mmnews.mn | 2024-10-19
Төөрсөн хүү хонин дундаа дулаацаж хоносноор эсэн мэнд олджээ
Завхан аймгийн Баянхайрхан сумын Асгат багийн малчин Ганбаатарын 14 настай Бямбацогт хүү 2024 оны 2 сарын 11-нд буюу шинийн хоёрны үдээс хойш 16 цагт малдаа явж 2 сарын 12-ны өглөөний 11 цаг хүртэл -25-35 хэмийн хүйтэнд, малтайгаа цасан шуурганд уруудан, сураггүй алга болжээ.
Завхан аймгийн хойд сумдаар зам харгуй хаасан, цас зуд ихтэй тул Сонгино сумын Онцгой байдлын алба хаагчид Сүүжин булаг 20 орчим км-ын цаана , Тэс сумын ОБГ-ын алба хаагчид Зээрэнгийн дөрөлж 70 км цаана ирж шөнөжин цас ухаж ажилласан байна.
Бямбацогт хүү шуурганд малтайгаа уруудаад шөнө болтол явжээ. Түүний дээл шуурганд норсон хэдий ч мориноосоо буугаагүй тул гутал нь хуурай байж.
Шөнө дөл болж даарахад хүү хэрсүү ухаан гарган морио суллаж тавиад хониныхоо голд орж дулаацсан байна. Дулаацаад унтвал болохгүйг мэддэг тул өөрийн хайртай эрхлүүлдэг цэнхэр ямаагаа хажуудаа байлгасан аж. Цэнхэр ямаа нь дуг хийхэд эврээрээ мөргөн сэрээдэг, морь нь ч түүнийг орхиогүй гэнэ.
Ар гэрийнхэн, ОБГ-ын алба хаагчид морь нь гүйж ирэхгүй болохоор горьдлого тээж хайсаар л байж. Хайж буй хүмүүс дөхөж ирдэг ч хүү дуугарах гэхээр дуу нь гарахгүй осгосон байжээ. Холч хэрсүү ухаан гарган цасан шуурганд хоног төөрүүлэн өөрийн амь насаа аварсан төдийгүй нэг ч малын гарзгүй гарсан бахдам хүүгийн авхаалж самбаа, тэсвэр тэвчээрийг үнэлэн Монголын Улаан Загалмайн нийгэмлэгийн "Хүмүүнлэг хүүхэд" -ээр шагнаж урамшуулахаар болсон аж.



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ