УЛС ТӨР
УЛС ТӨР
Д.Амарбаясгалан: Баруун бүсийн таван аймаг таван хилийн боомттойгоо бүрэн холбогдсоноор худалдааны эргэлт нэмэгдэж, хөрөнгө оруулалт төвлөрөх боломжтой
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа, М.Мандхай нар Завхан аймгийн Тэс, Баянхайрхан сумдад ажиллалаа. Баруун бүсийн хөгжлийн тулгуур бодлогыг тодорхойлох, аймаг сумдад шаардлагатай хөрөнгө оруулалтыг эрэмбэлэх, парламентаас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрт иргэдийн дуу хоолойг тусгах зорилгоор Говь-Алтай, Ховд, Увс аймгуудын араас ийнхүү Завхан аймагт ажиллаж байна.Энэ оны улсын төсөвт Завхан аймгийн Улиастай хотын гуравдугаар цэцэрлэгийн өргөтгөл болон дулааны станцын хөрөнгө оруулалтуудыг шинээр тусгаснаас гадна Сонгино, Түдэвтэй сумын уулзвараас Арцсуурь боомт хүртэлх 159.5 км авто замын бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр болжээ. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, худалдаа, үйлдвэрлэл, тээвэр, аялал жуулчлал гээд өсөн нэмэгдэх өгөөж бүхий энэ чиглэлийн маршрут Тэс, Баянхайрхан зэрэг дөрвөн сумдын нутгийг дайран өнгөрөх бөгөөд сумын төвийн 1.5 хүртэлх км авто замыг төсвийн хөрөнгө оруулалтаар барихаар тусгасныг онцоллоо.Баруун бүсийн аймгууд тус бүр хилийн боомттой бөгөөд одоогоор Увс, Ховд, Баян-Өлгий аймгууд Боршоо, Ярант, Цагааннуурын боомтуудтай авто замаар холбогджээ. Баруун бүсийн хөгжлийн цогц бодлогын хүрээнд аймгийн төвүүд, сумын төвүүдийг хилийн боомттой авто замаар бүрэн холбосноор бүсийн эдийн засгийн харилцааг эрчимжүүлж, төвлөрсөн зах зээлийг бий болгохоор зорьж байгааг УИХ-ын дарга тодотголоо.Түүнчлэн бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд баруун бүс нутгийг эрчим хүчний төвлөрсөн төв болгон зарласантай холбогдуулан сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтыг төвлөрүүлэх, эрчим хүчний найдвартай хангамжийг бий болгоход анхаарна гэлээ. Ингэснээр Завхан аймгийн эдийн засгийн бүтцийн ердөө 12 хувийг эзэлж байгаа аж үйлдвэрийн салбар хөгжиж, худалдааны эргэлтийг нэмэгдүүлснээр аймгуудын өрсөлдөх чадвар ч үлэмж дээшилнэ гэдгийг онцлов.Арцсуурь боомт хүртэлх авто замын маршрут, чиглэлийг тогтохоос эхлээд хөрөнгө оруулалт нь олон жил хүлээгдсэн уг бүтээн байгуулалт ийнхүү эхэлж буйд Тэс, Баянхайрхайчууд баяртай байгаагаа илэрхийллээ.Түүнчлэн орон нутгийн иргэдийн зүгээс өргөн хэрэглээний бараа бүтээдэхүүний үнийн өсөлт тулгамдсан асуудал болж буйг хэлж байв. Үүнээс гадна бэлчээрийн доройтол, боловсон хүчний хомсдол зэрэг асуудлуудаас гадна архи, согтууруулах ундааны хэрэглээ газар авч байгаад эмзэглэж буйгаа илэрхийлсэн. Сумын төвийн барилгын халаалт доголдсон, анги танхимын багтаамж бага, хүүхдүүд чөлөөт цагаа өнгөрөөх газар, хүний хөгжлийн төвүүд байдаггүй зэрэг асуудлуудыг сурагчдын төлөөлөл дэвшүүлсэн бол сум дундын эмнэлгийг сэргээх, эрүүл мэндийн төвийг шинэчлэх зэрэг саналуудыг иргэдээс уламжиллаа. Хоорондоо ойр, хүн ам сийрэг сумдын малчид нэгдэн, хоршоо байгуулж, өрхийн үйлдвэрлэлээ өргөжүүлэн, зэргэлдээ сумдынхаа зах зээлд нийлүүлэх зэргээр газарзүйн байршлаа ашиглан орлогоо нэмэгдүүлэх бодит боломж байгаа талаар уулзалтад оролцогчид санал солилцлоо. Тухайлбал, нийт 8 сумтай хил залгаа орших Баянхайрханчууд энэ зах зээлээ ашиглаж, өвс тэжээлийн тариалалтаа эрчимжүүлснээр бүсийнхээ тэжээлийн төв болох ч боломжтой учраас “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг эрчимжүүлэх шаардлагатайг УИХ-ын дарга хэлэв. Малын гаралтай түүхий эдийн үнийг нэмэгдүүлж, үйлдвэрлэлд нийлүүлэхийн тулд анхан шатны боловсруулалтад малчид өөрсдөө анхаарах ёстойг ч мөн захилаа.Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Э.Болормаа энэ оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Завхан аймагт хийгдэх ажлуудаас танилцуулсан бол УИХ-ын гишүүн М.Мандхай “Шинэ хоршоо” хөдөлгөөний хэрэгжилт, зээл олголт, эргэн төлөлтийн талаар мэдээлэл өгч, хоршооны сайн туршлагуудаас хуваацлаа. УИХ-ын даргын орон нутаг дахь томилолт Завхан аймагт үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2025/02/17
439
УЛС ТӨР
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 1955 оны хэлэлцээрээр байгуулсан Замын-Үүд-Эрээнээс хойш хийгдэх хил холболтын хоёр дахь төмөр зам Гашуунсухайт-Ганцмод болно
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай 2025 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр Харбин хотноо уулзлаа. Уулзалтын дараа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт талууд гарын үсэг зурав. Ерөнхий сайд дараах мэдэгдлийг хийлээ. Тэрбээр, “Эрхэм монголчууд аа,Эрхэм олон улсын хөрөнгө оруулагчид аа,Өнөөдөр Монгол Улсын Засгийн газар хөгжлийн 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Энэхүү хэлэлцээрийг байгуулахад улс төрийн дэмжлэг үзүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, үндсэн чиглэлийг баталж, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгосон Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан болон Улсын Их Хурлын эрхэм гишүүд, парламентад суудалтай улс төрийн намуудын удирдлагууд, Засгийн газрын Ажлын хэсэг, салбарын эрдэмтэн судлаачид Та бүхэнд Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Аливаа гуравдагч этгээдийг оролцуулахгүйгээр Засгийн газар хооронд олон улсын гэрээ байгуулах саналыг хүлээн авч харилцан ойлголцолд хүрсэн БНХАУ-ын Засгийн газар, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян, Гадаад хэргийн сайд Ван И, хоёр улсын Элчин сайдын яамдад талархал илэрхийлье.Энэ төсөл 2004 оноос эхлэн яригдаж, 2008 оноос хойш 17 жилийн хугацаанд нийт 60 гаруй удаагийн яриа хэлэлцээ хийгдэж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван зөвлөмж, Улсын Их Хурлын зургаа, Засгийн газрын 45 тогтоол гарсны эцэст өнөөдөр ийнхүү эцэслэн шийдвэрлэгдэж байна. Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1955 оны хэлэлцээрээр байгуулсан Замын-Үүд, Эрээн төмөр замаас хойш хийгдэж буй хоёр дахь холболтын төмөр зам болж байна. Энэ агуулгаараа түүхэн үйл явдал болж байна.Энэ төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улсын боомтын хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгаагаас 165 саяд хүрч, нүүрс борлуулалтын орлого жилд 1.5 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ. Нэг үгээр хэлбэл, Монгол Улсын нийт хүн амын орлогын албан татварын дүнгээс хоёр дахин их хэмжээний нэмэлт орлого олно. Ингэснээр Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сангийн орлого нэмэгдэж, олон жил яригдсан татварын реформыг хэрэгжүүлэх суурь нөхцөл бүрдэнэ. Энэ хэлэлцээр байгуулагдсанаар Монгол Улс, БНХАУ хооронд Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандалын боомтууд төмөр замаар үе шаттай холбогдох нөхцөл бүрдэж байна. Мөн энэхүү гэрээ зурагдсанаар Монгол Улс цэвэр эрчим хүч экспортлох томоохон Мега төслийн судалгааны ажил эхэлж байна. Эдгээр төмөр зам холбогдсоноор экспортын орлого дахин1.5 тэрбум ам.доллараар нэмэгдэж, монголчууд бидний олон жил хүлээсэн нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 10,000 ам.долларт хүрэх зорилт биелнэ.Хоёр улсын Засгийн газар аливаа гуравдагч талыг оролцуулахгүйгээр гэрээ хийх боломж 2004 онд ч байсан. Энэ гэрээ 21 жилийн өмнө хийгдсэн бол Тавантолгойг тойрсон маргаан, царигийн мэтгэлцээн өрнөхгүйгээр Монгол Улс өнөөгийн үнэ цэнээр багадаа 31.5 тэрбум ам.долларын орлого олж, өнөөдрийн тулгамдсан дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой байх байлаа. Хамтарсан Засгийн газар улс орны эрх ашгийг нэгдүгээрт тавьж, хувийн эрх ашигт боомилогдсон хөгжлийн мега төслүүдээ урагшлуулж, хурдтай хөгжлийн төлөө зориг гарган ард иргэдийнхээ язгуур эрх ашгийг дээдлэн ажиллах болно гэдгээ дахин илэрхийлье. Мөнх хөх тэнгэрийн дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэлээ.
2025/02/17
305
УЛС ТӨР
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Хуулийг хоёр өөр хэрэглээтэй мэт харагдуулдаг журмуудыг цэгцэлж, хүн бүр эрх тэгш байх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа, М.Мандхай нарын хамт Увс аймгийн Улаангом хотод (2025.02.12) ажиллалаа. Энэ үеэр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар таван жилийн турш баригдаж, ашиглалтад орж буй хөгжимт жүжгийн “Ойрад” театрын нээлтэд оролцсон юм.УИХ-ын дарга нээлтийн үеэр язгуур урлагийн арвин өв, соёл бүхий Увс нутгийнхан 50 гаруй жилийн дараа хөгжимт жүжгийн шинэ театртай болж буйд баяр хүргээд уламжлал шинэчлэлийг хослуулан бүх нийтийг соён гэгээрүүлэх замаар үндэсний өв, соёлоо нандигнан үлдээх, үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх нь төрийн бодлогын салшгүй хэсэг гэдгийг тодотголоо.Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Улаангом хотын эл шинэ театрт иргэдтэй уулзаж, УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэн баталсан хууль тогтоомжууд, бүс нутгийн хөгжлийг тодорхойлох бодлогын шийдлүүдээс танилцуулав. Ес дэх удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан 126 гишүүнтэй парламентын 81 гишүүн нь анх удаа УИХ-д сонгогдон ажиллаж буй бөгөөд салбар бүрийн төлөөллүүд хууль тогтоох байгууллагад ажиллаж эхэлсэн нь энэ парламент эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлэх бүрэн чадамжтайг харуулж байна хэмээн УИХ-ын дарга уулзалтын эхэнд тодотгосон юм. Тэрбээр, өнөөгийн нийгмийн харилцааг зохицуулж буй 900 орчим хуулийг үзэл баримтлалаас нь эхлээд хоорондын давхцал, хийдэл, хэрэгжилтийг иж бүрэн судалж, цогцоор нь гурван чиглэлд өөрчлөх зүй ёсны шаардлага байгааг дурдлаа. “Гурван төгөлдөршил” буюу хүний эрхийг хангасан, цаг үетэйгээ нийцсэн, иж бүрэн зохицуулалттай эрх зүйн орчныг бүрдүүлэхийн тулд УИХ-д суудалтай улс төрийн намын төлөөлөл бүхий гишүүдээс бүрдсэн 80 гаруй ажлын хэсэг ажилдаа орсныг онцлов. Түүнчлэн аливаа хуулийн хэрэглээг хоёр өөр мэт харагдуулдаг хуулиас давсан журмуудыг цэгцэлж, нийслэл болон орон нутгийн хаана ч Монгол Улсын иргэн бүр Үндсэн хуулиар баталгаажсан эрх, эрх чөлөөгөө бүрэн эдэлдэг байх ёстойг чухалчиллаа. Амьдралын хэмнэл, нийгмийн хөгжил хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй энэ үед хуулиа шинэчлээгүйн улмаас зөрчил үүсэж байгааг 1997 онд батлагдсан Дампуурлын тухай хуулиас болж татан буугдаж чадахгүй 150 мянга гаруй аж ахуйн нэгж байгаатай холбон тайлбарлав.УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үргэлжлүүлэн, өнөөгийн нийгмийн харилцааны 30 хувийг хуулиар, үлдсэн 70 хувийг журмаар зохицуулж байгаа нь хүнд суртал, хээл хахуул, шударга бус байдлыг нэмэгдүүлж буй нэг шалтгаан хэмээгээд эдгээр журмуудыг цэгцлэхэд анхаарч ажиллахаа мэдэгдлээ. Цаашид парламент баталсан хуулийн тоогоор ажлаа дүгнэх бус бодлогын шийдлүүдийн бодит үр дүн буюу бүрэн эрхийнхээ хугацаанд өсөн нэмэгдсэн макро эдийн засгийн үзүүлэлтүүдээр ажлаа тайлагнадаг шинэ жишигт шилжинэ гэв.Уулзалтын үеэр Улаангом хотын иргэд бүс нутгийн онцлог шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, малын түүхий эдийг боловсруулах үйлдвэрийг байгуулах зэрэг бүтээн байгуулалтыг орон нутагт эрчимжүүлснээр ажлын байр нэмэгдэх, айл өрхийн орлого бодитоор өсөх боломжтойг хэлж байлаа. Түүнчлэн Увс аймаг нь баруун бүсийн газар тариалангийн тулгуур бүсэд хамаарах тул тариаланчдыг бодлогоор дэмжих, төсөвт хөрөнгө оруулалтын хэрэгжилтийг хангах талаар уламжлав. Хязгаар нутагт бизнес эрхэлж буй хувийн хэвшлийнхний төлөөлөл тээвэр, ложистик, бүтээгдэхүүн, үйлчилгээний нэмүү өртөг шингэсэн зардлуудаас гадна арилжааны банкны зээлийн хүү, татварын хувь хэмжээ нь асар их дарамт болж байгааг хэллээ. Иймд татварын тогтолцоог шинэчилж, жижиг дунд үйлдвэрлэгчид, бичил бизнес эрхлэгчдэд таатай орчин бүрдүүлж өгөхөд анхаарахыг хүслээ.Уулзалтын үеэр иргэдийн төлөөлөл Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Ахмад настны тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой асуулт асууж, Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан хоршоологчид өдгөө эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нийслэл хот руу нийлүүлж буй сайн туршлагаасаа хуваалцав. Мөн УИХ-аас зохион байгуулж буй хяналтын сонсголуудын араас үр дүнг баталгаажуулах, хариуцлага тооцох ажлыг эрчимжүүлэхийг захилаа.Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа энэ онд Увс аймагт хэрэгжүүлэх онцлох ажлуудаас танилцуулж, парламентын үйл ажиллагаа, бодлого шийдвэрийн талаар иргэд өөрсдийн дуу хоолой, санал хүсэлтээ D-Parliament цахим системээр дамжуулан ирүүлэхийг уриалав.Харин Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд хэрэгжиж буй хөнгөлөлттэй зээлийн хүртээмж, Шинэ хоршоо хөдөлгөөний үр дүн, тулгамдаж буй асуудал, зорилтот ажлуудын талаар мэдээлэл өглөө.УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн орон нутаг дахь томилолт Увс аймагт үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2025/02/14
420
УЛС ТӨР
Турк Улсын Элчин сайдад 'Алтан гэрэгэ' гардуулав
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Зафер Атешийг эх орондоо бүр мөсөн нутаг буцаж байгаатай нь холбогдуулан 2025 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч уулзав. Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 21 жилийн дараа Турк Улсад хийсэн төрийн айлчлал амжилттай болсныг тэмдэглээд харилцааны түвшнийг шат ахиулж Стратегийн түншлэл тогтоосныг онцлов. Мөн Элчин сайд Зафер Атешийн хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр орны ард түмний найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлж, Гадаад харилцааны яамны уламжлалын дагуу “Алтан гэрэгэ”-г гардуулж, цаашдын үйл хэрэгт амжилт хүслээ. Зафер Атеш Элчин сайдаар ажиллах хугацаанд бүх талаар дэмжиж, хамтран ажиллаж байсан Монгол Улсын Гадаад харилцааны яамны нийт удирдлага, албан хаагчдад талархал илэрхийллээ.
2025/02/14
319
УЛС ТӨР
ИЦББХ-ны дарга Ж.Золжаргал НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хиймэл оюун ухааны бодлогын аналист Мария Паула Мухика Камиресттай уулзлаа
УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хиймэл оюун ухааны бодлогын аналист Мария Паула Мухика Камиресттай /2025.02.12/ уулзлаа.НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хиймэл оюун ухааны бодлогын аналист Мария Паула Мухика Камирес, Монгол Улсад хиймэл оюун ухааны бэлэн байдлын өнөөгийн нөхцөл байдлыг үнэлэх суурь судалгааг хийж байна. Бид эхний ээлжинд төрийн албан хаагчдаас судалгааг авсан бөгөөд цаашид хувийн хэвшлийнхэн болон эрдэм шинжилгээний байгууллагуудын судлаачид, эрдэмтэд, оюутнуудаас дээрх судалгааг авахаар төлөвлөж байна. Маргааш болох "Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги"-ийг олон нийтээр хэлэлцүүлэх арга хэмжээнд чиглүүлэгчээр оролцож, эхний судалгааны дүнгээ танилцуулна. Түүнчлэн Монгол Улсад хиймэл оюун ухааныг хөгжүүлэх эрх зүйн нөхцөл харьцангуй сайн бүрдсэн, интернет харилцаа сайн байгаа боловч чанарт анхаарах асуудал байна. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс боловсруулсан “Хиймэл оюун ухааны бэлэн байдлын үнэлгээ”-ний (AILA) арга зүйд суурилан хийж буй энэхүү судалгааг хөгжиж буй хэд хэдэн орнуудад хийж, харьцуулан судлан дүгнэлт гаргахаар ажиллаж байна гэв.УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал, Монгол Улс өргөн уудам нутаг дэвсгэртэй учраас интернэтийн хурд, чанарыг сайжруулж байж хиймэл оюун ухааныг хөгжүүлэх боломжийг бүрдүүлэх ёстой. Төрийн байгууллагуудын мэдээлэл ил тод байх, харилцан мэдээллээ солилцохын тулд хувь хүний мэдээллийг ил гаргахгүйгээр ажиллах боломжтой юм. Өнөөдөр төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, хурдан шуурхай, чирэгдэлгүй үзүүлдэг болоход хиймэл оюун ухааныг ашиглах боломжийг бүрдүүлэх ёстой гээд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хийж буй энэхүү судалгаанд ихээхэн ач холбогдол өгч буйгаа онцоллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2025/02/13
336
УЛС ТӨР
Д.Амарбаясгалан: Хүний хөгжил нь төрийн бодлогын өмнө тавигдаж, хууль нь иргэний эрх, эрх чөлөөг хамгаалдаг байх тогтолцоо руу шилжинэ
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа нар Увс аймгийн Сагил, Давст, Түргэн суманд ажиллаж, “Гурван төгөлдөршил” бодлогын хүрээнд хийх эрх зүйн шинэчлэлүүдийн талаар болон бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн баруун бүсэд хэрэгжүүлэх онцлох ажлуудаас танилцуулав.Улс төрийн таван нам, эвслийн төлөөлөл бүхий шинээр сонгогдсон 126 гишүүнтэй парламент хүн төвтэй хууль, эрх зүйн орчныг цогцлооно хэмээн ирэх дөрвөн жилийн стратеги төлөвлөгөөндөө тусгасны дагуу салбар бүрийн эрх зүйн шинэчлэлийг эхлүүлснийг УИХ-ын дарга тодотгов. Товчхондоо, хүний хөгжлийг ямагт төрийн бодлогын өмнө тавьж, хууль хүн бүрд тэгш үйлчилдэг байхын зэрэгцээ иргэний эрх, эрх чөлөөг хангасан XXI зууны үзэл баримтлалд нийцсэн байхад анхаарна гэлээ.Түүнчлэн нийгмийн харилцааг зохицуулж буй хууль, журмуудын зохистой харьцаа алдагдаж, хуулиас давсан олон журмаас үүдэж хүний эрхийн зөрчил, ялгаварлан гадуурхалт цаашлаад авлига, хүнд суртал газар авч байгааг өдөр тутам тохиолддог олон асуудлын жишээтэй холбон тайлбарласан юм.Цаашид бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тулгуурлан тухайн бүс нутгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг дэмжих, хөрөнгө оруулалтыг төвлөрүүлж, худалдаа, бизнесийн орчныг сайжруулахад чиглэсэн олон талт бодлогыг хэрэгжүүлнэ гэж УИХ-ын дарга мэдэгдлээ. Тухайлбал, баруун бүсийн хэмжээнд аймгийн төвүүд болон хилийн боомтуудыг эхний ээлжинд авто замаар бүрэн холбох, бүсийн эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлж, сэргээгдэх эрчим хүчний төв болгоход чиглэсэн хөрөнгө оруулалтуудыг татах, орон нутгийн онцлогт тулгуурлан хөгжлийн бодлогыг уялдуулах зэрэг ажлуудыг тодотголоо.Алслагдсан аймаг сумдын иргэдийн хувьд орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх, боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах, дэд бүтцийг хөгжүүлж, орон сууцжуулах бодлогыг тэлэх зэрэг асуудлыг хөндөн санал хэлж байлаа.Сагил сумын иргэдийн зүгээс хот суурин руу шилжилт хөдөлгөөн нэмэгдэхийн хэрээр залуу малчдын залгамж халаа алдагдаж байгаад эмзэглэж буйгаа илэрхийлж байв.Харин Давст сумын иргэд, олон нийт Боршоо боомтын үйл ажиллагааг өргөжүүлбэл бизнесийн орчин, худалдааны зах зээлээ тэлэх боломжтой гэдэгт санал нэгтэй байлаа.Түүнчлэн малын түүхий эдийг боловсруулж, эдийн засгийн эргэлтэд оруулах, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж, бичил бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжих саналыг уламжилсан юм. Малчдын зүгээс малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслийн талаар асуулт асууж, “Шинэ хоршоо” хөдөлгөөний хэрэгжилттэй холбоотойгоор байр сууриа илэрхийлэв.Увс аймгийн Түргэн сумын хэмжээнд нийт 33 хоршоо хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлж, малын гаралтай бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрээс одоогоор 23 хоршооны 60 гаруй малчин “Шинэ хоршоо” хөдөлгөөнд хамрагдаж, санхүүжилтээ авч, үйл ажиллагаагаа өргөжүүлснийг орон нутгийн удирдлагууд танилцууллаа. УИХ-ын даргын орон нутаг дахь томилолт Увс аймгийн сумдаар үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2025/02/13
328
УЛС ТӨР
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр зам төслийг хоёр үе шаттай хэрэгжүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны хоёрдугаар сарын 12-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланчдыг тодрууллааМал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэн, орон нутагт ажлын байр бий болгож нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулсан тэргүүний малчин, тариаланчдын амжилтыг үнэлэн 2025 онд Улсын аварга малчнаар 140, Улсын хошой аварга малчнаар 14, Улсын аварга саальчнаар долоон иргэнийг, Улсын аварга фермерээр 10 иргэн, аж ахуйн нэгжийг, Улсын аварга тариаланч хамт олноор 17 аж ахуйн нэгжийг, Улсын аварга тариаланчаар 23 хүртэлх иргэнийг тус тус шалгарууллаа. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тэргүүлэх салбар хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн үндсэн ажиллах хүчин болсон малчид, тариаланчдын бүтээмжийг үнэлж жил бүрийн сар шинийн баярын өмнө улсын аваргуудыг шалгаруулдаг уламжлалтай. Энэ жил мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлд шинэ технологи нэвтрүүлж, бүтээмжийг нэмэгдүүлсэн, хөдөөгийн хөгжилд өөрийн хувь нэмрийг бодитой оруулж, манлайлан ажиллаж байгаа байдлыг голлох үзүүлэлт болгожээ. Малчид, фермерүүдийн дунд Монгол орны нөхцөлд нэг саалийн үнээнээс жилдээ 9.0 мянган литр сүү саадаг олон улсын жишигт нийцсэн сүүний үхрийн аж ахуй эрхлэгч, хотоос хөдөө гарч эрчимжсэн аж ахуй эрхлэн хөдөөгийн хөгжлийн загвар бий болгож байгаа залуу фермер гэр бүл, бэлчээрийн даацад тохируулан малын тоог бууруулж чанартай, таваарлаг үхэр сүргийг дагнан үржүүлж байгаа малчид, газар тариалангийн үйлдвэрлэлд шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлсэн, техникийн шинэчлэл хийсэн тариаланч хамт олон, шинэ нэр төрлийн таримал тариалж нутагшуулсан тариаланчид багтжээ. Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр зам төслийг хоёр үе шаттай хэрэгжүүлнэ“Монголын төмөр зам” ТӨХК болон “Тавантолгой төмөр зам” ХХК-иудын 2024 оны цэвэр ашиг, 2025 оны хөрөнгө оруулалтаар, дотоодын нөөц бололцоонд тулгуурлан Багахангай-Хөшигийн хөндийн салбар төмөр замыг санхүүжүүлэхийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Монголын төмөр зам” ТӨХК, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн удирдлагад зөвшөөрлөө. Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замыг холбогдох хууль тогтоомж, олон улсын стандарт, чанарын шаардлагад нийцүүлэн барьж байгуулах, ашиглалтыг “Монголын төмөр зам” компани хариуцна. Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр зам нь “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Багахангай өртөөнөөс салаалж Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаар дайрч Хөшигийн хөндий хүртэл 87.2км, Хөшигийн хөндий-Шувуун фабрикийн чиглэлд 15.6км, нийт 102.8 км урт үргэлжилнэ. Төмөр замыг гурван өртөө, дөрвөн зөрлөгтэй байхаар төлөвлөж байна. Төслийг хоёр үе шаттай хэрэгжүүлнэ. Төмөр замын суурь бүтэц, түүний иж бүрдэл болох инженерийн байгууламж, эрчим хүч, ус хангамж, өртөө, зөрлөг болон бусад барилга байгууламжийг барихад шаардагдах техникийн нөхцөл, холбогдох зөвшөөрлийг зохих журмын дагуу тухай бүрд шуурхай олгохыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.Түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ“Хиймэл оюун ухаан, их өгөгдөлд суурилсан мэдээллийн сан, автоматжуулалтын системийг ашиглан автозамын түгжрэлийг ухаалгаар удирдах зохицуулалтыг Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах багц хуулийн төсөл”-ийн талаар Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулж боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхэд бэлэн болгохыг Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Заxирагч Х.Нямбаатарт даалгав. Товч мэдээ· Монгол, Хятадын хилийн Бичигт-Зүүнхатавч, Хавирга-Ар Хашаат боомтын ачаа тээврийн тусдаа гарцын улсын хилийн шугам дайран гарах цэгийг дипломат шугамаар тохирох, Бичигт-Зүүнхатавч боомтод зорчигч тээврийн тусдаа гарц байгуулах асуудлыг БНХАУ-ын талтай тохиролцож танилцуулахыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт даалгалаа.
2025/02/13
365
УЛС ТӨР
'Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги' боловсруулж хэрэгжүүлнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч, зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх батлан хамгаалахын удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалтад оролцлоо.Энэ удаагийн цугларалтыг “Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх ба Зэвсэгт хүчний бэлэн байдал” сэдвээр зохион байгуулж байна.Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх цугларалтад оролцогсдод хандаж үг хэлэхдээ, “Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги”-ийг батлан хамгаалах болон гамшигтай тэмцэх тогтолцоонд тулгуурлан боловсруулж дуусгахыг үүрэг болголоо.Энэ стратеги нь болзошгүй аюул, заналхийлэл, гамшгаас урьдчилан сэргийлэх, түүнийг хохирол багатай даван туулж, сэргээн босгох чадавх, бэлэн байдлыг хангах зорилготой юм.Ерөнхийлөгч мөн 2025 оныг “Ахлах офицер”-ын жил болгон зарлаж, офицер бэлтгэх тогтолцоог боловсронгуй болгох, цол, албан тушаалын нэр хүндийг дээшлүүлэх, өндөр боловсрол, туршлагатай ахлах офицеруудыг аюулгүй байдал, батлан хамгаалах болон нийгмийн бусад салбарт ажиллуулахад анхаарахыг даалгалаа.Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх мөн Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газар болон Зэвсэгт хүчний 065 дугаар ангид ажиллалаа.1936 онд Цэргийн явдлын яамны дэргэд Инженер, барилгын хэлтсийг барилгын сумангийн хамт байгуулснаар барилгын цэргийн суурь тавигдсан түүхтэй.Улсын онц чухал обьект, Зэвсэгт хүчний анги, байгууллага, салбарын барилга, инженерийн байгууламж барих, сэргээн засварлах, улс орны бүтээн байгуулалт, дайн байлдааны болон гамшгийн дараах сэргээн босголтод оролцох, хүмүүнлэгийн тусламж, энхийг дэмжих ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, эрдэм шинжилгээ, инновац, туршилт судалгаа хийх, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх зэрэг үндсэн чиг үүрэг гүйцэтгэж байна.Цаашид төмөр зам, авто зам, хийн хоолой, аж үйлдвэрийн парк, усан цахилгаан станц, хотын усан хангамж, орон сууц, эко ногоон хотхон, ойн цэвэрлэгээ, ойжуулалт, нөхөн сэргээлт зэрэг төсөл, хөтөлбөрт оролцох боломжтойг Удирдах газрын дарга, хурандаа Х.Батсайхан танилцууллаа.Зэвсэгт хүчний 065 дугаар анги 1964 онд “Ардын армийн радиотехникийн тусгай батальон” нэртэйгээр байгуулагдсан.Тус анги Зэвсэгт хүчний Жанжин штаб, Агаарын цэргийн командлал, Төв командын байр, бусад анги салбарыг агаарын цагийн байдлын мэдээ, мэдээллээр хангах, зарлан мэдээлэх, агаарын хил, агаарын орон зайд хяналт тавих, хамгаалах үүрэг гүйцэтгэж байна.
2025/02/12
350
УЛС ТӨР
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Ховд аймгийн найман сумын 2700 гаруй иргэнтэй уулзлаа
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа нар Ховд аймгийн найман суманд (Алтай, Үенч, Булган, Мөст, Жаргалант, Ховд, Эрдэнэбүрэн, Буянт) ажиллаж, 2700 гаруй иргэнтэй уулзлаа. Уулзалтын үеэр 156 иргэн 300 гаруй асуулт асууж, хариулт аваад байна.Ховд аймгийн Буянт суманд ажиллах үеэрээ УИХ-ын намрын чуулган завсарласан энэ цаг хугацаанд УИХ-ын гишүүд тойргуудаараа ажиллаж, орон нутгийн иргэдэд батлагдсан хуулиудыг танилцуулж, тэдний дуу хоолойг сонсож, бодлого шийдвэртээ тусган ажиллах нь зүйтэй гэдгийг уулзалтын эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан дурдлаа.Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтөөр 126 гишүүнтэй анхны парламент намрын чуулганаараа улстөржилтөөс үүдсэн 30 жилийн хугацаанд гацсан мега төслүүдийг хөдөлгөх эхний алхмыг хийж чадсан гэв. Өөрөөр хэлбэл, улс төрийн таван нам, эвслийн төлөөлөл, салбар бүрийн мэргэжилтнүүдээс бүрдсэн УИХ нэлээд эрчимтэй, асуудлыг тал бүрээс хэлэлцэж, олон ургалч үзлийг дэмжин ажиллаж байна.Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганаар ирэх дөрвөн жилийн стратеги төлөвлөгөөгөө баталсан. Тус төлөвлөгөөнд хууль иргэн рүүгээ хандсан, хүн төвтэй, хүнийхээ эрхийг хамгаалсан, хангасан байхад чиглэн ажиллахыг эрхэм зорилгоо болгоод байна гэлээ.Орон нутгийн иргэдийн зүгээс хууль иргэнд үйлчлээд, албан тушаалтнуудад хүрэхгүй байгаад шүүмжлэлтэй хандаж байгаа учраас Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөө буюу хууль, эрх зүйн шинэчлэл Гурван төгөлдөршил бодлогыг дэмжиж буйгаа илэрхийллээ.Ховд аймгийн Буянт сумын иргэд газрын ховор элементийн Халзан бүргэдэй ордыг ашиглахгүй байх, 1981 онд баригдсан эмнэлгийн барилгыг шинэчлэх, сургуулийн спорт заалыг өргөтгөх, татвар болон зээлийн хүү дарамт үүсгэж байгаа зэрэг асуудлыг шийдвэрлэх талаар санал хэлж байлаа.Улсын Их Хурлын даргын зүгээс сумдад шаардлагатай дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлуудыг эрэмбэлж, нэн шаардлагатай ажлуудыг ирэх жилийн төсөвт тусгах талаар дурдаад Буянт сумын эмнэлгийн барилга, спорт заалны асуудлыг шийдвэрлэнэ гэлээ.Түүнчлэн, Халзан бүргэдэй ордын асуудалд иргэдийн санал, бодлыг онцгойлон анхаарч, холбогдох шийдвэр гаргана гэв.Алс хязгаар нутагт амьдран суугаа Ховд аймгийн иргэд олон нийт, сум, орон нутгийн амьдрал ахуйтай танилцаж, тулгамдсан асуудлуудыг УИХ-ын дарга сонсож, шийдвэрлэхээр ажиллаж буйд талархалтай байгаагаа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
2025/02/11
486
УЛС ТӨР
Зөвшөөрөл олголтыг боловсронгуй, шуурхай болгох нь нийслэлийн бүтээн байгуулалтад чухал нөлөөтэйг Шуурхай штабын гишүүд онцлов
Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын V хуралдаан боллоо. Хурлын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ угаарын улмаас хүний амь нас эрсэдсэнд эмгэнэл илэрхийлээд Шуурхай штабын гишүүдэд агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарч, хариуцлагаа өндөржүүлж ажиллахыг анхаарууллаа. Өнөөдрийн хурлаар өмнөх хуралдаануудаас гарсан шийдвэрийн хэрэгжилт, нийслэлд хэрэгжүүлэх төслүүдийн санхүүжилтийн загвар, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар хэлэлцэж зарим мэдээлэлтэй танилцлаа. Нийслэл Улаанбаатар хотод 2025-2028 онд агаарын бохирдол, түгжрэлийг бууруулах болон бусад 24 төсөл хэрэгжүүлэхээр төсөвлөсөн. Эдгээрээс Туулын хурдны зам, Дүүжин замын тээвэр, Сэлбэ болон Баянхошуу хот орон сууцжуулах төслүүд болон Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн дэд бүтэц, Улаанбаатар трамвай /2/ зэрэг найман төслийн санхүүжилтийн эх үүсвэр шийдэгдсэн. Санхүүжилтийн хэлбэр нь нийслэлийн төсөв болон гадаад, зээл бондын эх үүсвэр байхаар төлөвлөснийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар танилцууллаа. Тухайлбал, Туулын хурдны зам төсөлд 1,9 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай, нийслэлийн төсвийн хөрөнгөөр шийдвэрлэхээр болжээ. Налайхын автозамаас Дархан чиглэлийн авто замын уулзвар хүртэл 32 км үргэлжлэх, зургаан эгнээ бүхий тус замыг 2027 онд ашиглалтад оруулснаар замын хөдөлгөөний дундаж хурд 14 хувь нэмэгдэнэ гэж тооцоолж байна. Харин Сэлбэ хот орон сууцжуулах төслийг хэрэгжүүлэхэд 1,7 их наяд төгрөг шаардлагатай, гадаад бондоор санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Төсөл хэрэгжиж дууссанаар нийслэлийн яндангийн тоог 10 мянгаар бууруулна. Өнөөдрийн байдлаар инженерийн дэд бүтцийн ажил хийгдсэн, 70 хувийн газрыг чөлөөлсөн, барилга угсралтын тендер зарлах ажил хийгдэж байна. Цаашид бусад 12 төслийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэхээр төлөвлөгөө гарган ажиллаж байна. Тун удахгүй Улаанбаатар метро төслийн /1-р шугам/ санхүүжилтийг баталгаажуулахаар төлөвлөж байгаа зэргээр бусад төслийн санхүүжилтийн эх үүсвэр дээр ажиллаж байна. Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын эхний дөрвөн хурлаас зургаан чиглэлээр нийт 73 үүрэг даалгавар өгчээ. Эдгээрээс 17-г нь шийдвэрлэсэн бол бусад үүрэг даалгавар хэрэгжилтийн шатанд явж буйг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцууллаа. Тэрбээр Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар танилцууллаа. Зарим зөвшөөрлийг журмаар олгодог мөн зөвшөөрөл олголтын процесс, шат дамжлага их, цахимжилт хангалтгүй, төрийн байгууллага ач холбогдолгүй бичиг баримт шаарддаг зэрэг хүндрэл, дутагдлууд байна. Тиймээс эрсдэлийн үнэлгээнд суурилсан зохицуулалтын шинэчлэл хийж, зарим төрлийн зөвшөөрлийг мэргэжлийн холбоодод шилжүүлэх зэрэг арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэж байна. Зөвшөөрөл олголтыг боловсронгуй, шуурхай болгох нь нийслэлд өрнөх бүтээн байгуулалтын ажилд чухал нөлөөтэйг штабын зарим гишүүн онцолж давхардал, шат дамжлагыг багасгаж хялбарчилж өгөх шаардлага байгааг дурдлаа. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мега төслүүдийг хэрэгжүүлэхэд гадаад харилцааны нэгдсэн бодлого, удирдлага шаардлагатай байгааг онцлов. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хийн түлшрүү шилжих процесс, үүнд дотоодын нөөц бололцоог ашиглах, бизнес эрхлэгчдээ дэмжиж хамтарч ажиллах боломжийг судлах, Нийслэлд хэрэгжүүлэх томоохон төслүүдийн санхүүжилтийн эх үүсвэрүүд дээр үргэлжлүүлэн ажиллах, холбогдох хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, ТӨК-ууд Улаанбаатар хотод хийгдэх бүтээн байгуулалтуудыг хэрхэн дэмжиж оролцох санал боловсруулан танилцуулахыг үүрэг болголоо. Мөн Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд нийслэлийн тулгамдсан асуудлууд, түүний шийдлийг цогцоор нь авч үзэж тусгах хэрэгтэйг холбогдох хүмүүст дахин санууллаа.
2025/02/08
407
УЛС ТӨР
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Ховд аймгийн Ховд, Эрдэнэбүрэн суманд ажиллалаа
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа нар Ховд аймгийн Ховд, Эрдэнэбүрэн суманд (2025.02.06) ажиллалаа.УИХ-ын намрын чуулганаар 30 жил гацсан мега төслүүдийн чөдрийг тайлсны нэг нь 90 мВт-ын хүчин чадал бүхий Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц юм. Баруун бүс эрчим хүчний хэрэглээнийхээ 75 хувийг ОХУ, БНХАУ-аас импортлон авч байна. Тиймээс Ховд голын Шижигтийн хавцалд баригдах уг усан цахилгаан станц ашиглалтад орсноор баруун бүсийн 5 аймаг эрчим хүчээр хангагдах бөгөөд барилгын ажлын хугацаанд 800-1000 ажлын байр бий болох боломжтой. Түүнчлэн, баруун бүсийн аймгууд эрчим хүчний хангалттай эх үүсвэртэй болсноор үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх боломж нэмэгдэх юм.Ийнхүү баруун бүс эрчим хүчний төвлөрсөн төв болох боломж бүрдэж, сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлж, хөрөнгө оруулалт татаж эхэлнэ гэдгийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан уулзалтын үеэр тодотголоо.Баруун бүсийн сумдын иргэд Эрүүл мэндийн төвдөө шүдний кабинеттай болох саналыг тавьж байлаа. УИХ-ын дарга орон нутагт хүүхдийн шүдний өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан сумдад шүдний кабинет байгуулж, шаардлагатай тоног төхөөрөмжийг суурилуулах асуудлыг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр шийдэж ажиллах шаардлагатай гэв.Ховд, Эрдэнэбүрэн сумын иргэд эрүүл мэндийн төвийг шинэчлэх, сургуулийн дотуур байр, цэцэрлэгийн засвар, соёлын төвийн барилгын асуудлыг хөндөж байна. Эрдэнэбүрэн сумын иргэд цэвэрлэх байгууламжийн дэд бүтцийг шийдвэрлүүлэх хүсэлтээ илэрхийлсэн. УИХ-ын дарга иргэдийн өдөр тутмын орчин нөхцөлтэй холбоотой дэд бүтцийн, чухал шаардлагатай хөрөнгө оруулалтыг эрэмбэлж, төсөвт тусгахад анхаарч ажиллана гэдгээ онцоллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2025/02/07
483
УЛС ТӨР
Финландын Элчин сайдын итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг хүлээн авав
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Бүгд Найрамдах Финланд Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Микко Киннунений Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг нь хүлээн авав. Уулзалтын үеэр Монгол, Финландын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг харилцан сонирхсон салбаруудад өргөжүүлэх, ялангуяа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, соёл, боловсрол, байгаль орчин, эрчим хүчний салбарт харилцан ашигтай хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов. Мөн НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
2025/02/06
338
УЛС ТӨР
'Ерөнхийлөгчийн илгээлт-2100' хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөр дөрөв дэх жилдээ хэрэгжиж байна.Тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд болж, бэлтгэл хөтөлбөрт суралцаж байгаа оюутан залууст Монгол Улсын Ерөнхийлөгч амжилт хүсэж, захиа, даалгавар гардууллаа.Тэр бээр олдсон боломжоо бүрэн дүүрэн ашиглаж, ажил амьдралын гараагаа итгэл төгс эхлүүлэх нь залуучуудын хичээл зүтгэл, сурлага, хөдөлмөрөөс хамаарна гэдгийг хэллээ.Эрдэм номдоо шамдан суралцаж, олон улсын түвшинд өрсөлдөх боловсрол эзэмшин, эх орныхоо хөгжил дэвшил, сайн сайхны төлөө хүчин зүтгэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.“Ерөнхийлөгчийн илгээлт – 2100” хөтөлбөрийн хүрээнд 761 оюутан АНУ, Их Британи, Герман, Франц, Австри, Чех, Канад, Польш, Австрали, Орос, Хятад, Солонгос, Унгар, Литва, Энэтхэг, Вьетнам, Куба, Казакстан, Лаос гэсэн 19 улсын их, дээд сургуульд суралцаж байна.Тэтгэлэгт хөтөлбөр нь сум, хороо бүрээс шилдэг сурагч шалгаруулж, бэлтгэл хөтөлбөрт хамруулан, дэлхийн шилдэг их, дээд сургуульд сурах болзол хангахад нь бэлтгэж, улмаар суралцуулж, төгсөж ирэхэд нь орон нутгийнхаа хөгжлийг түүчээлэхэд томилон ажиллуулах зорилготой цогц хөтөлбөр юм.
2025/02/06
373
УЛС ТӨР
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хааны мэндэлсэн өдөрт зориулсан хүндэтгэлийн хүлээн авалтад оролцлоо
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито-гийн мэндэлсэн өдөрт зориулсан хүндэтгэлийн хүлээн авалтад оролцож, нээлтийн үг хэлэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатан нар Монгол Улсад төрийн айлчлал хийх гэж буйд Монгол Улсын төр, Засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлэв. Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын төрийн айлчлал нь ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улс, Япон Улсын “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг гүнзгийрүүлж, “хүн төвтэй” харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах түүхэн ач холбогдолтой айлчлал болно гэдгийг онцлов. Хүлээн авалтад Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын албаны төлөөлөгчид болон хоёр талын аж ахуйн нэгж, хувийн хэвшил, найрамдлын нийгэмлэг, эрдэм шинжилгээ, судалгаа, соёл, урлагийн төлөөлөл оролцлоо.
2025/02/06
452
УЛС ТӨР
Бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даалгалаа
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны хоёрдугаар сарын 5-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.Бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даалгалаа“Бизнес эрхлэх орчны үнэлгээ “Doing business” тайлангийн шалгуур үзүүлэлтийн талаар Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Үүнтэй холбогдуулан бизнес эхлүүлэхэд гардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах, эдийн засгийн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог багасгах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даалгалаа. Ерөнхий сайдын ахалдаг Эдийн засгийн хөгжлийн зөвлөлөөс эдийн засгийн өсөлтийг дэмжих, бизнес эрхлэх орчныг сайжруулах чиглэлд шуурхай арга хэмжээ авах, даваа гараг бүр хуралдаж бизнес эрхлэх орчинд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллахаар боллоо. Мөн,-Хуулийн этгээд байгуулах шат дамжлагыг цөөрүүлж, цахимжуулан гурван хоногоос илүү хугацаа зарцуулдаггүй болгох арга хэмжээг энэ оны нэгдүгээр улиралд багтаан авч хэрэгжүүлэх,-Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх үйлдвэр, үйлчилгээний төрлийг цөөлж, хүрээг нь тодорхой хязгаартай болгох, үнэлгээг цахимжуулах зохицуулалтыг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд өөрчлөлт оруулан боловсруулж энэ сард багтаан танилцуулах,-Аж ахуйн нэгж, байгууллагууд эрчим хүчинд анх холбогдох шат дамжлагыг цөөрүүлж, зарцуулах хугацааг 40 хоногт багтаах арга хэмжээг 2025 оны нэгдүгээр улиралд багтаан хэрэгжүүлэх,-Тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох шийдвэр гаргах үйл ажиллагааг энэ оны хоёрдугаар улиралд багтаан цахим хэлбэрт шилжүүлэх, тус үйл ажиллагааг цахимаар явуулахад зарцуулах дээд хугацааг тодорхой болгох, төрийн үйлчилгээний нэгдсэн системд холбох арга хэмжээ авах,-Хуулиас давсан шаардлага, шалгуур тавьсан журмын зохицуулалтыг цэгцэлж, хуулиас давсан журмуудыг хүчингүй болгох зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.“Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олголоо“Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөх явцад гишүүдээс гаргасан саналыг Хятадын талд уламжилж хэлэлцээрийг эцэслэсэн байна.Өнөөдрийн хуралдаанаар тус хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нарт олголоо.Менингококкийн эсрэг ”Нимерикс” вакциныг Пфайзер компаниас худалдан авахаар ажиллаж байнаМенингококкт халдварын өнөөгийн нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар танилцуулга хийж, шаардлагатай санхүүгийн тооцооллыг гаргаж, шийдвэрлэхийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд даалгалаа.2024 оны арванхоёрдугаар сараас энэ оны хоёрдугаар сарын байдлаар улсын хэмжээнд менингококкт халдварын сэжигтэй найман тохиолдол бүртгэгдэж, гурав нь батлагдаж, нэг нь нас барсан байна. Ойрын хавьтлын 347 хүнийг хими сэргийлэлтэд 24 цагт багтаан хамруулж, хамар залгиурын үзлэг хийсэн. Нийт 45 хамар залгиурын үрэвсэлтэй хүнийг илрүүлж, эрүүлжүүлсэн. 78 хүнээс сорьц авч шинжлэн эрсдэлгүйг тогтоожээ.Менингококкт халдварын вакцин нь товлолын дархлаажуулалтад ордоггүй, 1994 оноос таван удаагийн нэмэлт дархлаажуулалт, 2001 оноос сайн дурын дархлаажуулалт хийж эхэлсэн. Нэмэлт дархлаажуулалтад 2-18 насны хүүхдийг хамруулж, хамралтын хувь 90-96 хувьтай байна.Менингококкийн эсрэг ”Нимерикс” вакциныг Пфайзер компаниас худалдан авахаар ажиллаж байна.Менингококкт халдвар нь дөрвөн төрлийн нянгаар үүсгэгддэг цочмог халдварт өвчин юм. 38-42 хэм хүртэл гэнэт өндөр халуурах, халууны эмэнд буухгүй байх, богино хугацаанд дахин өндөр халуурах, бие сулрах, дотор муухайрах, бөөлжих, уур уцаартай хэт цочимхой эсвэл ноомой болох, царай цонхийх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Цусархаг тууралт нь өвчин эхэлснээс хойш 12 цагийн дотор гарна. Хэрэв өвчин хүнд явцтай байвал үхжилт тууралт 4-6 цагийн дотор гардаг. Маш богино хугацаанд хүндэрч, эндэгдэлд хүргэдэг байна. Шуурхай штабын IV хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврыг Засгийн газрын хуралдаанд танилцуулав“2025 оныг нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагаар хангахаар Ерөнхий сайдын дэргэд Шуурхай штаб байгуулсан. Тус штабын хурал бямба гариг бүр болж, хурлаар өгсөн үүрэг даалгаврыг Засгийн газрын хуралдаан бүрд танилцуулан хэлэлцүүлж буй.Шуурхай штабын IV хуралдааны талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал Засгийн газрын гишүүдэд танилцуулж, Ерөнхий сайдаас өгсөн шуурхай үүрэг даалгавар, түүний хэрэгжилтийн тайланг тухай бүр системд тусгах, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.Шуурхай штабын IV хуралдаан 2025 оны хоёрдугаар сарын 01-ний бямба гаригт болж шуурхай штабын өмнөх хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт, Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр зам, Нийслэлийн зах, худалдааны төвүүдийг Улаанбаатар хотоос нүүлгэх ажлын талаар, Улаанбаатар хотын 2030 ерөнхий төлөвлөгөөний тухай, Нийслэлийн эрчим хүчний чадлын дутагдал болон тулгамдсан асуудал шугам сүлжээний талаар, Хиймэл оюун ухаан ашиглан илрүүлж хариуцлага тооцуулах, камерын бүртгэлийн системийн хяналт болон нийтийн тээврийн хяналтын тухай, Хүннү хотын төлөвлөлтийн талаарх танилцуулга, Нийслэлийн гэр хорооллын халаалтыг сэргээгдэх эрчим хүчээр хангах загвар төслийн талаарх танилцуулгыг тус тус хэлэлцсэн байна.
2025/02/05
479
