mmnews.mn | 2024-10-19
ХЭҮК-ын илтгэлийн мөрөөр авч хэрэгжүүлсэн ажлыг дүгнэлээ

2024.03.13        Улаанбаатар хот

Хүний эрхийг хангах, хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллагуудын ХЭҮК-ын 21, 22 дахь илтгэлийн мөрөөр авч хэрэгжүүлсэн ажлыг дүгнэлээ

ХЭҮК өнгөрсөн 2021, 2022 онд явуулсан судалгаа хяналт үнэлгээ шинжилгээ, Комиссын гишүүний  санаачилгаар  болон  иргэдээс  ирүүлсэн  гомдол,  мэдээллийн  мөрөөр  явуулсан  хяналт шалгалт, төрийн байгууллагуудын  албан  ёсны  мэдээлэл, хөндлөнгийн бусад  судалгаа, эх сурвалжид үндэслэн Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21, 22 дахь илтгэл боловсруулж, холбогдох саналын хамт УИХ-д өргөн барьсан. 

• УИХ-ын нэгдсэн чуулганаар 21 дэх илтгэл хэлэлцсэнтэй холбогдуулан Улсын Их Хурлын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 49 дүгээр тогтоолыг баталж, “КОВИД-19” цар тахлын үеийн хүний эрх, эрх чөлөө, Жендэрийн эрх тэгш байдал ба хүний эрх, Хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал, Цэргийн албан дахь дүрмийн бус харьцааны эрх зүйн зөрчил, Гэр бүлийн хүчирхийллээс ангид байх эрхийн хэрэгжилт, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар, 
• Харин 22 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан Улсын Их Хурлын 2023 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн 35 дугаар тогтоолыг баталж, Хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, Хүүхдийн эрх, Ахмад настны эрх, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх болон бусад асуудлаар холбогдох арга хэмжээг авч ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт даалгаж, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороонд даалгасан.

Комисс дээрх тогтоолын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийснээ холбогдох албаныханд танилцуулж, тогтоолын хэрэгжилтийг хангахад тулгамдаж буй асуудал, хүндрэл бэрхшээл, гарц шийдэл эрэлхийлэх зорилгоор “Монгол Улын Их Хурлын 2022 оны 43 дүгээр тогтоол, 2023 оны 35 дугаар тогтоолын хэрэгжилт, цаашид анхаарах асуудал” хэлэлцүүлгийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороотой хамтран 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Төрийн ордонд зохион байгууллаа. 

Тус хэлэлцүүлэгт Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөл, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Батлан хамгаалах яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Хөдөлмөр нийгэм хамгааллын яам, Цахим хөгжлийн яам, Эрүүл мэндийн яам, Жендэрийн үндэсний хороо, Боловсролын ерөнхий газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Комиссын дэргэдэх Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүд, Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүд, Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцож, байр сууриа илэрхийллээ

21, 22 дахь илтгэлийн мөрөөр хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд гарсан ахиц дэвшил, үр дүнгээс тоймлон хүргэе. 

 

МОНГОЛ УЛС ДАХЬ ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ БАЙДЛЫН ТАЛААРХ 21 ДЭХ ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦСЭНТЭЙ ХОЛБОГДУУЛАН БАТАЛСАН УИХ-ЫН 49 ДҮГЭЭР ТОГТООЛЫН ХЭРЭГЖИЛТ

Комисс 21 дэх илтгэлд КОВИД-19 цар тахлын хүний эрх, эрх чөлөөний байдлын сургамж, Жендэрийн эрх тэгш байдал ба хүний эрх, Хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал, Гэр бүлийн хүчирхийллээс ангид байх эрх, Цэргийн алба хаагч хоорондын дүрмийн бус харьцааны нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээ, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжид хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээг тусгасан. Тухайлбал:

1. Унаач хүүхдийн дээд эрх ашгийг хамгаалахад дараах үр дүн гарлаа

Хөдөлмөрлөх эрхийн зарим асуудлын хүрээнд хүүхдийн хөдөлмөр эрхлэлт тэр дундаа тэвчишгүй болон аюултай хэлбэрийн хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүдийн эрхийг хангаж, хамгаалахад чиглэсэн хууль эрх зүйн зохицуулалт, тогтолцоо төдийлөн үр дүнтэй хэрэгжихгүй байгааг Комисс дүгнэсэн. Улмаар хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй, аюултай хэлбэрийг хориглох, устгах, унаач хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах талаар арга хэмжээ авч ажиллах санал хүргүүлснээр УИХ-ын 49 дүгээр тогтоолоор унаач хүүхдийн эрхийг хангах, хамгаалах арга хэмжээ авч ажиллахыг УИХ-аас Засгийн газарт даалгаснаар хүүхдийг эрхийг хамгаалахад чиглэсэн дараах ахиц дэвшил, үр дүн гараад байна. Үүнд: 

• Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны А/122 дугаар тушаалаар “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт"-ыг шинэчилж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны А/12З дугаар тушаалаар 13 нас хүрсэн хүний эрхэлж болох хөнгөн ажлын төрөл, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл"-ийг баталлаа.
• Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайдын 2022 оны А/2З, А/27 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Хүүхэд хамгааллын үйлчилгээг санхүүжүүлэх аргачлал, үйлчилгээний зардлын норматив“-аар хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдэд хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа зохион байгуулах зардалолгох эрх зүйн тогтолцоо бий болсон.
• Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагалдуулан боловсруулсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд Хүүхдээр тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлэх, Албадан хөдөлмөрлүүлэх гэмт хэргийн шинжийг нарийвчлан тусгасан.
• УИХ-ын 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр баталсан Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар Үндэсний их баяр наадмын тухай хуулиар зохицуулагдаагүй бусад хурдан морины уралдааны болон морины сунгаа, үсэргээний бэлтгэлийн үед уяач уралдаанч хүүхдийн эрх, амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүргийг хуульчилсан.

Мөн Комиссын гишүүний 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 01/17 дугаар зөвлөмжийг Нийслэл Улаанбаатар, 21 аймгийн Засаг дарга нарт хүргүүлж, жил бүрийн 11 дүгээр сарын 01-ээс 05 дугаар сарын 01-ны хооронд хурдан морины уралдаансунгаа, үсэргээнзохион байгуулахгүй байх, зохион байгуулж буй эсэхэд хяналт тавих, зөрчил гаргасан этгээдэд хариулцага тооцох чиглэл өгч хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна. 

2. Цэргийн алба хаагчдын эрхийг хамгаалах чиглэлд дараах ахиц дэвшил, үр дүн гарлаа 

Комисс 21 дэх илтгэлд Цэргийн алба хаагч хоорондын дүрмийн бус харьцааны нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээг тусгаж, хугацаат цэргийн алба хаагчийн зарим эрхийг хуулиар хязгаарладаг боловч Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын эрх зүйгээр баталгаажсан амьд явах, халдашгүй чөлөөтэй байх, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий харьцаанаас ангид байх эрхийг хязгаарлаж болохгүй талаарх зарчмыг Цэргийн алба хаагчийн эрх байдлын тухай хууль, холбогдох дүрэм, журам, зааварт тусгаагүй нь хүний эрх зөрчигдөх, цэргийн дүрмийн бус харьцааг нуугдмал байдалд оруулж болзошгүй байгааг дүгнэсэн. 

Улмаар УИХ-ын 49 дүгээр тогтоолд “цэргийн албанд хүний амь нас, эрүүл мэнд хохирч байгаа шалтгаан, нөхцөлд дүгнэлт хийж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цэргийн дүрмийн бус харьцааг илрүүлэх, бүртгэх, таслан зогсоох арга хэмжээ авч, хэрэгжилтэд хяналт тавих” заалтыг оруулснаар цэргийн алба хаагчдын эрхийг хамгаалах чиглэлд дараах үр дүн, ахиц гараад байна. Үүнд: 

• Зэвсэгт хүчний нэгтгэл анги салбарын цэргийн албаны үйл ажиллагааг зохицуулж буй Цэргийн нийтлэгдүрмүүдэд дүн шинжилгээг хийж, цэргийн алба хаагчийн эрх, үүрэг, хариуцлагыг хүний эрхийн үндсэн зарчимд нийцүүлэн хүний нэр төрийг гутаан доромжлох, хүнлэг бусаар харьцахыг хориглосон зохицуулалтуудыг тусгаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны “Цэргийн нийтлэг дүрмүүдийг шинэчлэн батлах тухай” 180 дугаар зарлигаар Цэргийн дотоод албаны дүрэм, Цэргийн жагсаалын дүрэм, Цэргийн хүрээний ба харуулын албаны дүрэм, Цэргийн сахилгын дүрмийг тус тус баталсан. 
• Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд тусгагдсан Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний эрх зүйн орчны шинэчлэлтэй холбогдолтой Цэргийн албаны тухай хууль, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд санал өгөөд байна.

Мөн Комиссын гишүүний 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 05/43 дугаар зөвлөмжийг Дотоод хэргийн их сургуулийн удирдлагад хүргүүлж, цэргийн дүрмийн бус харилцааг таслан зогсоох, сургалт нөлөөллийн арга хэмжээ тогтмол зохион байгуулах, зөрчил дутагдлыг илрүүлэх, бүртгэх, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгож, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.




Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ