mmnews.mn | 2024-09-19
Хилэнцийн муу нөхрийг хэрхэн таних вэ....

(Бодьсадвын 37 гарын авлага номын айлдвараас)

Ариун номч хүн болохыг хүсдэг бол муу нөхрийг тэвчих гэдэг чухал юм. Хилэнцийн нөхөр гэдэг өөрийг тань буруу замд хөтлөгчид бөгөөд энд багш ч орж болно. Номд сүсэг бишрэлгүй, үйлийн үрийг ариунаар сахидаггүй, уур шуналын сэтгэл ихтэй, багшийг шүтлээ гээд өөрөө дээшлэх бүү хэл улам доройтох зэрэг үр дагавар гарч байвал хилэнцийн/муу нөхөр гэж үзнэ. Буян ном үйлдэх хэрэггүй, оронд нь зугаацаж цэнгэж, архи ууя гэж хэлэх нөхрийг дагавал сонсох, санах, бясалгах үйл, бусдын тусыг бодох сэтгэл, буяны үйл тэргүүтэн доройтон, бусдын гэмийг уудлах, үүнд түшиглэн уурлаж шунах, өслөх үйл арвидаад байвал энэ орны нөхрийг тэвчих хэрэгтэй. 

Хилэнцийн нөхөр толгойндоо эвэртэй, амандаа соёотой ирдэггүй. Ингэж ирдэг бол тэрийг хараад зугтаж чадна шүү дээ. Хилэнцийн нөхөр хамгийн сайхнаар дотны нөхөр болж ирээд өөрийг тань хуурч мэхэлнэ. "Өнөөдөр сургуульдаа явж хэрэггүй, хоёулаа зугаалъя, надад их мөнгө бий, сайхан хоолонд даая" гэж. Цаад үнэмлэхүй утгад хилэнцийн нөхөр бидний суралцах ёстой цаг хугацааг дэмий үрэх гэж байна. Тэр надад үнэхээр тус болох юм байна гэж бодогдоход хилэнцийн нөхөрт дийлдэж, хууртагдаж буй болно. "Эцэг эхийн үгээр яваад л байвал чи эрх чөлөөгүй болно. Нэг хоёр удаа хэлэхийг нь тоохгүй бол эцэг эх чинь цаашид хэлэхгүй болно, тэгээд чи надтай адил ийм сайхан эрх чөлөөтэй болно" гэж хилэнцийн нөхөр хэлнэ. Хилэнцийн нөхрийн хэлснийг үнэнд бодож, сурах хийх ёстойгоо сурахгүй хийхгүй, буруу үйл үйлдэж, архи тамхи, хар тамхи хэрэглэн өөрийн амьдралыг доройтуулсан тохиолдол амьдралд олон байна шүү дээ. 

Гэтэл асуудал ноцтой болж ирэхэд хилэнцийн нөхөр хэргийг өөрт тань тохон, алга болох болно. Иймд хилэнцийн нөхөр гэдгийг таньж мэдэх гэдэг чухал юм. Хилэнцийн нөхөр чамайг архи ууж, бусдыг хуурч мэхлэхэд нь чи ямар ухаантай вэ гэж магтана. Эцэг эх чамайг муу үйл хийхийг хараад чин зүрхнээс хайрлан, энэрсэн сэтгэлээр загнаж зандардаг.Номч хүнд номыг ёсчлон үйлдэхэд хилэнцийн нөхрийг тэвчих гэдэг маш чухал юм. Ертөнцийн эгэл хүн ч хүн чанарыг чухалчлахад хилэнцийн нөхрийг тэвчих хэрэгтэй.

Зөв сайн хүнтэй нөхөрлөх гэдэг маш чухал юм. Сайн хүнтэй нөхөрлөөд өмнө нь буруу үйлддэг нь зөв болж засарсан байдаг шүү дээ. Иймд сайн хүнтэй нөхөрлөхөд өөрийн гэмт үйл багасна. Бусдыг хүндэлдэггүй хүн хүндэлдэг болох, бохир замбараагүй хүн цэгцтэй цэвэрч болох зэргээр эрдэм нь шинийн саран мэт арвидна. Хүнтэй нөхөрлөөд буяны сэтгэл арвидаж байвал тэрийг сайн нөхөр гэнэ. Багшийн талаас авч үзвэл олдошгүй ховор дээдийн сайхан багштай учирсан болно. Ашид тэр буяны садан дээдийг өөрийн биеэс ч болов энхрийлэн барих нь бодьсадвын гарын авлага мөн гэж айлдаж байна. Яагаад гэвэл багшид шүтэлцэн энэ хийгээд дараа төрлийн эрдэм бүхэн дээш дээш арвидна.  Энд шүтэгдэхүүн багш, шүтэгч шавь, багшийг шүтэх ёс тэргүүтэй олон зүйлийг авч үзнэ. Номч зөв хүнтэй нөхөрлөх, бэлгэ чанар бүрдсэн багшийг шүтэх маш чухал юм. 

Ачит багшийн айлдвараас....2024.04.18



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ