Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос (2024.01.20) хэвлэлийн бага хурал зохион байгуулж, 2023 оны намрын ээлжит чуулганы хугацааны үйл ажиллагааны талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.
Тус Байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд эрхлэх асуудлынхаа хүрээнд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын эрх зүйн бодлого, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх бодлогын хүрээнд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн талаар санал, дүгнэлт гаргах, харьяа байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналтыг хэрэгжүүлэх, үүрэг, чиглэл өгөх, Улсын Их Хурлын гишүүд болон Байнгын хорооны гишүүдэд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллажээ.
Намрын ээлжит чуулганы хугацаанд Хууль зүйн байнгын хороо 16 удаа хуралдаж, хүний эрх, эрх чөлөөг баталгаатай эдлүүлэхэд чиглэсэн олон чухал хууль тогтоомжуудыг хэлэлцэж, нийтдээ 9 хууль, Улсын Их Хурлын 11 тогтоолыг чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулсан байна. Байнгын хорооны 8, Хүний эрхийн дэд хорооны 1 тогтоолын төслийг хэлэлцэн баталсан байна. Хууль зүйн байнгын хорооны тогтоолоор хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий 6 ажлын хэсэг байгуулсан аж. Ажлын хэсгүүд 42 удаа хуралдаж, 11 танилцуулгыг бэлтгэн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлжээ.
Байнгын хороо Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулж, мөн албан тушаалтныг томилох, чөлөөлөх 5 асуудлыг хэлэлцэж, холбогдох шийдвэр, санал, дүгнэлт гаргасан байна.
Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар үргэлжлүүлэн тус Байнгын хороо хэлэлцэж, чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулсан хууль тогтоомжуудын зохицуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан. Эрүүгийн хуульд заасан хүчиндэх, бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсоож, хохирогчийг арван найман насанд хүрсний дараа тоолж эхлэхээр болж байгааг Д.Цогтбаатар гишүүн хэллээ. Түүнчлэн Эрүүгийн хуулийн хүнийг алах, хүчиндэх, бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль авах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг үйлдсэн ялтныг хорих ялаас хугацаанаас өмнө суллахгж, хяналт тогтоохгүй болжээ. Мөн хүнийг алах, хүчиндэх, бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй байхаар хуульчилсан байна.
Эрүүгийн хуулийн Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтыг журам зөрчихийг тус тус өөрчлөн найруулж, Бага насны хүүхдийг алсан бол арван хоёр жилээс хорин таван жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ялаар шийтгэх зохицуулалтыг тусгасан байна.
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд дараах нэмэлт, өөрчлөлтийн талаар Д.Цогтбаатар гишүүн дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Зөрчил үйлдсэн хүнд нийтэд тустай ажил хийлгэх шийтгэл оногдуулах зохицуулалтыг шинээр тусгасан байна.
Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөнтэй холбогдуулан эрх бүхий этгээдээс оногдуулсан торгох шийтгэлийг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх авах, сунгах, ангилал нэмэх, өөрчлөх, нөхөн авах, тээврийн хэрэгслийн эзэмшлийн шилжилт хөдөлгөөн хийх эрхийг хязгаарлахаар хуульчилжээ.
Хүн, хуулийн этгээд эрх бүхий этгээдээс оногдуулсан торгох шийтгэлийг хугацаандаа биелүүлээгүй нь цагдаагийн алба хаагч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг торгох шийтгэлийг биелүүлж дуусах хүртэл хугацаанд хязгаарлана. Энэ тохиолдолд тээврийн хэрэгслийг хуульд заасан журмын дагуу тусгай талбайд хүргэх, эсхүл бусад аргаар хөдөлгөөнийг нь хязгаарлах зохицуулалттай болсныг Д.Цогтбаатар гишүүн тайлбарлав.
Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд нь эрх бүхий албан тушаалтан, шүүхээс оногдуулсан торгох шийтгэлийг хуулиар тогтоосон хугацаанд биелүүлэх бол шийтгэлийн хэмжээг 50 хувиар хөнгөрүүлж, энэ хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шийтгэлийн хэмжээг 50 хүртэл хувиар нэмэгдүүлэхээр тусгасныг тэрбээр танилцууллаа.
Мөн жолооч согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон; тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон; согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулахаар тусгасан болохыг Д.Цогтбаатар гишүүн хэвлэлийн бага хурлын үеэр дэлгэрэнгүй мэдээлсэн юм.
Үргэлжлүүлэн тэрбээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн талаар мэдээлэл өгөв. Энэ хүрээнд иргэдийг заавал баривчилж хорьж байгаад, хэргийг мөрдөж шийдээд байсныг хязгаарлах бодлогыг Улсын Их Хурлын зүгээс баримталж ажиллажээ. Хорих ял оногдуулдаггүй төрлийн гэмт хэргүүдийн тухайд хойшлуулашгүй арга хэмжээ авах нөхцөл, шалгуурыг хүндрүүлсэн байна. Харин хорих ял оногдуулдаг төрлийн гэмт хэргийн тохиолдолд хэргийн газар дээрээ баригдсан, эсхүл гэрч шууд заасан тохиолдолд шууд баривчлах юм. Гэхдээ ямар ч тохиолдолд шүүхийн хяналттай байхаар хуульчилсан нь онцлог гэлээ. НҮБ-ын мэргэжилтнүүд Монгол Улсад ажиллаад “шүүхийн хяналтгүйгээр хүнийг баривчлах ажиллагаа хавтгайрсан байна” гэдэг дүгнэлт гаргасан. Үүнийг Улсын Их Хурал, Засгийн газар анхаарч, холбогдох шийдвэрүүдийг ийнхүү гаргасныг Д.Цогтбаатар гишүүн мэдээллээд “Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах үүднээс энэ баривчлах, хойшлуулшгүй арга хэмжээ авах нөхцөлүүдийг хязгаарлах бодлогыг барьсан” гэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд цөөнгүй нэмэлт оруулсныг тэрбээр дурдаад “Шүүх хугацаагүйгээр удааширдаг, хойшилдог асуудлуудыг аль болох хязгаарлаж, шүүхийн үйл явцыг хялбаршуулан, шийдвэрийг хурдан гаргадаг байх тал дээр илүү анхаарч ажилласан” гэв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд Тусгайлсан журмаар шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарах нэхэмжлэлийг шаардлагын хэлбэрийг тодорхой болгох хүрээнд бүх төрлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө гаргуулах, дундын өмчийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал гаргуулах, хөдөлмөрийн гэрээний дагуу цалин хөлс гаргуулах зэрэг хэрэг маргааны төрлөөр нь ялган тодорхойлсон байна. Түүнчлэн тусгайлсан журмаар шүүхэд хянан шийдвэрлэгдэх хэрэг маргаанд бусдын эд хөрөнгөд учруулсан гэм хороос гадна хүний эрүүл мэндэд учруулсан гэм хорын мөнгөн хөрөнгө гаргуулахыг тусгажээ.
Тодорхой төрлийн иргэний хэргийг хялбар хурдан шуурхай зардал багатай хянан шийдвэрлэх зорилгыг үндэслэн хуульд бага үнийн дүнтэйгээс үл хамааран дараах нэхэмжлэлийг шүүх тусгайлсан журмаар шийдвэрлэхээр тусгасан. Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх маргааны төрөлд шүүхийн шийдвэр гүйцэтгэх зорилгоор эд хөрөнгө, эрхийг битүүмжлэх, хураах, үнэлгээ тогтоох, албадан дуудлага худалдаа явуулах ажиллагаатай холбоотой гомдлыг тусгасан байна.
Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 45 хоног, давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан бол шүүгч хэргийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэрлэх болсныг Байнгын хорооны дарга мэдээллээ. Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш зарчмыг баримтлах зорилгоор хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах; гэрч мэдүүлгээ үнэн зөв мэдүүлэхээ илэрхийлж, мэдүүлгээ нотариатаар баталгаажуулан мэдүүлсэн, мөн дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн тусламжтай мэдүүлгээ гаргасныг шүүх хангалттай гэж үзвэл нотлох баримтаар үнэлж болох; тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журам руу шилжүүлэх нөхцөлийг чангатгаж; тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болох бөгөөд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхээр хуульчилжээ.
Хууль зүйн байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд хүний эрх, эрх чөлөөг хангах чиглэлд онцгойлон анхаарч ажилласан болохыг Д.Цогтбаатар гишүүн тэмдэглээд Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааны талаар мэдээлэл өгсөн.
Улсын Их Хурлын гишүүдээс Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүргийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсгийн үйл ажиллагааны явцад хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн хэрэгжилтийн асуудлаар сонсгол явуулах хүсэлт, Хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулах санал гаргаж байсны дагуу Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг Байнгын хороо 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулсан болохыг мөн мэдээлэв.
Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Хууль зүйн байнгын хорооны үйл ажиллагааны талаарх тайлан мэдээллээ танилцуулсны дараа Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар ирэх хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын талаар мэдээлэл өгсөн юм.
Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг тэрбээр онцоллоо. Хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг ахалж ажиллаж байгаа юм. Нийтийн ашиг сонирхлыг хохироосон, хохироож болзошгүй нөхцөл байдал, үйлдлийн талаар эрх бүхий байгууллагад мэдээлэл өгөх, өргөдөл, гомдол гаргах, тайлбар өгөхийг шүгэл үлээх гэж томьёолон, нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээх нөхцөлийг бүрдүүлэх, шүгэл үлээгчийг дэмжих, хамгаалах, урамшуулах, шүгэл үлээгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шинжтэй аливаа үйлдлээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг асуудлыг хуулийн төсөлд тусгажээ.
Түүнчлэн торгох шийтгэлийн хэмжээг дээд, доод хязгаартай тусгах, зөрчилд тооцож байсан зарим төрлийн үйлдэл буюу хулгайлах, хөрөнгө завших, бэлгийн дарамт учруулах, алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө завших зэрэг үйлдлийг Зөрчлийн хуулиар шийтгэдэг бус, гэмт хэрэгт тооцож Эрүүгийн хуульд шилжүүлэн тусгах, зөрчлийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, нэн даруй арилгах боломжтой, ноцтой үр дагавар гаргаагүй, хохирол учраагүй бөгөөд эрх бүхий этгээдийн албан шаардлагын хүрээнд арилгах боломжтой зөрчлүүдийг зөрчилд тооцох үйлдлээс хасах зэрэг зохицуулалтыг тусгасан Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг ирэх хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж байгаа аж. Энэ хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар ахлан ажиллаж байгаа юм байна.
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг ирэх чуулганд үргэлжлүүлнэ гэдгийг Д.Цогтбаатар гишүүн хэллээ. Хуулийн төслийн хүрээнд олон өөрчлөлтүүд орж байгаа бөгөөд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийг зөрчих тохиолдолд оногдуулах хариуцлагыг чангатгаж, нарийвчилж, боловсронгуй болгож байгаа, холбогдох ажлын хэсгийг Ц.Мөнхцэцэг гишүүн ахалж ажиллаж байгаа гэв.
Д.Цогтбаатар гишүүн үргэлжлүүлэн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг онцолж, холбогдох мэдээллийг өгсөн юм. Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа нарын 19 гишүүний өргөн мэдүүлсэн төслөөр, 200 гаруй иргэний гомдол, хүсэлтийн дагуу улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн гэж үзэж байгаа этгээдийг цагаатгуулах тухай гомдлыг хүлээн авах хугацааг сунгаж, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр болгох юм байна. Үүний зэрэгцээ хүнийг хилс хэрэгт холбож, хэлмэгдүүлсэн хүмүүст хариуцлага тооцдог байх хуулийн төслийн талаар санал гаргаснаа Д.Цогтбаатар гишүүн мэдээлсэн. Хилс хэрэгт холбогдсон хүн нас барсан хэдий ч асуудлыг сөхөж, цагаатгуулах хүсэлт байдаг. Тэгвэл хүнийг хилс хэрэгт хамруулж, хэлмэгдүүлдэг үйлдлийг таслан зогсоох зорилгоор яг ижил зарчим үйлчилж байх нь зүйтэй хэмээн үзэж буйгаа илэрхийллээ.
Ийнхүү хэвлэлийн хурлын төгсгөлд Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.