1911 оны цагаагчин гахай жилийн зуны илүү дунд сарын шинийн аравны өдөр, VIII Богд Жэвзүндамба хутагтын лүндэнгээр “Мэгжид Жанрайсиг” бурханыг бүтээж эхэлжээ. Ингээд 1913 оны зуны сүүл сарын шинийн наймны өдөр бүтээн дуусгаж равнайлсан байна.
1937-1938 онд дуган доторх “Мэгжид Жанрайсиг” бурханыг Зөвлөлтүүд буулган нурааж, зөөвөрлөн авч явжээ. Харин дуганыг нь 1940-1960-аад оныг хүртэл, улсын төв архив болгон ашиглаж байжээ. Гандантэгчэнлин хийдийн цогцолбороос 6 дуган хадгалагдан үлдсэн бөгөөд түүний нэг нь Мэгжид Жанрайсигийн дуган юм.
1991 онд “Мэгжид Жанрайсиг” бурханыг бүтээн залах тухай ” Монгол Улсын ерөнхийлөгч П.Очирбатын зарлиг гарч, энэ зарлигийн дагуу Мэгжид Жанрайсиг бурханыг бүтээх ажил өрнөж, 1996 оны 10 сарын 27-ны өдөр буюу билгийн тооллын XVII жарны гал хулгана жилийн намрын адаг сарын 16-ны өдрийн морин цагт түмэн олны өмнө мэлмийг нээн, равнайг өргөж, Монгол түмний их шүтээн болгон сүндэрлүүлбэй. Энэхүү аугаа их үйлсэд Монголын ард түмэн чинхүү сүсгийн сэтгэлээр оролцсон юм.
Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит, Бурханы шашны дээд сургуулийн оюутнууд 2000 гаруй Аюуш бурханы хөргийг бүтээж, Мэгжид Жанрайсиг бурханы дуганы дотор хананд залжээ. Нийт ард түмнээс өргөсөн Аюуш бурханы хөрөг 4500 орчим буй.
Мөнхүү Дээрхийн гэгээн IX Богд Живзүндамба хутагт багшийн санаачлага тааллаар Мэгжид Жанрайсиг шүтээний хоёр талд, Очирваань ядам болон Манзушри бурханы хөрөг дүрийг бүтээн, 2011 онд залсан болно. Мэгжид Жанрайсигийн дуганы дэргэд “Мэгжид Жанрайсиг дацан”—ы дуганыг барьж, их бурханы тахил, өргөлийн ном хурлыг 1996 оноос дахин сэргээж, тасралтгүй хурж байна.
МБШТөв Гандантэгчэнлин хийд.