mmnews.mn | 2024-09-19
Хүний дээд, хайрт аавынхаа гэгээн дурсгалд...


Энэхүү эмгэнэлтэй атлаа гэгээн хайр шингэсэн бичвэрийг олон нийтийн сүлжээнд нэгэн бүсгүй бичжээ. Түүний хойд аав үнэхээр хүний дээд, ухаантай эр хүн байсан аж. 
"Хэн нэгэн надаас хорвоо дэлхий дээрх хамгийн том зүрхтэй хүнийг нэрлээч гэвэл би аавыгаа гэж хэлнэ. 
Намайг ухаан орох үед л аав минь хажууд байсан. Би өөрийгөө нэлээн том болж юмны учир ойлгодог болтлоо (хүүхэд байсан болохоор арьсны өнгө ч мэддэггүй байлаа)  хойд аавтай хүн гэдгээ мэддэггүй байсан. Аав минь намайг тэгж л хайрласан. Айлын хүүхдүүдэд шоглуулчихаад "аавдаа хэлнэ дээ" гэж хэлж чаддаг тийм л хүчирхэг аавтай байлаа би. 
Аавыгаа ээжээсээ илүү хайрлалаа гэж ээжийгээ хүртэл гомдоодог аавдаа дэндүү хайртай аавын охин байлаа би. 
Оюутан болоод өөрийгөө том хүн болчихлоо гэж сэтгээд гарч орж гүйх гээд аавыгаа уурлуулахад загнахын оронд "хаа хүрэх гэж байгаа юм тэр болтол чинь дагана" гээд чимээгүй ард явж байсныг нь одоо ч би боддог. Үгүй ээ, мөн их тэвчээрээ. 
Аав минь фэйсбүүк ашигладаггүй,  мэддэг ч үгүй байсан юм. Саяхан эгч хаяг нээж өгөөд утсан дээр нь суулгаж өгсөн. Би залгаад л дүрсээ харж ярьдаг болов. Тэгсэн над руу нэг орой өөрөө залгаад "аав нь ухсаар байгаад охиноо олчихлоо" гээд ярьсан юм. Тэр бүр "хайртай шүү" гэж хэлж байгаагүй аав минь их л тод "Аав нь хайртай шүү!" гээд тэр оройны яриа дуусав. 
Би ч хөөрөөд анх удаа ааваас видео дуудлага авдаг байна шдээ гээд баярлаад байсан, үүнээс хойш яг 3 хоног дараалж над руу яриад тэгээд л хорвоогоос бүр мөсөн явчихсан... 
Гурван хүүхдээ минийх, чинийх гэж ялгалгүй хайрлаж өсгөсөн ааваараа бид мөн ч их дутна даа... 

Аавд минь эмгэнэл илэрхийлж сэтгэл санаагаар дэмжиж хамт байсан ах дүүс, найз нөхөддөө бүгдэд нь баярлалаа. Та бүхэн минь энх байж, мөнх жаргаарай. 
Аав минь та эх орныхоо алтан хэвлийд үүрд мөнх тайван нойрс доо. 
Охин нь тандаа хайртай шүү!"





Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ