Ноднин Netflix дээр сумогийн тухай Sanctuary гэж олон ангит кино гарч билээ.
Асар хүнд хэцүүг туулж, зодуулж, дээрэлхүүлж, хүлцэшгүйг хүлцэн байж сумо болж байгаа түүхийг үзээд "Нээрээ ийм хүндийг туулдаг юм уу, зодуулж байв уу?" гэж Хакүхо аваргаас асуухад "Жижиг бөх байхдаа нүүр нүдгүй хөх няц болтлоо нүдүүлээд түүнээсээ ихэд ичиж байж билээ" хэмээсэн юм. Тэр үед түүнийг өмөөрөх, хамгаалах хүн хэд байсан бол? Хөх няц нүүртэйдээ ичиж, хулгай хийсэн гэж бодох вий дээ гэж ихэд зовж байснаас намайг ингэчихлээ гээд ховлоод очих хүн ч байгаагүй, тийм санаа сэтгэл ч өвөрлөж байгаагүй байх.
Одоо гэтэл юу болж байна. Япон хүн Япон хүнээ Монголоос хамгаалж байгаа юм уу, аль эсвэл барын зулзагыг бага дээр нь дарах гэсэн шалтаг шалтгаан уу? Маш хүчтэйгээр түрэн орж ирж байсан чадалтай Монгол хүүг өө сэв хайж байгаад зайлуулахдаа сумогийн ертөнцийг олон жил ноёлсон багш нь болох их аваргатай нь цуг онхолдуулах, бүр дэвжээг нь хаах, айхтар том хорон ажиллагаа явагдаж байна гэж харж байна.
Монголчууд бодохдоо манай хэдэн сумо нар Японд ирээд л нэг их амархан ялаад л, чухам их мөнгө аваад л, баяжаад, хүндлүүлж тахиулаад байдаг юм шиг хардаг. Гэтэл үнэндээ харь хүн гэж хавчигдана, хазайсан дээр нь түлхэхэд бэлэн хатуу сэтгэлтнүүдийн харцан дор бөхийн амьдардаг.
Тэгж байхад Монголчууд бид бас дэлхийд данстай аваргаа урвагч хог новшоор нь дуудна, тэр хөөрхий золиосонд явж байгаа хүүг харгис догшноор нь дуудна. Ямар хүүхэд гэдгийг нь үнэндээ мэдэхгүй байж.
Японд сумо нар нэгнээ алчихсан байхад нуугаад өнгөрөөдөг мөртлөө манай бөхчүүд дээр ямар хатуу шийтгэл өгч байнаа?
Хар бага наснаасаа энэ л замыг сонгосон болохоороо эцсийг нь үзэж, эрдэм чадлаа зааж, ид хаваа өвлүүлэх багш болъё гэтэл Их Наран улсын иргэн бол гэсэн шаардлага тавьсан билээ. Энэ л учгаар шахаанд орж иргэншлээ сольсноос биш, энэ хүн эх Монгол нутагтаа хүндлэгдэн тахигдаж, эрх дураараа дарвиж, ийм тийм бизнес хийж баяжаад, элбэг дэлбэг жаргаад, их хурлын сэнтийд аягүй бол залраад байж болох л байсан. Гэтэл тэр багш болох замыг сонгосноороо дэндүү гэнэджээ.
Хүчтэй тэнхээтэй золбоотой үртэй бол
Хүүгээ л битгий сумо болгоорой гэж захья
Хүний газар гүний хошуунд чичлүүлж
Хүйтэн, хатууг хэн хүнээс илүү эдэлнэ
Нулимсаа нууж, шүд зуун зүтгэсэн өдрүүд
Нутагтаа гүйгээд очих ч эрх чөлөөгүй амьдрал
Няцарсан мах, бяцарсан яс
Найр хайргүй шивэх хурц сум шиг үгс хатуурхал л хүлээж байдаг юм байна.
Үгийн сайнаар ерөөгөөд байвал үр хүүхэд чинь сайн явна гэдэг дээ.
Сайны ерөөлийг хөвүүддээ өргөе,
Санасан зорьсон нь биелэх болтугай
Сайхан хүмүүсээр хүрээлүүлж яваарай
Самбаа зориг дүүрэн байгаарай
Саран наран шиг мандаж яваарай!
Төрсөн өдрийн мэнд хүргэе! @HakuhoSho69
Аваргын дэвжээг хаалгахыг эсэргүүцэж Япон дэмжигчид гарын үсэг цуглуулж байгаа юм байна. Монголчууд минь нэгдээрэй! Улаан дээр дараад нэр мэйл хаягаа бичнэ.
change.org/p/%E5%AE%AE%E5…
Via: degi chadraabal
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.