Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ өнөөдөр (2024.04.18) Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Монгол Улсын Их Хурлын 2020 оны 05 сарын 13-ны өдрийн 52 дугаар тогтоолоор баталсан "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт “Эрүүл, идэвхтэй амьдралын хэв маяг ... ” зорилтыг дэвшүүлсэн бөгөөд “Идэвхтэй амьдралын хэвшилтэй иргэн, гэр бүлийг дэмжиж, биеийн тамир, спортын ээлтэй орчныг бүрдүүлэх”-ийн тулд 2021-2030 онд Биеийн тамир, спортын чанар, хүртээмжтэй, үр дүнтэй тогтолцоог бүрдүүлэх тухай заасан.
“Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 12 дугаар тогтоолд Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгасан. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Хүн амыг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, эрүүл амьдрах зан төлөвт насан туршийн дадал олгох зорилго бүхий биеийн тамир, спортын хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх төр, хувийн хэвшлийн түншлэлд суурилсан нээлттэй, уян хатан тогтолцоог үндэсний хэмжээнд бүрдүүлнэ” гэж заасан нь Биеийн тамир, спортын тухай хуулийг үзэл баримтлалын түвшинд эргэн харах, шинэчлэх шаардлага бий болсон.
Үндэсний статистикийн хорооноос 2019 онд зохион байгуулсан Цаг ашиглалтын судалгааны үр дүнгээс үзвэл Монгол Улсын Хэмжээнд 12-оос дээш насны хүн амын хувьд дунджаар өдөрт 6 минутыг биеийн тамир, спортоор хичээллэхэд зарцуулжээ. Монгол Улсын 15-69 насны нийт хүн амын 31 хувь нь илүүдэл жинтэй, 18.5 хувь нь таргалалттай гэсэн судалгааны дүн гарчээ. Илүүдэд жин, таргалалт залуусын дунд эрчимтэй нэмэгдэх хандлага ажиглагдаж, 15-35 насанд 2.3-2.5 дахин нэмэгдсэн байна. Харин 35-69 насны арван хүн тутмын зургаа нь илүүдэл жин, таргалалттай болжээ.
Иймд Биеийн тамир, спортын тухай хуулийг шинэчлэн найруулж, 8 бүлэг, 41 зүйлтэй байхаар боловсруулсан байна. Уг хуулийн төслийн зорилгыг биеийн тамир, спортоор дамжуулан бие бялдрын төдийгүй сэтгэл, оюуны болон олгох, идэвхтэй хөдөлгөөн, амьдралын зөв дадал хэвшлийг дэмжих, биеийн тамир, спортын удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлоход оршино гэж заасан. Урьд өмнөх хуулийн зорилгоос ялгаатай зүйл нь “бие бялдрын төдийгүй сэтгэл, оюуны боловсрол олгох” болон “зөв дадал хэвшлийг дэмжих” гэж заасан нь сүүлийн 10 жилийн хугацаанд дэлхий даяар өрнөж буй биеийн тамир, спортоор
хичээллэх орчин нөхцөлийг сайжруулах, иргэдийнхээ хэрэгцээнд нийцүүлэх, бие бялдар болон оюун санааны хувьд эрүүл, хөдөлмөрийн өндөр бүтээмжтэй иргэний тоог нэмэгдүүлэх чиг хандлагыг Монгол Улсад хуульчлах боломжийг нээхийг зорьсон байна.
Улс үндэстний эрүүл чийрэг байх нь хувь хүний өөрийн эрүүл мэндийг сахин хамгаалах үүрэг, оролцоо хамгаас чухал болохыг тодорхойлж, эрх үүргийг зохицуулж, хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд “Иргэн, гэр бүлийн эрхэмлэх зүйл”-ийг шинээр нэмж тусгажээ.
Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг тул гэр бүлийн хүрээнд биеийн тамир, спортын талаар дараах хандлагыг эрхэмлэвэл зохих хэм хэмжээг томьёолон шинэчилсэн найруулгын төслийн 5 дугаар зүйлд тусгасан байна.
Биеийн тамир спортын салбарын ёс зүйн зарчим, хэм хэмжээг тодорхойлох, нийгэмд хүмүүнлэг боловсролын үлгэр дуурайллыг биеийн тамир, спортын салбар манлайлан оролцох, ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн бол хариуцлага хүлээж байх зохицуулалтыг оруулжээ.
Одоо хүчин төгөлдөр дагаж мөрдөж байгаа хуулиар биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага эдийн засаг, санхүүжилтийн зохицуулалтыг төвлөрсөн төсвийг захиран зарцуулах эрхийн хэмжээнд батлуулж аймаг дүүрэгт хуваарилдаг зарчмаар явж байгаа боловч удирдлага, хүний нөөцийн асуудлыг тухайн аймаг, нийслэлийн удирдлага өөрийн эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэдэг холимог тогтолцоотой байна. Харин хуулийн шинэчилсэн найруулгад биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага удирдлага, зохион байгуулалтын асуудал буюу аймаг, нийслэлийн биеийн тамир, спортын хорооны даргыг томилж, чөлөөлөх босоо удирдлагын тогтолцоонд шилжихээр тусгасан гэдгийг хуулийн төсөл санаачлагч онцоллоо.
Мөн спортын салбарын албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр бусад салбаруудын ижил зарчмаар 5 жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс олгохоор тусгажээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.