mmnews.mn | 2024-10-18
Эргэн тойронд чинь боловсролгүй, харанхуй улс байвал чи жаргана гэж үү....

1990 оны цагаан морин жилийн хувьсгал Монгол оронд ардчиллын салхийг хагалж, нэг намын тогтолцоог халан, социалист системээс зах зээлийн нийгэмд шилжих эхлэлийг тавьсан билээ. Энэхүү хувьсгалын гол хөдөлгөгч хүч нь зүрх сэтгэлийн дуудлагаараа нэгдсэн мянга мянган залуус байсан юм. Ардчилсан хувьсгалын ачаар бидэнд хувийн өмч хөрөнгөтэй байх боломж, мөн хилийн чанадад хүссэн газар руугаа зорчих зам нээгдсэн нь олзуурхууштай хэрэг!


Гэвч уг үйл явдлаас хойш 30 гаруй жил өнгөрөөд буй өнөө цагийн өндөрлөг дээрээс харахад, тухайн үед төв талбайг дүүртэл цугларч зүрх сэтгэлээ зориулан тэмцэж байсан залуус маань өөрсдийн хүсэн мөрөөдсөн амьдралд хүрч чадсан билүү?! Тэр үеийн зурагийг хараад өнөөгийн амьдралтай жишин бодохуйд тэдгээр мянга мянган залуусыг өрөвдөх сэтгэл өөрийн эрхгүй төрнө. Тэдний зарим нь цагийн эрхээр итгэл найдвараа алдаж, бор дарстай нөхөрлөсөөр ид хийж бүтээх насандаа хорвоог орхисон билээ.

Тэд дүн өвлийн хүйтнээр тэгэж жагсаж тэмцэж байхдаа үр хүүхдэдээ өнөөгийн ийм “улны” амьдралыг хүсэж байсан гэж үү?! 

“Хувьсгалыг зоригтнууд гардан хийж, завшигчид үр өгөөжийг нь хүртдэг” гэж юутай үнэн үг вэ. Ардчиллаар олж авсан арга зам, боломж бололцоог цөөн тооны хүмүүс тултал нь ашиглаж чадав! Үүний үр дүнд өнөөгийн Монголд баян хоосны ялгаа Энэтхэгээс дутахааргүй тод томруун ялгарч эхэллээ. Нийгмийн олонх болсон “улны” иргэдийн аж амьдрал өдрөөс өдөрт уруудан доройтож, харин эрх мэдэлтэн, авлигач түшмэдүүд, улсаа тонон луйвардагсдын амьдрал сансрын хурдаар дээшээ цойлов. Тэдний идэж завшсан нь тэрбум бүү хэл их наяд хэмээх бидний төсөөлшгүй хэмжигдхүүнээр илэрхийлэгдэх болж. Энэ их хөрөнгө мөнгөө тэд зөвхөн өөрсдийн хүрээлэлд зарцуулахаас бус, ард иргэдийн тусын тулд ганц гялтайх сайн үйл хийдэг билүү?!

Тэгвэл гадны баячууд манайхнаас тэс өөр сэтгэхүйтэй байдаг юм байна. Мягмар Саруул-Эрдэний бичсэн нэгэн постыг уншаад, манай тэрбумтнууд ингэдэгсэн бол хэчнээн сайхан бэ гэх бодол төрөв. Ингээд уг постыг сонирхуулья.

Виржиниа мужийн Арлингтон хотын захиргаанаас шилдэг оюутан сурагчдад олгодог тэтгэлгээс тээр жил манай бэр хүртэж, бид бүгдээр ёслолд нь очиж оролцсон юм. Дан хувь хүмүүсийн үлдээсэн өвөөс бүтсэн тэтгэлэг, үр хүүхдүүд нь гарч ирж эцэг өвгөдөө төлөөлөн 10, 10 мянган долларын тэтгэлгийг ээлж дараалан гардуулаад л байна.

Тэгтэл нэг бүсгүй эцгийнхээ тэтгэлгийг барьсаар гарч ирлээ. Тэгээд өгүүлэв: "Миний аав шинжлэх ухаан болон бизнесийн талбарт маш амжилттай ажиллаж, хичээл зүтгэлээрээ саятан болсон хүн. Тэгээд насныхаа эцэст бүх өв хөрөнгөө Арлингтон хотын боловсролын төвд хандивлаж, сурахыг ихэд хүсэж буй боловч сурах нөхцөл бололцоогүй оюутан залуусыг тэтгэж байгаарай гэж гэрээсэлсэн юм. Тэр үед бид хэд ойлгосонгүй, яагаад мөнгөө бидэнд үлдээсэнгүй вэ, өөрийнхөө хүүхдүүдийг боддоггүй юм уу? гэхчлэн шалгаав. 

Гэтэл аав: “Харин ч энэ бол та нарыг бодсон, та нарын үр ач нарын аз жаргалын төлөө хийж буй зөв зүйтэй үйлдэл юм аа. Та нарыг бүгдийг аав нь салбартаа тэргүүлэх мэргэжилтэн болтол тэтгэж өглөө. Алзахгүй. Гэтэл миний энэ их мөнгө хөрөнгийг та хэдүүлхнээ хадгалаад, эргэн тойронд чинь боловсролгүй, харанхуй улс байвал жаргана гэж үү? Үр хүүхдээ үзэн ядалт, гэмт хэргийн үүр болсон хотод амьдраасай гэж та нар хүсээгүй биз дээ? гэсэн юм. 

Одоо би аавынхаа тэтгэлгийг жил бүр бахархалтайгаар гардуулдаг болсон, манай хот хөгжин цэцэглэж байна" гэж билээ.

Саяхан SmartAsset хэмээх вэбсайтын санал асуулгаар ард иргэд нь хамгийн сэтгэл хангалуун аж төрдөг гэх жагсаалтад Арлингтон хот АНУ-даа хоёрт оров. Би бол гайхсангүй. Гэснээс, манай саятан тэрбумтнууд зөвхөн өөртөө, өөрийнхөө л хүүхдэд хамаг мөнгөө зориулдаг, тэд үр хойчийнхоо ирээдүйг ямархнаар л төсөөлж явдаг юм бол доо?....”

Д.Мягмарсүрэн




Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Иргэн
2024-01-28 18:01:52
122.201.31.112
3 өрөө байрыг ард иргэдийн татварын мөнгөөр л авч өгнө шүү дээ. УИХ-ын гишүүд, тэдний гар хөл болсон хамаатан дарга нар ямар ч хариуцлага үүрэхгүй, ажлаа ч сайжруулахгүй. Ингэсхийгээд мартуулж, хар машинаар луйвардаад гарч ирнэ.
Зочин
2024-01-28 13:20:30
103.57.94.77
Манай баячууд ингэж чадахгүй л дээ горойж үхэх биз
Төстэй мэдээ