mmnews.mn | 2024-09-19
Ачит багшийн айлдвараас....
ҮХЭЛ МӨНХ БУСЫГ ҮЗҮҮЛЭХЭЭС ӨМНӨ БЭЛТГЭХЭД ЮУ ТУС БОЛОХ ВЭ? (Бодьсадвын явдалд орохуй 8 дугаар бүлэг: Бусдыг энхрийлэн барих үзлийн ач тусыг бясалгах)
Номын ёсоор явна гэвэл өөрийн урьд үйлддэг байснаас ялгаатай үйлдэх хэрэгтэй гэсэн үг юм. Урьд үйлдсэнтэйгээ адил үйлдсэнээр болчихдог бол бүгдээрээ төгс гэгээрлийн хутгийг олох байсан шүү дээ. Төгс гэгээрлийн хутагт хүргэх номыг тусад нь анхааран авч үйлдэх шаардлага гэж үгүй болно. Эртнээс үзэл бодол маань өчүүхэн амиа хичээж, алс холыг харж чадаагүй, авал орхилыг зөв таньж бариагүй, товчдоо амгаланг бүтээх арга алдаатай байжээ. Амар амгалангийн уг шалтгааныг үнэнээсээ үйлдье гэдгээр үзэл бодлоо солих юм. Ингэж бодож үйлдэх нь урьд үйлдсэн үйлтэй зохилдохгүй болно. Бид ертөнцөөс хэтийдсэн үйлийг үйлдэхээр зорьж байна. Харин зөвхөн ертөнцийн үйлд зорьж буй хүний хувьд ертөнцийн үйлийг муу гэж хэлээгүй юм.
Ертөнцийн хотол чуулганд зорьж буй хүний хувьд эд хөрөнгө, алдар нэр тэргүүтэн ологдохуун тул эдгээр нь бүрдэхэд таатай, бүрдэхгүй бол таагүй гэж үзнэ. Энэ насны амар амгаланг бүтээхийн тухайд маш олон арга хэрэглэнэ, дараа төрлийг зорьсон бодол ч төрөхгүй, урьд хойт төрлийг хүлээн зөвшөөрөхгүй, сэтгэл итгэмжлэхгүй, тэрнээс цаашихыг үйлдэх гэдэг ч хэрэггүй болно. Нэг л өдөр насны хэмжээ дуусч, үнэнд гүйцэгдэнэ. Насны хэмжээ нь дуусч одохын үед өөрийн амар амгалан, аз жаргалын төлөө хураасан бүх зүйлээ орхих болно. Ийм хүний хувьд дараа төрөл гэдэг киноны эхний бүлэг дуусч, дараагийн бүлэг эхлэхтэй адил болно гэсэн үг юм. Үхээд бүх зүйл дуусдаг бол өөр хэрэг шүү дээ. Киноны хоёрдугаар бүлэгт сайн сайхныг хүсч л байвал одооноос уг шалтгааныг нь бүтээхгүй бол боломжгүй.
Хүн ирээдүйнхээ төлөө асар их бэрхшээлийг туулж, хичээн хөдөлмөрлөдөг. Иймдээ ч өнөөдөр идэх зүйлтэй цатгалан байна. Өнөөдөр цатгалан л бол маргааш хэрэггүй гэж байхгүй. Маргааш нь дахиад үргэлжлээд идэх хэрэгтэй болдог шүү дээ. Маргааш нөгөөдөр нь идэхийгээ урьдаас бий болгохгүй бол тэр даруйд бүтчихгүй хэцүү шүү дээ. Гэвч одоо асар их бэрхшээл туулж асар ихээр хураасан бүгд үхэхийн цагт хэрэглээ нь дуусвар болж хоцордог. Дараа төрөл үргэлжилнэ, үхэх цагт авч явах зүйлгүй атал яах гэж ийм их эд хөрөнгө, алдар нэрийг бий болгов? Энэ наснаас дараа төрөл рүү дүрст зүйл биш, тийн мэдэл сүнс дамжин үргэлжилнэ. Тийн мэдэл дээр сайн авъяасыг суулгаж чадвал тэр нь хамт явна. Иймд буяныг бүтээх гэдэг чухал хэрэгтэй байна. Буян үйлдэх гэдэг дараа төрөлд одох тийн мэдэл дээр сайн авъяасыг суулгахыг хэлэхээс тэрнээс бусад нь тус болохгүй юм. Барцад саадыг арилгах гэдэг энэ төрөлд нь хэрэгтэй болохоос дараагийн төрөлд хамаарахгүй шүү дээ. Ажил төрөл, албан тушаал, алдар нэр гэдэг ч энэ насны амьд ахуйд яригдахаас дараа төрөлд тус болохгүй юм.
Буян юуг ч үйлдсэн зорилго сэдэл нь сайхан сэтгэлд эзлэгдэх хэрэгтэй. Бид дараа төрөл гэдгийг харсан хараагүй Бурхан багшид итгэж сүжиглэдэг л бол Бурхан багшийн зарлигийн дагуу үйлдэх хэрэгтэй. Бурхан багшаас нааш 17 бандида тэргүүтэй мэргэд дээдэс сүмбэр уул мэт хязгааргүй ихээр төрсөн юм. Эдгээр дээдсийн зарлиг хуурмаггүй гэдэгт баттай итгэл үнэмшил төрүүлж, хэрэгжүүлж чадвал сайн юм. Хойт урьд төрөл гэж “байна байхгүй” гэдэг. Хойт урьд төрөл байна гэвэл өмнө нь бэлтгэл хийх хэрэгтэй болно. Байхгүй гээд үйлдэхэд гэм л гарна. Байхгүй учраас ертөнцийн хамгийн сайхан хоол, хувцас тэргүүтнийг хэрэглэвэл сайхан гэж үзнэ. Харин өндөр бясалгалыг олсон бодгалиудын хувьд энэ нь гэмтэйд тооцогдоно. Буян хийх гэж их хөрөнгө зарах гэдэг ч тусгүй болно. Эд хөрөнгө, алдар нэр, эрх мэдэл тэргүүтэн бэлтгэл нь болж тусалж чадахгүй юм.
Юу тус болж чадах вэ? Бусдыг энхрийлэн барьсан сэтгэл, сайхан сэтгэл тэр нь л тус болно.
Ачит багшийн айлдвараас...2024.04.02



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ