mmnews.mn | 2024-09-19
Эерэг пост: Аавынхаа хүүхэд насанд очицгоов
Нэгэн аав ийнхүү бичжээ:
Ээж нь гэдсээр сайхан гурилтай шөл хийгээд өгсөн чинь 3 хүүхэд маань голж байна. Маргааш нь толгой чаналаа, бас л голж байна. Ер нь хүүхдүүд хоол, хувцсаа их голоод байгаа нь анзаарагдсан юм. 
Тэгэхээр нь нэг бодол төрлөө. Гэр бүлээрээ сууж байгаад: "Аавынхаа хүүхэд насанд очих уу?" гэсэн "тэгье" гэж байна. "Бүгдээрээ яг аавынхаа та нар шиг байх үед очиж амьдарна шүү" гэсэн чинь, "За,  ямар гоё вэ!" гээд хүүхдүүд шуугилдав. 
Орой болж хүүхдүүд унтахаар нь  гэрт байсан боов боорцог, үхэр, тахианы мах, хоолны амтлагч гээд амттай шимтэй бүх юмаа доор манаачийнд оруулж өгөөд. Хүүхдүүдийнхээ хувцаснуудаас нэг шорт подволк, нэг цамц өмд, сандаал нэг пүүз үлдээгээд бусдыг нь бүгдийг  нуугаад унтлаа. 
Өглөө боллоо. Хүүхдүүд цайгаа уух гээд хөргөгч онгойлгоод 2 -р гурилаар хийсэн гамбирнаас өөр юм олдсонгүй. Бүгдээрээ гайхаад л байна. Идэх болов уу гэсэн идсэнгүй шүү! /зун байсан юм л даа/ 
"Аав утас яасын?" гэхээр нь "аавынх нь хүүхэд байхад утас байгаагүй" гэлээ "аан" гэж байна. "Аав миний падь ком яасын?" л гэнэ би ч нөгөө хариултаа өглөө. Бүгдээрээ хөзөр тоглолоо хөзөр зааж өгөөд. Өлсөөд л байгаа бололтой байн байн хөргөгч очиж ухаад. Хөөрхий нөгөө 2- р гурилын гамбираа хазаал тавиад байна. Ээж нь орой жоохон ямааны мах аваад ороод ирлээ. Нөгөө махаараа 2-р гурилтай хоол хийгээд тавьсан өдөржин өлссөн нөхдүүд чинь гусаж өгч байна шүү! Том хүү юм бодоод суугаа бололтой. 
"Миний хүү 2-лаа маргааш мах хоолны юм олноо. Аав нь хүүхэд байхдаа гэр хоолгүй, 3 дүүгээ яаж тэжээж байсныг мэдмээр байна уу?" гэсэн чимээгүй "за" л гэж байна. 
Өглөө ч боллоо. Том хүүгээ дагуулаад зах гараад өдөржин 2- лаа ачаа бараа зөөгөөд орой 50 мянган төгрөгтэй буулаа шүү. Эвий муу хүүгийн минь нүд ёстой туулайных шиг болчиж. Дэлгүүр ороод гэртээ юу авах уу гэсэн шууд цагаан гурил, жоохон мах авч байна. Үлдсэн цөөхөн мөнгөөр нь аав нь хүүхэд байхдаа гөөхийнд дуртай байсан гээд гөөхий авчихлаа. Гэртээ харьсан 2 дүү нь "өнөөдөр ээж гэдсээр хуушуур хийж өгсөн ёстой гоё байлаа" л гэнэ. Гөөхийгөө гаргаж ирээд өгсөн амаа олохгүй идэж байна. Иймэрхүү байдалтай 7 хоноод, 8 дахь хоног дээрээ хуучин хэвэндээ ороод гахайн мах аваад гэр бүлээрээ шарж идлээ. Том хүү минь нулимс нь цийлэгнээд "биднийг сайн сайхан, юмаар дутаахгүй амьдруулж байгаа ааваа, ээжээ  тандаа маш их баярлалаа" гээд эхэр татан уйллаа. Жоохон ч гэсэн дагаад уйлж байна. Юм ойлгож ухаарсан бол болоо доо үрс минь…



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ