Хуралдаанаар Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутгийг Түүхэн аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх төлөвлөгөө, Их хуралдай цогцолборын менежмент, тогтвортой байдлыг хангах төсөлтэй танилцаж, эрдэмтэн судлаачдын саналыг сонсон хэлэлцлээ. Монгол Улсын ардын багш С.Дулам, академич С.Чулуун нар “Монголын Их орд өргөөний түүх, соёл, шинжлэх ухааны ач холбогдол, “Чингис хаан ба монголчуудын үнэт зүйл” сэдвээр илтгэл тавьж, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Б.Золбадрал Түүхэн аялал жуулчлалын бүсийг хөгжүүлэх төлөвлөгөөг танилцуулав. Монгол Улсын баялаг түүх, Их Эзэн Чингис хааны үнэт өв, нүүдэлчин соёлын онцлогт тулгуурлан дэлхийд танигдсан аялал жуулчлалын бүс бий болгоно гэж үзэж байна. Зүүн бүсийн гурван аймаг дархан цаазат газар, байгалийн цогцолбор газрууд олонтой түүх, соёл, байгаль, ан амьтны хосолмол аялал жуулчлал, түүхийн дурсгалт газрын бүтээн байгуулалтууд хийгдсэн зэрэг давуу талтай. Иймд Монгол Улсын түүхэн үеүдийг харуулсан сэдэвчилсэн парк байгуулахад олон улсын компаниудтай хамтран ажиллах, хил орчмын аялал жуулчлалд зориулсан үндэсний соёл, наадам сурталчлах үйл ажиллагааг хөгжүүлэх, түүхэн маршрутаар явган, морин, морин тэрэг, тэмээ, сарлаг, автомашин хосолсон аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэх боломжтойг танилцууллаа. Авто зам, эрчим хүчний дэд бүтэц хангалттай биш, аялал жуулчлалын үйлчилгээний салбарын хөгжил сул, жуулчид зорин очиход хүндрэлтэй, шууд нислэггүй зэрэг асуудалд анхаарал хандуулах шаардлагатайг хэллээ.
Их хуралдай цогцолбор нь гадаад, дотоодын жуулчдад Их эзэн Чингис хааны түүх, соёлыг сурталчилж, таниулахаас гадна Цонжин болдог, Хар зүрхний хөх нуур, Бурхан халдун, Хэрлэнгийн хөдөө арал, Балданбэрээвэн хийд, Рашаан хад, Өглөгчийн хэрэм, Дуурилаг нарс, Монгол хатдын өргөө, Дэлүүн болдог, Чингис хааны гэрэлт хөшөө хүртэлх түүхэн аялал жуулчлалын дурсгалт газруудын холбоос болсон чухал маршрут дээр оршиж байгаагаараа онцлогтой. Уг цогцолборт Чингис хааны байгуулсан төрийн сүлд шүтээн болох есөн хөлт Цагаан туг, Их хааны ургийн наран тамга, Гүег хааны тамганы дардас Их Хуралдай хуралдах үеийн хаад, язгууртнуудын ордонд байрлан суух дэг ёсыг харуулсан зохиомж бүхий исэр сандал, туг хиур, хүндэтгэлийн орон зайг бий болгосон төдийгүй хаалга бүрийн дотор Монголын нууц товчоон, Шар тууж, Асрагч нэртийн түүх зэрэг түүхэн тулгар сурвалжийн ишлэлийг монгол бичгээр бичжээ. Мөн байгууламжид нэг ч хадаас ороогүй, углуургадаж босгожээ.