mmnews.mn | 2024-10-18
Шинжлэх ухааны доктор, профессор, хошууч генерал О.Үржинд Дотоод хэргийн их сургуулийн “Хүндэт профессор” цол олголоо

Дотоод хэргийн их сургуулийн захирлын тушаалаар дотоод хэргийн салбарын шинжлэх ухааны эрдэм шинжилгээ, сургалтын үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлж Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, цэргийн шинжлэх ухааны доктор, профессор, хошууч генерал О.Үржинд Дотоод хэргийн их сургуулийн “Хүндэт профессор” цол олгох ёслолын ажиллагаа өчигдөр (2024.02.06) Их сургуулийн Соёлын төвд боллоо.

Тус ажиллагаанд Дотоод хэргийн их сургуулийн тэргүүн дэд захирал, доктор, профессор, цагдаагийн хурандаа Д.Эрдэнэбаатар, Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн дэд хурандаа С.Болдбаатар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны ахлах референт, доктор, дэд профессор, хурандаа Д.Сэржмядаг, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, Урьдчилан сэргийлэх газрын Гамшгаас хамгаалах сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга, хурандаа Д.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Ж.Алтанхуяг, ХХЕГ-ын Хил судлалын хүрээлэнгийн захирал, доктор, хурандаа А.Ганбилэг, Гамшиг судлалын хүрээлэнгийн дэд захирал, эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, дэд профессор, дэд хурандаа П.Чимэдцэрэн, Дэлхийн банкны төслийн зөвлөх, доктор Ш.Болдбаатар, ҮБХИС-ийн "Тэмүүжин өрлөг" сургуулийн захирал, хурандаа Д.Бат-Эрдэнэ, Цэргийн төв эмнэлгийн Поликлиникийн дарга, хурандаа Б.Болор-Эрдэнэ, Гамшиг судлалын профессорын багийн гишүүд, Онцгой байдлын сургуулийн 1993-2023 оны төгсөгчдийн төлөөлөл болон эрдэмтэн багш, албан хаагч, сонсогч, суралцагчид оролцсон юм.

Дотоод хэргийн их сургуулийн “Хүндэт профессор”-ын диплом, ёслолын өмсгөл, хүндэтгэлийн зүүлт, энгэрийн тэмдгийг Их сургуулийн Тэргүүн дэд захирал, доктор, профессор, цагдаагийн хурандаа Д.Эрдэнэбаатар гардуулан өглөө.

Монгол Улсын 123 дахь генерал, хүндэт профессор, хошууч генерал О.Үржин нь 2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цол тэмдгээр шагнагдаж, Онцгой байдлын байгууллагаас төрөн гарсан анхны Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн болсон юм. 

Өдгөө хошууч генерал О.Үржин нь Дотоод хэргийн их сургуулийн Гамшиг судлалын профессорын судалгааны багийн зөвлөх, Удирдахуйн ухааны профессорын судалгааны багийн гишүүн, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн дэргэдэх Батлан хамгаалах, аюулгүй байдлын докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дарга, Аюулгүй байдлаар магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлийн орлогч дарга, Онцгой байдлын сургуулийн гамшиг судлалын болон Удирдлагын академийн удирдахуйн ухааны магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүнээр тус тус ажиллаж байна.

Мөн Мэдээлэлжүүлэлтийн олон улсын академийн болон Боловсролын академийн жинхэнэ гишүүн, Онцгой байдлын ерөнхий газрын болон Батлан хамгаалах яамны Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн гишүүн, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн гишүүн, Монгол цэргийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүн зэрэг үүрэгт ажлыг гүйцэтгэж байна.

Тэрээр Улсын иргэний хамгаалалтын газрын дарга, Улсын байнгын онцгой комиссын орлогч даргаар ажиллах хугацаанд орчин үеийн шаардлага, олон улсын жишиг, улс орныхоо хэрэгцээнд нийцүүлэн байгууллагыг чадавхжуулах, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг шат дараатай хэрэгжүүлэн гамшгийн менежментийг хөгжүүлэх ажлыг эхлүүлсний үр дүнд Гамшгаас хамгаалах тухай хуулийг батлуулж, өнөөгийн Онцгой байдлын байгууллага бий болох үндсийг тавьсан юм. 

Энэ үеэр хүндэт профессор, хошууч генерал О.Үржин “Аюулгүй байдлын орчны өөрчлөлт, чиг хандлага” сэдвээр “Хүндэтгэлийн лекц” уншлаа.




Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ