагч нэг дор уулзах гэж байна. 

Reuters-ийн 11-р сарын 14, 16-ны мэдээллүүдийг харьцуулахад гурван удирдагч тус бүр өөр өөр зорилготой байгаа нь ихээхэн сонирхолтой байна.

Путин — Украины дайны асуудал

ОХУ-ын хувьд Украины дайныг өөрт ашигтай нөхцөлөөр дуусгах хэлэлцээрт хүрэх боломж гэж харж байгаа бололтой.

Трамп — Цөмийн зэвсгийн хяналт

АНУ, Орос, Хятадын цөмийн зэвсгийг бууруулах шинэ хэлэлцээр байгуулахыг зорьж байна.

Ши Жиньпин — Хятадын стратегийн байр суурь

Хятад улс өөрийн цөмийн зэвсгийн нөөц Орос, АНУ-аас хавьгүй бага тул гурван талын цөмийн хэлэлцээрт оролцохдоо болгоомжтой хандаж байна. 

"Шинэ Ялта" болох уу? 

Reuters энэ уулзалтыг 1945 оны Ялтын бага хуралтай зүйрлэсэн нь учиртай.

1945 онд АНУ, Их Британи, ЗХУ-ын удирдагчид дайны дараах дэлхийн дэг журмын талаар тохиролцож байсан. Одоо ч гурван том гүрэн дэлхийн хүчний харьцааг өөрчлөх хэмжээний шийдвэр гаргах боломжтой гэж болгоомжилж байна.

Гэхдээ нэг том ялгаа бий: уг уулзалтаар улс орнуудын хил хязгаар, нөлөөллийн бүсийг хуваарилах тохиролцоо хийнэ гэсэн баталгаа огт байхгүй. Украин, Тайвань болон Европын орнууд өөрсдийн хувь заяаг гурван гүрэн дангаараа шийдэх вий хэмээн санаа зовниж байгаа аж. 

Эх сурвалж: Ройтерс




Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ