mmnews.mn | 2024-09-20
Хүмүүсээ засахыг зүрхэн тушаа чухалчилдаг удирдагч бидэнд хэрэгтэй
Америкийн дунд сургуулийн хүүхдүүдэд Чингис хааны нэгэн захиаг уншуулж, асуултанд хариулах даалгаврыг өгсөн байна. Одоо хамт уншицгаая. 

1. Чингис хааны Чанчун бумбыг урьсан захиа:
"... Тэнгэр Дундад улсыг таалахаа больсон нь түүний хэт их тансаглал, ихэмсэг, тоомжиргүй байдлаас болжээ. Харин умард газар амьдрагч надад хэт их шунал үгүй билээ. Би тансаглалыг жигших ба даруухан амьдрахыг илүүд үзнэ. Би нэг л төрлийн хоол идэж, нэг л хүрэм өмсөнө. 
Би өөрийн эгэл малчдын адилаар хувцаслаж, иднэ. Би хүмүүсээ өөрийн хүүхэд адил үзэх ба чадварлаг хүмүүсийг ивээж өөрийн ах дүү мэт харна. Бид нэг ижил зарчмыг шүтэх ба бидний нэгдэл нь бие биенээ хайрлах үзэл дээр төвлөрнө.    
Цэргийн дасгал сургуулилт дээр би үргэлж урд нь явах бөгөөд дайн тулаан болоход ард нь үл хоцроно. 7 жилийн хугацаанд би агуу үйлийг бүтээж, бүх дэлхийг нэгэн эзэнт гүрний дор цогцлоолоо. Гэхдээ надад ямар нэг онцгойлох авъяас, чанар үгүй билээ.

Жингийн төр /Зүрчид/ тогтворгүй тул, Тэнгэр намайг тэтгэж хаан суудалд суулгав. Өмнө зүгт Сүн, умард зүгт Хүй хо /Кипчак?/, Зүүн зүгт Шиа /Тангут/, баруун зүгт орших зэрлэгүүд бүгд миний эрх мэдлийг хүлээн зөвшөөрөв. Миний санахад эрт үеийн манай Шаньюгаас хойш ийм том улс цогцолсон нь үгүй. Миний эрх мэдэл их боловч үүнийг дагаад надад ирэх үүрэг хариуцлага хүнд бөлгөө. Улсыг удирдахдаа ямарваа нэг дутагдал гаргуузай гэж айна. Гол гатлахдаа бид завь бүтээдэгтэй адилаар улсыг удирдахдаа бид эрдэмтэн мэргэдийг залдаг. Их хааны суудалд сууснаас хойш хүмүүсээ засах асуудлыг ямагт зүрхэн тушаа чухалчилж ирсэн боловч өнөөг хүртэл 3 /чун/, 9 /чин/-гийн суурийг эзлэх чадамжтай хүмүүсийг олж чадахгүй байсаар байна. 
Дээрх бүх өгүүлсэн зүйлсээс улбаалж, би эрхэм эрдэмтэн таныг үнэний туйлд нэвтэрч, зөв замаар алхаж ирсэн гэдгийг сонслоо. Гүн судалж, өргөн туршлагажиж, юмс үзэгдлийн хуулийг үзжээ...Би өөрийн туслах Лиу Чунг Лу-г илгээж хөсөг, хамгаалалт бэлтгэж таныг авчруулах зарлиг буулгав. Мянган лигийн газрын холоос битгий бэрхшээгтүн..."    

2. Америкийн дунд сургуулийн хүүхдүүдэд дээрх захидлыг бүрэн уншуулаад ийм даалгавар өгч байна. 
- Чингис хааны Чанчун бумбатай уулзах зорилго юу байсан бэ.
- Чингис хаан өөрийн амьдралын замналыг юу гэж дүгнэж байв. Тэрээр өөрийгөө хэрхэн дүгнэж байв. 
- Монголын эзэнт гүрэн байгуулагдсан амжилтын нууц юу вэ. 

3. Ингэхэд бид ийм дасгал дунд сургуульд хийж байсан уу. Бүх юмандаа Чингис нэр өгч, гадаад жуулчдад Чингисийн үр сад гэж сагсуурахаас цааш бид Чингис хааныхаа бодол, санал, итгэл үнэмшлийг судалсан удаа бий юу. 

Америк хүүхдүүд биднээс илүүг мэдэж байна. Бид харин хоцрогдсон, улирсан баларсан, авлигажсан боловсролын системтэйгээ зууралдсаар улиг болох нь. 

Энэ даалгаврыг монголын төрийг эзэгнэж байгаа намын лидерүүд, улстөрчдөөр хийлгэмээр байна. 

Баян тансаглалд яаж хандав. Хүмүүсээ яаж хайрлав. Эрдэмтэн мэргэдийг хэрхэн хүндлэв гээд. Манай энэ 32 жилд Чингис хааны саяны захианд гарч буй дүр төрхтэй нийцэх нь битгий хэл чигчий хуруунд нь дөхөж очих ч улстөрч төрсөнгүй. Бидэнд хүмүүсээ засах асуудлыг зүрхэн тушаа чухалчилдаг удирдагч хэрэгтэй байна. Тийм л хүнийг, тийм намыг л гаргаж ирмээр байна. Үгүй бол хулгай хийдэг, худал ярьдаг, баян тансаглаж казино тоглодог, найр наадам дуур хуураас өөр юм мэдэхгүй жижиг гаруудаар 2000 жилийн түүхтэй үндэстний хувь заяаг бариулсаар залхаж гүйцлээ.

Хүн таних анхан шатны чадваргүй тул тойрон хүрээлэгчдээр хамгийн чадамжгүй нохдуудыг эхлээд тавина. Дараа нь өөрөө чадамжгүй тул тэр нохдынхоо ваакумд орж таг сохорно. Гэтэл энд Чингис хаан маань юу гэж бичсэн байна. Хүмүүсээ засах асуудлыг чухалчилахад улсыг удирдах 3-9-н чадамжтай хүмүүсийг одоо хэр нь хайсаар байна гэж бичиж. Тэрнээс сонгуульд үнэнчээр зүтгэж, цүнх барьж сайн гүйсэн учир дарга болголоо гэж бичээгүй байгаа биз...
Via-Өлзийбаярын Ганзориг



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ