mmnews.mn | 2024-09-19
Багш болоход нөлөөлсөн мартагдашгүй дурсамж
Нэгэн багш залуу, бага ангийнх нь багш байсан хөгшинтэй гудамжинд таарч: - Та намайг таньж байна уу? Би таны шавь байсан... - Танилгүй яах вэ, гуравдугаар ангид байсан хүү мөн шив дээ. Одоо хаана ямар ажил хийж байна? - Нэг сургуульд багшилж байгаа. - Яагаад багш болохоор шийдсэн юм бэ? Юу чамд нөлөөлөв? - Юу биш... хэн гээч. Тэр хүн бол Та шүү дээ. - Би яаж нөлөөлдөг билээ? - Та миний сэтгэлийг хөглөсөн шүү дээ... бага ангийн багш болмоор санагдтал. - Хэдийд тэр вэ? - Та үнэхээр санахгүй байна гэж үү? Тэгвэл би танд юу болсныг ярьж өгье... Нэг өдөр манай ангийн нэг жаал, аав ээж нь бэлэглэсэн гээд гоё бугуйн цаг зүүчихсэн ирсэн. Тэгээд тэр цагаа тайлж, ширээнийхээ шургуулганд хийчихэв. Би тийм цагтай болохсон гэж мөрөөддөг байлаа л даа... тэгээд биеэ барьж дийлэлгүй өнөөх цагийг нь авчихсан юм. Удалгүй нөгөө жаал тан дээр уйлж ирээд цаг нь алга болчихож гэв. Тэгтэл та биднийг тойруулж харснаа “Энэ хүүхдийн цагийг авсан хүн түүнийг нь буцаагаад өгчихгүй юу” гэж тайвнаар хэлэв. Би ичсэндээ үхэх гэж байсан ч цагийг буцааж өгмөөргүй байсан тул чимээгүй өнгөрсөн. Тэгсэн та ангийн хаалгыг дотроос нь түгжээд биднийг хана дагуу зогсоож “Та нарын халаасыг шалгахаас даа... бүгд нүдээ анина шүү!” гэв. Бид ч таны хэлсэн ёсоор нэг эгнээ болон зогсох тэрхэн агшин миний хувьд амьдралын минь хамгийн ичгүүртэй нь байж билээ. Ингээд та хүүхдээс хүүхэд, халааснаас халаас дамжин шалгасаар өнөөх гайтай цагийг миний халааснаас олсон ч нэгжлэгээ үргэлжлүүлсээр эгнээний төгсгөлд хүрээд: “Хүүхдүүд ээ, бүх юм зүгээр. Та нар ширээ ширээндээ сууцгааж болно” гээд өнөөх цагийг эзэнд нь эргүүлж өгсөн. Тэгээд тэр явдлыг дахин хэзээ ч сөхөж байгаагүй. Тэр өдөр та миний нэр төрийг аварсан. Намайг ангийнхны минь өмнө хулгайч, худалч, өөдгүй жаалаар нь дуудаагүй… тэр бүү хэл хэргийн талаар надад ганц ч үг хэлээгүй. Таныг яагаад чимээгүй өнгөрснийг би хэзээ хойно ойлгосон. Та жинхэнэ сурган хүмүүжүүлэгч байсан тул гүйцэд төлөвшөөгүй гэнэхэн шавийнхаа нэрийг сэвтүүлэхийг хүсээгүй байж. Тэр сайхан үйлдлийг тань бахадсандаа би яг тан шиг багш болохоор шийдсэн юм... Хоёр багш өнгөрсөн явдлыг дурсаж сэтгэл нь хөдөлсөн бололтой хэсэг чимээгүй суулаа. Тэгтэл залуу багш: - Багш аа, одоо та намайг санав уу? гэвэл хөгшин багш: - Үнэндээ бол санахгүй байна... учир нь та нарын халаасыг шалгаж явахдаа багш нь ч бас нүдээ аньчихсан байсан юм гэв. Via Uka Ulziibat



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ