
“20 минутын хот”
Үндэсний хороо, Монгол Улс дахь Япон Улсын Элчин Сайдын яам, JICA байгууллага хамтран хот
төлөвлөлтийн орчин цагийн арга барил, сайн туршлагыг хуваалцах зорилгоор "Япон
улсын иргэдийн оролцоог хангасан тээвэрт суурилсан хөгжил буюу TOD
(Transit-oriented development)-ын туршлага" сэдэвт уулзалтыг 2025 оны хоёрдугаар сарын 13-нд зохион
байгууллаа.
Уулзалтыг нээж “20 минутын хот” Үндэсний хорооны даргын зөвлөх, доктор Б.Батболд, Монгол улс дахь Японы Элчин
Сайдын яамны Дэд тэргүүн Кондо Казүмаса, ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн
газрын дарга Мияаги Кэнсүкэ, Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр
нар үг хэллээ.
Японы Алмек корпорацийн Гадаад улс орнуудын төсөл хөтөлбөрийн газрын нэгдсэн төлөвлөлтийн хэлтсийн менежер Абэ Томоко уулзалтын үндсэн илтгэлийг хэлэлцүүлсэн юм.
TOD /Ttansit-oriented development/ - Тээвэрт суурилсан хөгжил нь хот төлөвлөлтийн
бодлогод ихээхэн түлхэц болохуйц дэвшилтэт арга зам буюу нийтийн тээврийн ашиглалтыг дэмжих
зорилгоор төлөвлөгдсөн хот, дүүргийн хөгжлийн загвар юм. Энэхүү нэр томьёо дэлхийн
зарим улс орнуудын хот байгуулалт, дизайны салбарт нэлээн хэдэн жилийн өмнөөс
хэрэглэгдэж ирсэн бөгөөд уг үзэл санааг хамгийн амжилттай хэрэгжүүлж буй орны
жишээнд Японыг дурдаж болно.
Японд
transit-oriented development (TOD) загварыг амжилттай хэрэгжүүлсэн олон жишээ
байдаг. Ялангуяа нийтийн тээврийн системийн боловсронгуй байдал, хөгжил нь
TOD-д чухал үүрэг гүйцэтгэдэг. Хамгийн тод жишээнүүдээс дурдвал:
1. Токио нь TOD-ыг
хамгийн сайн ойлгуулсан хотуудын нэг бөгөөд энд байршил сайтай галт тэрэгний
буудал, метро, нийтийн автобусны системийг хослуулсан томоохон дэд бүтэц бий.
Япончууд өдөр тутмын амьдралдаа нийтийн тээврийг түлхүү ашигладаг нь TOD-ын
загварыг амжилттай хэрэгжүүлэхэд нөлөөлдөг аж. Токиод байрлах
"Shinjuku" болон "Shibuya" буудлуудын ойр орчимд олон тооны
бизнес, худалдааны төвүүд, орон сууц,
үйлчилгээний газрууд байрлаж байна.
2. Осака хотод
"Namba" болон "Umeda" станцуудын орчимд TOD-ын загварыг мөн
амжилттай хэрэгжүүлсэн. Эдгээр станцын орчимд худалдаа, амралт, оффис, орон
сууцны барилга зэрэг олон төрлийн үйлчилгээтэй, жижиг дунд бизнесүүд ажиллаж
байна.
3. Нагоя хотын
"Nagoya" станцын ойр орчимд бас бизнес, худалдаа, зочид буудал болон
орон сууцны зэрэг төслүүдийг нэгтгэн TOD загвараар хэрэгжүүлсэн.
4. Кобэ хот нь
"Sannomiya" станцын орчимд TOD-ын загварыг хэрэгжүүлж байгаа бөгөөд
энд нийтийн тээвэр, супермаркет, зочид буудал, оффисууд зэрэг олон төрлийн
үйлчилгээ бий.
Японы эдгээр
жишээнүүд нь TOD-ын аргаар хот, дүүргүүдийг хөгжүүлэхийн тулд нийтийн тээвэр,
аялал жуулчлалыг дэмжих, нийгмийн хөгжлийг хангах чиглэлээр хэрхэн амжилттай
ажиллаж байгааг харуулж байна.
Тэгвэл TOD
загварыг Монголд хэрэгжүүлэх боломж,
тулгарч болохуйц саад бэрхшээлүүд юу байж болох вэ? Японы туршлагыг Монголын
хөрсөн дээр буулгаж хэрэгжүүлэхийн тулд эхний ээлжинд автобус, төмөр зам,
цаашлаад метро гэх мэт шинээр үүсэх тээврийн төрлүүдийг интеграцчилж, иргэдэд
сайн сурталчилж соён гэгээрүүлэх замаар тэдний оролцоог нэмэгдүүлэх, мөн ТOD-ын хүрээнд явган алхагчид, дугуйчдын
аюулгүй байдлыг хангах шаардлагатай юм. Хот төлөвлөлтийн энэхүү дэвшилтэт загварыг
хэрэгжүүлснээр тухайн буудал, станцтай ойролцоох үл хөдлөх хөрөнгүүдийн үнэ
өсөж, ойр орчимд нь жижиг дунд бизнес эрхлэгчид үйл ажиллагаа явуулах таатай
орчин бүрдэн, ашиг орлого нь ч тодорхой хэмжээгээр нэмэгдэх нь мэдээж.
Ямартай ч, Япон зэрэг хөгжилтэй орнуудын туршлагаас
суралцан, өөрийн орны нөхцөл байдал, иргэдийн соёл боловсролтой уялдуулан
хэрэгжүүлэх нь Улаанбаатар хотын автозамын түгжрэл, агаарын бохирдол зэргийг
нааштайгаар шийдвэрлэхэд сайнаар нөлөөлөх нь дамжиггүй.
Д.Мягмарсүрэн