mmnews.mn | 2024-12-04
'Улаанбаатар лиг' сагсан бөмбөгийн шигшээ тэмцээн эхэллээ

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулдаг, Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн тэмцээний шигшээ тоглолтууд эхэллээ. Шигшээ үе шат гуравдугаар сарын 22 хүртэл гурван өдөр үргэлжлэх бөгөөд энэ шатанд есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 96 багийн 1152 сурагч шалгаран өрсөлдөж байна.

Багийн спортын төрлөөр дамжуулан өсвөр үеийнхний бие бялдрыг хөгжүүлэх, хамтач үзэл санаа, спортоор хичээллэх хүсэл сонирхлыг бий болгох, олон улс, тив, дэлхийн тэмцээнд оролцох өндөр ур чадвартай тамирчдыг нээн илрүүлэх зорилгоор “Улаанбаатар лиг” тэмцээнийг 2009 оноос хойш зохион байгуулж буй. 

Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын Спорт, нийтийн биеийн тамирын хэлтсийн дарга С.Саранцэцэг:

-“Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн тэмцээн нь таван үе шаттай зохиогддог. Тэмцээнд түрүүлсэн ахлах насны эрэгтэй, эмэгтэй баг тамирчид ОХУ-д зохион байгуулагддаг “Супер шигшээ” тэмцээнд оролцох эрхтэй болдог гэдгээрээ онцлогтой. Нийт 192 сургуулийн охид, хөвгүүдийн 8208 багийн 90,550 сурагч өрсөлдөөд байна.

119-р сургуулийн сурагч Г.Ернар:

-Тэмцээнд орсон сэтгэгдэл маш өндөр байна. Уг тэмцээний ач холбогдол нь тэвчээр суулгах, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлдэг. Би сагсан бөмбөгөөр хичээллээд дөрвөн жил хагас болж байна. Спортоор хичээллэснээр миний биед асар их өөрчлөлт орсон. Жишээ нь, биеийн хөгжлийн хувьд өндөр болохоос гадна тууштай хичээх, тэвчээртэй байхыг сурсан. Монголын сагсан бөмбөгийн тамирчдаас Билгүүн, Санчир, Сэргэлэн нарыг дэмждэг. 

“Хөгжил” цогцолбор сургуулийн сурагч Э.Ариун-Үйлс:

-“Улаанбаатар лиг”-д хоёр дахь жилдээ оролцож байна. Тэмцээн хүүхдүүдэд чөлөөт цаг заваа зөв боловсон өнгөрүүлэх боломж бий болгодог. Тавдугаар ангиасаа хойш долоон жил сагсан бөмбөгөөр хичээллэж байна. Том тэмцээнд орох сэтгэгдэл үнэхээр гоё байдаг төдийгүй хамт олонтойгоо тэмцээнд ороод хожих мэдрэмж нь хамгийн сайхан. 

“Гүн галуутай” цогцолбор сургуулийн сурагч Э.Маргад:

-“Улаанбаатар лиг”-т  хоёр дахь жилдээ тоглож байна. Медаль авахаас илүү бэлтгэлийн үеэр сурсан мэдсэн зүйлсээ үеийнхэндээ үзүүлж, туршлага солилцох нь чухал гэж боддог. Улс, дүүргийнхээ хүүхдүүдтэй өрсөлдөхийн зэрэгцээ ирээдүйн зорилготой ирдэг учраас энэ тэмцээн ур чадварыг маань хөгжүүлэхэд тусалдаг.

“Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн тэмцээнийг энэ жил өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас гуравдугаар сарын 22-ны хооронд спортын гурван төрлийг гурван насны ангилал, таван үе шаттайгаар зохион байгуулж байгаа юм. 




Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ