Узбекистаны нийслэл Ташкент хотод хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн хоёрдугаар сарын 1-12-нд болно. “Парис-2024” зуны олимпын наадмын эрхийн оноо олгох энэхүү тэмцээнд манай улсаас гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, дасгалжуулагч Б.Дэнсмаа нарын удирдлага дор 14 тамирчин өрсөлдөх юм.
Тэмцээний эмэгтэйчүүдийн 49 кг-ын жинд Б.Тунгалаг, 59 кг-д Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт Э.Энхтамир, 64 кг-д Ази тивийн аварга Г.Ануужин, Б.Хонгорзул, 71 кг-д залуучуудын ДАШТ-ий хүрэл, өсвөрийн Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт О.Төгс-Эрдэнэ, А.Содгэрэл, 81 кг-д дэлхийн аварга, ДАШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт, Дэлхийн цомын аварга, Азийн АШТ-ий алтан медальт, гавьяат тамирчин М.Анхцэцэг, -87 кг-д А.Баясгалан нар өрсөлдөнө. Харин эрэгтэйчүүдийн 61 кг-д М.Очир-Эрдэнэ, 67 кг-д А.Ананд, Э.Дүүрэнжаргал, 81 кг-д С.Цэнгүм, 96 кг-д Б.Цолмон, +109 кг-д М.Бахберген нар хүч үзэхээр бэлтгэл сургуулилтаа хангаж байна.
Баг тамирчдыг тэмцээнд оролцохын өмнө Олимпод бэлтгэх баг тамирчдын сургалт дасгалжуулалтыг дэмжих багийн ахлагч, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтох тэдний бэлтгэлжилт хэр хангадаж буйтай танилцаж, спортын талбарт шинэ түүхийг бүтээж, өндөр амжилт гаргахын төлөө хичээрэй” хэмээн захив.
Монголын хүндийн өргөлтийн тамирчид насанд хүрэгчдийн ангилалд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс есөн алт, 33 мөнгө, 65 хүрэл (эмэгтэйчүүд зургаан алт, 14 мөнгө, 28 хүрэл, эрэгтэйчүүд гурван алт, 19 мөнгө 37 хүрэл ) медаль хүртэж байв.