mmnews.mn | 2024-11-06
УИХ-ын Тамгын газрын удирдлагууд УИХ-ын үйл ажиллагааг сурвалжилдаг хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлтэй уулзлаа
УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, УИХ-ын Тамгын газрын дэд дарга Э.Лхагва, УИХ-ын Тамгын газрын Дотоод хяналтын хэлтсийн дарга Б.Төгсцэнгэл болон холбогдох албан тушаалтнууд  /2024.10.28/ УИХ-ын үйл ажиллагааг сурвалжилдаг хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлтэй уулзлаа.

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, олон нийт буюу иргэд, парламент, сэтгүүлчдийн зорилго, үйл ажиллагаа нэгдмэл байж, хамтран ойлголцож ажиллах нь сонгодог парламентын хөгжилд чухал үүрэгтэй. Тиймээс парламентын үйл ажиллагаа илүү нээлттэй, ил тод байх зарчмын хүрээнд УИХ-ын Тамгын газраас УИХ-ын үйл ажиллагааг сурвалжлах, мэдээлэх журам,  Монгол Улсын Төрийн ордонд нэвтрэх тусгай журам, Монгол Улсын Төрийн ордонд баримтлах дэг журамд өөрчлөлт оруулах төслийг боловсруулаад байна. Хэвлэл мэдээллийнхэн та бүхэнд эдгээр журмын  төслүүдийг танилцуулж, санал авах зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулж байна.

Цаашид сэтгүүлчдийн хүсэлтийн дагуу УИХ-ын Тамгын газраас парламентаар хэлэлцэж буй хуулиудын талаар танилцуулах уулзалтыг тогтмол зохион байгуулж, хамтран ажиллахдаа таатай байх болно гэв.  УИХ-ын Тамгын газрын Дотоод хяналтын хэлтсийн дарга Б.Төгсцэнгэл, Хэвлэл мэдээллийн газрын ахлах референт Г.Бүрэнжаргал, Иргэд, олон нийттэй харилцах газрын ахлах референт Г.Хэрлэн нар дээрх журмын төслүүдийн талаар танилцуулсны дараа хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөл санал бодлоо илэрхийлсэн юм. Уулзалтын төгсгөлд УИХ-ын Тамгын газрын дэд дарга Э.Лхагва журмын төсөлтэй холбогдуулан сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын хэлсэн саналыг тусгаж ажиллах талаарх саналаа холбогдох албан тушаалтнуудад уламжлан, хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.




Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ