mmnews.mn | 2024-11-21
Таны хүүхэд хүний зарц биш...
Өчигдөр нэг хуурай дүү минь залгаж байна. Англи, франц хэлээр шүлэг хүртэл тэрлэдэг, урлаг гоо зүйн асар өндөр мэдрэмжтэй, өндөр боловсролтой сайхан залуу бүсгүй. Дүүтэй ярьж байхдаа би ч бас өөрийнхөө дотор нуугдаж байдаг үгсийг хоолой нийлэн сэтгэлдээ "Тийм ээ" гэж хашгирч байлаа.
"Гэр бүл цуцлуулах шүүх хурлаасаа дөнгөж гарч ирээд ярьж байна аа, эгч. Ашгүй нэг новшоос ангижирч, үлдсэн жаахан залуу нас, цаг хугацаа, эрх чөлөөгөө аварч чадлаа. Дүү нь танд бүр зориуд захимаар байна. Үүнийг энэ монгол ээж, аав нарт ч хэлж ярьж баймаар санагдлаа. Хүүхдүүдээ битгий хүний зарц болгож бэлдээрэй. Таны хүүхэд өөрийнхөө аз жаргалтай амьдралаар амьдарч, хайрлуулж, амьдралын гэрэл гэгээг мэдрэх гэж та бидний хайраас ургасан болохоос биш хэн нэгэн хаа хамаагүй гэнэт гарч ирсэн, хүний үнэргүй новшнуудын хөлийг угааж, хоолыг хийж, хогийг цэвэрлэж, нэр овгийг нь чирэх үр хүүхдийг нь төрүүлж өсгөчихөөд энэ хорвоогоос ямар ч үнэ цэнэгүй буцах ёсгүй хүмүүс гэдгийг ойлгоосой. Охидоо заавал "Чи айлын авгай болох хүн" гэж ирээд л хүнд зарагдах бүх ажлыг хийлгэж сургахынхаа оронд яаж үнэ цэнэтэй байх, яаж өөрийгөө хүндлэх, яаж энэ амьдралдаа сэтгэл хангалуун байж, бусдаар хайрлуулах урлагт суралцахыг л илүүтэй зааж баймаар байна.
Та бод доо. Би ухаан орох цагаасаа л хүний өөрийн баахан дүү өсгөсөөр хүн болсон. Тэгээд арай гэж нас бие гүйцээд хорвоог таниагүй байхдаа гэнэт л хүнтэй суучихсан. Хүний амьдрал тийм л зарчмаар явдаг гэж бодоод, үнэндээ тэр үед өөрийн сэтгэл зүрх, хайр майр гэдэг зүйлийнхээ ч учрыг олоогүй л хүний эхнэр болчихсон. Айлын авгай болохоороо ажилгүй анхиагүй хүн байж болохгүй гээд надад оёж шидэх, угааж арчлах, цэцэг ногоо тарих, эм тариа хийх, хүн хүнээс түрүүлж гүйх, түрүүлж хөдлөх, хэцүү хатуу ааш авирыг тэсэж тэвчиж, даруу чимээгүй байх, өөрийн зовлонг нууж, гэр бүлийн бүх л муу муухайг хүнд мэдэгдэхгүй амьдарч байх ёстой гэж зааж өсгөсөн. Ямар ч сайн сайхан, том үйл хийсэн өөрөө л тэрнийгээ мэдэж байвал болно гээд бусдад дээрэлхүүлж, дээрэмдүүлж байсан ч дуугүй явахыг ээж аав, нийгэм, цаг үе, уран зохиол, орчин тойрныхон маань бидэнд ухуулж заасаар ирсэн.
Би яаж өссөн билээ яг л тэгж явсаар нэг анзаартал бүхэл бүтэн 15 жилээ нэг ажилгүй, сэтгэлгүй, хүн үнэлдэггүй, хувцас гуталны хэрүүл хийсэн хөгийн новшийн зарц боолыг хийсээр өнгөрүүлжээ.
Эргээд харахад би айлын эхнэр ийм л байх ёстой гэж бодож бүх амьдралаа нуруун дээрээ ганцаараа үүрч, хэдэн хүүхэд төрүүлж бас л ганцаараа өсгөж, өөд уруугүй л зүтгэсэн байна. Өөрөө өвдсөн ч тэсэж, өөрөө зовсон ч нууж, хүний тав тух, нэр хүндийг л хамгаалахын төлөө амьдарсан байна. Гэтэл өнөөдөр над шиг үнэгүй, над шиг хайрлуулж чадаагүй, над шиг хэрэггүй хүн алга. Би бүхнийг болгож, зохицуулж, угааж арчиж, өвчтэй нэртэй тэр новшийн асрагчийг хийсээр аль сайхан дэврүүн насаа ор сураггүй хоосон зүйлд зориулжээ. Эргээд харахад надад сэтгэл бүлээцүүлэх нэг ч дурсамж алга. Ядаж ганц сайхан болзооны түүх ч алга. Угааж арчсан, асарч сувилсан, айлын сайн эхнэр, сайн хүмүүжилтэй өссөн, хүчтэй хүн болох гэж хүний өмнөөс бүхнийг хийж зүтгэсэн хэнд ч хэрэггүй түүх л байна.
Гэсэн ч үүнийг маань эцэстээ хэн ч үнэлсэнгүй. Хууль ч үнэлдэггүй юм байна. Яагаад гээч? Яагаад гэвэл би үргэлж сайн нууж чаддаг байсан болохоор надад одоо итгэх хүн алга. Хамгийн харамсмаар нь эргээд санах ганц халуун дулаан, догдлом дурсамжгүй хоосон цаг хугацааны түүх л үлдэж. Хүүхдүүд бүгд тэр хүнээр овоглоно. Би яаж ч зүтгэсэн миний тэгтлээ хичээж хайрлаж өсгөсөн энэ хүүхдүүд хожим сайн сайхан бүх зүйлдээ тэр хүний л нэрийг дуудуулна. Би дурсагдах ч үгүй.
Хайрлагдаагүй дээрээ бас хамгийн хурдан арчигдах ийм амьдралаар амьдруулах гэж хүүхдүүдээ хүний зарц болгож бэлдэх хэрэггүй юм байна. Хэрвээ би эрхэлж чаддаг байсан бол, хэрвээ би нэг юм ч гэсэн хийж чаддаггүй байсан бол, хэрвээ би заримдаа өөрийнхөө үнэ цэнээс айлгүй хүмүүст өөрийнхөө хийж бүтээсэн сайн сайхан зүйлсээ хэлж ойлгуулж чаддаг байсан бол арай өөрөөр амьдрах байсан байх. Яагаад би сайн сайхан зүйл хийчихээд нуугдах ёстой юм? Яагаад бид хэн хүнээс илүүг бүтээчихээд түүнийгээ хэлж зарлахаас ичих ёстой юм? Яагаад хүмүүс миний бүтээсэн бүхнийг дээрэмдэж байхад би чимээгүйхэн тэсэх ёстой юм? Яагаад би заавал айлын сайн авгай болохын төлөө хайран сайхан цаг хугацаагаа нэргүй зарцын хөдөлмөр сурах гэж үрсэн юм? Яагаад би хожим хэрэгтэй гэсэн сургааль доор хүүхэд насаа хүүхэд өсгөхөд зориулж ирсэн юм? Тэгвэл би өөрөө хэн юм? Би зүгээр л зарц уу? Би ердөө л хэн нэгний төлөө үрэгдэж дуусах ёстой ажлын мал уу? Миний хүсэл, миний дурсамжууд, миний өөрийн хүртэж мэдрэх ёстой мэдрэмжүүд энэ бүхний чинь хаана нь байгаа юм?
Би одоо ээж аав, ах дүүс, нийгэм цаг үеэсээ ингэж асуумаар байна. Мэдээж надтай санал зөрөх, хуучинсаг, боолсог, хөдлөшгүй яхир сэтгэхүйтэй хүн олон байгаа л даа. Гэхдээ л би хэлмээр байна. Хүүгээ ч тэр, охиноо ч тэр хүний боол болгож л битгий бэлдээрэй. Хүнд чадахгүй, мэдэхгүй зүйл байж болно. Хүн зовлонгоо уудалж, чадвараа үзүүлж таниулдаг байх эрхтэй. Хүн өөрийн хийсэн сайн сайхнаасаа ичихгүй, ялалтынхаа ард нуугдахгүй амьдрах бас эрхтэй гэдгийг хүүхдүүддээ хэлж захиж, өөрийн үнэ цэнийг нь мэдрүүлж өсгөөрэй.
Тэгэхгүй бол таны хүүхэд бүхнийг чаддаг байлаа ч үнэлэгдэхгүй, өөрөө бүтээчихээд бусдад дуугүйхэн дээрэмдүүлж, дотроо гуниглан амьдарсаар аз жаргалгүй нэгэн болж дуусна шүү".
Хуурай дүү маань ийнхүү яриад зангирч ирсэн нулимсаа залгив. Тийм ээ, яг л энэ. Би хүүхдүүддээ яг үүнийг л байнга хэлж захиж, хувь ертөнцийг нь маш их дээдэлдэг хэрнээ хүмүүст хэлж сануулах тухай бодож байгаагүй юм байна. Магадгүй хэллээ гэхэд эсэргүүцэх хэрцгийнүүд үй олноороо байдаг болохоор айсан ч байж мэднэ.
Тиймээс дүү охины үгийг тэр чигээр нь дамжуулахын ялдамд ээжийн чинь үргэлж айж явдаг ирээдүйгээс чамд энэ бүхнийг хэлж байна шүү гэдгийг хүүхдүүддээ онцлон сануулмаар байна. Ээж нь үүнийг л ойлгуулах гээд байдаг юм шүү дээ.
Эх сурвалж: Х.Болор-Эрдэнэ



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ