НИЙГЭМ
НИЙГЭМ
ХЭҮК Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх НҮБ-ын дэд хорооны гишүүдийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн С.Дондов, Комиссын гишүүн Х.Мөнхзул, Ж.Хунан, Б.Энхболд, Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн нар Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх НҮБ-ын дэд хорооны тэргүүн Елина Штейнерте, Ника Кварацхелия, Аника Томшич, Мартин Зинклертэй уулзаж, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмын үйл ажиллагааны талаар /2024.05.07/ санал солилцлоо.Уулзалтын эхэнд Монгол Улс нь Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бус буюу нэр төрийг доромжлон харьцах, шийтгэхийн эсрэг конвенцыг 2010 онд, Нэмэлт протоколыг (OPCAT) 2015 онд соёрхон баталсан.Хүний эрхийн Үндэсний Комисс нь Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд хяналт тавьж, хүний эрхийг хамгаалах, дэмжих чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан үндэсний байгууллага гэдгийг Комисс цохон тэмдэглэлээ.Үргэлжлүүлэн Комисс нь хүний халдашгүй чөлөөтэй байх, эрүү шүүлтээс ангид байх эрхийн хэрэгжилтэд онцгойлон анхаарч, хяналт тавин ажилладаг. Тухайлбал, 2021-2024 онд 3500 орчим гомдол, мэдээлэл хүлээн авч шийдвэрлэснээс 120 буюу 5 орчим хувь нь эрүү шүүлт тулгасан, хүнтэй хүнлэг бус харьцсан гэх гомдол эзэлж байна.Энэ хүрээнд ХЭҮК-ын гишүүд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Зэвсэгт хүчин, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа баривчлах, цагдан хорих байр, эрүүлжүүлэх байр болон ахмад настан, хүүхдийн асрамж, халамжийн төв зэрэг байгууллагуудад нийт 650 удаагийн хяналт шалгалт хийж, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг арилгуулахаар шаардлага, зөвлөмжийг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 15 удаагийн илтгэлд хүний халдашгүй чөлөөтэй байх, эрүү шүүлтээс ангид байх эрхийн хэрэгжилттэй холбоотой хяналт шалгалтын үр дүнг тусгайлан тусгаж, холбогдох саналыг УИХ-д хүргүүлсний дагуу УИХ-аас холбогдох бодлогын шийдвэр гаргаж, хууль тогтоомжийг баталсан гэдгийг Комисс уулзалтаар онцоллоо.Түүнчлэн Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 2020 оны шинэчилсэн найруулгаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах, Хүний эрх хамгаалагчийн асуудал болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг Комиссын нэг гишүүн тухайлан эрхлэн хэрэгжүүлэхээр хуульчилсан.Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх гишүүн нь аливаа хэлбэрээр хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах, эсхүл тухайн этгээд өөрийн хүсэлтээр гарч явах боломжгүй бүх газарт эрүү шүүлт гарч болзошгүй тогтолцооны шалтгаан, нөхцөлийг судлах зорилгоор тогтмол хяналт шинжилгээ хийх эрхтэй. Өөрөөр хэлбэл, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бус буюу нэр төрийг доромжлон харьцах, шийтгэхийн эсрэг конвенцоор гомдол шийдвэрлэх чиг үүргийг хүлээдэггүй болохыг дурдлаа.Дэд хорооны төлөөлөгчдийн тэргүүн Элина Штейнерте Монгол Улс эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизм байгуулснаар Монгол Улс конвенцод заасан үүргээ зохих ёсоор биелүүлж байгаа болохыг онцолж, улс болгон энэ үүргийг бие даан шийдвэрлэдэг болохыг онцоллоо.Ташрамд дурдахад, Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх НҮБ-ын дэд хороо нь Монгол Улсад 2024 оны 05 дугаар сарын 05-наас 16-ны өдөр хүртэл ажиллана.Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцын Нэмэлт протоколыг дэлхийн 94 улс соёрхон баталсан бөгөөд эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх Дэд хороо нь бие даасан, хараат бус 25 гишүүнээс бүрддэг. Гишүүд нь гэрээнд оролцогч улсуудыг төлөөлөхгүй, зөвхөн өөрийн мэргэжил, хувийн чадавхын хүрээнд хараат бусаар ажилладаг байна.
2024/05/08
311
НИЙГЭМ
'Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон' бүтээлийг номын сангуудад хүлээлгэн өгөв
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас 21 аймаг, нийслэл, томоохон их сургуулиудын номын санд “Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон” бүтээлийг хүлээлгэн өглөө.Дээрх бүтээл нь түүхэн үг хэллэг, 400 гаруй түүхт хүн, улс гүрэн, овог аймаг, цол, үйл явдал, ёс заншил, зэвсэг хэрэглэл, газар усны нэрд хамаарах 4,300 орчим тайлбарыг хэл шинжлэл, сурвалж судлал, түүх, угсаатан судлал, соёл судлал, газар зүй, нэр зүйн үүднээс боловсруулсан, хамгийн олон талыг хамарсан, хамгийн олон тайлбартай.Номын удиртгал хэсэг ерөнхий ойлголт өгөх мэдлэг, мэдээлэл агуулсан бол үндсэн хэсэгт уг зохиолын эхийг монгол бичиг болон кириллээр буулган хөрвүүлж, утга, агуулгыг нь ойлгомжтой байдлаар тайлбарласан юм.Номыг түүх, хэл, соёл, уран зохиол, сурвалж судлал, газар зүй, нэр судлал зэрэг салбарын 25 эрдэмтэн хамтран 2022-2023 онд, жил гаруй хугацаанд бүтээсэн бөгөөд түүхийн судалгааны багийг Ц.Цэрэндорж, хэлний судалгааны багийг Ш.Чоймаа нар удирдсан.“Монголын нууц товчоон” нь Их эзэн Чингис хаан, түүнийг залгамжлагчид хийгээд дөрвөн зуу гаруй түүхт хүний амьдрал, үйл хэрэг, Их Монгол Улсын тулгар төр, гадаад харилцаа, байлдан дагуулал, нүүдэлчин ардын ахуй амьдрал, хэл яриа, шашин шүтлэг, зан үйл зэрэг Монголын төдийгүй Евроазийн түүхийн өргөн хүрээтэй асуудлыг яруу сайхнаар дүрслэн өгүүлсэн, түүх, хэл, соёлын үнэлж баршгүй сурвалж бичиг, утга зохиолын охь манлай, дахин давтагдашгүй үнэт бүтээлд тооцогддог.Тиймээс 1989 онд “Монголын нууц товчоон” зохиогдсоны 750 жилийн түүхт ойг олон улсын хэмжээнд өргөн тэмдэглэн өнгөрүүлэхийг ЮНЕСКО-ийн Гүйцэтгэх зөвлөл уриалсан түүхтэй.“Монголын нууц товчоон”-ыг дэлхийн 30 гаруй оронд, англи, азербайжан, болгар, герман, испани, итали, казах, унгар, марати, орос, перс, польш, солонгос, төвөд, тува, турк, франц, хятад, чех, эсперанто, япон зэрэг 30 гаруй хэлээр орчуулж, давхардсан тоогоор 150 гаруй удаа хэвлээд байна.Их Монгол Улс, Эзэнт гүрний үед холбогдох судалгаа “Монголын нууц товчоон”-той салшгүй холбоотой учир хэл, түүх, соёл, аман зохиол, уран зохиол зэрэг олон талаас нь судлан шинжилсээр ирсэн юм.“Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон” бүтээлийг Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар бүтээсэн юм.Мөн номын сангуудад Угсаатны зүйч Б.Отгонбаатарын “Монголын угсаатны зүйн судалгаа I, II” ботийг хүлээлгэн өглөө.I ботид монголчуудын оршуулгын зан үйл (ХХ зуун), малчдын нүүдэл, нүүдэллэх уламжлал (ХХ зууны эцсээс ХХI зууны эхэн) зэрэг нэг сэдэвт бүтээл, эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл, нийтлэл, дурсамж, II ботид хээрийн шинжилгээ, эх хэрэглэгдэхүүн болон дурсамж зураг зэрэг багтжээ.
2024/05/07
405
НИЙГЭМ
Өмнөговь аймаг нэг сая мод тарьж ургуулаад байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилттэй танилцах, эрчимжүүлэх Ажлын хэсгийн гишүүд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд ажиллалаа.“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Өмнөговь аймаг 70 сая мод тарьж ургуулах амлалт өгсөн юм.Энэ хүрээнд “Ойн менежментийн мастер төлөвлөгөө-2030”-ийг боловсруулан баталж, 2022-2024 онд бэлтгэл ажлыг эхлүүлж, 2025-2028 онд мод тарьж ургуулах, ойжуулах ажлыг эрчимжүүлэн, 2029-2030 онд ургалт, өсөлтийг дэмжих, арчлах ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.Тухайлбал:Төв суурин газрын ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах,Арц Богдын өвөр хоолойн салхийг сааруулах зорилгоор Даланзадгад, Ханхонгор, Булган сумын нутагт тус бүр нь 50 га талбай бүхий 100 ширхэг ойн хамгаалалтын зурвас байгуулах,Өмнөговь аймгийн заган ойн санг тэлэх зорилгоор 240 мянган га талбайд бортоготой загаар ойжуулах, 700 мянган га талбайд заган ойн байгалийн ургалтыг дэмжих,Онги гол, Улаан нуурыг түшиглэн 35 мянган га талбайд тэжээлийн ургамал, ой хосолсон агропаркийг байгуулах зэрэг дөрвөн чиглэлд ажиллаж байгааг танилцууллаа.Түүнчлэн “Мод тарьж ургуулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад урамшуулал олгох журам”-аар мөрдөж байсан мөнгөн дүнг нэмэгдүүлэн баталжээ. Ингэснээр Өмнөговь аймагт иргэн есөн мод, аж ахуйн нэгж 90-ээс дээш мод тарьж ургуулбал гурван жилд нэг модонд 13,500 төгрөгийн усалгаа, арчилгааны урамшууллыг олгож байна.“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд тарьсан модонд олгох урамшууллыг нэмэгдүүлснээр мод тарих ажил эрчимжиж, өнгөрсөн онд нийт 73 мянган модонд 160 гаруй сая төгрөгийн урамшуулал олгосон гэдгийг Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Х.Отгонмөнх энэ үеэр онцолж байв.“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш Өмнөговь аймаг 2021 онд 115 мянган мод, 2022 онд 343 мянган мод, 2023 онд 546 мянга буюу нийт нэг сая орчим мод тариад байна.Өмнөговь аймагт тарьц, суулгацын нөөцийг бүрдүүлэхэд анхаарал хандуулж, Сум дундын ойн ангийг 2022 онд Сэврэй суманд, 2023 онд Цогт-Овоо суманд шинээр байгуулсан байна.Тус аймагт 16 мод үржүүлгийн газар үйл ажиллагаа явуулж, 2023 онд 2.9 сая тарьц, суулгацын нөөцийг бүрдүүлжээ.Цаашид үндэсний хөдөлгөөний хүрээнд тавьсан зорилтоо хэрэгжүүлэхэд говийн бүсийн усны нөөц, ажиллах хүчний асуудал тулгамдаж байгааг мэргэжилтнүүд энэ үеэр хэлж байв.
2024/05/06
269
НИЙГЭМ
Өмнөговь аймгийн Даланзадгад суманд “Говь Хангай төгөл” цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг эхлүүллээ
Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин “Буян-Од” ХХК-ийн санаачилгаар Даланзадгад суманд цэцэрлэгт хүрээлэн байгуулахад хамтран ажиллах Санамж бичгийг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газар, “Буян-Од” ХХК 05 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан юм.Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр, Ерөнхийлөгчийн Байгаль орчин, Ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү, Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын дарга Б.Оюунсанаа нар Даланзадгад суманд ажиллаж, “Говь Хангай төгөл” цэцэрлэгт хүрээлэнг байгуулах ажлыг эхлүүллээ.“Буян-Од” ХХК нь “Говь Хангай төгөл” цэцэрлэгт хүрээлэнд 14 га талбайд улиас, хайлаас, агч зэрэг модны 4,000 суулгацыг өөрийн зардлаар тарьж, арчилгаа, усалгааны ажлыг Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газар хариуцах юм.Тус компани нь 2000 оноос эхлэн 40 сая тарьц ургуулснаас 30 гаруй сая тарьцыг ойжуулалтад шилжүүлж, 10 орчим сая тарьцыг зах зээлд нийлүүлсэн байна.Арчилгаа, усалгааг чанартай гүйцэтгэж чадвал хангайн бүсэд бойжуулсан моддын суулгацыг говийн хөрсөнд ургуулах боломжтой гэж үзэж буйгаа “Буян-Од” ХХК-ийн ерөнхий захирал В.Буянтогтох онцоллоо.Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр энэ үеэр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин энэхүү санаачилгыг гаргасан “Буян-Од” ХХК-ийн хамт олон, санаачилгыг дэмжин бодит ажил болох нөхцөлийг бүрдүүлсэн Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газарт талархал илэрхийлж, амжилт хүслээ.
2024/05/06
265
НИЙГЭМ
Боловсролын салбарын цахим шилжилт
Боловсролын салбарын цахим шилжилтийг хийх үүднээс бид Цахим шилжилтийн суурь асуудал болох интернэт, дэд бүтэц, компьютер хэрэгсэл, үйлдлийн систем, цахим платформ, контент зэрэг асуудлыг Үндэсний боловсролын хөтөлбөртэй нийцсэн байдлаар нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж байна.Энэ хүрээнд бид Microsoft, Google компаниудтай хамтран албан ёсны үйлдлийн системийг нэн хөнгөлөлттэй нөхцлөөр худалдан авч нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж байна. Мөн бага ангийн математикийн хичээлийн хоцрогдлыг арилгах, сурагчдыг тоглонгоо суралцах боломжоор хангахаар SURAAD, EDUTEN платформыг нэвтрүүлээд байна. Мөн Англи хэлний сургалтын чанарыг сайжруулах зорилгоор PEARSON платформыг улсын хэмжээнд төрийн өмчийн 5,6 дугаар ангид хэрэгжүүлж байна. Мөн Боловсролын салбарын их өгөгдлийг бий болгож багшаас эхлэн салбарын бүх талын оролцогчид өдөр тутамдаа ашиглах боломжоор хангахад GOOGLE болон Новелсофт компаниудтай хамтран ажиллаж байна. Багш бүрд хиймэл оюун ухаант туслахыг бий болгоход Дотоодын LLM хөгжүүлэлтийн талаар ажилладаг Болорсофт, UBML болон хувь хөгжүүлэгч нартай хамтран ажиллахаар бэлтгэл ажлыг хийж байна. Хүүхэд бүр өөрийгөө хөгжүүлэх, өөрийн үнэлгээний тогтолцоонд шилжихэд Олон Улсын тэргүүлэх контентыг сурагчдад хүргэх шаардлагатай байгаа тул олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгалийн шинжлэх ухааны мэдлэгийг бүрэн олгохуйц Үндэсний хөтөлбөртэй нийцтэй Монгол хэл дээрх мэдлэгийн сан сурагчдад хэрэгтэй болоод байна.2024 онд БШУЯ-аас байгалийн ухаан, математикийн хичээлийн ур чадварыг хөгжүүлэх, багшид хичээлээ илүү олон төрлийн агуулгаар баяжуулж, сонирхолтой заах боломжийг бий болгох, тэдний хичээлийн бэлтгэл хийхтэй холбоотой ажлын ачааллыг бууруулах зорилгоор 6-12 дугаар ангийн 133 нэр төрлийн сурах бичгийн агуулгыг баяжуулах, алдаатай дасгал даалгаврыг засах, математик, хими, физик, биологи, газарзүйн сэдвийн сантай, мөн явцын үнэлгээний сантай системийг ерөнхий боловсролын сургуульд нийлүүлэхээр Боловсролын салбарын сургалтын хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэхээр шийдвэрлэн Боловсролын ерөнхий газарт худалдан авах ажиллагааг зохион байгуулах үүргийг шилжүүлсэн.Сургалтын чанарыг сайжруулахад томоохон хувь нэмэр болох, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн системийг нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулахаар Боловсролын ерөнхий газар нь нээлттэй сонгон шалгаруулалт зарласан. Тендер сонгон шалгаруулалтад Унгар улсын компани, Монгол улсын компаниуд тендер ирүүлсэн байна. ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ хуулийн 8 дугаар зүйлийн дагуу дотоодын компани давуу эрхтэй оролцох нөхцөлтэй бөгөөд тендер сонгон шалгаруулалтын шийдвэр нь гараагүй байна. Иймд олон нийтэд буруу ойлголт төрүүлж байгаад харамсаж байна.МЭДЛЭ цахим сургуулийг Виртуал орчинд байгуулахаар Боловсролын мэдээллийн технологийн төв нь 2023 онд 330 сая төгрөгийн худалдан авах ажиллагааг зохион байгуулсан боловч тухайн худалдан авалтын шаардлагыг хангасан тендерт оролцогч шалгараагүй тул тухайн төсөл арга хэмжээ хэрэгжээгүй болно.Эх сурвалж: БШУЯ
2024/05/03
375
НИЙГЭМ
Шүүгчийн захирамжаар эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг 'Шувуу' ажиллагааны хүрээнд баривчиллаа
Шүүгчийн захирамжаар цагдаагийн байгууллагад 2023 оноос хойш эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн Т-г “Шувуу” ажиллагааны хүрээнд Бүгд Найрамдах Солонгос Улсаас энэ оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Чингис хаан олон улсын нисэх буудалд буух үед нь баривчлан шүүгчийн захирамжийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 461 дүгээр ангид хүргэн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаа. Тодруулбал, шүүхээс даалгаснаар эрэн сурвалжлагдаж байсан этгээд нь 2023 оны 12 дугаар сард Монгол Улсын хилээр гадаад улс руу гарсан байсан юм.
2024/05/03
353
НИЙГЭМ
'Тэрбум мод' үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж ургуулж, 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ
Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, Бүх нийтээр мод тарих өдөр, цаашид хийх ажлын талаар Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ойн газар хамтран мэдээлэл хийв.“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлж эхэлснээс хойших хоёр жилийн хугацаанд 42 сая мод тарьж, арчилж, хамгаалж байна. Мөн 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ. Аймаг, нийслэл, байгууллага, аж ахуйн нэгжүүд, түүний дотор уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон 21 байгууллага үндэсний хөдөлгөөнийг дэмжин, 2030 он хүртэл нийт 608 сая мод тарьж ургуулахаа батламжилсан.Энэ талаар Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр танилцууллаа. Аж ахуйн нэгжүүд одоогоор 6,2 сая мод тарьж, 6,6 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлэн, жилд 17 сая тарьц үржүүлэн бойжуулах мод үржүүлгийн газар байгуулжээ. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Өсөх зоос”, “Бороо гоулд” ХХК, “Монголросцветмет” ТӨҮГ тарьж, ургуулж байгаа модныхоо тоогоор бусдыгаа тэргүүлж байна.Аж ахуйн нэгжүүдээс:“Эрдэнэс Тавантолгой” ХК 8 сая,“Өсөх зоос” ХХК 1,5 сая,“Оюу Толгой” ХХК 928 мянга,“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 590 мянган ширхэг тарьц, суулгацын нөөц бүрдүүлсэн нь хамгийн өндөр үзүүлэлт юм.Аж ахуйн нэгжүүд 2030 он хүртэл үе шаттай хийх ажлын төлөвлөгөөнийхөө дагуу төсөв хөрөнгө, үр, тарьц, суулгац, хүний нөөц зэргээ бүрдүүлэн, техник, технологи нэвтрүүлж байна.21 аж ахуйн нэгжийн 16 нь байгаль орчны мэргэжилтэй 167 хүн ажиллуулж байгаа нь нэг нэгжид дунджаар 10 хүн оногдож байна гэсэн үг юм.Ажлаа оновчтой төлөвлөн, үр дүнтэй хэрэгжүүлэхэд нь бүх талын дэмжлэг үзүүлэх, сайн туршлага нэвтрүүлэх, мэдээллийн сан үүсгэх, мэргэжлийн зөвлөхтэй болгох зэрэг ажлаа улам эрчимжүүлнэ.Энэ дагуу Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс аймаг, орон нутагт ажиллаж эхлэх юм. 2024 ОНЫ 05 ДУГААР САРЫН 11-НИЙ ӨДӨР БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ӨДӨР ТОХИОНО Бүх нийтээр мод тарих өдөртэй холбогдуулан Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү мэдээлэл өглөө. Энэ онд Орчин цагийн ойн салбар үүссэний 100 жил энэ жил тохиож байгаа учир энэ сарыг дуустал тодорхой хуваарь гарган ажиллахаар төлөвлөсөн байна. Нийслэлийн хувьд 2024 оны 05 дугаар сарын 11-18-ны өдрүүдэд найман байршилд мод тарих бөгөөд 300 гаруй байгууллага оролцохоор болжээ.21 аймаг 05 дугаар сарын 03-ны өдрөөс төвлөрсөн 33 байршилд дөрвөн сая хүртэл мод тарих юм. Аймаг бүр 10 хүртэлх гол, горхийг сонгон, нэг гол дээр 10 га хүртэл талбайг хоёр жилийн хугацаанд ойжуулах бэлтгэлдээ ороод байна.Ойн мэргэжлийн байгууллагууд мод тарих талбай, тарьц, суулгац бэлтгэх, тарьсан модоо жилийн турш услах, арчлах чиглэлээр иргэд, байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллана.Түүнчлэн модлог ургамлын тарьц, суулгацын үзэсгэлэн худалдааг нийслэлд гурван /Тэнгэр плаза, Модлог ургамлын цуглуулгын цэцэрлэг, Ялалтын талбай/ байршилд, 21 аймаг, сумдад зохион байгуулж, тарьц, суулгацаар ханган, заавар, зөвлөмж өгөх юм.Үрийн нөөц, мод үржүүлгийн газрын тоо жилээс жилд өсөж байна “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн талаар Ойн газрын дарга Б.Оюунсанаа мэдээлэл өглөө.“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд улсын хэмжээнд нийт 39 зүйлийн 12,2 тн үрийн нөөц бүрдүүлээд байна. 2024 оны үрийн нөөцийг 2021 оныхтой харьцуулахад 84 хувиар өсжээ.Мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын тоо 2023 оны байдлаар 452-т хүрсэн. Энэ нь үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш 32 хувиар нэмэгдсэн гэсэн үг юм.Эдгээр газрууд өнгөрсөн жил 63 сая ширхэг тарьц, суулгацын нөөц бүрдүүлсэн нь 2021 онтой харьцуулахад 41 хувиар өсжээ. Салбарын хэмжээнд 2023 онд нийт 273 мянган га талбайд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил хийж, 960 сая модыг доройтолд өртөн, хатаж хуурайшихаас хамгаалж чадсан байна.2024 онд улсын төсвийн хөрөнгөөр:4 мянган га талбайг ойжуулах, нөхөн сэргээх, гол нууруудын татмыг ойжуулах зорилгоор 3.1 сая мод тарина,8 сая га талбайд ойн зохион байгуулалтын ажил хийж, ойн төлөв байдлыг үнэлнэ,Түймрийн 500 км халз болон шороон зурвас шинээр байгуулж, өмнө байгуулсныг сэргээнэ,330 мянган га талбайд ойн хөнөөлт шавжтай тэмцэн, 1.2 тэрбум модыг доройтолд өртөхөөс сэргийлнэ,3 мянган га талбайд ойн арчилгаа, цэвэрлэгээ хийнэ,130 га талбайд хамгаалалтын ойн зурвас байгуулна,Мод үржүүлгийн газруудад техник, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлнэ.
2024/05/02
261
НИЙГЭМ
О.Номинчимэг: Хүүхдийн тоглоомын талбайн газар эзэмшигчдэд шаардлага хүргүүлнэ
Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг хүүхдийн тоглоомын талбайн нөхцөл байдал, стандартын талаар мэдээлэл өглөө.Нийслэлийн хэмжээнд 1553 хүүхдийн тоглоомын талбай байдгаас 840 тоглоомын талбайг СӨХ хариуцдаг. Монгол Улсын стандартын ерөнхий шаардлагад хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдал, арчлалт хамгаалалтыг тухайн газрыг эзэмшигч хариуцна гэж заасан. Гэвч эдгээр тоглоомын талбайгаас 465 нь стандартын шаардлага хангахгүй, засвар хийх шаардлагатай байна.Тэрбээр хүүхдийн тоглоомын талбай хүүхдүүдэд хамгийн ойр хөгжиж тоглох газар байдаг. Гэтэл хүүхдийн тоглоомын талбай Улаанбаатар хотын хэмжээнд эзэнгүйдсэн байна. Иймээс бид хотоо эзэнтэй, хариуцах хүнтэй болгосон цагт үр хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг хангаж чадна. Монгол Улсын стандартын ерөнхий шаардлагад хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдал, арчлалт хамгаалалтыг тухайн газрыг эзэмшигч хариуцна гэж заасан байдаг. Гэвч уг стандартын шаардлага хэрэгжихгүй байна. Төвийн 6 дүүрэгт хяналт, шалгалт хийхэд насны ангиллаар төрөлжүүлээгүй, хурд сааруулагчгүй, аюул учруулахуйц ирмэгтэй, эвдэрсэн тоглоомд анхааруулах санамж тэмдэг байрлуулаагүй, засвар арчлалтыг тогтмол хийдэггүй зэрэг зөрчил илэрсэн. Хан-Уул, Баянгол, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатарт бүртгэлтэй тоглоомын талбайнуудын дийлэнх нь засвар хийх шаардлагатай байна. Тухайлбал, Сүхбаатар дүүрэгт 183 тоглоомын талбай бүртгэлтэй байгаагаас 49 нь л шаардлага хангаж байна. Тиймээс стандартад заасны дагуу хүүхдийн тоглоомын талбайн газар эзэмшигчдэд шаардлага хүргүүлнэ. Уг ажилд иргэд, ААН, дүүргүүдийг хамтран ажиллахыг уриалж байна гэв.
2024/05/01
341
НИЙГЭМ
Нийслэлийн цэрэг татлага тавдугаар сарын 4-6-ны өдрүүдэд болно
Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2024 оны I ээлжийн цэрэг татлагыг тавдугаар сарын 4-6-ны өдрүүдэд зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн цэрэг татлагын товчоо хуралдлаа. 2024 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд зохион байгуулах бөгөөд Нийслэлийн хэмжээнд зарлан дуудах мэдэгдлийн тараалт 87 хувьтай байна. Нийслэлийн төвийн зургаан дүүрэг дэх цэрэг татлагын байрууд:Баянгол дүүрэгт 96 дугаар сургуульБаянзүрх дүүрэгт 14 дүгээр сургуульСонгинохайрхан дүүрэгт 83 дугаар сургуульХан-Уул дүүрэгт 34 дүгээр сургуульЧингэлтэй дүүрэгт 5 дугаар сургуульСүхбаатар дүүрэгт 3 дугаар сургуульЦэрэг татлагын байранд очихдоо: Иргэний үнэмлэхЦэргийн үүрэгтний үнэмлэхМэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэхСургууль төгссөн бол диплом гэсэн бичиг баримтыг биедээ авч очих шаардлагатай.Хугацаат цэргийн албанд татагдагч нь найман төрлийн шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн үзлэгт орох юм.
2024/05/01
417
НИЙГЭМ
'Хуульчийн Про Боно өдөр-2024' өдөрлөгөөр иргэдэд үнэ төлбөргүй хуулийн зөвлөгөө өгнө
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх “Хуульчийн Про Боно өдөр-2024” өдөрлөгийг 2024 оны тавдугаар сарын 01-ний өдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд 10:00-17:00 цагийн хооронд зохион байгуулна. Өдөрлөгт Монголын Хуульчдын холбооны гишүүдээс гадна Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс, Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Архивын ерөнхий газар, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын Нотариатчидын танхим зэрэг байгууллагууд оролцож, иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл өгнө. Иргэд та бүхэн Сүхбаатарын талбайд зохион байгуулж буй өдөрлөгт болон Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн салбаруудад /Мишээл, Драгон, Дүнжингарав, Баянгол, Баянхошуу, Сэлбэ/ хүрэлцэн ирж, мөн 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утаснуудад холбогдож өөрт хэрэгтэй хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээллийг авах боломжтой.
2024/04/30
368
НИЙГЭМ
УБЦТС-ын баруун талын авто замыг хааж засвар, шинэчлэлт хийнэ
Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, УБЦТС-ын баруун талд Таван богд группийн уулзвараас Ривер стоун хотхоны уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэлтийн ажлыг 5 дугаар сарын 03-ны өдрийн 23:00 цагаас 5 дугаар сарын 05-ны өдрийн 08:00 цагийн хооронд хааж авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ. Тус ажлын хүрээнд хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, зорчих хэсгийн гадаргуугийн усыг шингээх худаг суурилуулах, тэгшилгээний үе болон асфальт бетоноор хучна. Мөн хэвтээ тэмдэглэгээ болон босоо тэмдэг суурилуулна. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
2024/04/30
358
НИЙГЭМ
Цагдаагийн байгууллага өнгөрсөн долоо хоногт
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.04.22-оос 04 дүгээр сарын 28-ны өдрүүдэд) 35.978 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 444 хэргийг хүргүүлсэн байна. Үүнээс: Хүний амьд явах эрхийн эсрэг 9, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 195, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 5, Өмчлөх эрхийн эсрэг 130, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 6, Хүрээлэн байгаа орчны эсрэг 10, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 80, бусад 9 хэрэг байна. Зөрчлийн шинжтэй 60.209 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 60.156 зөрчлийг шийдвэрлэсэн байна. Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 59.312 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 844 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Үүнээс: Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 2587, Танхайрах 156, Хүний биед халдах 359, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 297, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 53.604, бусад 3.153 зөрчил байна.Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 70 иргэнд 21.000.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 297 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ. Цагдаагийн байгууллагаас өнгөрөгч 7 хоногт эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 44, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 95, сураггүй алга болсон хүн 91, шүүхээс даалгасан хүн 57, зөрчил үйлдсэн этгээд 34 хүнийг дэвшилтэт технологи ашиглан олж тогтоосон байна. Шийдвэрлэсэн хэргээс дурдвал:Нэр бүхий иргэнээс гэмт хэрэг үйлдэхийг санаачилж, үргэлжилсэн үйлдлээр арван найман насанд хүрээгүй 3 иргэний биеийг нь үнэлүүлэх зорилгоор тэдний амьдрал ахуйн байдлыг ашиглаж буюу эмзэг байдлыг нь далимдуулан ятгаж, цахим орчинд зар байршуулж, зарын дагуу холбогдсон хүмүүст тээврийн хэрэгслээр хүргэж өгөх зэргээр биеийг нь үнэлүүлж, хүн худалдаалах гэмт хэргийг үйлдсэн гэх хэрэгт иргэн Н-д Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын газарт хүргүүлсэн. Иргэн “Б” нь өөрийн урьд өмнө ажилладаг байсан нэр бүхий төрийн бус байгууллагын удирдлагын шийдвэрийг эсэргүүцэн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр мэдээллийн технологи болон урьд ажиллаж байхдаа олж авсан мэдээллийг ашиглан кибер орчинд хууль бусаар халдаж, Нийгмийн даатгалын ерөнхий газрын хөтлөн хариуцдаг сайт руу нэвтрэн орж, уг сайтад байрласан нийгмийн даатгалын шимтгэл төлөгч нэр бүхий 18 ажилтны цалин, нийт төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийн талаарх мэдээлэл, жагсаалтын мэдээллийг татан авч, хуулбарласан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн.Иргэн Ө зэрэг нэр бүхий 8 этгээд нь мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор цахим орчинд “Pokerrr” гэх нэртэй мөрийтэй тоглоомын апплейкшинд “U” нэртэй клуб ажиллуулж хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх хэрэгт энэ оны 04 дүгээр сарын 15-ны өдөр дээрх 8 иргэний үйлдэлд Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.Нэр бүхий иргэд бүлэглэн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай ойгоос тээврийн хэрэгсэн ашиглан хууль бусаар 0.84 м.куб мод бэлтгэн байгаль орчинд 3.230.089 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн. Иргэн Г нь Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хяналтын цэгээр 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдөр “Land cruiser-80” маркийн тээврийн хэрэгслээр Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолоор баталсан “Ховор амьтны жагсаалт”-д багтсан 3 ширхэг тул загасыг тээвэрлэн байгаль орчинд 2.448.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн. Иргэн О нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс 2024 оны 01 дүгээр сарын 22-оос 01 дүгээр сарын 23-ны шилжих шөнө “Pajero” маркийн тээврийн хэрэгслээр 1.12 м.куб мод бэлтгэн байгаль орчинд 299.831 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн. Шалгаж шийдвэрлэсэн онцлог зөрчлийн талаарх:Цахим орчинд энэ оны 04 дүгээр сарын 10-ны өдөр нэр бүхий мэдээллийн сайтад “Сэлэнгэ аймгийн Зүүн Хараад болсон “U15” нэртэй волейболын тэмцээний үеэр багш нь хүүхдүүдээ бөмбөг алдлаа гэж орилж, удаа дараа маш хүчтэй алгадан, зодож биед нь халдаж байгаа байдал” гэсэн гарчигтай видео мэдээлэл байршуулсан. Цахим орчинд нийтлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдлийг Дархан-Уул аймгийн цагдаагийн газраас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж хүүхдийн эрхийг зөрчих зөрчил гаргасан иргэн Ж-д Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар 300 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан. Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий байгууллага нь энэ оны 04 дүгээр сарын 23-ны өдөр шөнийн цагаар барилгын ажил гүйцэтгэж, нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж нэр бүхий хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.
2024/04/30
431
НИЙГЭМ
Таван шарын нүхэн гарцын зорчих хөдөлгөөнийг 6-р сард нээнэ
Сонгинохайрхан дүүрэгт авто замын түгжрэлийг бууруулах зорилготой хоёр том гүүрэн байгууламжийн ажил хийнэ. Таван шарын гарам хэсэгт төмөр замын доогуур байгуулж байгаа гарцын ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байна. Уг байршилд хийж буй нүхэн гарцын урт 160 метр, өндөр нь таван метр бөгөөд Улаанбаатар хотод баригдаж буй дөрвөн нүхэн гарцаас хамгийн том нь юм. Уг гарцын зорчих хөдөлгөөнийг зургадугаар сард нээх ба үндсэн байгууламжийг долдугаар сард байнгын ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Тодруулбал, Таван шарын гарамын төмөр замын призерийг дайран өнгөрөх авто замын хөдөлгөөн өдөрт дунджаар 2 цаг хаадаг ба оргил цагтаа 5 цаг хүрдэг байна. Энэ нь Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнийг 5 цагаар удаашруулдаг гэсэн тооцоолол гарсан юм. Нүхэн гарцын зорчих хөдөлгөөн 6 дугаар сард нээгдсэнээр баруун зүгийн авто замын түгжрэл 10.5 хувиар бууруулах ач холбогдолтой.Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж буй хоёр дахь нүхэн гарц бол Геологийн төв лабораторийн уулзварыг эрчим хүчний авто замтай холбохоор хийгдэж байна. Тус нүхэн гарц яармагийг нэгдүгээр хороололтой холбохоор хийгдэж буй авто замтай нийлэх юм. Өнөөдрийн байдлаар нүхэн гарцын түр байгууламжийг барьж байгаа бөгөөд энэ оны гуравдугаар улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байгааг төслийн захирал У.Баатар хэлж байна.Энэ хоёр нүхэн байгууламж ашиглалтад орсноор Сонгинохайрхан дүүрэг төлийгүй Яармагийн түгжрэл тодорхой хэмжээгээр бууруулах ач холбогдолтой гэдгийг дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай тодотгон хэллээ.
2024/04/29
343
НИЙГЭМ
'Цэргийн насны залуучуудын эрүүл мэнд, сэтгэлзүйн байдалд тулгамдаж буй асуудал' зөвлөгөөн боллоо
Нийслэлийн Цэргийн штабаас 2024 оны I ээлжийн цэрэг татлагын ажил эхлэх гэж буйтай холбогдуулан “Цэргийн насны залуучуудын эрүүл мэнд, сэтгэлзүйн байдалд тулгамдаж буй асуудал” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгууллаа.НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт: Уг зөвлөгөөнөөр цэргийн насны залуучууд буюу 18-25 насны залуучуудын эрүүл мэнд, тэр дундаа сэтгэлзүйн байдлын талаар санал солилцож, мэргэжлийн байгууллагуудын судалгаа, илтгэлийг хэлэлцүүлэн, нэгдсэн шийдэлд хүрч, цаашид анхаарах асуудлуудыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлсэн чухал арга хэмжээ боллоо. Цэргийн төв эмнэлэг Поликлиникийн дарга Б.Болор-Эрдэнэ:Цэргийн албанд татагдаж ирэхдээ өвчний улмаас түр чөлөөлөгдөж буй залуучуудын тоо 2022 онд 23 хувь байсан бол 2023 онд 15 хувь болж буурсан үзүүлэлттэй байна. Гэвч өвчлөлийн ерөнхий тоон үзүүлэлт буурсан мэт боловч сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна. Өөрөөр хэлбэл тэдэнд сэтгэлзүйн бэлтгэлжилт болон орчиндоо дасан зохицох чадвар дутмаг байгаагаас үүдэн хоёр туйлт эмгэг гэх мэт сэтгэлзүйн тогтворгүй байдал үүсээд буй юм. Иймд хүүхдийг багаас нь цэрэгт татагдан эх орноо хамгаална гэдгийг ухамсарт нь суулгаж өгөх хэрэгтэй болов уу.Ташрамд, уг арга хэмжээнд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб, Цэргийн төв эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төв, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Дүүргүүдийн Цэргийн штаб, Эрүүл мэндийн төвийн Ерөнхий эмч нар, Улаанбаатар цэргийн хүрээний хугацаат цэргийн албан хаагчтай ангиудын сэтгэл зүйч, эмч нар оролцсон юм.
2024/04/26
350
НИЙГЭМ
Түрээсийн орон сууцны оршин суугчийг шалгаруулах журмын санал боловсруулав
НЗДТГ болон БНСУ-ын Экспорт-Импортын банк хамтран хэрэгжүүлж буй “Баянголын ам түрээсийн орон сууцны хороолол барих төсөл”-ийн хэрэгжүүлэгч талууд уулзалт зохион байгууллаа. Уулзалтад Нийслэлийн Орон Сууцны бодлогын газар, Нийслэлийн орон сууцны корпораци, төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлж буй Аум ба Лий түншлэлийн төлөөлөл болон Кореа Их сургуулийн Сэжонг кампус дахь Хот судлалын тэнхимийн төлөөлөл оролцон, Нийслэлийн түрээсийн орон сууцны бодлогын талаар хэлэлцсэн юм.Энэ үеэр зөвлөх үйлчилгээ үзүүлж буй Аум ба Лий түншлэл түрээсийн орон сууцны байгууллага, түүний менежментийн санал, түрээсийн орон сууцны оршин суугчийг сонгон шалгаруулах журмын санал боловсруулж, танилцуулав. Мөн талууд төслийн хүрээнд нийслэлийн орон сууцны өнөөгийн нөхцөл байдал, түрээсийн орон сууцны төсвийн талаар хамтран судалгаа хийхээр төвлөсөн бөгөөд уг судалгааны бичиг баримт нь улс, нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх төслүүдийн суурь мэдээлэл болох тул нэн хэрэгцээтэй гэдгийг онцолсон юм. Тэрчлэн түрээсийн орон сууцны бодлогыг урт хугацаагаар төлөвлөж, бодлогын тогтвортой хэрэгжилтийг хангах шаардлагатайг хэлж байлаа.Уулзалтын төгсгөлд талууд нийслэлийн орон сууцны судалгааг нарийвчлах саналуудын боловсронгуй болгохоор шийдвэрлэхээр тохиролцов.
2024/04/25
381