mmnews.mn | 2024-10-18
Үхэхийн цагт номоос өөр юу ч тус болохгүй
Энэ насны төлөө гэсэн зорилгоо өөрчилж, хойт насны төлөө гэсэн зорилгыг өөрт төрүүлье гэдэг дээр үхэхийн цагт номоос өөр юу ч тус болохгүй гэж гарлаа. Үхэхийн цагт ном тусална гэдгийн хамгийн гол ойлголт нь (1) үйлдсэн номоо бид авч явна, яагаад гэвэл үхэхийн цагт ном хийж байсан хүн дараа төрөл рүү одох цагт бурхадын дүрийг харж, зам мөр нь гэрэл гэгээтэй байна гэсэн үг юм. Богд Зонхов ламын Диваажингийн ерөөл номонд: “Би хэзээ нэгэн цагт энэ насыг орхих үед шавь нараа тойруулсан Авид буюу Одогмэд бурхан бүгдийг харж, итгэл сүжиг, амьтныг энэрсэн энэрэхүй сэтгэлээр эзэмдүүлэн, сэтгэл үүгээр дүүрэх болтугай. Зуурдын үзэгдэл надад тодрох даруйд найман бодьсадва нар зам мөрийг минь андуургагүй зааж өгч үзүүлнэм. Диваажингийн оронд төрөх болтугай” гэж айлдсан байдаг. Диваажингийн оронд төрвөл би амар сайхан байх уу гэвэл үгүй ээ! Диваажингийн оронд төрж, олсон эрдмээ ашиглан, амьтны тусад хувилсан дүрээр ариун бус орны амьтныг татах болтугай гэж ерөөл тавьдаг. Энэ бол үхэхийн цагт номоос өөр юу ч тус болохгүй гэдэг нэг ойлголт болно. 
Нөгөө талаас (2) бид энэ насны төлөө зорьж хийсний ихэнхийг нь авч явах боломжгүй. Яагаад гэвэл зорилго нь энэ насны төлөө тул энэ насанд тэдгээрийг орхино. Хоёр хоног хадгалж хэрэглэх хүнсийг 4 хоногийн дараа хэрэглэж болдоггүй. Тэгвэл энэ насны төлөө зорьж үйлдсэн бүгд энэ нас өнгөрөхөд хугацаа нь дуусахтай адил юм. Та өдөр тутам ямар сэтгэлээр үйл үйлддэг вэ? Зорилго сэдлээ хэрхэн өөрчлөх вэ гэж бодож туршаад үзээрэй! 
Мөн үхэхийн цагт номоос өөр юу ч тус болохгүй гэдэг дээр (3) хүн сандрах үед, хэцүү зүйл тохиолдоход ээж ээ, багш минь эсвэл Дарь-Эх бурхан минь намайг аварна гэж боддог. Сандрах үед хүнд хамгийн түрүүнд энэ бодол зурсхийдэг. Энэ үнэн биз дээ! Хүн хальтраад унахдаа, ээж ээ, аав аа, ах аа, бурхан минь, багш минь, ойр орчмын шүтдэг уул, хайрханы нэрийг дууддаг. Энэ бол хэцүү үед тэдгээр нь аварна гэж олон удаа бодсон дадлаар сэтгэлд шууд зурсхийж байна. Бид буяны сайн үйл хийх, зөв зүйлд туулайн зүрхтэй мэт хариугүй үйлдэх атал бурууд чулуун зүрхтэй мэт зоригтой үйлддэг. Ингэх буруу шүү!

Зовлон үзсэн хүн нэг л өөр байдаг. Ийм хүн аливааг ойлгож хүлээн авахдаа наанатай цаанатай ханддаг. Учир нь зовлон хүний омгийг дарж өгдөг тустай юм. Шантидэва гэгээн Бодьсадвын явдалд орохуй номонд: Зовлон бүү тохиолдоосой, гэхдээ нэгэнт тохиолвол ерөөс гардаггүй зүйл мэт бүү бод, зовлонд тус бий. Зовлон гарч байж зовлонгоос хагацъя гэсэн тэмүүлэл өөрт төрнө. Ийм учир сэтгэл чи тайван бай. Зовлон тохиолдлоо гээд сандарч, болчимгүй шийдвэр бүү гарга гэж айлдсан байдаг. Өөрт хэцүү бэрхшээл зовлон тохиолдож байсан, үзэж туулж, мэдэрсэн эсвэл бүр биеэрээ туулах албагүй ч, бусдын оронд өөрийгөө тавьж ойлгосон хүн өөр байдаг. Иймд үхэл ирэх нь зайлшгүй, үхэл хэзээ ирэх магадлалгүй, хайрлаж, нандигнаж эрхэмлэдэг нэгнийхээ гарыг атгаж чадахгүй үе ирнэ гэж санахгүй л бол өнөөдөр ч би арай үхэхгүй дээ гэж бодож явсаар, энэ насны зоригдол дуусахгүй шат шатыг туулсаар зорьж бүтээсэн, үйлдсэн бүгдээ орхих болно. 

Үхэх явцад таван мэдрэхүй хураагдана. Чих сонсохгүй, нүд харахгүй, хамар үнэрлэхгүй болно. Сэтгэл сүнсэнд хураагдана. Таван мэдрэхүй хамгийн бүдүүн баргийн ухаан юм. Таван эрхтэн хураагдсаны дараа бодлууд хураагдана. Ингэнэ, тэгнэ, нээрээ тийм гэх зэрэг бодол хураагдана. Энэ үед ингэнэ гэж төсөөлж байгаагүйгээр хүн барьц алдан сандардаг гэнэ. Хүч чадалтай, мундаг ярьдаг хүн жоохон өвдөхөд барьц алдаж эхэлдэг шүү дээ. Яана аа би ковид тусчихлаа, гайгүй болов уу, ингээд үхчихгүй л байх  даа, энэ эмийг уувал яах бол гэх мэтээр хүн сандарч байна. Одоо ингэж сандарч, оюунаа зөв дадуулж, зөв гарцыг олж сураагүй хүн үхэхийн цагт таван мэдрэхүй нь хураагдах үед бүр ч их сандарна. Тэр үед тэмтчье гээд ч хөдөлж чадахгүй, бүх мэдрэхүй хураагдахад сандарч тэвдсэнээр буруу бодол, айж хорогдох сэтгэл төрвөл үхэхийн цагт номоос өөр юу ч тус болохгүй гэдгийн эсрэг болно. Харин чухаг дээд гуравт аврал одуулж, их залбирдаг байсан хүн үхэх цагт  бурхан чухаг дээд гурвыг санана, багшаа бодно, Дарь-Эх бурханаа санана гэнэ. Бурхан багш, арван зүгийн бурхад сайжруулж татах гээд мутраа сунгаад байхад нь бид даана ч барьж авч чадахгүй, барилаа ч мөчидхөн, тэгээд унадаг гэнэ. Иймд бид чухаг дээд гурвыг санаж чадвал үхэх цагт бурхадын дүр тодорч харагдана гэнэ. Иймд одооноос хойт насны төлөө гэж номонд хичээж, сэтгэлээ дадуулбал үхэхийн цагт сайн бодлыг үүсгэж чадна. Тэгвэл энэ насанд ан гөрөө хийсэн, буруу хурьцал үйлдсэн, би ч үхэхийн цагт яах бол доо гэж айж байгаа хүн одооноос өдөр 6 удаа (өдөр 3, шөнө 3), чадвал зарим анхааран авлагын увдисыг 4, 4 цагийн зайтай бясалгах хэрэгтэй гэдэг. Ийм цагийн зайтай хэдэн сар бясалгах гэдгээ амлалт болгож, бясалгах ёстой.

Ачит багшийн айлдвараас…2021 он



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ