НИЙГЭМ
НИЙГЭМ
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр эхэллээ
Боловсролын үнэлгээний төвөөс 2024 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр БҮТ-ийн дарга Л.Ганбат “Боловсрол, шинжлэх ухааны сайд 2024 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр А-66 дугаар тушаал гаргаж элсэлтийн шалгалтыг зохион байгуулах тухай журмыг баталсан. Журмын үндсэн агуулга нь элсэлтийн шалгалтыг хэрхэн яаж зохион байгуулах, олон улсын шалгалтын оноог хэрхэн дүйцүүлэх, 2024, 2025 онд элсэлтийн шалгалт хэрхэн зохион байгуулах, цаашид 2026 оноос эхлэн ямар аргачлал, зохион байгуулалттайгаар явуулах талаар тусгасан. Хуучин элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулах журмыг Боловсролын үнэлгээний төвийн захирлын тушаалаар баталдаг байсан бол өнгөрсөн онд батлагдсан Боловсролын багц хуулинд тусгагдсаны дагуу холбогдох журмыг тус салбарын сайд баталдаг болсон.Сайдын баталсан энэ журмыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Боловсролын үнэлгээний төвийн захирлын тушаалаар шалгалт зохион байгуулах тухай удирдамжийг гаргасан. Энэ жилийн хувьд нийтдээ ерөнхий боловсролын сургуулийн арванхоёрдугаар ангийг 35485 суралцагчид сурч төгсөж байна. Нийт төгсөгчдийн 18653 нь орон нутгийн, 16832 нь нийслэлийн суралцагчид байна. Үүн дээр өмнөх оны төгсөгчид нэмэгдэж ордог. Өнгөрсөн жилийн дунджаас харахад 5-6 мянга орчим өмнөх оны шалгуулагчид нэмэгддэг. Энэ жил элсэлтийн шалгалтад 40 мянга орчим шалгуулагч хамрагдана гэсэн урьдчилсан тооцоолол гаргаж, үйл ажиллагааг зохион байгуулж байна. Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу элсэлтийн шалгалт өгөхөөр бүртгүүлсэн бүх шалгуулагчдаас монгол хэл, бичгийн шалгалт заавал өгдөг. Монгол хэл, бичгийн шалгалтын үндэсний хэмжээний босго оноо 400 байна. Шалгуулагч нь “Монгол хэл бичгийн шалгалт”-ын босго онооны болзол хангаагүй ч бусад элсэлтийн шалгалтыг өгч болно. Харин босго онооны болзол хангаагүй тохиолдолд тухайн жилдээ дотоодын их дээд сургуульд боломжгүй байдаг " гэв. Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдрөөс эхлэн /2024.02.19/ ирэх сарын 15-ны /2024.03.15/ 18 цагт дуусах бөгөөд 2024 оны 04 дүгээр сарын 6-ны өдрийн 10:00 цагт улсын хэмжээнд нэгдсэн байдлаар шалгалт авах юм.Шинээр мөрдөгдөж буй Боловсролын ерөнхий хуульд Элсэлтийн ерөнхий шалгалт гэх нэршлийг өөрчлөн “Элсэлтийн шалгалт” болжээ.Энэ жилийн Элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр эхлэн /2024.02.19/ 04 дүгээр сарын 26-ны 18:00 цагт дуусна. Элсэлтийн шалгалтыг хуучин зарчмаараа буюу монгол хэл, англи хэл, физик, математик, орос хэл, биологи, түүх, нийгэм судлал, газар зүй, хими гэсэн 10 хичээлээр авна. Тухайн суралцагч аль сургуульд, ямар мэргэжил, хөтөлбөрөөр элсэхээс хамаарч хамгийн багадаа хоёр, ихдээ 10 хичээлийг өөрийн хүссэнээр сонгож өгөх боломж нээлттэй ажээ. Нэг хичээлийн шалгалтын бүртгэлийн хураамж 5800 төгрөг байх талаар хурлын үеэр мэдээлэв.Хөгжлийн бэрхшээлтэй иргэд шалгалт өгөхдөө бүртгэлийн хугацаанд холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн суралцаж буй сургуульдаа, эсвэл БҮТ-д хандан хүсэлтээ гаргах бөгөөд тухайн иргэний хөгжлийн хэрэгцээ шаардлагад тохируулан тусгайлан бэлтгэсэн анги танхимд даалгаврын агуулга, цагт зохицуулалт хийж шалгалтын тусгай орчин бүрдүүлж авах талаар журам болон удирдамжид тусгайлан зааж өгчээ.Мөн олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг хөтөлбөрүүдийн шалгалтын үнэлгээг элсэлтийн шалгалтын үнэлгээтэй дүйцүүлнэ. Дүйцүүлэх хүсэлтийг 2024 оны 03 дугаар сарын 1-нээс 05 дугаар сарын 31-ний хооронд БҮТ-ийн сайтаар дамжуулаж хүлээж авах юм байна.
2024/02/19
1005
НИЙГЭМ
Өнгөрсөн долоо хоногт 196 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.02.12-18/ нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн 92 суманд аюулт үзэгдэл, ослын 196 удаагийн дуудлага бүртгэгдлээ.Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 5 хүн нас барж, 5 хүн гэмтэж бэртсэн байна.Нийт дуудлагын 60 нь гал түймэр, 126 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 2 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, 8 нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, 2 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна.
2024/02/19
446
НИЙГЭМ
Хаваржилт хүндэрсэн аймаг, сумдад өвс, тэжээл хүргэх тусламжийн цуваа хөдөллөө
Улсын хэмжээнд хаваржилт хүндэрч, нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүл тогтоод байна. Цаг уурын байгууллагаас гаргасан зудын үнэлгээгээр энэ сарын 10-ны байдлаар нийт 20 аймгийн 190 сум, нийслэлийн хоёр дүүрэгт нөхцөл байдал хүндрээд байна. Засгийн газраас хаваржилт хүндэрч, зудын байдалтай болсонтой холбогдуулж өнгөрсөн долоо хоногт гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Хаваржилт хүндэрсэн аймаг, сумдад хүргэх өвс, тэжээл ачсан тусламжийн цуваа өнөөдөр хөдөллөө. Хаваржилт хүндэрсэн аймаг, сумдад тусламж үзүүлэх Шуурхай бүлгүүдийг Засгийн газрын шийдвэрээр байгуулсан, сайд нар ахлан ажиллаж байна. Шуурхай бүлгүүд нь өвс тэжээл, түлш шатахуун, хоол хүнсний тусламж хүргэх үйлчилгээг үзүүлэхээс гадна хаагдсан зам давааг нээх, зам гаргах зэрэг ажлыг гүйцэтгэж байна. Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагаас нийт 1800 алба хаагч, 434 техниктэйгээр цасанд боогдсон 23,451 км зам, давааны зорчих хэсгийг чөлөөлөх, 669 өрх айлд өвс, тэжээл, нүүрс хүргэсэн, одоо зам, гарц хаагдсан 13,573 малчин өрх рүү 38,444 км зам гаргах ажлыг зохион байгуулж байна. Улсын хэмжээнд зургаан аймгийн 23 суманд “төмөр буюу шилэн зуд”-ын, 17 аймгийн 88 суманд“цагаан зуд”-ын, 17 аймгийн 79 сум, нийслэлийн хоёр дүүрэгт “цагаанаар зудархуу” байна.Энэ сарын 15-ны өдрийн байдлаар нийт 611,924 толгой мал хорогдоод байна. Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Архангай, Дорнод зэрэг аймагт малын хорогдол хамгийн их байна. Засгийн газар хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор гурван үе шаттай арга хэмжээ авахаар төлөвлөн ажиллаж байна.1. Улсын нөөцөд байгаа 6,000 орчим тонн өвс тэжээл, орон нутгийн нөөцөд байгаа 20,000 орчим тонн өвс тэжээлийг нэн хүнд нөхцөлд байгаа сум, багт хүргэх,2. 14-21 хоногийн дараа нийт малчдад хүчит тэжээл, буудай, тэжээлийн будаа хүргэх.3. Дараагийн шатны арга хэмжээг ирэх гурав, дөрөвдүгээр сард авч хэрэгжүүлж, малчдад гурил, будаа, хүнс хүргэнэ. Мөн гурил, тэжээл зэрэг импортын зарим барааны татварыг хөнгөлөх тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн барьж, шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.
2024/02/19
512
НИЙГЭМ
Улсын хэмжээнд нийт 667.841 толгой мал хорогджээ
Нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүлтэй, зарим газартаа 100 см хүртэл зузаан цастай. Увс, Өвөрхангай, Сүхбаатар, Дундговь, Дорноговь аймгийн 21 суманд төмөр буюу мөсөн зудын нөхцөл үүссэн.Улсын хэмжээнд 2 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар 667.841 толгой мал хорогдсон бөгөөд Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Архангай, Дорнод аймгууд хамгийн өндөр хорогдолтой байгаа юм.Оны эхний нийт малын тоотой харьцуулахад улсын дундаж 1%, Сүхбаатар аймаг 5.3%, Хэнтий 2.8%, Дорноговь аймаг 3.6%, буюу хэвийн хорогдлын хэмжээнээс давсан байна.
2024/02/19
440
НИЙГЭМ
ЭХЭМҮТ: Хүүхдийн эндэгдэл, зүрхний өвчнийг бууруулахад НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарна
НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Куоасси Комлан Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ажиллаж, энэ онд хийж хэрэгжүүлэх ажил, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Алтантуяа “Хүүхдийн сангийн хөрөнгө оруулалтаар хийж буй хүчилтөрөгчийн үйлдвэр ашиглалтад ороход манай төв хүчилтөрөгчийн нэгдсэн системд бүрэн холбогдох боломжтой болох юм. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан өргөтгөлийн хоёр барилга ашиглалтад ороход бэлэн болоод байна. Бид цаашид эмнэлгийн үйл ажиллагааг үйлчлүүлэгч төвтэй болох зорилт тавьсан” хэмээн төвийнхөө үйл ажиллагааны талаар танилцуулсан. Төвийн үйл ажиллагаатай танилцсан Хүүхдийн сангийн төлөөлөгч Эваристе Куоасси Комлан “Олон улсын хүүхдийн хавдрын эсрэг өдөр тус төвийн үйл ажиллагаатай танилцаж, энэ онд хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөн ярилцаж байгаадаа баяртай байна. Бид энэ онд тус төвтэй хамтран нярайн эрт илрүүлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх, эх, хүүхдийн эндэгдлийн бууруулах, хүүхдийн зүрхний өвчнийг бууруулах чиглэлээр хамтран ажиллахаар ярилцлаа. Мөн хүчилтөрөгчийн үйлдвэр шинээр байгуулахаар ажиллаж байна.Бид өнгөрсөн хугацаанд эмч, эмнэлгийн ажилтныг сургах, чадавхжуулах чиглэлээр хамтран ажилласан туршлагатай. Энэ ажлаа ч мөн үргэлжлүүлнэ. ЭХЭМҮТ нь эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах маш сайн системийг бий болгосон учраас бид хамтран ажиллахдаа баяртай байдаг” хэмээсэн юм. Тэрбээр мөн иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх чиглэлд анхаарч амны хөндийн эрүүл мэнд буюу хүүхдийн шүдний өвчлөлийг бууруулах зорилгоор цогц ажлыг хийж байгааг дуулгалаа. Үүнээс гадна өсвөр насны хүүхдүүдийн эрүүл мэнд, тэдэнд бэлгийн боловсрол олгох, зам тээврийн ослын улмаас хүүхэд гэмтэж бэртэх тохиолдлыг бууруулах чиглэлд холбогдох газруудтай хамтарч ажиллана гэдгээ ч хэлсэн. Хамтын ажиллагааны үр дүнд олон нийтэд мэргэжлийн түвшинд мэдээлэл хүргэх боломжтой болно гэдгийг талууд онцолж байлаа. Суурин төлөөлөгч Эваристе Куоасси Комлан тус төвийн Цусны эмгэг, хавдар судлалын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдэд сэтгэлийн дэм үзүүлж, хавдрыг ялан дийлсэн баатруудад баяр хүргэв.НҮБ-ын Хүүхдийн сан нь Монгол Улсын Засгийн газрын захиалгаар ДЭМБ болон бусад олон улсын байгууллагатай хамтран хүүхдийн хавдрын эмийг худалдан авч, нийлүүлэх ажлыг зохион байгуулж, хавдартай хүүхдүүдэд зориулсан сургалтын болон хими эмчилгээний өрөөг иж бүрэн тохижуулж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах ажилд дэмжлэг үзүүлж байгаа юм.
2024/02/19
440
НИЙГЭМ
Хавдраар өвчилсөн хүүхдүүд сургалтын танхимтай боллоо
Хүүхдийн хорт хавдартай тэмцэх олон улсын өдрөөр Эх, Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв(ЭХЭМҮТ) НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр хавдартай хүүхдүүдэд зориулсан сургалтын танхимтай болж нээлтийг нь хийлээ.Дэлхий нийтээр “Хүүхдийн хорт хавдартай тэмцэх олон улсын өдөр”-ийг хүүхдийн хавдрын талаарх олон нийтийн ойлголтыг сайжруулах, хорт хавдрыг даван туулагчид, асран хамгаалагчдын бие болон сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл зан үйлийг нь дэмжин төлөвшүүлэх зорилгоор 2002 оноос тэмдэглэж эхэлсэн. Монгол Улс энэ өдрийг 2017 оноос тэмдэглэж байгаа юм.Хавдраар өвчилсөн хүүхдүүдийн эмчилгээний явц удаан байдаг тул хичээлээс завсардах, хоцрогдох, үүнээс үүдэн гадуурхалд өртөх явдал цөөнгүй гардаг тул энэхүү сургалтын танхимыг байгуулж, нийслэлийн Баянгол дүүргийн Насан туршийн суралцахуйн төвтэй хамтран хүүхдүүдэд хичээл заахаар болсныг ЭХЭМҮТ-ийн Цусны эмгэг, хавдар судлалын тасгийн эрхлэгч Б.Батдулам хэлж байлаа.Тэрбээр НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр байгуулсан Мэдээлэл, сургалтын танхим ашиглалтад орсноор хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдэд монгол хэл, математик, англи хэл, дуу хөгжим, дүрслэх урлаг зэрэг хичээлийг заах бөгөөд сургуулийн өмнөх боловсролоос эхлэн ерөнхий боловсролын 12 дугаар ангийн сурагч хүртэл сургалтын төвөөр үйлчлүүлэх боломжтойг онцолсон. Мөн “Хавдрын оноштой хүүхдүүдийн дархлаа сул байдаг учраас халдварт өртөмтгий байдаг тул анги хамт олноосоо заавал тусгаарлагдах шаардлагатай болдог. Тиймээс бид эмчлүүлж буй хүүхдүүдийнхээ боловсролыг тасралтгүй олгох зорилгоор энэхүү ажлыг эхлүүлж байна. Хүүхдүүдэд хичээл заах багш нарыг шинжилгээнд хамруулсан. Энэ нь хүүхдүүдийг эрсдэлээс хамгаалах нэг арга юм” гэж байв.Насан туршийн суралцахуйн төвийн захирал Б.Гэрэлгуа “ЭХЭМҮТ-өөс тавьсан саналыг бид маш дуртайгаар хүлээн авч, хавдар гэх хүнд өвчнөөр өвчилсөн хүүхдүүдэд боловсролыг тасралтгүй олгох зорилгоор байнгын хөтөлбөр гаргаж, долоо хоног бүрийн мягмар, пүрэв гаригт сургалт явуулахаар болсон. Манай төвөөс хөгжүүлэх сургалт, ЕБС-ийн хөтөлбөрт тавигдсан сургалтуудыг орохоос гадна өсвөр насны хүүхдүүдэд мэргэжил сонголт, сэтгэл зүйчийн зөвлөгөө өгөх зэрэг ажлыг хийнэ. Эмнэлгийн дэргэдэх анхны сургалтын танхим өнөөдөр ашиглалтад орж, хичээлийн жилийн анхныхаа хонхыг цохилоо. Багш нар бид өөрсдөө эрүүл байх ёстой учраас энэ тал дээр мөн анхаарч байна” хэмээлээ.Сургалтын танхимын нээлтийн үеэр уламжлал ёсоор хорт хавдрыг даван туулсан хүүхдүүдэд “Эрэлхэг баатар” медаль гардуулан баярын хонх цохих ёслол болов.Ёслолын арга хэмжээнд ЭХЭМҮТ, “Аргун” ХХК, Баянгол дүүргийн Насан туршийн суралцахуйн төвийн удирдлага, багш, эмч, мэргэжилтнүүд, хавдрыг даван туулсан болон эмчлүүлж буй хүүхдүүд, тэдний асран хамгаалагч нар оролцлоо гэж Эрүүл Мэндийн Яамнаас мэдээлэв.
2024/02/19
449
НИЙГЭМ
2024 оны БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл зохион байгуулах мэдээлэл
2024,ОНЫ БНСУ-Д АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙН СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ МЭДЭЭЛЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.
2024/02/19
660
НИЙГЭМ
Ч.Сугармаа: 2024 онд Улиастай-Алтай, Улаангом-Ховд чиглэлийн автозамын барилгын ажил эхэлнэ
Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлого, зохицуулалтын газрын дарга Ч.Сугармаатай ярилцлаа.-Өнгөрсөн 2023 онд авто замын салбарт хийсэн бүтээн байгуулалтуудыг дурдвал?-Өнгөрсөн жилүүдэд олон улсын чанартай авто замын сүлжээний уртыг 14.921 км болгож нэмэгдүүлсэн. Олон улсын АН-4 чиглэлийн 742 км замыг хатуу хучилттай авто замыг шинээр барьсан. Завхан аймгийн Загастайн давааны замыг ашиглалтад оруулснаар Монгол Улсын 21 аймгийн төв нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдсон. -2024 онд авто замын салбарт хийх онцлох ажил?-Монгол Улсын 21 аймаг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбогдсоноор Мянганы замын төслийн их бүтээн байгуулалт дууссан.Монгол Улсын Засгийн газраас баталсан Шинэ сэргэлтийн таван тойрог төслийн хүрээнд аймгийн төвүүдийг хооронд нь, аймгийн төвийг хилийн боомттой, сумдыг хооронд нь хатуу хучилттай авто замаар холбоно.Тухайлбал, Улиастай-Алтай чиглэлийн 198 км, Улаангом-Ховд чиглэлийн 163 км авто замын барилгын ажил 2024 онд эхэлнэ.Манай улсын 330 сумын 107 нь нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбогдсон. Энэ онд 44 сумыг хатуу хучилттай авто замаар холбоно.Зам барих нэг хэрэг. Ээлжит, урсгал, их засварыг тогтмол хийх нь бас чухал. Дэлхийн банкны санхүүжилтээр 361 км авто замын засвар арчлалт, 8 гүүрэнд их засвар хийнэ-Тодруулбал, аль аймгийн авто замд засвар хийх вэ?-Өвөрхангай, Баянхонгор чиглэлийн авто замд хэсэгчлэн засвар хийнэ. Мөрөн, Дорнод аймгийн 50 км замд их засвар хийнэ.
2024/02/19
495
НИЙГЭМ
Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс ирүүлсэн саналыг хэлэлцэв
Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/13 дугаар тушаалаар Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалд нийцүүлэн хуулийн төсөл боловсруулах, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх иргэн, хуулийн этгээдийн төлөөлөл, олон нийтээр төслийг хэлэлцүүлэхэд дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсгийг байгуулсан.Уг ажлын хэсэг (2024.02.16) хуралдаж, хуулийн төсөлд харилцаа холбооны сүлжээ, үйлчилгээ эрхлэгч байгууллагуудаас ирүүлсэн саналыг хэлэлцэв.
2024/02/19
371
НИЙГЭМ
5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
2024 оны 02 дугаар сарын 17-ноос 2024 оны 02 дугаар сарын 21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 17-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд нутгийн зүүн хагаст, 19-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 20-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 17-нд ихэнх нутгаар, 18-нд говь, талын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 17-ноос ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -40...-45 градус, өдөртөө -25...-30 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -34...-39 градус, өдөртөө -21...-26 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -8...-13 градус, бусад нутгаар шөнөдөө -26...-31 градус, өдөртөө -16...-21 градус хүйтэн байна.
2024/02/18
594
НИЙГЭМ
Төөрсөн сураггүй болсон 39 иргэнийг эсэн мэнд олж, цасанд суусан 230 иргэний аюулгүй байдлыг хангалаа
Онцгой байдлын байгууллагад өнгөрсөн хоногт буюу 17-нд Ховд аймгийн Алтай, Үенч, Булган, Мөст Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Түмэнцогт, Сүхбаатар, Дундговь аймгийн Дэлгэрцогт, Өлзийт, Цагаандэлгэр, Сайнцагаан, Адаацаг, Баян-Өлгий аймгийн Булган, Хэнтий аймгийн Бор-Өндөр, Дорнод аймгийн Чойбалсан, Өмнөговь аймгийн Ханхонгор, Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Төв аймгийн Сэргэлэн зэрэг 9 аймгийн 18 суманд 42 иргэн цасан шуурганд төөрсөн, сураггүй болсон дуудлага бүртгэгдлээ.Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 39 иргэнийг эсэн мэнд олж, Ховд аймгийн Алтай, Дорнод аймгийн Чойбалсан суманд нийт 3 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.Мөн нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэг, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан, Завхан аймгийн Отгон, Архангай аймгийн Ихтамир, Хангай, Булган аймгийн Бүрэгхангай, Говь-Алтай аймгийн Цогт, Есөнбулаг, Дундговь аймгийн Сайнцагаан, Төв аймгийн Баяндэлгэр, Эрдэнэ, Лүн, Мөнгөнморьт, Батсүмбэр, Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Сүхбаатар аймгийн Халзан, Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Өмнөговь аймгийн Ханхонгор, Дундговь аймгийн Дэрэн, Сайнцагаан, Гурванзагал, Дорнод аймгийн Хэрлэн суманд нийт 27 удаагийн автомашинтайгаа цасанд суусан дуудлагаар ажиллаж, 230 иргэний аюулгүй байдлыг хангаж, 81 тээврийн хэрэгслийг татан гаргалаа.
2024/02/18
483
НИЙГЭМ
Авто зам, замын байгууламжуудыг нээлээ
Хүчтэй цасан шуурганы аюулт үзэгдлийн улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ЗТХС-ын тушаалаар 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 18:00 цагаас өнөөдөр буюу 02 дугаар сарын 18-ны өдрийн 11:00 цаг хүртэл дараах газруудад автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоосон байсныг нээлээ.А0301 дугаартай Улаанбаатар-АрвайхээрА0201 дугаартай Улаанбаатар-МандалговьА0202 дугаартай Мандалговь-Даланзадгад А0501 дугаартай Улаанбаатар-ӨндөрхаанА0502 дугаартай Өндөрхаан-ЧойбалсанА2001 дугаартай Өндөрхаан-Баруун-Урт чиглэлийн авто зам, замын байгууламж хэвийн үргэлжилж байна.Хэдийгээр замын хөдөлгөөнийг нээсэн ч ихэнх нутгаар хүйтэн, авто зам хальтиргаа гулгаатай байгаа тул аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.
2024/02/18
484
НИЙГЭМ
Төөрсөн хүү хонин дундаа дулаацаж хоносноор эсэн мэнд олджээ
Завхан аймгийн Баянхайрхан сумын Асгат багийн малчин Ганбаатарын 14 настай Бямбацогт хүү 2024 оны 2 сарын 11-нд буюу шинийн хоёрны үдээс хойш 16 цагт малдаа явж 2 сарын 12-ны өглөөний 11 цаг хүртэл -25-35 хэмийн хүйтэнд, малтайгаа цасан шуурганд уруудан, сураггүй алга болжээ. Завхан аймгийн хойд сумдаар зам харгуй хаасан, цас зуд ихтэй тул Сонгино сумын Онцгой байдлын алба хаагчид Сүүжин булаг 20 орчим км-ын цаана , Тэс сумын ОБГ-ын алба хаагчид Зээрэнгийн дөрөлж 70 км цаана ирж шөнөжин цас ухаж ажилласан байна.Бямбацогт хүү шуурганд малтайгаа уруудаад шөнө болтол явжээ. Түүний дээл шуурганд норсон хэдий ч мориноосоо буугаагүй тул гутал нь хуурай байж. Шөнө дөл болж даарахад хүү хэрсүү ухаан гарган морио суллаж тавиад хониныхоо голд орж дулаацсан байна. Дулаацаад унтвал болохгүйг мэддэг тул өөрийн хайртай эрхлүүлдэг цэнхэр ямаагаа хажуудаа байлгасан аж. Цэнхэр ямаа нь дуг хийхэд эврээрээ мөргөн сэрээдэг, морь нь ч түүнийг орхиогүй гэнэ. Ар гэрийнхэн, ОБГ-ын алба хаагчид морь нь гүйж ирэхгүй болохоор горьдлого тээж хайсаар л байж. Хайж буй хүмүүс дөхөж ирдэг ч хүү дуугарах гэхээр дуу нь гарахгүй осгосон байжээ. Холч хэрсүү ухаан гарган цасан шуурганд хоног төөрүүлэн өөрийн амь насаа аварсан төдийгүй нэг ч малын гарзгүй гарсан бахдам хүүгийн авхаалж самбаа, тэсвэр тэвчээрийг үнэлэн Монголын Улаан Загалмайн нийгэмлэгийн "Хүмүүнлэг хүүхэд" -ээр шагнаж урамшуулахаар болсон аж.
2024/02/17
914
НИЙГЭМ
Цасны нурангид дарагдсан иргэний цогцсыг оллоо
Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд энэ сарын 12-нд уулын цасны нурангид дарагдсан иргэний цогцсыг нуранги үүссэн газраас 300 метрийн зайд 4 метрийн гүнээс өнөөдөр буюу 17-ны 16:05 цагт оллоо. Эрлийн ажиллагаанд тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа З.Азатаар ахлуулсан Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Хилийн 0165 дугаар ангийн 0135 дугаар салбар, Зэвсэгт хүчний 331, 340 дүгээр анги, аймгийн Цагдаагийн газрын нийт 70 орчим алба хаагч, 3 эрэлч нохой, 10 орчим тусгай зориулалтын автомашинтайгаар оролцсон юм.
2024/02/17
674