mmnews.mn | 2025-06-07

УЛС ТӨР

УЛС ТӨР
Ч.Лодойсамбуу, Х.Нямбаатар нарын сошл мэтгэлцээн
Улаанбаатар хотын иргэдийн хувьд асуудал болоод удаж буй автозамын түгжрэлийг бууруулах чиглэлээр засаг захиргааны зүгээс гаргасан зарим шийдвэрүүд үндсэн хуулиар иргэдийн эдлэх ёстой эрхэд халдлаа хэмээн олон нийтийн бухимдлыг төрүүлээд байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор зарим улстөрчид ч өөрсдийн үзэл бодлоо илэрхийлсээр байгаа. Саяхан УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу өөрийн Х олон нийтийн сүлжээнд холбогдох эрх мэдэлтнүүд рүү чиглэсэн шүүмжлэл бичсэн нь Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын дургүйцлийг ихээхэн төрүүлсэн бололтой. Ингээд тухайн хоёр эрхмийн олон нийтийн сүлжээн дэх мэтгэлцээний зах зухаас сонирхуулья. Ч.Лодойсамбуу: Хүн нь байхгүй бол асуудал байхгүй гэдэг шиг шинээр машин оруулахаа больчихвол түгжрэхгүй юм байна гэдэг бол шийдэл биш залхуурал, мунаглал. Түгжрэлээс салчихсан том хот гэж байхгүй. Яаж багасгаж зохицуулсан бэ гэхээр жишээ нь, 1.Нийтийн тээврийг төрөлжүүлсэн. 2.Нийтийн тээврийг хүртээмжтэй, тохь тухтай болгосон. 3.Боломжтой улиралд дугуй унах, алхах нөхцлийг бүрдүүлсэн. 4.Хотын төвд үнэгүй зогсоолгүй болгосон. Үнэтэй зогсоолд үнэгүй зогсвол торгууль маш өндөр. 5.Торгуулиа төрөөс авах үйлчилгээтэй нь холбох замаар заавал авч шийтгэж байна. 6.Сургууль, цэцэрлэгийн үйлчилгээг иргэддээ ойртуулсан байна. Х.Нямбаатар: Машин импортлохыг хориглосон, эсвэл өмчлөх эрхэнд халдсан, хязгаарласан ямар нэгэн хууль дүрэм, журам Монгол Улсад байхгүй. Шинээр машин худалдаж авах, өөрийн эзэмшлийн дугаарыг хадгалах, шилжүүлэх бүрэн боломжтой зохицуулалт хийсэн. Бээжин, Шанхай, Сингапур гэх мэт томоохон хотууд тухайн хотод зорчих нийт авто машины квот тогтоодог болоод 30 жил болж байна. Улаанбаатар хот 80 мянган машины багтаамжтай байхаар анх төлөвлөгдсөн хэдий ч өнөөдөр 800 мянган машинтай болсон. УИХ-ын гишүүн энэ сэдвээр олон нийтэд мушгин гуйвуулсан ташаа мэдээлэл тарааж, попорч байгаад харамсаж байна. Хуулиа унш.  Ч.Лодойсамбуу: 1. Танай Бээжин, Шанхай, Сингапур машины тоог хязгаарлахын өмнө нийтийн тээвэр, хувийн машин ашиглахгүйгээр хүн хүссэн цэгтээ тээргүй очих нөхцлийг хэрхэн бүрдүүлсэнийг харсан уу? Гудамжаар нь алхаж, нийтийн тээвэрт нь сууж үзсэн үү? Дуураймар аядаж байгаа бол дарааллыг нь зөв тооцож мэдэхгүй бол асууж байгаач очсон газраасаа. 2. Таны санаачилж өмнөх Их хурлаар батлуулсан, авлигыг тувт өөгшүүлэх “Нийслэл Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай” хуулийн 9.1-д “Нийслэлийн тээврийн хэрэгслийн өсөлт, авто замын сүлжээний нягтрал, замын хөдөлгөөний түгжрэлийг харгалзан нийслэл хотод олгох ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ДУГААРТ ХЯЗГААРЛАЛТ ТОГТООНО” гэсэн нь шууд бусаар импортыг хориглосон, хүний оршин суугаа нутагтаа тээврийн хэрэгсэл өмчлөх эрхэд халдаж, хязгаарласан заалт, оролдлого биш үү? Биш бол энэ хязгаарлалт чинь түгжрэлд ямар ч сайн нөлөөгүй юм биш үү? Худлаа ярихаа боль!....гэжээ.  С.Хүслэн
2024/11/19
355
УЛС ТӨР
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх хоёр үйлдвэрийн тендерийг арванхоёрдугаар сард багтаан зарлана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “20 минутын хот” төлөвлөлтийн хүрээнд ирэх жилүүдэд хийх бүтээн байгуулалтын ажлуудынхаа талаар өнгөрсөн бямба гарагт олон нийтэд нээлттэй мэдээлэл өгсөн.Инженерийн дэд бүтцийг сайжруулах хүрээнд 2024-2028 онд нийслэлд лаг хатаах, шатаах үйлдвэр байгуулах, хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх чиглэлд үе шаттай ажлууд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Өнөөдрийн байдлаар Төв цэвэрлэх байгууламжийн ажил дууссан хэдий ч бохир дамжуулах шугам болон лаг хатаах үйлдвэр баригдаагүйн улмаас ашиглалтад орох боломжгүй нөхцөл байдал үүссэн. Иймээс лаг хатаах, шатаах үйлдвэрийг ахиж шинээр байгуулахаас өөр аргагүйд хүрээд буй. Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “Одоогоор манай улс лагийг талбай дээр гарган байгалиар нь хатааж, булж байгаа. Гэтэл бусад орнууд үүнийг лаг шатаах битүү зууханд шатааж, эрчим хүч, хий гаргаж аван, үлдсэнийг нь барилгын материал болгон ашигладаг. Тиймээс эхний ээлжид лаг хатаах, шатаах үйлдвэрийг барихаар төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд тендер зарлана” гэв. Мөн Цагаан даваа, Морингийн давааны төвлөрсөн хогийн цэгт хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэрийн тендерийг арванхоёрдугаар сард багтаан зарлах үүргийг нийслэлийн Засаг даргын хоёрдугаар орлогч А.Амартүвшинд даалгасан байна. Эл үйлдвэрүүд ашиглалтад орсноор төвлөрсөн хогийн цэгүүдийг хаах, цаашлаад хог цуглуулах менежментийг боловсронгуй болгох зэрэг ажлуудыг үе шаттай хийхээр төлөвлөж байгаа аж.
2024/11/19
272
УЛС ТӨР
Хүний эрхийн дэд хорооны гишүүд ХЭҮК-ын үйл ажиллагаатай танилцав
Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд болон Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал нар  (2024.11.18) Хүний эрхийн Үндэсний Комисст ажиллаж, гишүүн тус бүрийн үйл ажиллагаатай танилцав.Тус дэд хороо 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаараа 2024-2025 оны үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг баталсан бөгөөд 19 зорилт бүхий тус төлөвлөөний дагуу энэхүү уулзалтыг зохион байгуулж байгаа юм.Уулзалтын эхэнд дэд хорооны дарга С.Эрдэнэболд “Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан хүн төвтэй үзэл санаа бүхий, нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцсэн, иж бүрэн зохицуулалттай хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх “ГУРВАН ТӨГӨЛДӨРШИЛ”-ийг санаачилж, энэ дагуу Улсын Их Хурал 2024-2028 оны стратеги төлөвлөгөөгөө батлаад байна” хэмээгээд энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Мөн 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр улс орон даяар Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх бөгөөд энэ хүрээнд хүндэтгэлийн хуралдаан тэргүүтэй ёслол хүндэтгэлийн арга хэмжээнүүдийг төлөвлөн ажиллаж байгаа талаар, Хүний эрхийн олон улсын өдрийн хүрээнд зохион байгуулах арга хэмжээний талаар мэдээлэл өгөв.Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо нь хүний эрх, эрх чөлөөний баталгаа, өршөөл, цагаачлал, иргэний харьяаллын бодлогын асуудлыг эрхэлдэг. Энэ чиг үүргийнхээ дагуу Хүний эрхийн Үндэсний Комисстой нягт хамтран, уялдаатай ажилладаг онцлогтойг С.Эрдэнэболд дарга дурдаад өнөөгийн байдлаар Монгол Улсад нэн тулгамдаад буй хүний эрхийн зөрчлүүд, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар зөвлөлдөхөөр энэхүү уулзалтыг төлөвлөн, зохион байгуулж байгаа гэв.Ийнхүү уулзалт эхэлж, тус Комиссын бүрэн эрх, чиг үүрэг, үйл ажиллагааны талаар Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид танилцууллаа. Комисс хуулиар хүлээсэн чиг үүргээсээ гадна Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай зэрэг бусад хуулиар хүлээсэн чиг үүргийн давхардал их байгааг танилцуулж, анхаарах шаардлагын талаар танилцуулсан. Комиссын гишүүд цар тахлын дараахан буюу 2020 онд нээлттэй сонгон шалгаруулалтаар зургуулаа томилогдож байсан бөгөөд тухайн үеэс хойш иргэдээс ирүүлсэн санал гомдол, түүний мөрөөр болон гишүүдийн санаачилгаар хийсэн хяналт, шалгалт, 2021-2024 оны үйл ажиллагааныхаа талаар дэлгэрэнгүй танилцууллаа.Тус Комисс үйл ажиллагаагаа явуулах хугацаандаа Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 илтгэлийг танилцуулсан бөгөөд энэ хүрээнд Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд заасан Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх 18 үндсэн эрх, эрх чөлөөний хэрэгжилтийн талаар илтгэдэг. Нэгтгэн дүгнэхэд ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхийн асуудлыг 23 удаа буюу илтгэл бүр дээр хөндсөн байна. Халдашгүй, чөлөөтэй байх эрхийн хэрэгжилтийн талаар 17 илтгэлд, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийн хэрэгжилтийн талаар 19 илтгэлд дурдагддаг байна. Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн асуудал, иргэний болон улс төрийн эрхийн талаар Монгол Улс анхаарал хандуулах шаардлагатай хэмээв.  Хүний эрхийн Үндэсний Комисс нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт дурдагддаг 10 бүлэг буюу гомдол гаргах боломж хомс, гачигдалд өртдөг, оршин байгаа газрынхаа хувьд, эсхүл боловсролын түвшний хувьд гэх зэрэг нөхцөл байдлаасаа шалтгаалаад гомдол гаргаад, эрхээ хамгаалуулах чадваргүй бүлгийг анхаарч ажиллахын зэрэгцээ өөрсдийн зүгээс сэжигтэн, шүүгдэгч, яллагдагч; хүний эрх хамгаалагч; хэлний цөөнхийн асуудалд онцгой анхаарч ажилладаг гэв.Үргэлжлүүлэн Д.Сүнжид дарга Комиссын бүтэц, орон тооны талаар болон чадавхыг бэхжүүлэх шаардлага, түүнчлэн стратеги зорилтууд, бүс нутгийн болон олон улсын түвшний хамтын ажиллагааны талаар танилцуулж, уулзалтад оролцогчид энэ хүрээнд тодруулга хийж, санал солилцлоо.Дараа нь Комиссын гишүүн бүр тус тусын үйл ажиллагааны талаар мэдээлэл танилцууллаа. Тухайлбал, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн талаар Комиссын дарга Д.Сүнжид, Жендэрт суурилсан хүчирхийллийн талаар Комиссын гишүүн Х.Мөнхзул танилцуулсан юм.Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хүрээнд хөдөлмөрлөх эрхийн зөрчлийн асуудлаар иргэд гол төлөв ханддаг байна. Тулгамдаж буй асуудал нь ажилгүйдэл, ядуурал, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн зөрчил, боловсролын хүртээмж, чанар болон нийгмийн үйлчилгээний асуудал бөгөөд эдгээрийг нэгтгэвэл нийгмийн тэгш бус байдал гүнзгийрч байгаа гэв. Иймд Засгийн газар, Улсын Их Хурал, Хүний эрхийн Үндэсний Комисс болон шийдвэр гаргах бүх түвшиндээ тэгш бус байдлыг бууруулахад анхаарах ёстой гэдгийг Д.Сүнжид дарга тэмдэглэлээ.Комиссын гишүүн Х.Мөнхзул илтгэлийнхээ эхэнд Монгол Улсад гэр бүлийн хүчирхийлэл, хүн худалдаалах, бэлгийн хүчирхийлэл, ажлын байрны дарамт зэрэг жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх хууль эрх зүйн орчин, тогтолцоо бүрдсэн ч хуулийн хэрэгжилт сул байгааг танилцуулсан. Улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэргийн тоо жил ирэх тусам өсөх хандлагатай байгааг дурдаж, онцолж анхаарах шаардлага байгааг танилцуулсан. Энэ төрлийн хүчирхийлэл үйлдэгчид оногдуулж буй хариуцлага гэр бүлийн өвөрмөц онцлог, хэрэгцээнд нийцэхгүй, үр дүнгүй, оновчгүй байгаагийн зэрэгцээ холбогдох хуулиудын хэрэгжилтийг хангахад шаардлагатай хөрөнгийг төсөвт тусгадаггүй зэрэг шалтгааныг дурдсан. Үргэлжлүүлэн тэрбээр энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилд оногдуулж буй хариуцлагыг оновчтой болгож өөрчлөх, шаталсан хариуцлагын тогтолцоог бий болгох хувилбаруудыг танилцуулсан юм. Комиссын гишүүн Х.Мөнхзул, технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийллийн талаар мөн танилцууллаа. Цахим орчинд охид, эмэгтэйчүүдийн эмзэг байдлыг улам нэмэгдүүлсэн дэлхий дахинд шинээр гарч ирж буй сорилт болж байгааг тэмдэглэсэн. Технологийн хурдацтай хөгжил нь жендэрт суурилсан хүчирхийлэл үйлдэх шинэ сувгуудыг нээж, шинэ хэлбэрүүдийг бий болгож байгааг хэлээд 2022, 2023 онд хүүхдийн тусламжийн 108 утсанд “цахим дарамт (цахим дээрэлхэлт гэх мэт)”-д өртөж байгаагаа мэдээлж, бүртгүүлсэн тоо баримтыг танилцуулав. Манай улсын хуульд технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх нэр томьёонууд тусгагдаагүй, нарийвчлан тодорхойлоогүйгээс үүдэн гэмт хэрэгтнүүд ял завших, үргэлжлүүлэн хүмүүсийг хохироох шалтгаан, нөхцлийг бүрдүүлдэг гэв.Хүүхдийн эрх, хамгааллын талаар Комиссын гишүүн Ж.Хунан, Хууль сахиулах үйл ажиллагаан дахь хүний эрхийн асуудлын талаар Комиссын гишүүн Б.Энхболд танилцуулав.Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 илтгэлийн 16-д хүүхдийн эрхийн асуудлыг тусгасан байдаг бөгөөд хүүхдийн тодорхой эрхүүдийг хангах чиглэлээр сүүлийн жилүүдэд ахиц гарц байгаа талаар дурдсан. Комисст ирэх хүүхдийн эрхийн зөрчлийн талаарх гомдол, өргөдлийн тоо нэмэгдэж байгаа гэв. Үргэлжлүүлэн энэ хүрээнд хийсэн хяналт, шалгалтын талаар танилцуулж, сургалт, судалгаа, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 20, 21 дэх илтгэл дэх холбогдох агуулга, зөвлөмжийн талаар мэдээлэл өгсөн. Мөн тэрбээр 2023 онд Комисс, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамтай хамтран явуулсан нээлттэй хяналт шалгалтын талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм. Нэн тэргүүнд хүүхэд хамгааллын чиглэлээрх төсөв, хөрөнгийг шаардлагатай хэмжээнд хуваарилдаггүй, мөн багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч тэргүүтэй хүний нөөцийн хомсдол нь хүүхдийн эрхийн зөрчлийн суурь шалтгаан болдог байна. Түүнчлэн бүртгэл, хяналт хангалтгүй, нийтээрээ хүүхдийн эрхийг хангах, хамгаалах чиглэлд анхаарал хандуулдаггүй, зам тээврийн осол бол бас гэмт хэргийн улмаас нас барж байгаа хүүхдийн тоо, хүний бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн улмаас хохирсон хүүхдийн тоо ноцтой түвшинд байгааг Комиссын гишүүн Ж.Хунан танилцуулав. Хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох, хөгжих эрхийг хангах асуудлыг орхигдуулсан цөөнгүй жишээг тэрбээр дурдаад, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд шаардлагатай төсвийг улсын болон орон нутгийн төсөвт тусгаж байх шаардлагын талаар танилцуулсан.Комиссын гишүүн Б.Энхболд танилцуулгынхаа хүрээнд хууль сахиулах салбар дахь хүний эрх, эрх чөлөөг хангах чиглэлээр ХЭҮК-ын хэрэгжүүлж буй арга хэмжээ, иргэний шударгаар шүүлгэх эрхийн талаар, төрийн цэргийн байгууллага дахь хүний эрхийн асуудлаар мэдээлэл танилцууллаа. Комисс 2020-2024 оны стратегийн баримт бичигтээ хүний эрхэд суурилсан хууль сахиулах ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх зорилтыг дэвшүүлж, холбогдох арга хэмжээг төлөвлөн, хэрэгжүүлж байгаа гэв. Энэ хүрээнд Хууль сахиулах ажиллагаанд дагаж мөрдөж буй хууль тогтоомж, дүрэм, журам болон практик хэрэглээг хүний эрхийн хандлагын үүднээс боловсронгуй болгох, ДХИС-ийн Цагдаагийн сургууль, Ахлагчийн сургууль, Удирдлагын сургууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн хичээлийн хөтөлбөрт хүний эрхийн зарчимд нийцүүлэн дүн шинжилгээ хийсэн, үнэлэх аргачлал боловсруулсан, хөгжүүлэх, багш суралцагчдыг бэлтгэх, цагдаагийн алба хаагчдад хүний эрх, жендерийн тэгш байдлын сургалт зохион байгуулж байгаа гэв. Үргэлжлүүлэн тэрбээр иргэний шударгаар шүүлгэх эрхийн талаар мэдээлэл танилцуулж, ХЭҮК-ын хүлээн авч шийдвэрлэсэн хүний халдашгүй чөлөөтэй байх эрхтэй холбоотой гомдол, мэдээлэл, тэдгээрийн дагуу хийсэн хяналт, шалгалтын талаар танилцуулав. Комисст иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас 2021 онд 1188 гомдол, мэдээлэл ирүүлсний 123 буюу 10,3 хувь, 2022 онд 925 гомдол, мэдээлэл ирүүлсний 67 буюу 7,2 хувь, 2023 онд 685 гомдол, мэдээлэл ирүүлсний 57 буюу 8,3 хувь нь Цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой байдаг байна. Цагдаагийн байгууллагын харьяа газар хэлтэст 2021 онд 25, 2022 онд 3 хяналт  шалгалт хийсэн бол 2023 онд 9 удаагийн урьдчилан сэргийлэх үзлэг хийжээ. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 14 Зөвлөмж, хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох, арилгуулахаар Комиссын гишүүний 5 шаардлагыг хүргүүлжээ.Комисс өнгөрсөн хугацаанд цэргийн дүрмийн бус харьцааны талаар хоёр удаа томоохон судалгаа хийж Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний талаарх 2007 оны 6 дахь илтгэл, 2022 оны 21 дэх илтгэлд тус тус тусгажээ. Цэргийн алба хаагчийн хөдөлмөрлөх эрхийн нөхцөл байдлыг тусгаж, тодорхой санал зөвлөмж бүхий 8 удаагийн суурь судалгааг хийсэн байна. Төрийн цэргийн анги байгууллагад 133 удаа хяналт шалгалт зохион байгуулж илэрсэн хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор 30 удаагийн 80 гаруй заалт бүхий шаардлага, зөвлөмжийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлжээ.Сүүлийн 3 жилийн байдлаар давхардсан тоогоор 3000 гаруй цэргийн алба хаагчдад хүний эрхийн сургалт, соён гэгээрлийн үйл ажиллагаа явуулж, тогтмол ажиллах үүрэг бүхий зэвсэгт хүчний 47 сургагч багшийг бэлтгэсэн гэв. Үргэлжлүүлэн Комиссын гишүүн Б.Энхболд хууль сахиулах үйл ажиллагаан дахь хүний эрхийг хангах чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналаа танилцууллаа.Дараа нь Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн үйл ажиллагааныхаа талаар танилцуулав. Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн үйл ажиллагааныхаа талаар танилцуулсан. Эрүүдэн шүүхийн эсрэг мөрдөн шалгах бие даасан бүтэц байгуулах, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенцын 22 дугаар зүйлд нэгдэж Монгол Улсын иргэн энэ төрлийн гомдол, хүсэлтээ НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хороонд гаргах эрхийг нээх, улмаар эрүүдэн шүүлтийн улмаас хохирсон иргэдийн хохирлыг барагдуулахтай холбоотой зохицуулалтыг сайжруулах, хүний эрх, эрх чөлөөний талаарх мэдлэг мэдээллийг агуулсан үндэсний хэмжээний сургалтын хөтөлбөр боловсруулах шаардлагын талаар танилцуулсан. Түүнчлэн тэрбээр үйл ажиллагааны төсвийн талаар мэдээлэл өгч, саналаа илэрхийлж байв.Комиссын гишүүн бүрийн танилцуулгатай холбогдуулан Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд, Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал нар асуулт асууж, хариулт аван, холбогдох чиглэлээр санал солилцсон юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв. 
2024/11/19
312
УЛС ТӨР
Х.Нямбаатар: Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдийн барилгын ажилд төрийн өмчийн компани оруулахгүй
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “20 минутын хот” төлөвлөлтийн хүрээнд ирэх жилүүдэд хийх бүтээн байгуулалтын ажлуудынхаа талаар олон нийтэд нээлттэй мэдээлэл өглөө.Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдэд төрийн болон нийгмийн бүхий л төрлийн үйлчилгээг хүртээмжтэй авах боломжтой нэгдсэн төлөвлөлттэй 20 мянган өрхийн цогцолбор хорооллыг байгуулахаар ажиллаж буй. Тодруулбал, Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд хэрэгжиж байна. Уг байршилд нийт 158 га талбайн 2000 гаруй нэгж талбар чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар 1700 гаруй айлын газрыг чөлөөлөөд байгаа юм.Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтийн хүрээнд ойрын хугацаанд 300 айлтай зөвшилцөх хүлээлттэй байгаа. Хамгийн томоохон хэлэлцээрт орох айлууд бол Долоон буудлын эцсийн нэг давхар худалдаа үйлчилгээ эрхэлдэг объектууд юм. Үүнийг бид ерөнхий төлөвлөлттэйгөө уялдуулахаар төлөвлөж байна. Уг төслийн санхүүгийн асуудал шийдэгдсэн бөгөөд газар чөлөөлөлт амжилттай явж байгаа. Мөн бүтээн байгуулалтын барилгажилтад төрийн өмчийн компани бус хувийн байгууллагуудыг оролцуулахаар төлөвлөж байна. Тендерийг арванхоёрдугаар сард зарлана. Иймд үндэсний бүтээн байгуулагчид идэвхтэй оролцохыг уриалж байна” гэв.Түүнчлэн Баянхошуу дэд төвд эхний ээлжийн 440 айлын орон сууц барьж буй. Барилгын ажил дууссаны дараа дараагийн ээлжийн газар чөлөөлөлтийн хэлэлцээрийг хавар эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж. Мөн Баянхошуу, Сэлбэ дэд төвийн инженерийн бүтээн байгуулалтын ажил дууссан байна.
2024/11/18
255
УЛС ТӨР
'Төрийн мэдээлэл' эмхэтгэлийн 2024 оны 43 дугаарын тойм
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын хавсралтаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл” баталсныг нийтэлсэн бөгөөд энэхүү чиглэл нь дараах бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэх юм байна. Үүнд: 1.Мөнгөний болон макро зохистой бодлогын хүрээнд: 1.1.Эдийн засгийн өсөлтийн тогтвортой байдлыг дэмжих, иргэдийн бодит орлогыг хамгаалах зорилгоор инфляцыг дунд хугацаанд 5 хувь (+/-2 нэгж хувийн интервалтай)-ийн орчимд тогтворжуулахад чиглэсэн мөнгөний бодлогыг зах зээлийн зарчимд тулгуурлан хэрэгжүүлнэ. Энэ бодлогыг хэрэгжүүлэхдээ инфляцын зорилтыг 2027 оноос 5 хувь болгон бууруулна. 1.2.Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцэн уян хатан тогтох зарчмыг баримтална. 1.3.Макро зохистой бодлогын шийдвэр гаргалтын болон үйл ажиллагааны тогтолцоог нэвтрүүлэн санхүүгийн системийн болзошгүй эрсдэлээс сэргийлэх, эрсдэлийг бууруулахад чиглэсэн макро зохистой бодлогыг мөнгөний бодлоготой хослуулан хэрэгжүүлнэ.2.Банкны салбарын тогтвортой байдлын хүрээнд: 2.1.Банкны салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн зохицуулалтын орчныг бүрдүүлнэ. 2.2.Банкнуудын зохистой засаглал, эрсдэлийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, хяналт шалгалтын үнэлгээний аргачлалыг олон улсын жишигт үе шаттайгаар нийцүүлнэ. 2.3.Банкны салбарын тогтвортой, ногоон санхүүжилтийн мэдээлэл цуглуулах тогтолцоог бэхжүүлж, уур амьсгалын эрсдэлийн шинжилгээ, стресс тестийн арга зүйг хөгжүүлнэ. 2.4.Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны техник хэрэгжилт, үр дүнтэй байдлын дараагийн харилцан үнэлгээнд бэлтгэж, шууд хэрэгжилтийн үзүүлэлтийн дагуу өөрийгөө үнэлэх болон үндэсний, салбарын эрсдэлийн үнэлгээг эхлүүлнэ.3.Санхүүгийн зах зээлийн дэд бүтэц, түүний институцийг бэхжүүлэх хүрээнд: 3.1.Үндэсний төлбөрийн систем болон зээлийн мэдээллийн шинэ үйлчилгээг дэмжиж, цаг үедээ нийцсэн хяналт, зохицуулалтын уялдааг сайжруулах, санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр эрх зүйн орчныг боловсронгуй болгоно. 3.2.Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтыг төгрөгөөр хийх суурь нөхцөлийг бүрдүүлэн мөнгөний захыг хөгжүүлнэ. 3.3.Олон нийтийн санхүү, эдийн засгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх стратегийг хэрэгжүүлж, Төв Банкны бодлого, үйл ажиллагаа, тэдгээрийн хэрэгжилтийг олон нийтэд нээлттэй, ил тод хүргэж ажиллана. 3.4.Олон нийтийн санхүү, эдийн засгийн боловсролыг дээшлүүлэх үйл ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлнэ. 3.5.Жижиг, дунд бизнесийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн тогтолцоог олон улсын сайн жишигт нийцүүлэх ажлыг эхлүүлнэ.Түүнчлэн эмхэтгэлийн шинэ дугаарт “Журам батлах тухай”, “Журам шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Засгийн газрын тогтоолуудыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой байна. Тухайлбал, “Журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын хавсралтаар  “Төсвийн төсөл, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах журам”-ыг баталсан бөгөөд тус журмыг төсвийн төсөл боловсруулахад олон нийтийн оролцоог хангах зорилгоор жилийн төсвийн төсөл, төсвийн тодотголын төсөл болон дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулахад баримтална. Харин “Журам шинэчлэн батлах тухай” Засгийн газрын тогтоолын хавсралтаар   “Шүүх шинжилгээний байгууллагын алба хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам”-ыг баталсан байна. Энэхүү журмаар шүүх шинжилгээний байгууллагын лабораторийн эрхлэгч, мэргэшсэн шинжээч, чиглэлийн ахлах шинжээч, ахлах шинжээч, шинжээч, мэргэшсэн шинжээч эмч, ахлах шинжээч эмч, шинжээч эмч, ахлах сэтгэцийн эмч, сэтгэцийн эмч, сэтгэл зүйч, таниулах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, бага эмч, лаборант, рентген техникч, туслах ажилтан, сан хариуцсан мэргэжилтэн болон ажилтан, санч, шуурхай албаны жолоочийн албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг үндсэн цалингийн 25 хувиар, харин захиргаа, санхүү, аж ахуй, аюулгүй байдал, хяналт шалгалт, эрдэм шинжилгээ, сургалт, бүртгэлийн алба хаагч болон бусад алба хаагч, ажилтны албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг үндсэн цалингийн 20 хувиар сар бүр бодож олгохоор шийдвэрлэсэн ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2024/11/18
278
УЛС ТӨР
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа. Сангийн сайд Б.Жавхлан төсвийн бодлогын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ. 2005-2021 он буюу 16 жилийн хугацаанд төсвийн орлого 99.9 их наяд төгрөг байсан бол сүүлийн гурван жилд 110.4 их наяд төгрөг болсон. Экспорт 2005-2021 онд 78.4 тэрбум ам.доллар байсан бол 2022-2025 онд 63.3 тэрбум ам.долларт хүрэх, нэг хүнд ногдох ДНБ 2021 онд 4,657 ам.доллар байсан бол 2025 онд хоёр дахин өсөж 8,000 ам.долларт хүрэх тооцоолол гарсан. Өнгөрсөн хугацаанд өрийн удирдлагыг оновчтой зохион байгуулснаар гадаад өр төлбөрийн дарамт буурсан зэргийг танилцууллаа. Үүний зэрэгцээ 2025 оны төсвийн зардлыг бууруулах гурван хувилбарыг Сангийн яам боловсруулж байгаа гэлээ.            Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2025 оны төсөв бол сонгуулийн холимог тогтолцоогоор бүрдсэн 126 гишүүнтэй парламентын баталсан анхны төсөв. Тийм учраас төсвийг тойргуудад хэсэгчлэн хуваадаг хандлагаас салж, бүсчилсэн хөгжилд хөрөнгө оруулсан төсөв болсон. УИХ-ын цөөнгүй гишүүд тойрогт төсөв нэмдэг хандлагыг халж,  зарлагыг багасгах шүүмжлэл гаргаж байгаа нь шинэ тогтолцооны эерэг үр дүн гэдгийг онцлов. 2025 оны төсөвт олон нийтийн шүүмжлэл дагуулж байгаа асуудлыг шийдэж, төсвийн тодотгол оруулах хэрэгтэй гэлээ. Асуудлыг бодитоор харж нарийн тооцоо судалгаанд үндэслэж шийдвэр гаргах нь зөв. Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд санууллаа. Манай улсын орлого олж байгаа гол салбар бол уул уурхай. Тэр дундаа нүүрснээс хамааралтай. Олон улсын чиг хандлага нүүрснээс татгалзаж ногоон эдийн засагт шилжиж буй учир нүүрсний экспорт багасвал үүнд бэлтгэлээ хангаж, анхаарч ажиллах ёстойг хэлэв.           Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараа нь Татварын ерөнхий газарт ажиллалаа.Тус газар татварын бодлого,  хууль тогтоомжийн сургалт сурталчилгаа, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, орлого бүрдүүлэх гэсэн чиглэлээр ажилладаг. Татвар төлөгчтэй харилцах ажлыг цахимжуулсан. Цахимжилтыг эрчимжүүлэхэд илүү анхаарч ажиллаж байгааг Татварын ерөнхий газрын дарга Ч.Чимидсүрэн танилцууллаа.  Татварын хуулийн шинэчлэлийн өмнө жилд 5000-6000 татвар төлөгчийг хяналт шалгалтад хамруулдаг байсан бол 2023,2024 онд 1500-2000 болж гурав дахин буурсан гэв. Монгол Улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 158 мянган аж ахуйн нэгж бий, тэдгээрийн орлогын 10.1 хувийг татвар эзэлж байгаа нь бүс нутагтай харьцуулахад өндөр тоо биш. 212 төрлийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг татвар төлөгчид эдэлдэг. Татвар төлөгчдийн илүү таатай ажиллах нөхцөлийг судалж байгаа. Хариуцлагатай татвар төлөгчийг урамшуулах бодлого нэвтрүүлнэ. Засгийн газрын бүсчилсэн хөгжлийн бодлогын дагуу бүсийн ялгаатай татвар тогтоох ажлын судалгааг хийж байгаа гэв. Татварын ерөнхий газрын албан хаагчид Ерөнхий сайдад саналаа хэллээ. НӨАТ-ыг сар бүр авч байгаа нь аж ахуйн нэгжүүдэд хүндрэл учруулдаг талаар санал хүсэлт их ирдэг. Түүнчлэн Эрүүгийн хууль дахь татвар төлөхөөс зайлхийсэн гэдэг зүйл заалтыг өөрчлөх, мөн татвартай холбоотой Засгийн газрын зарим тогтоол журмыг шинэчлэх шаардлагатай гэдгийг тэд хэлж байлаа.              Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэднийг саналыг ажил хэрэг болгоход анхаарч ажиллахаа илэрхийлээд татварын реформ хийх ажлын бэлгэл хангахыг үүрэг болгов. Татвараар төсвийн орлогыг бүрдүүлэхэд анхаарч ажиллахаас илүүтэй татварын бааз суурийг өргөжүүлэх, хөрөнгө оруулагчдад ээлтэй орчин бий болгох, хандлагын өөрчлөлт хийхэд татварын реформ чиглэх ёстойг хэллээ.  
2024/11/15
274
УЛС ТӨР
Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг эцэслэн боловсруулах үүрэг өглөө
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 13-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг эцэслэн боловсруулах үүрэг өглөөТөрийн өмчит хуулийн этгээдийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал танилцуулж, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг эцэслэн боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг түүнд үүрэг болголоо.Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 44-р захирамжаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учралаар ахлуулан байгуулсан.Ажлын хэсэг төрийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагаатай холбоотой тухайлбал, санхүүгийн сахилга батыг дээшлүүлэх, хяналт, хариуцлагыг нэмэгдүүлэх, нээлттэй, ил тод байдлыг хангах, компанийн засаглалыг төлөвшүүлэх, Төрийн өмчит компани байгуулах үндэслэл, шалгуурыг тодорхой болгож, хувийн хэвшлийн бизнесийн үйл ажиллагаа эрхлэх орон зайг тэлэх бодлогын хүрээнд асуудлыг шийдвэрлэх зохицуулалтыг тусгахаар ажиллаж байна.Засгийн газрын 11-11 төвд цахим операторын үйлчилгээ нэвтрүүлнэЗасгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд бүртгэгдсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон эмийн жортой холбоотой асуудлаар иргэдийн  өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, цаашид тус төвийн дуудлага алдалтыг арилгах, иргэдэд өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар мэдээлэх, төвийн үйл ажиллагааг сайжруулах талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.Танилцуулгатай холбогдуулан,-11-11 төвд хандсан иргэдийн санал гомдолд дурдсан асуудалд долоо хоног бүр дүн шинжилгээ хийж, эцэслэн шийдвэрлэх арга хэмжээ авч, үр дүнг Засгийн газрын хуралдаанд тухай бүр танилцуулах,-Төрийн байгууллагын үйл ажиллагаа, төрийн үйлчилгээний талаар иргэдийн санал хүсэлтийг нийгмийн сүлжээ болон бусад сувгаар авч шийдвэрлүүлэх, цахим операторын үйлчилгээ нэвтрүүлэх,-Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар “И-Монгол” системээр иргэнд тухай бүр мэдэгдэж ажиллахыг даалгалаа.Мөн эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй эм олгох эрхтэйгээс бусад эмийн санг цахим жороор үйлчлэх боломжийг бүрдүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний цахим бүртгэлийг сайжруулах чиглэлээр сургалт зохион байгуулж, иргэдэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад тус тус даалгалаа.Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар танилцуулга хийлээГашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа хэлэлцээрийн талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан танилцууллаа.Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн аравдугаар сард БНХАУ-д "Чайна Энержи групп" компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан.Тус уулзалтаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүсэлт тавьсны дагуу БНХАУ-ын "Чайна Энержи групп" компаниас албан ёсны байр сууриа 2024 оны аравдугаар сарын 28-нд Монголын талын Ажлын хэсгийн дарга Ц.Туваанд ирүүлжээ.Тус хүсэлтэд Хоёр талын хамтын ажиллагааны түүх, тогтвортой хууль эрх зүйн орчин, үр ашигт хүргэх нөхцөлийг баталгаатай байлгах талаар, мөн урт хугацааны худалдаааны гэрээ, нүүрсний ордын хүчин чадлыг нэмэгдүүлэх болон төмөр замын холболтын талаар гэсэн агуулгаар хэд хэдэн тодорхой саналыг тавьсан байна.Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын төсөл нь "Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-т тусгагдсан 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн, төслийн хэрэгжилтийг хангахад зарим хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа юм.Энэ асуудлаар Ажлын хэсэг холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжсэнээр Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч төмөр замын төсөл болон бусад төслүүд хэрэгжих боломж бүрдэхийн зэрэгцээ манай улсын нүүрсний экспортыг 120 сая тонн, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг 10.000 ам.долларт хүргэх боломж бүрдэнэ.Эдийн засгийн тэргүүлэх чиглэлд тусгагдсан салбаруудад гадаадын хөрөнгө оруулалт татнаХөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах, Засгийн газарт танилцуулж, УИХ-д өргөн барих ажлыг Шадар сайд Т.Доржхандын ахалсан Ажлын хэсэг хариуцан ажиллаж байна.  Хуулийн төслийг хөрөнгө оруулалтын орчны тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулалтыг дэмжих, хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хөрөнгө оруулалтын баталгааг сайжруулах, хөрөнгө оруулагчдад үзүүлэх дэмжлэг, төрийн үйлчилгээг сайжруулж, хялбаршуулах асуудлуудыг тусгахаар ажиллаж байна.Үүнд:-Хөрөнгө оруулагчдад үзүүлэх баталгааг олон улсын сайн туршлагад нийцүүлэн сайжруулах;-Хөрөнгө оруулагчийн эрх, ашгийг хамгаалах зөвлөл буюу гомдол шийдвэрлэхтогтолцоог бүрдүүлэх;-Хөрөнгө оруулагч, төр хооронд үүссэн маргааныг олон улсын арбитрын журмаар шийдвэрлүүлэх эрхийг баталгаажуулах;- Хөрөнгө оруулалтыг хамгаалах, дэмжих үүргийг төрийн бүх байгууллагын чиг үүрэг болгох;-Татварын урамшууллын асуудлыг татварын хуулиар зохицуулах;-Төрөөс хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын давхардлыг арилгах;-Тогтворжуулах гэрчилгээ олгох шалгуурыг хялбаршуулж, цахимаар олгох нөхцөлийг бүрдүүлэхээр зорьж байна.Хууль хэрэгжсэнээр хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэж, гадаадын шууд хөрөнгө оруулалт татах, дахин хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх, хөрөнгийн урсгалыг нэмэгдүүлэх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах нөхцөл бүрдэнэ. Эдийн засгийн тэргүүлэх чиглэлд тусгагдсан салбаруудад гадаадын хөрөнгө оруулалт татсанаар үйлдвэрлэл, дэд бүтцийн салбарын бүтээн байгуулалт нэмэгдэж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаад худалдааг өргөжүүлэх, дэвшилтэт техник технологи, ноу-хау нэвтрүүлэх, инновацыг дэмжих замаар Монгол Улсын өрсөлдөх чадвар дээшилнэ. Цаашлаад тогтвортой ажлын байрыг нэмэгдүүлснээр өрхийн орлого нэмэгдэж, амьдралын чанар дээшилнэ. 
2024/11/14
257
УЛС ТӨР
'Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт' сэдвээр хяналтын сонсгол зохион байгуулна
Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсголыг “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдвээр зохион байгуулна.Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа нарын 22 гишүүнээс Улсын Их Хурлын даргад хандан Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг зохион байгуулах тухай хүсэлтийг 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр ирүүлсэн.Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хуралдаж Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой Улсын Их Хурлын хяналтын сонсголыг “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдвээр 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулахаар тогтлоо.Хяналтын сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг ажиллана.Сонсголд оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтийн байгууллага “Нэр дэвшигчийн сонсголд оролцогчийн бүртгэлийн хуудас”-ыг бөглөж 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 17.00 цагаас өмнө [email protected] имэйл хаягаар ирүүлнэ үү.   Хууль зүйн байнгын хорооны Ажлын албаАжлын албаны 51-267155
2024/11/13
298
УЛС ТӨР
Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, гишүүд СЭМҮТ-д ажиллалаа
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан, гишүүн Ж.Баярмаа, М.Ганхүлэг, Ц.Идэрбат, М.Нарантуяа-Нара, М.Сарнай нар өнөөдөр (2024.11.12) Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төв (СЭМҮТ)-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус төв 1929 онд Хий судлалын больниц нэртэйгээр анх байгуулагдсан бөгөөд эдүгээ 1963-2014 онд баригдсан долоон обьектод үйл ажиллагаа явуулж байна. Үндсэн үйл ажиллагаа нь сэтгэцийн эмгэгийг оношлох, эмчлэх, сувилах, хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох, урьдчилсан сэргийлэх болон Монгол Улсын хууль, Засгийн газрын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, улсын хэмжээнд анхан болон үндсэн мэргэжлийн тусламж үйлчилгээг мэргэжил, арга зүйгээр хангах, эрдэм шинжилгээ, судалгаа, сургалт явуулах гэсэн дөрвөн чиглэлтэй болохыг тус төвийн захирал Г.Анхболд танилцуулсан юм. 505 орон тоотой ажиллахаар батлагдсан боловч өнөөдрийн байдлаар 427 хүнтэй ажиллаж байгаагийн 81 нь их эмч, 98 нь сувилагч, 113 нь туслах сувилагч, 135 нь туслах ажилтан байна.Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын 2019 оны судалгаагаар манай улс амиа хорлож нас барсан тохиолдлын тоогоороо дэлхийн дунджаас хоёр дахин өндөр буюу 100 000 хүн амд 17.9 гэсэн үзүүлэлттэй байжээ. Мөн 2013 онд үндэсний хэмжээнд явуулсан судалгаагаар сэтгэл гутрах, сэтгэл түгших эмгэг ойролцоогоор таван хүн тутмын нэгд илэрсэн нь уг эмгэгийн тархалт өндөр байсныг харуулж буй юм. Үүнээс хойш улс орныг хамарсан дорвитой судалгаа хийгдээгүй байгаа ажээ. Сүүлийн жилүүдэд архи, мансууруулах бодист донтогчдын тоо эрс нэмэгдсэний зэрэгцээ мөрийтэй болон компьютер тоглоомд донтогсод мөнхүү өссөөр байна. СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлэгсэдийн байдлыг үзэхэд архи, сэтгэц идэвхт эм, бодисын болон стрессийн шалтгаант өвчлөл, мөн хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэцийн эмгэг зонхилж байна.Байнгын хорооны дарга, гишүүд СЭМҮТ-ийн Донтох болон Стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг судлалын клиник, мөн Шүүхийн сэтгэц, эмгэг судлалын клиник, амбулаторийн үйл ажиллагаатай танилцаж, Удирдлагын зөвлөлийн бүрэлдэхүүн, тасаг, клиникийн дарга нартай уулзлаа. Тус төвийн станционар хэвтүүлэн эмчлэх 550 ортой боловч сэтгэцийн архаг өвчтэй, урт хугацааны эмчилгээ, байнгын асаргаа шаардлагатай, эмнэлгээс гардаггүй эмчлүүлэгчид 244 байгаа юм. Энэ нь тус төвийн хэвтүүлэн эмчлэх хүчин чадлыг ихээхэн бууруулж буй аж. Иймд эдгээр хүмүүсийг зохих асрамжийн үйлчилгээнд шилжүүлэх буюу тийм боломжгүй тохиолдолд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллийн яамны асрамж, халамжийн зориулалт бүхий зардлаас санхүүжих шаардлагатайг СЭМҮТ-ийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал Н.Оюунчимэг онцолсон юм. Тус төв өнөөг болтол төвийн шугам сүлжээнд холбогдоогүй, өвлийн улиралд уурын зуух ажиллуулж халаалт авдаг бөгөөд энэхүү дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарал хандуулж өгөхийг Үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал О.Баатаржав Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, гишүүдээс хүсэв. Эрдэм шинжилгээ, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Н.Алтанзул тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээний төвлөрлийг сааруулж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах чадамжийг сайжруулахад анхаарч ажиллах шаардлагатайг онцолсон бол нөхөн сэргээх, сэтгэл заслийн эмчилгээний эмч, Монгол Улсын гавьяат эмч Я.Сампил 2006 оноос олон улсын төслөөр эхлүүлсэн “Гэр эмчилгээ”-нийхээ талаар танилцуулж, СЭМҮТ-ийн эмчилгээнд эмийн болон сэтгэл заслын эмчилгээ хослохоос гадна эмчлүүлэгчдийг нийгмийн харилцаанд оролцуулж, амьдрах чадавх бий болгох явдал ихээхэн чухал болохыг онцолсон юм. Мөн Амбулаторын эрхлэгч, Анагаах ухааны доктор Т.Ганцэцэг, Хоёрдугаар клиникийн эрхэгч, Үйлдвэрний эвлэлийн хорооны дарга Б.Алтанзул нар төвийн үйл ажиллагаанд тулгамдаж байгаа асуудлууд, ажиллах нөхцөл, цалин хангамж болон салбар хоорондын буюу Хууль зүй, дотоод хэргийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Цагдаагийн ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Боловсролын яамны эрхлэх асуудлын хүрээний хамтын ажиллагааны эрх зүйн болон зардал, санхүүжилтийн асуудлыг нарийвчлан зохицуулах шаардлагатайг дурдсан юм.Төвийн захирал, удирдлагууд эмчилгээ, тусламж үйлчилгээндээ шаардлагатай тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалтын асуудалд анхаарал хандуулж байгаагаа илэрхийлсэн юм. Үүнд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат хариулахдаа, тус төвөөс тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалтын нийт 10.0 тэрбум гаруй төгрөгийн хүсэлт ирүүлснийг үе шаттай шийдвэрлэхээр ажиллаж байгаа гэсэн юм. Сүүлийн хоёр жилд тус төвд 1.2 тэрбум төгрөгийн засварын ажил хийгдсэн бөгөөд Сүрьеэгийн тасгийн засвар, агааржуулалтын системийн шинэчлэлд 300.0 сая төгрөг зарцуулсан байна.Байнгын хорооны дарга, гишүүд СЭМҮТ-ийн удирдлага, хамт олны төлөөллөөс тавьсан санал, хүсэлтийг хүлээн авч, сэтгэцийн эрүүл мэндийн эрх зүйн орчныг сайжруулах, салбар хоорондын харилцаа, уялдаа холбоог нягтруулах болон хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, мөн нийгэмд чиглэсэн урьдчилан сэргийлэх, олон нийтийн боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх талаар анхаарал хандуулж ажиллахаа илэрхийлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2024/11/12
274
УЛС ТӨР
УИХ-ын эмэгтэй гишүүд НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөлтэй уулзлаа
УИХ-ын эмэгтэй гишүүд НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөлтэй өнөөдөр /2024.11.12/ уулзлаа. Уулзалтад Улсын Их Хурлын Боловсрол, соёл,  шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ч.Ундрам, УИХ-ын гишүүн С.Замира, Б.Хэрлэн, М.Сарнай, М.Энхцэцэг, Х.Баасанжаргал, Б.Пунсалмаа, М.Мандухай, Л.Энхнасан, Б.Мөнхсоёл, М.Нарантуяа-Нара, Д.Энхтуяа, А.Ариунзаяа болон НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Колман нар оролцлоо.Уулзалтын эхэнд НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөвлөлт, хяналт, шинжилгээ, үнэлгээний ахлах мэргэжилтэн Д.Хүрэлмаа 2023 оны нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааны үр дүнг танилцуулсан. Тэрбээр, уг судалгааг хийхдээ эрэгтэйчүүдийн асуулгыг хоёр өрх тутмын нэгд амьдарч буй 15-49 насны бүх эрчүүдээс авсан. Мөн судалгаанд хамрагдсан 5-17 насны хүүхэдтэй өрх бүрээс нэг хүүхдийг санамсаргүй сонгосон гэв. Нөхөн үржихүй болон эхийн эрүүл мэнд, хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл болон хөгжил, боловсрол, хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалагдсан байдал, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, амьдралын тэгш боломж зэрэг үзүүлэлтээр судалгааг хийсэн гэж байлаа.Дараа нь тус байгууллагын Хүүхдийн сангийн зөвлөх Д.Нарангэрэл “Хүний папиллома вирусийн халдвар, дархлаажуулалт”-ын талаарх мэдээллийг хүргэсэн юм. Тэрбээр хүний папиллома вирусийн дамжих болон сэргийлэх арга зам, дархлаажуулалтын зорилт, вакцины үр дүнгийн судалгаа зэргийг танилцуулаад папиллома вирусээс сэргийлэхэд хамтран ажиллахыг УИХ-ын гишүүдээс хүссэн. НҮБ-ын Хүүхдийн сангийн мэргэжилтнүүдийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд  асуулт асууж, хариулт авсны дараа цаашид хамтран ажиллах талаараа санал солилцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2024/11/12
215
УЛС ТӨР
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын томоохон гүүр, туннелийн байгууламжтай танилцлаа
БНХАУ-д ажлын айлчлал хийж байгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус улсын Жөжян мужийн Ханжөү хотын дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтууд болох Чяньтан мөрний хоёрдугаар гүүр буюу Пөнбү гүүр, Шиху нуурын дүүрэгт байрладаг Зыжы туннелийн байгууламжтай танилцлаа. Монгол Улсын Засгийн газрын 20 минутын хот Үндэсний хорооноос хэрэгжүүлэх бүтээн байгуулалтуудын чухал хэсэг болох Туул гол дээгүүр тавигдах “Өөдөө тэмүүлэх Монгол” ган татлагат гүүр, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулах зорилтын дагуу Богдхан уулын Хүрхрээгийн амаас Номтын ам хүртэл нүхэн гарц бүхий 15.3 км автозам, гүүр, гүүрэн байгууламж барьж байгуулах төслүүдийг судлах хүрээнд Ерөнхий сайд, Засгийн газрын холбогдох гишүүд эдгээр байгууламжтай танилцсан юм.  Пөнбү гүүр нь хүчтэй урсгалтай мөрөн дээр баригдсан, авто зам, төмөр замыг тусгаарласан байдлаар хослуулан шийдсэн инженерийн бүтээл гэдгээрээ дэлхийд алдартай. Голын 40 км/ц хурдтай ширүүн урсгалыг тэсвэрлэхийн тулд Хятадад анх удаа ган татлагат аргыг тус гүүрэнд ашиглажээ. БНХАУ-ын Төмөр замын яамны Хятадын зүүн хэсгийг төвтэй холбох төсөлд тус гүүр багтдаг, төмөр замын үндсэн сүлжээний чухал хэсэгт тооцогддог аж. Төмөр зам, авто замын хоёр үндсэн хэсэгтэй. Төмөр замын хэсэг нь хоёр шугамтай, 11.4 метр өргөн, 2,8 км урт, 120 км/цаг хурдны хязгаартай бол авто замын хэсэг нь 19.5 метр өргөн, дөрвөн урсгалтай, 1,3 км урт, 100 км/цагийн хурдны хязгаартай зорчино. Барилгын төлөвлөгөө батлагдсанаас хойш зургаан жилийн дараа буюу 1992 онд ашиглалтад орсон Пөнбү гүүр инженерийн онцгой шийдэлтэйгээс гадна бүс нутгийг холбодог, төвлөрлийг сааруулахад ихээхэн үүрэг гүйцэтгэж, эдийн засгийн хөгжилд том хувь нэмэр оруулдаг гүүр ажээ. Зыжы туннел нь Ханжөү хотын хурдны замын "Дөрвөн босоо, таван хэвтээ" төслийн чухал хэсэг. Тээврийн хөдөлгөөнийг хурдан, үр ашигтай болгох зорилготой. Энэхүү туннел үзэсгэлэнт Шиху нуурын доогуур хийгдсэн. Шиху нуур нь дэлхийн өвд бүртгэгдсэн, тус улсын түүхэн дурсгалт, тусгай хамгаалалттай газруудын нэг. Туннелийг байгаль орчинд сөрөг нөлөөгүйгээр барьжээ. Туннел нь техникийн өндөр үзүүлэлттэйгээс гадна Ханжөү хотын авто замын ачаалал ялангуяа, Шиху нуурын үзэсгэлэнт газрын замын түгжрэлийг багасгахад чухал хувь нэмэр оруулдаг талаар тус хотын Барилгын хөгжлийн төв, Зам, гүүрийн группийн удирдлагууд танилцуулав. Туннелийн барилгын ажил 2013 онд эхэлж, 2016 онд ашиглалтад оржээ. Нийт 14.4 км урт, 21 метр өргөн уг туннел нь хоёр талдаа гурван урсгалтай авто зам бүхий томоохон бүтээн байгуулалт аж. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян бүтээн байгуулалтын энэ үед Жөжян мужийн даргаар ажиллаж байжээ.  
2024/11/07
262
УЛС ТӨР
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын төслүүдийг эхлүүлэх шийдвэр баталгаажлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар өчигдөр Шанхай хотноо албан ёсны уулзалт хийлээ.              Хоёр улсын Засгийн газрын тэргүүн нар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, олон чухал тохиролцоонд хүрлээ. Энэ онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээний 30 жил, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны 10 жилийн ой тохиож буйг талууд онцлоод Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүхий л салбарт амжилттай өргөжин хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа санал нэгтэй тэмдэглэв. Цаашид хөгжлийн стратегийг харилцан уялдуулах, хоёр талын худалдааны хэмжээг ойрын хугацаанд 20 тэрбум ам.долларт хүргэх, төрөлжүүлэх, хилийн боомтыг харилцан холбох, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг эрчимжүүлэх, нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулахад хамтран ажиллах, байгаль орчин, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, инновац, шинэ эрчим хүч, ногоон болон цахим эдийн засаг зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд нягт хамтран ажиллахаар тохиролцов.   Талууд өнгөрсөн сард Исламабад хотод Монгол, Орос, Хятад гурван улсын Засгийн газрын тэргүүн нарын анхны уулзалт амжилттай болсныг онцлоод цаашид Монгол, Хятад, Оросын гурван талт хамтын ажиллагааг бэхжүүлэхэд санал нэгдлээ. Хамтарсан Засгийн газар ирэх дөрвөн жилд 14 мега төсөл хэрэгжүүлж, тогтолцооны 14 реформыг хийх хүрээнд Хятадын талтай эрчим хүч, аж үйлдвэр, уул уурхайн салбарт хэд хэдэн томоохон төслүүдэд харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэх, эдгээр төслийг хэрэгжүүлж, шилжилтийг хийхэд БНХАУ-ын баялаг туршлагаас суралцах, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, санхүүжилт босгох, урт, богино хугацаагаар хүний нөөц бэлтгэх зэрэг асуудлаар хамтран ажиллахаар боллоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн энэ удаагийн ажлын айлчлалын хүрээнд хамтын ажиллагааны дараах найман баримт бичигт талууд гарын үсэг зурж, хүчин төгөлдөр болгов. Үүнд:1.    “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц” төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээр, 2.    Харилцаа холбооны салбарын хүртээмж, чанар, хяналтыг сайжруулах төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээр, 3.    Ерөнхийлөгч нарын нэрэмжит спорт цогцолбор барих төсөл хэрэгжүүлэх солилцох захидал, 4.    Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам болон БНХАУ-ын Худалдааны яам хоорондын ногоон хөгжлийн салбар дахь хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичиг, 5.    Монгол Улсын стандарт, хэмжил зүйн газар болон БНХАУ-ын Зах зээлийн зохицуулалтын удирдах газар хоорондын хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг, 6.    Монгол Улсын Монополын эсрэг газар болон БНХАУ-ын Зах зээлийн зохицуулалтын удирдах газар хооронд өрсөлдөөний салбарт хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг, 7.    Монгол Улсаас БНХАУ-д экспортлох тэжээлийн зориулалттай уураг болон өөх, тосны мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагын тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон БНХАУ-ын гаалийн ерөнхий газар хоорондын протокол,8.    “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”зэрэг болно. Ингэснээр олон жил гацаанд байсан, одоо Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төсөлд багтсан “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”, Гашуунсухайнт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслүүд хэрэгжих боломжтой боллоо. БНХАУ-ын Засгийн газраас олгож буй нэг тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд нийт 11 төслийг санхүүжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд тэдгээрийн нэгд нь “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”-ыг барих төсөл багтдаг. Засгийн газар хоорондын энэхүү зээлийн хэлэлцээрийг байгуулснаар төслийг хэрэгжүүлэх нийт 253 сая ам.долларын санхүүжилтийн асуудлыг шийдэж байгаа юм.   “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлснээр баруун бүс болон Алтай-Улиастай эрчим хүчний системийн импортын цахилгаан эрчим хүчний хэрэглээг тэглэж, ногоон эрчим хүчээр 100 хувь бүрэн хангаж, их ачааллын үед төвийн эрчим хүчний системийг дэмжиж ажиллах бололцоо бүрдэнэ. Анх 1964 онд ЗХУ-ын Электросеть институт урьдчилсан судалгааг хийж, 2015 онд уг төслийг хэрэгжүүлэх төслийн нэгж байгуулагдаж байсан түүхтэй. Мөн энэ оны дөрөвдүгээр сарын 02-нд гарын үсэг зурсан “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг батлах дотоодын процедурыг дууссан тухай талууд харилцан мэдэгдсэнээр, энэхүү хэлэлцээр арваннэгдүгээр сарын 5-ны өдрөөс хүчин төгөлдөр болж байна. Засгийн газар хоорондын энэ хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан гүүрийн барилгын ажлыг гүйцэтгэх Монгол, Хятадын аж ахуйн нэгжийн хооронд барилгын ажлын ерөнхий гэрээг байгуулах эрх зүйн үндэс тавигдаж байгаа юм.
2024/11/06
228
УЛС ТӨР
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн-д “Чингис хаан” одон хүртээнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан”  одонг БНСУ-ын иргэн, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн-д хүртээхээр боллоо.Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар нар мэдээлэл өглөө.Бан Ги Мүн нь АНУ-ын эрдэмтэн Жак Уэтерфордын дараа “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртэж байгаа хоёр дахь гадаад хүн болж байна.“Чингис хаан” одонд нэр дэвшүүлэх, шагнах журам”-д “Улс түмний эв нэгдэл, хөгжил цэцэглэлт, хүн төрөлхтөний амар амгалан байдлыг бэхжүүлэх болон Монгол Улс гадаад орнуудтай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэлхий дахинд Монгол Улсын нэр хүндийг өргөн сурталчлах, тус улсын эдийн засаг, нийгэм, оюун санааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан гадаад орны төр, нийгмийн зүтгэлтэн, иргэн”-ийг шагнаж болохоор заасан юм.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, “Монгол бахархлын өдөр” буюу 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Төрийн ордонд гардуулна.Бан Ги Мүн-ий Монгол Улс, БНСУ-ын харилцаанд оруулсан хувь нэмэр  Монгол Улс, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн түвшинд гүнзгийрэн хөгжих үндэс суурийг тавьж, хамтын ажиллагааг баяжуулан хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан юм.Тэрбээр 2004-2006 онд БНСУ-ын Гадаад хэрэг, худалдааны сайдаар ажиллаж байхдаа БНСУ-ын Ерөнхийлөгч Ну Мү Хёны 2006 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалыг хэрэгжүүлсэн.Айлчлалын дүнд:1999 онд тунхагласан Монгол Улс, БНСУ-ын “бие биеэ нөхсөн хамтын ажиллагааны зарчим”-д тулгуурласан харилцааг “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл” болгон шат ахиулан хөгжүүлэхээр тохирсон,Хоёр улсын хамтын ажиллагааг мэдээлэл, харилцаа холбоо, эрчим хүч, барилга, зам, тээврийн салбарт өргөжүүлж, яам, байгууллага хоорондын харилцаа холбоо бэхэжсэн,Хоёр улсын Засгийн газар хооронд “Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр” байгуулсан нь өнөөг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж, хоёр улсад оршин суугаа монгол, солонгос иргэдийн эрх ашгийг хамгаалах, иргэдийн солилцоог эрчимжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан юм.Бан Ги Мүн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа 2009 оны 07 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд анх удаа Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн.    Энэ айлчлал Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, НҮБ бол Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийн  баталгаа болохыг дэлхий дахинд нотлон харуулж, улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарын харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр болсон юм.Мөн ардчилсан тогтолцоо, зах зээлийн эдийн засагт амжилттай шилжсэн манай улсын туршлага болон Мянганы хөгжлийн зорилтуудад суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого хэрэгжүүлж байсан төр, засгийн үйл ажиллагаа, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын оруулсан хувь нэмрийг олон улсад таниулсан түүхтэй.Хүнсний хангамжийг сайжруулах, санхүүгийн хямралыг даван туулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх зэрэг чиглэлээр Монгол, НҮБ-ын хамтын ажиллагааг улам эрчимжүүлсэн юм.Бан Ги Мүн “Монгол Улс нь ардчилсан тогтолцоо, зах зээлийн эдийн засагт амжилттай шилжсэн, Мянганы хөгжлийн зорилтуудад суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого боловсруулан хэрэгжүүлж буй үлгэр жишээ цөөхөн орны нэг” гэж үнэлсэн.Энэ нь манай улсын төр, засгаас явуулж буй бодлого, үйл ажиллагааг сайшаасан, олон улсын түвшинд таниулах ач холбогдолтой байлаа.Манай улс Мянганы хөгжлийн зорилтуудын дийлэнхийг амжилттай хэрэгжүүлсэн. Найман зорилгоос гадна Хүний эрхийг баталгаажуулах, ардчилсан засаглалыг хөгжүүлэх тухай 9 дүгээр зорилгыг нэмж батлан хэрэгжүүлээд байна.Бан Ги Мүн айлчлалынхаа үеэр:“Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицохуй” сэдвээр лекц уншсан нь уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагаврыг багасгах, шинэ нөхцөл байдалд дасан зохицох чиглэлээр НҮБ-тай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд томоохон түлхэц болсон,Зэвсэгт хүчний энхийг дэмжих сургалтын төвд зочилж, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд хувь нэмрээ оруулж буй Монгол Улс, хүлээсэн үүргээ нэр төртэй, сахилга баттай гүйцэтгэж буй цэнхэр дуулгатнуудад НҮБ бүх талын дэмжлэг үзүүлэхээ нотолсон,Улаанбаатар хот дахь “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв”-ийг нээж, Монгол Улс далайд гарцгүй орнуудад тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэх талаар олон улсын хамтын нийгэмлэгт манлайлах үүрэгтэй оролцох үндэс суурийг тавьсан. Дамжин өнгөрөх тээврийн үр ашигтай тогтолцоо бий болгох, зардлыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, амьжиргааны түвшинг дээшлүүлэх чиглэлээр энэ төвийг НҮБ бүх талаар дэмжиж, туслахаа мэдэгдсэн.Монгол Улс НҮБ-д элссэний 50 жилийн ойг тохиолдуулан илгээсэн мэндчилгээндээ, “Монгол Улс ямагт НҮБ-ын идэвхтэй гишүүн байсаар ирсэн. Олон улсын 140 гэрээ, конвецид нэгдэн орж, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг идэвхтэй ажиллаж байна. Нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс болгон зарлаж, жил бүр зэвсэг хураах долоо хоногийг тэмдэглэн өнгөрүүлэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг. Дэлхий дахины энх тайван, аюулгүй байдлын төлөө оруулж байгаа хувь нэмрийг өндөр үнэлж байна. Монгол Улс ардчилсан нийгэмд энх тайван замаар дэвшин орсонд бид бахархдаг” гэж онцолж байлаа.Бан Ги Мүн-ий санаачилсан болон тэргүүлдэг төрийн бус байгууллагууд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, сэргээгдэх эрчим хүч зэрэг чиглэлээр манай улсад хэрэгжүүлдэг төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлж, хамтран ажиллаж байна.Тухайлбал “Ногоон хөгжлийн сан” 470 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж үзүүлж, “Global green growth” институт нь 100 гаруй сая ам.долларын буцалтгүй тусламжаар хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм.“Илүү сайхан ирээдүйн төлөөх Бан Ги Мүн” сан нь АНУ-ын Стэнфорд их сургуультай хамтран Улаанбаатар хотноо 2003, 2004 онд “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ”-г зохион байгуулж, Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх, олон улсын хамтын нийгэмлэгийн үйл хэрэгт хувь нэмэр оруулахын төлөөх Монгол Улсын хүч чармайлтыг идэвхтэй дэмжиж ирсэн юм.Мөн “Азийн төлөөх Боао форум”-ын тэргүүний хувиар 2019 онд Улаанбаатар хотноо болсон Боао форумын бага хуралд оролцсон бөгөөд “Илүү сайхан ирээдүйн төлөөх Бан Ги Мүн” сан “Солонгос, Монголын ирээдүйн стратеги” форумыг 2023 онд Сөүл хотноо, 2024 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахад  дэмжиж оролцжээ.НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн  /2007-2016/Нэгдсэн Үндэстний Байгууллагын найм дахь, Ази, Номхон далайн орнуудаас сонгогдсон хоёр дахь Ерөнхий нарийн бичгийн дарга.Бан Ги Мүний анхны томоохон санаачилгуудын нэг нь 2007 оны Уур амьсгалын өөрчлөлтийн дээд хэмжээний уулзалт юм. Түүний дипломат хичээл зүтгэл, хүчин чармайлтын үр дүнд уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхийн улс орнуудын анхаарлын төвд орсон.Тэрбээр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг төр, засгийн тэргүүнүүдийг улс төрийн зориг гаргахыг уриалж, ирээдүй хойч үе, олон тэрбум хүний амьдрал, хүсэл тэмүүлэл тэдний гарт байгааг сануулж байсан удаатай.Энэ нь биеллээ олж, 2020 оноос хүлэмжийн хийн ялгарлыг багасгаж, агаар дахь нүүрсхүчлийн хийг бууруулах замаар дэлхийн цаг агаарын дулаарлыг зогсоох зорилготой “Парисын хэлэлцээр” батлагдсан юм.190 гаруй орон, түүний дотор Монгол Улс хүлээн зөвшөөрч, 2016 оны 04 дүгээр сарын 22-нд гарын үсэг зурсан энэ хэлэлцээр дэлхийн хамтын нийгэмлэгийн эв санааны нэгдлийг харуулсан, том урам, зориг өгсөн үйл явдал болж байлаа.Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтэд анхаарсанМянганы хөгжлийн зорилтуудын асуудлаарх дээд хэмжээний уулзалт, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дээд хэмжээний уулзалтыг Ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан хугацааныхаа сүүлийн жил хүртэл зохион байгуулсан. Энэ хүч чармайлтын дүнд Мянганы хөгжлийн зорилтуудын ихэнхийг хэрэгжүүлэхэд томоохон ахиц дэвшил гаргаж чадсан,Дэлхийн хамгийн ядуу, хамгийн эмзэг бүлгийн хүмүүст дуу хоолойгоо хүргэж, НҮБ-ыг бэхжүүлэхийн тулд гүүр нь байхыг эрмэлзэж ирсэн,Африк тив болон эмэгтэйчүүд, хүүхдийн эрүүл мэндийн дэлхийн шинэ стратегид 60 тэрбум гаруй ам.долларын хандив босгож чадсан. 2008 оны хүнс, эрчим хүч, эдийн засгийн хямралын оргил үед хөгжиж буй орнуудад нэг их наяд ам.долларын санхүүжилт олгохыг Их-20-д уриалж, олон улсын хариу арга хэмжээг удирдан чиглүүлэх, эмзэг бүлэг, ядуу хүмүүсийг хамгаалахын төлөө хүчин зүтгэсэн,НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааг бэхжүүлсэнӨвөрмөц дипломат арга барил, гүйцэтгэсэн үүргээрээ даян дэлхийн амар амгалан байдал, эв нэгдлийг илэрхийлсэн,НҮБ-ын 120,000 цэнхэр дуулгатны нөлөөллийг сайжруулахад чиглэсэн санаачилга, үйл ажиллагааг дэмжих зэрэг багц арга хэмжээ хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн,Зэвсэг хураах асуудлаарх төлөвлөгөө, Зэвсэг хураах бага хурлыг гацаанаас гаргах хүчин чармайлт, Фүкүшима атомын цахилгаан станцад болсон эмгэнэлт явдлын дараах цөмийн аюулгүй байдалд дахин анхаарал хандуулах замаар зэвсэг хураах асуудлыг шинэчлэхийг эрмэлзсэн.НҮБ-д шинэчлэл хийсэн  НҮБ-ын Ёс зүйн албыг бэхжүүлж, байгууллагаа ил тод, үр дүнтэй, үр өгөөжтэй болгоход чиглэсэн арга хэмжээ, тэр дундаа санхүүгийн ил тод байдлын шаардлагуудыг нэмэх, бизнесийн үйл ажиллагаа, үйлчилгээний нөхцөлийг уялдуулах зэрэг дэс дараатай арга хэмжээ авсан,Эмэгтэйчүүдийн эрх, жендэрийн тэгш байдлын төлөө олон ажил, санаачилга дэвшүүлж ажилласан. Ялангуяа НҮБ-ын хүрээнд удирдах албан тушаалд ажиллаж буй эмэгтэйчүүдийн тоог 40 гаруй хувиар нэмэгдүүлж, байгууллагын түүхэнд хамгийн өндөр түвшинд хүргэжээ.“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг: 2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат2006 онд Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав2009 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн2010 онд төр, нийгмийн зүтгэлтэн, Шинжлэх ухааны гавьяат ажилтан Р.Гончигдорж2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди2012 онд УИХ-ын дарга асан, гавьяат эдийн засагч Д.Дэмбэрэл2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном2014 онд нэрт эрдэмтэн, физикч, академич Х.Намсрай2015 онд Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо2016 онд Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Г.Ариунбаатар2017 онд Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаяр2019 онд The Hu хамтлаг2021 онд сансрын нисгэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа2021 онд Монгол Улсын Зэвсэгт хүчин2022 онд Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, доктор, профессор Д.Доржготов, АНУ-ын эрдэмтэн, доктор, профессор Жак Уэтерфорд2023 онд Монгол Улсын филармонийн Морин хуурын чуулгад хүртээжээ.
2024/10/31
259
УЛС ТӨР
Засгийн газар хиймэл оюунд суурилсан мэдээллийн хөтчийг сурган, хэрэглээнд нэвтрүүлж эхэллээ
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны аравдугаар сарын 30-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн гүйцэтгэх захирал болон удирдлагын багийг нээлттэйсонгон шалгаруулна"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн менежментийн багийн сонгон шалгаруулалтын талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.Компанийн үйл ажиллагаа өргөжин тэлэхийн хэрээр олон улсын сайн туршлага, олон улсын мэргэжлийн түвшний хүний нөөцийн хэрэгцээ нэмэгдэж байна. МХБ-ийн хувьд дэд бүтцийн системийг шинэчлэх, зах зээлийг тэлэх, хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, олон улсын шилдэг туршлагад үндэслэн компанийн үйл ажиллагааны үр ашиг, орлогыг нэмэгдүүлэх, тогтвортой өсөлтийг хадгалах, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулах, дэд бүтцийн эрсдэлийг зохистой түвшинд тогтмол байлгах зэрэг зах зээлийн шаардлага үүсээд байна.Гүйцэтгэх захирал болон удирдлагын багийн нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлах ажлыг тус компанийн төлөөлөн удирдах зөвлөл зохион байгуулна. Компанийн удирдлагын багийг олон улсад нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгож, олон улсын сайн туршлагатай, чадварлаг хүний нөөц бүрдүүлэх боломжтой юм.Нээлттэй сонгон шалгаруулалтын урилгыг энэ онд багтаан Хөрөнгийн биржийн цахим хуудаст нийтэлнэ. Мөн олон оролцогчийн оролцоог хангах үүднээс дотоодын болон олон улсын мэдээллийн агентлагуудаар дамжуулан зарлах ажээ. Засгийн газар хиймэл оюунд суурилсан мэдээллийн хөтчийг сурган, хэрэглээнд нэвтрүүлж эхэллээЗасгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг иргэдэд хүртээмжтэй мэдээлж, сурталчлах зорилгоор хиймэл оюун ухаанд суурилсан чатбот нэвтрүүлж буй талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал Засгийн газрын гишүүдэд танилцууллаа."Их өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих дашбоард"-ын мэдээллийг Улсын Их Хурал, түүнээс удирдлага нь томилогддог байгууллага болон төрийн захиргааны байгууллагын холбогдох эрх бүхий албан тушаалтан танилцах боломжийг бүрдүүлэхийг үүрэг болголоо.Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 14 мега-төслийн хэрэгжилт, түүний явцын талаарх мэдээллийг төрийн байгууллагын нэгдсэн https://www.gov.mn/ хуудсаар дамжуулан танилцуулж, иргэдийн саналд хүсэлтийг авах, хиймэл оюунд суурилсан мэдээллийн хөтчийг сурган, хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм.Мөн Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвийн системд дахин давтагдах шинжтэй болон өмнө нь шийдэгдэж байсан асуудлаар иргэдийн хандалтад шууд хариулах, төрийн байгууллагын үйл ажиллагааны талаарх мэдээлэл, зааварчилгаа өгөх боломжийг хиймэл оюун ухаанд суурилж бүрдүүлэх нь зүйтэй гэлээ. Товч мэдээ·      “Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замыг хамтран барихтай холбоотойгоор БНХАУ-ын “Чайна энержи групп” компаниас ирүүлсэн хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт, нүүрсний худалдаа, нүүрсний уурхайнхүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааг цогцоор шийдвэрлэх тухай хүсэлтийг судалж Улсын Их хурал, Засгийн газарт танилцуулж, холбогдох хуулиуд, мөн УИХ-ын 2023 оны 68 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах, шаардлагатай тохиолдолд тусгайлсан хуулийн төсөл боловсруулж энэ оныарваннэгдүгээр сард багтаан шийдвэрлүүлэхийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нарт тус тус даалгалаа.  
2024/10/31
218
УЛС ТӨР
УИХ-ын Тамгын газрын удирдлагууд УИХ-ын үйл ажиллагааг сурвалжилдаг хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлтэй уулзлаа
УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, УИХ-ын Тамгын газрын дэд дарга Э.Лхагва, УИХ-ын Тамгын газрын Дотоод хяналтын хэлтсийн дарга Б.Төгсцэнгэл болон холбогдох албан тушаалтнууд  /2024.10.28/ УИХ-ын үйл ажиллагааг сурвалжилдаг хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлтэй уулзлаа.УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, олон нийт буюу иргэд, парламент, сэтгүүлчдийн зорилго, үйл ажиллагаа нэгдмэл байж, хамтран ойлголцож ажиллах нь сонгодог парламентын хөгжилд чухал үүрэгтэй. Тиймээс парламентын үйл ажиллагаа илүү нээлттэй, ил тод байх зарчмын хүрээнд УИХ-ын Тамгын газраас УИХ-ын үйл ажиллагааг сурвалжлах, мэдээлэх журам,  Монгол Улсын Төрийн ордонд нэвтрэх тусгай журам, Монгол Улсын Төрийн ордонд баримтлах дэг журамд өөрчлөлт оруулах төслийг боловсруулаад байна. Хэвлэл мэдээллийнхэн та бүхэнд эдгээр журмын  төслүүдийг танилцуулж, санал авах зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулж байна.Цаашид сэтгүүлчдийн хүсэлтийн дагуу УИХ-ын Тамгын газраас парламентаар хэлэлцэж буй хуулиудын талаар танилцуулах уулзалтыг тогтмол зохион байгуулж, хамтран ажиллахдаа таатай байх болно гэв.  УИХ-ын Тамгын газрын Дотоод хяналтын хэлтсийн дарга Б.Төгсцэнгэл, Хэвлэл мэдээллийн газрын ахлах референт Г.Бүрэнжаргал, Иргэд, олон нийттэй харилцах газрын ахлах референт Г.Хэрлэн нар дээрх журмын төслүүдийн талаар танилцуулсны дараа хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөл санал бодлоо илэрхийлсэн юм. Уулзалтын төгсгөлд УИХ-ын Тамгын газрын дэд дарга Э.Лхагва журмын төсөлтэй холбогдуулан сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын хэлсэн саналыг тусгаж ажиллах талаарх саналаа холбогдох албан тушаалтнуудад уламжлан, хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2024/10/29
319