Монгол Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны 2025 оны 07 дугаар тогтоолоор байгуулсан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгээс "Монгол Улсын хүн ам зүйн бодлого, асуудал шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд /2026.04.24/ зохион байгуулав.
Уг хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг, О.Саранчулуун, М.Ганхүлэг, С.Зулпхар, Д.Үүрийнтуяа, Б.Уянга болон Эрүүл мэндийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, салбарын эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөлөл зэрэг нийт 130 хүн оролцсон.
Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Ганзориг хэлэлцүүлгийг нээж, үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, Монгол Улсын эрхэм дээд баялаг эх орны эзэд хөгжил дэвшлийг бүтээгчид нь монгол хүмүүс байдаг. Иймд Монгол Улсын хүн ам зүйн бодлого, өсөлтийг дэмжих, улс орны хөгжлийн тогтвортой бодлогын хүрээнд эл хэлэлцүүлгийг зохион байгуулж буйг онцлов.
Монгол Улсын хүн ам зүйн бүтцэд сүүлийн жилүүдэд тодорхой өөрчлөлтүүд гарч, төрөлтийн түвшин, хүн амын насны бүтэц, нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлтийн байдал зэрэг олон асуудал бодлогын шинэ шийдэл, уян хатан, ухаалаг зохицуулалтыг шаардаж байна. Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн төсөл нь эхчүүдийг урамшуулах, нийгмийн баталгааг нь хангах, сайжруулах, “Эхийн алдар” одонгийн нэр хүнд, түүнийг дагалдах урамшууллын үнэ цэнийг өнөөгийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан шийдвэрлэх, нийцүүлэх, хүн амын өсөлтийг дэмжих замаар улс орны эдийн засаг, нийгмийн тогтвортой өсөлтийг хангах гэсэн гурван үндсэн зорилгод чиглэсэн гэж байлаа.
Мөн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхдээ иргэд олон нийт, салбарын мэргэжилтнүүдийн дуу хоолойг сонсох, бодит нөхцөл байдалд тулгуурлан дүн шинжилгээ хийхийг нэн тэргүүнд тавьж байгааг Байнгын хорооны дарга дурдаад өнөөдрийн хэлэлцүүлэг нь хуулийн төслийн үзэл баримтлалд нийцсэн, хэрэгжих боломжтой, үр өгөөжтэй зүйл, заалтыг боловсруулахад чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэв.
Дараа нь ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун үг хэлэв. Энэхүү хэлэлцүүлэг нь олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах хуулийн агуулгаас илүү өргөн цар хүрээг хамарч, эх, нялхас, нярай хүүхдийн эрүүл мэндийн асуудалд Монгол Улс цаашдаа ямар бодлого баримталж, эрх зүйн орчныг хэрхэн сайжруулах, төрийн байгууллагууд, салбарын судлаачдын оролцоо ямар байх вэ гэдэг асуудлууд болон хүүхдийн сурч хөгжих, эрүүл мэндээ хамгаалуулах эрхийн асуудлыг давхар хөндөнө гэдгийг ажлын хэсгийн ахлагч онцлон тэмдэглэсэн. Түүнчлэн Монгол Улсад сүүлийн жилүүдэд төрөлт буурч байгаа шалтгаан нь нийгэм, эдийн засгийн хүчин зүйлтэй холбоотой гэдгийг тэрбээр дурдаад иймд асуудлуудыг цогцоор нь харж холбогдох хуулиудад өөрчлөлт, шинэчлэлийг хийх шаардлагатай байна гэлээ.
Хэлэлцүүлгийн эхэнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын газрын дарга Ц.Мөнхзул “Гэр бүлийн хөгжлийг дэмжих эрх зүйн орчны шинэчлэл” сэдвээр илтгэл тавьсан. Тэрбээр илтгэлдээ, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт “Хүн амын тогтвортой өсөлтийг дэмжиж, идэвхтэй, бүтээлч иргэн гэр бүлийг төлөвшүүлнэ” гэсэн зорилтыг тавьсан. Энэ хүрээнд тус яамнаас Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж байгааг онцлов.
2025 оны байдлаар Монгол Улсад нийт 997 мянган өрх бүртгэлтэй байгаагийн 567 мянга нь хүүхэдтэй, үүний 54.9 мянга нь 4 ба түүнээс түүнээс дээш хүүхэдтэй өрх байна. Сүүлийн жилүүдэд албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлэх тоо буурч байгаа бөгөөд 2023 онд 17400 гэрлэлт бүртгүүлсэн бол 2024 онд 14200 болсон байдаг. Нөгөөтээгүүр, 10 ба түүнээс дээш жил хамт амьдарсан гэр бүлийн салалт хамгийн өндөр буюу нийт цуцлалтын 63.7 хувийг эзэлж байна гэж байлаа.
Тус яамнаас 2025 онд “Монгол гэр бүлийн харилцааны өнөөгийн нөхцөл байдал” сэдвээр судалгаа хийлгэсэн байна. Уг судалгаанаас үзэхэд гэр бүлүүдэд тулгамдаж байгаа гол асуудал нь ажлын ачаалал, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой байгаа бол гэр бүлийн гишүүдийн харилцаанд ямар асуудал, бэрхшээл үүсээд байгаа тухайд үзэл бодлын зөрчил хамгийн өндөр үзүүлэлттэй байсан. Иймд судалгаанд үндэслэн Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг боловсруулсан гэж байлаа.
Дараа нь Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр “Эх, нярайн эрүүл мэндийг хамгаалах цогц арга хэмжээ: Өнөөгийн байдал, цаашдын зорилт” сэдвийн хүрээнд (бүрэн эхээр нь эндээс) илтгэл хэлэлцүүлэв.
Уг илтгэлд, 2025-2028 оны Эх, хүүхэд нөхөн үржихүйн эрүүл мэнд арга хэмжээний төлөвлөгөөнд эхийн эндэгдлийн харьцааг 100,000 амьд төрөлтөд 19.9 хүртэл, нярайн эндэгдлийн түвшинг 1000 амьд төрөлтөд 7.1 хүртэл, нялхсын эндэгдлийн түвшинг 1000 амьд төрөлтөд 8.7 хүртэл, 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшинг 1000 амьд төрөлтөд 14.7 хувь хүртэл тус тус бууруулах зорилт тавьсныг дурдсан байлаа. Эх, хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлтийг доорх зурагнаас харна уу.
Мөн салбарын яам цаашид эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад эх барих, хүүхдийн яаралтай тусламж ба эрчимт эмчилгээний чадавхийг дээшлүүлэх, чанарын хяналт, үнэлэгээний тогтолцоог нэвтрүүлэх, нярайн тусламж, үйлчилгээний үндэсний стандарт удирдамжийг шинэчлэх, жирэмсний хяналт, эрүүл мэндийн боловсрол олгох, урьдчилан сэргийлэх эрт ирүүлэгт хамруулах, эрүүл мэндийн нэгдсэн системийг хөгжүүлэх, датад суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих арга хэмжээ авч хэрэгжүүлнэ гэж дурдсан байлаа.
Үргэлжлүүлэн “Монгол Улсын Хүн амын өсөлтийн хандлага: Хүн амын төрөлтийн түвшний шинжилгээ, бодлого” сэдвээр Монгол Улсын их сургуулийн Шинжлэх ухааны сургууль, Нийгмийн ухааны салбар сургуулийн Археологи, антропологи, хүн ам зүйн тэнхимийн профессор, доктор Ц.Болормаа илтгэл ( бүрэн эхээр нь эндээс) тавилаа. Тэрбээр илтгэлдээ, Монгол Улсын 1918-2025 он хүртлэх хүн амын өсөлт, насны бүтцийн шилжилт, хүн ам зүйн эрсдэлийн түвшин, төрөлтийн шилжилт, хандлага хүн ам зүйн ирээдүйн төлөвлөлтийн талаар судалгаа мэдээлэл өгөхийн зэрэгцээ цаашид анхаарах асуудлын талаар танилцуулсан.
Монгол Улсын 1918-2025 он хүртлэх хүн амын өсөлтийг талаарх мэдээллийг доорх зурагнаас харна уу.
Хүн амын өсөлтийг механик шилжилт тодорхойлж байгааг илтгэгч дурдаад тодруулбал, Улаанбаатар хотод хүн ам төвлөрч, бүсүүдэд шилжилтийн алдагдал давамгай байна. Түүнчлэн хүн амын ердийн өсөлт бүх бүсэд эерэг боловч шилжилтийн алдагдлыг нөхөж чадахгүй байгаа бөгөөд энэ нь бүс хоорондын хүн амын тэнцвэр алдагдаж, төвлөрөл улам гүнзгийрч байгааг онцлов.
Мөн Монгол Улсын төрөлтийн бууралт нь түр зуурын биш, зан төлөвийн өөрчлөлт давамгайлж байна гээд, төрөлтийг бууруулж буй гол хүчин зүйл нь гэрлэлт, амьдралын мөчлөгийн саад байна гэсэн байв. Хотын залуу гэр бүлүүдийн 2,3 дахь хүүхдээ төрүүлэх шийдвэр гаргалт саатаж, нийгэмд “олон хүүхэд зохимжтой” гэсэн үнэт зүйл бүрэн алдагдаагүй, дунджаар 3–4 хүүхдийг хүсэх хандлага хадгалагдсаар байгааг илтгэлд дурдсан байлаа. Албан ёсны гэрлэлтийг үнэлэх байр суурь өндөр хэвээр боловч салалт, гэрлээгүй үед хүүхэд төрүүлэхийг тодорхой хэмжээнд зөвшөөрөх уян хатан хандлага нэмэгдэж, уламжлалт амьдралын мөчлөг буюу үнэт зүйл сулран өөрчлөгдөж байгааг илтгэлд дурдсаны зэрэгцээ одоогийн бодлого “халамж төвтэй” бөгөөд “амьдралын мөчлөг төвтэй” биш байна гэж дүгнэсэн байлаа.
Цаашид төрөлтийн асуудалд бодлогын багц иж бүрнээр биш энэ хэвээр үргэлжилбэл 2050 онд ТНК 1.6–1.9 орчимд хүрэх эрсдэл өндөр, харин иж бүрэн, тогтвортой бодлогоор дэмжвэл ТНК 2.0–2.2-т ойртуулах боломж байна хэмээн дүгнэсэн байлаа. Иймд “Амьдралын мөчлөгт суурилсан” үндэсний бодлогын багц хэрэгжүүлэх, гэрлэлтийн хойшлолт, 2,3 дахь хүүхдийн шийдвэрт чиглэсэн зорилтот дэмжлэг, хүүхэд асаргааг эрх болгох (0–3 нас), ажил, амьдралын тэнцвэрийг бодитоор сайжруулах, залуучуудын хандлагад нийцсэн, урт хугацааны соёл, мэдээллийн бодлого боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай байна хэмээн зөвлөсөн байв.
Хэлэлцүүлэг “Хүүхдийн нас баралтад нөлөөлөх нийгэм-эдийн засгийн хүчин зүйлс” сэдвийн хүрээнд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Эрүүл мэндийн бодлогын тэнхимийн дэд профессор, доктор Л.Хоролсүрэнгийн илтгэлээр (бүрэн эхээр нь эндээс) үргэлжилсэн.
Уг илтгэлд 0-5 насны хүүхдийн нас баралтын өнөөгийн түвшин, нийгэм-эдийн засгийн хүчин зүйлсийн нөлөө, орлогын түвшин, эхийн боловсролын түвшин, газарзүйн байршил, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийн талаар хөндсөн байлаа.
Хүүхдийн нас баралтад нөлөөлдөг хүчин зүйлсийн талаарх мэдээллийг доорх зурагнаас харна уу.
Тухайлбал, хүнсний үнийн нэг хувийн өсөлт нь нярайн эндэгдлийн түвшин 0.83, 1 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшинг 0.80, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшинг 0.64 хувиар тус тус нэмэгдүүлнэ гэсэн дүн мэдээллийг танилцуулж байлаа.
Эрүүл мэндийн бодлогын тэнхимийн дэд профессор, доктор Л.Хоролсүрэн илтгэлийнхээ төгсгөлд эмэгтэйчүүдийн боловсролын түвшинг дээшлүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилчилгээний хүртээмж, зардлыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатайг дурдсан байлаа.
Дараа нь "Хүн амын төрөлтийн өсөлтийн таамаглалд үндэслэн ирээдүйд шаардлагатай сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийн хэрэгцээг тооцсон судалгаа, тооцоолол хийгдсэн эсэх талаарх" мэдээллийг Боловсролын яамны Хөрөнгө оруулалтын хэлтсийн ахлах шинжээч Ч.Батболд (бүрэн эхээр нь эндээс )танилцуулсан.
Тэрбээр боловсролын салбарт хэрэгжиж байгаа хөрөнгө оруулалтыг зөв, оновчтой хэрэгжүүлэх шаардлага эн тэргүүнд тавигдаж буй тул боловсролын хүртээмжийг сайжруулснаар чанар дээшилнэ гээд ирэх таван жилийн хүн амын өсөлт, эдийн засгийн төвлөрөл, бүлэг, дүүргэлт зэрэг бусад хүчин зүйлээс хамаарч боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг хэрхэн төлөвлөснийг товч танилцуулав.
Мөн салбарын яамны нийт 2300 байгууллагаас системээр дамжуулан ирүүлсэн өгөгдлүүдээс мэдээллийн бааз үүсгэж ажиллаж байгааг дурдаад үүнд үндэслэн 2025-2030 оны төлөвлөлтийг хийсэн гэж байлаа. Ирэх таван жилийн хугацаанд тус салбарт нийт 203 хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн судалгаа гарсан аж.
Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, Б.Уянга, Х.Баасанжаргал, Б.Баярбаатар, С.Эрдэнэболд, С.Эрдэнэбат нараас Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн билээ.
Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа хэлэлцүүлэгт оролцогчдод товч мэдээлэл өгсөн. Тэрбээр, уг хууль нь 1957 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор анх батлагдсан байдаг бөгөөд 2010 онд Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийг парламентын засаглал тогтсоноос хойш шинээр боловсруулан батлуулж, улмаар 2011, 2024 онд хоёр удаа өөрчлөлт орсныг мэдээлэлдээ дурдсан.
Энэхүү хуулийн төсөлд олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхэд урамшуулал олгох шалгуурыг багасгах буюу хөнгөлөхөөр тусгасан. Тодруулбал, урамшуулал авахад тавигддаг “бага хүүхэд нь 1 нас хүрсэн байх”, “нас барсан хүүхэд 1 ба түүнээс дээш настай байх” зэрэг шаардлагуудыг хасахаар тусгасан гэв.
Хуулийн төслийн зорилго нь 1 нас хүрээгүй хүүхдээ алдсан эхчүүдийн эрхийг хамгаалах, энэхүү урамшуулал, дэмжлэгийн тогтолцоонд хамруулах, олон хүүхэд төрүүлсэн эхчүүдийг ялгаварлахгүй байх, төрөлтийг дэмжих, хүн амын өсөлтийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн хэмээн төсөл санаачлагчид үзжээ.
Төсөлд хуулийн үйлчлэх хүрээг өргөжүүлж дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн гэдэгт дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд тэр үед гурав хүртэлх насанд нь үрчлэн авсан хүүхэд, нас барсан хүүхдийг хамруулахаар эрх зүйн зохицуулалтыг тусгасан талаар танилцуулгад дурдсан байлаа.
Ингээд дээрх илтгэлүүд, мэдээллийн хүрээнд хэлэлцүүлэгт оролцогчид асуулт асууж, хариулт авсны зэрэгцээ Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, С.Зулпхар нар үг хэлэв. Хэлэлцүүлгийг хааж, Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч О.Саранчулуун үг хэлснээр энэ удаагийн хэлэлцүүлэг өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
